Цензургүй яриа

Энэ удаагийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор Баянгол дүүргийн XIX хорооны иргэн Ж.Гадинжид оролцлоо.

 -Таныг сошиол ертөнцийнхөн андахгүй. FB mam, иргэн Ж.Гадинжид гэдэг нэрээрээ  та алдартай. Та хэзээнээс эхэлж фэйсбүүкд өөрийн санал бодлыг бичдэг болсон юм бэ?

-Хоёр жил гаруй болж байна. Анх охиноороо заалгаж байлаа. Эхэндээ туршлагагүйтэх үе байсан. Тухайн үед фейсбүүкийг ажиглаж байхад дандаа хэрүүл бичдэг байсан. Хэрэлдэнэ. Мөн санаагаа маш товчхон илэрхийлнэ. Жаахан уртхан хэдэн мөр биччихвэл уншдаггүй. Дөрвөн мөртийг л уншдаг юм шиг санагдсан. Иймээс дөрвөн мөртөд бодлоо ойлгуулах гэж орсон доо.

-Жишээ нь фейсбүүкд сая гаруй хүн байдаг гэнэ ээ?

-Монголоос уу.

-Тийм. Тэнд байнга нэгнийгээ доромжилж, зүхэж хараах нь элбэг . Гэтэл таны пост сургаал хэлсэн, хүнсний ногоог яаж даршлах талаар, эсвэл өглөө босоод харахад сайхан ерөөлөөр угтсан, өнөөдөр хүүхдүүддээ сайн  сайхныг хүсье гэсэн байдаг. Тэгэхээр та фейсбүүкийн өөр нэг өнгө. Гэтэл таныг их доромжилж, гутаах юм. Тэр дотор та яаж тэсч, ийм сайн сайхан юм бичиж чаддаг юм бэ?

-Өөрийгөө мэднэ. Намайг шүүмжилж байгаа хүмүүсийн хуудас руу орж хардаг юм. Хэдэн юм шейрлэчихсэн. Өөрийн үг байдаггүй. Тэр дундаа эрэгтэйчүүд, залуучууд их байдаг. 1990-ээд оны үед эрэгтэй хүүхдээ сургуульд сургаагүй 10-аад жил болсон доо. Охин хүүхэд нь сургуульд сураг гээд. Ер нь ажиглаад байхад иймээс хүүхнүүд амьдралаа чирж явдаг юм. Эрэгтэйчүүд залуудаа эрддэг юм уу нэг л хоосон толгойнууд. Би тэдэнд зааж өгнө, сургамжилна. Тэгээд үгэнд орохгүй бол блоклочихдог. Учир нь хараал хэлдэг хүмүүс төрөлхийн байдаг юм. Муу цусны удмын ч гэж ойлгож болохоор. Муу удамтай хүмүүс засардаггүй. Миний хувьд хүнийг шүүмжилнэ, загнана. Энэ байдлыг маань дүүргийнхэн, С.Эрдэнэ сайд сайхан хүлээж авдаг. Тэр чинь ухаантайгийн шинж. Авах гээхийн ухаанаар хандана гэж энэ. Мөн ахмад хүнийг хүндлээд хэрэлддэггүй. Хүн л юм хойно алдаа гаргалгүй яах вэ дээ. Зарим залуу үеийн юм шиг орж ирээд янз бүрийн юм бичдэг. Тэгэхээр нь өөрийнхөө хүүхдүүдийг ажиглаж үзлээ. Юу бичиж, фейсбүүкд ямар байдалтай оролцдог юм гэж. Тэгэхэд өөрсдийнхөө бодлыг хаа нэг хэлчихээд хүмүүсийг ерөөсөө шүүмжилдэггүй юм билээ. Миний хувьд шүүмжлэлд их дуртай. Шүүмжлэл хэлье гэж боддог. Гэхдээ доромжлохыг хүлээж авдаггүй. Ялангуяа авьяаслаг, сод хүмүүсийг шүүмжлэх үе бий.

-Эсвэл бүгдээрээ тийм ууртай бухимдалтай болчихоод байна уу?

-Үгүй ээ. Яг яривал ардчилал гарч ирснээр хүн өөрийнхөөрөө амьдарч болохоор болсон. Харамсалтай нь, өөрсдөө архи ууна, ажил хийхдээ хулхидна, худлаа ярина, хумсална. Өөрсдөө амьдарч чаддаггүй. Үргэлж бухимдана. Бухимдахаараа дандаа Ерөнхийлөгчөөс, Ерөнхий сайдаас боллоо гэнэ. Тэгж болохгүй. Намайг үг хэлж байхад чамаас боллоо гэж хэлж магадгүй. Яагаад гэвэл өөрийгөө огт хэлдэггүй. Хүн өөрөөсөө л эхлэх ёстой. Ухаантай хүүхдүүд их бий. Өдөрт 10, 20-оороо орж ирнэ. Сүүлдээ бүр намайг фейсбүүк дээр юм бичихгүй ганц хоновол “Та яасан. Хаагуур байна” гэнэ. Тэгэхээр нь хөөрхий дөө ухаантай хүүхдүүд байдаг л юм байна гэж боддог.

-Фэйсбүүкийг хийсвэр ертөнц гэж үзэх нь бий. Та фейсбүүкийн найзуудтайгаа уулзаж байв уу?

-Фейсбүүкт нүүрээ нуусан хүн цөөнгүй бий. Зарим нь амьтны дүрстэй байх жишээний. Болжмор энэ тэр гээд янз бүрийн юм орж ирнэ. Тэднийг ажиглаж байхад фейсбүүк  хэсч хүн доромжилдог юм билээ. Тэгэхээр нь Бор шувуу энэ тэрийг бүгдийг нь блоклочихсон. Яагаад гэвэл надад хэрэлдэх зав байхгүй. Сайн хүүхдүүдтэйгээ ажиллаж, тэдэнд юм хэлж өгье. Миний хувьд тэднээс сурах юм байхгүй шүү дээ. Хэрэлдэж байхын оронд амжилттай яваа залуучуудынхаа үгийг сонсч байсан дээр биз дээ. Англи хэлтэй, өөрөө бизнес хийдэг хасаг залуу жишээ нь нэг нэвтрүүлэгт орж байсан. Тиймэрхүү нэвтрүүлэг үзэх дуртай. Миний хувьд олон ажил хийдэг. Хаа нэг зав гарахаараа телевизийн суваг хэсч хаана үзэж, сурчихмаар юм байна хардаг. Хүн үхэн үхтлээ сурах хэрэгтэй.

-Таныг багш мэргэжилтэй гэж сонссон. Та өөрийнхөө тухай танилцуулаач?

-1972 онд Багшийн дээд сургуулийг Үйлдвэр сурганыг анги төгссөн. Төгсөөд нэгдүгээр сургуульд, дараа нь 25 дугаар сургуульд багшилж байлаа. Мөн 52 дугаар сургуульд эвлэл пионерийн ажил, хотын эвлэлийн хороонд зааварлагч, 77 дугаар сургуульд үйлдвэр хорооны багш хийж байсан.

-Сошиол ертөнц танд таалагдаж байна уу?

-Өөрийнхөө найзыг ольё гэж бодсон юм. Түүнээс биш тэр хүнд таалагдах нь уу, тэр нь надад таалагдах эсэх нь тийм сонин биш. Хүний зааварчилгааг сонсох хүн биш л дээ. Учир нь өөрийнхөө бодлыг бичиж байгаа болохоос биш “Би үүнийг бичвэл зөв үү Мөнхбаясгалан гэж” хэн нэгнээс асуухгүй. Алдаа гаргавал миний л үг. Тэр чинь миний фейсбүүк орчин. Миний үг хэлэх эрх. Эрх байна гээд хүн доромжилдоггүй. Зөвхөн шүүмжилдэг. Шүүмжлэл доромжлол хоёр өдөр шөнө шиг ялгаатай.

-Сошиол ертөнцийг хиймэл. Тэнд бараг амьдрал байхгүй гэдэг мөртлөө нөгөө өнцгөөс нь харвал амьдрал байгаа ч юм шиг. Харамсалтай жишээ дурьдах гэж бйагаад уучлаарай.  Таны нөхөр Адам агсан бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Тэр үед та  эмнэлэгт болж байгаа үйл явдлыг өдөр болгон бичдэг байлаа. Бас хандив цуглуулсан. Хүмүүс ч нэлээд хандив өргөх шиг болсон. Танд тэр үеийг эргээд бодохоор ямар санагддаг вэ. Надад бол яг өнөөдрийн манай эрүүл мэндийн салбарын бодит амьдралыг гаргасан гэж санагддаг?

-Урьд нь эмнэлэгээр явж үзээгүй, аав ч, өөрөө ч тэгж өвддөггүй байж. Дээр нь өвчний талаар ойлголт муутай байлаа. Өвгөн өвдөж, сүүлдээ хүн удаан өвдвөл гэр оронгүй ч болдог юм билээ. Тэгээд хүмүүст хандахад олон янзаар хүлээж авсан. Өөрөө боломжийн амьдралтай байж хүнээс гуйлаа гэдэг ч юм уу. Боломжийн амьдралтай хүмүүс олон бий. Зохиолч, жүжигчин гээд. Харахад гоё хувцасласан, боломжийн л хүмүүс. Тэгсэн мөртлөө өвдөхөөрөө хандивын тоглолт хийдэг биз дээ. Монголын амьдрал ер нь өвдөхийн бол үхнэ гэсэн зарчимтай юм шиг. Жишээ нь, гуравдугаар эмнэлэгт очоод хэвтвэл хагалуулахгүй бол гар гэдэг юм билээ.

-Хагалгаа хийлгэхгүй бол уу?

-Тийм. Хагалгаа хийдэг л газар гэдэг юм билээ. Эмчилгээний газар бол тав хононо. Тав хоногоос хэтэрвэл гар гэнэ. Өвдөхөөр элдвийн юм бодогдоно. Тухайн үед Оюунбилэг найз мааны их тусалсан. Өвдөж зовж байхад миний хүүхдүүдэд тусалж байсан юм. Тэгээд нөгөө С.Эрдэнэ гишүүндээ л хандана шүү дээ. Намынхандаа ч хандсан. Намынхан хүн хүнээс мянга, мянган төгрөг цуглуулсан. Дээр нь Ахмадын зөвлөл өгсөн. С.Эрдэнэ, С.Одонтуяа гишүүн хандив өргөсөн. Дүүргийн Засаг дарга нар хувиасаа өгнө. Надад сайхан хамт олон бий. Ингэж эмнэлгээс гарахаа больж, үргэлжлүүлэн эмчлүүлэхээр болж билээ. Үүнээс хойш зовсон цагт тусалсан УИХ-ын гишүүддээ их баярладаг.

-Дээрээс нь Фейсбүүкийн найзууд тань нэлээд  тусалж байсан байх аа?

-Тиймээ. Фейсбүүкийнхэн их тусалсан. Гадаад сурч байгаа хүүхдүүд хүртэл хандив өргөсөн. Тамир гээд зураач бий. Японд амьдардаг Нараа гээд хүүхдүүд 50 евро, Германд байгаа Сайнжаргал 50 мянган гээд сая гаруй төгрөг цугласан.

-Олны хүч оломгүй далай гэж сайхан байгаа биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Сэтгэл нь хаачихав.

-Тэр үед таныг хүмүүс шүүмжилж байсан. Хувийн амьдралын нууцаа ил гаргалаа гэх байдлаар. Яах аргагүй сэтгэл зүрх хэцүүдсэн үед тэр орон зайг олонтойгоо нөхсөн гэж боддог юм?

-Энэ хүн тэгчих болов уу, ингэчих болов уу гэж огт боддоггүй. Шүүмжилдэг хүн байхад магтдаг нь дэндүү олон. “Та ямар мундаг юм бэ. Нөхрийнхөө төлөө явахгүй газаргүй явлаа. Бүхий л эмнэлгийн хаалгыг татлаа” гэж магтах хүн бас бий. Үнэхээр хөлөө хүрэх газраа хүртлээ явсан. “Гэгээнтэн”, “Удран” гээд ардын, уламжлалт, Европын эмнэлгүүдээр орсон. Лам, зурхайчдаар ч орсон. Хүн ичдэггүй юм. Нөхрөө аврахын төлөө юу ч гэж хэлүүлсэн хамаагүй гэж зүтгэсэн. Энэ дайчин чанар чинь гайхагдсан гэж олон хэлсэн. Ухаантай хүмүүс л тэгж хэлнэ л дээ.

-Таны тухай нэг дурсамжтай сонины нийтлэл олсон юм. Танай гэр бүлийн тухай бичсэн байсан. 1997 он буюу 18 жилийн өмнө “Адамынхан шиг амьдарцгаая” гэсэн сурвалжлага гарсан байна. Та хоёр цэл залуухан байжээ. Охин чинь дөнгөж тавхан настай байжээ. Батсүмбэрийн Өдлөгт ногоон тарьж, фермер байгуулахаар зүтгэж байгаа тухай зурагтайгаа гарсан байсан. Тэр үеэс танай гэр бүлийн бизнес эхэлсэн үү?   

-Бизнес гэхэд хаашаа юм. Манай өвгөний хобби. Эрүүл хүнс, ногоо мод, цэцэг тарих европчуудын насных нь сонирхол. 1995 оноос хойш Шархаданд цэргийн ангийн хаягдсан газар дээр очиж, тэмээнээс бусдыг маллаж, хариулж, тэжээсэн. Галуу, тахиа гээд. Нурчихсан полигон энэ тэрийг чинь засч аваад ажиллаж билээ. Сүүлд хөдөө рүү явсан. Манай өвгөн амралтгүй ажиллаж, их зүтгэнэ. Даанч Монгол хүн чинь ургуулсан ногоо руу малаа оруулчихна. Тариалангийн талбай руу морьдоо тууна. Ийм зураг миний фейсбүүкт бий. Мал нь үнэтэй гэнэ.  Харин ургуулсан тариа, ногоо, ажилчдын хөдөлмөрийг  үнэлэхгүй. Тэр нь үнэгүй юм байна л даа.  Ширхэг арвай болгон ямар үнэ цэнэтэй билээ. Наанадаж л шатахуун, тоног төхөөрөмжөөс гадна цаг наргүй ажиллаж, халуун нарнаас эмээх тариаланчдыг бодохгүй.

-Тэгээд хэлэхээр тоохгүй, загнана..?

-Тоохгүй. Аягүй л бол адуу мал хөөлөө гэж загнана. Малаа хүн хайрлалгүй л яах вэ. Гэхдээ хүний хийсэн хөдөлмөрийг үнэлж үздэггүй, атаархана уу л гэхээс. Жаахан юм ургаад сайхан сэргээд ирвэл энэ чинь манай газар гэж булаана. Үүнийг яагаад тариад ургуулчихав гэж шүүмжилнэ . Ер нь магтахгүй шүү.

-Туслахгүй биз дээ... ?

-Туслахгүй. 1986 онд энэ хүнтэй гэр бүл болж 1990 оноос хүмүүс ганзгын наймаа хийх болсон. Тэр үед Польш Монголын хооронд ганзгын наймаа эрхэлсэн бол таван төгрөг илүү л авах байсан.

-Яг тэгж асуух гэж байсан юм. Нөхрийгөө дагаад сайхан ганзгын наймаа хийхгүй?

-Үгүй харин тэгээгүй. Нөгөөх чинь морин тэрэг унаад ногоо тариад л. Галуу, тахианыхаа махыг утна. Герман Элчинд борлуулна. Ердөө тийм ажил хийдэг. Тэр нь миний сэтгэлд таалагддаггүй. Энэ чинь бизнес биш шүү дээ. Сайхан кайф л авна. Гэхдээ мөнгөөр тасрахгүй. Тэгсэн мөртлөө овойж оцойтол баяжихгүй. Манай монголчууд хиймэл занд дуртай. Жийп унах мөртлөө замын төлбөрт 200 төгрөг өгчихөж чаддаггүй. Хангарьд ордны гадаа миний өмнө ландгар том 200-тай нөхөр гарлаа. Зогсоолын төлбөрт 500 төгрөг хураадаг юм байна л даа. Гэтэл өнөөх чинь  нөгөө муу манаачийг чинь тас загнаад гараад явчихаж байгаа юм. Тэгж Ланд унаад яах вэ дээ. Ичмээр юм. Миний үздэггүй юм нэрэлхүү, худлаа баярхуу зан, дүр эсгэж амьдрагсад. Өртэй мөртлөө худлаа баярхана. Тэрний оронд морин тэргээ унаад явах нь жаргал. Манай найзууд гайхдаг юм. “Чи ч муухан бүржийнтэй машинд суухааргүй хүн дээ, уг нь ...” гэж. Манай ах, дүү удам судрыг мэддэг болохоор морин тэгрэг хөлөглөж яваа намайг хараад тэр л дээ.

-Таны аав ямар ажил хийж байсан юм бэ?

-Манай аав Багшийн дээдийн Биологийн багш профессор, доктор хүн байдаг. Өдгөө 95 настай амьд сэрүүн бий.

-Таны дүү “Наран трейд” группийн захирал  Ж.Удвал..?

-Тиймээ, Удвал, Ж.Занаа байна.

-Хотын тийм дэгжин сэхээтэн гаралтай бүсгүй морин тэрэг унаад ногоо тариад явж байжээ?

-Манай охин хоёр настай байлаа. Морин тэрэг нь бас нэг нүхтэй. Тэр нүхэн дотроо охиноо хийчихнэ. Тэгээд хотоор давхина даа. Саатай хувцас өмсөж, цагаан бээлий өмсөнө. Барын хээтэй өмд хүртэл өмсөнө. Харин хирийг үзнэ гэж байхгүй шүү. Морин тэрэгтэйгээ Шархад хавьцаа явдаг байсан бол сүүлдээ Батсүмбэр орсон доо. Тэгж л амьдарсан. Их энгийн амьдрах дуртай. Надад жийп, хаймар, морин тэрэг нь байна уу хамаагүй. Өөрийнхөө амьдралаар л амьдрах дуртай.

-Танай нөхөр Адам Польш хүн. Та Польш хүнтэй яаж яваад гэр бүл болсон түүхээсээ яриач ?

-1986 онд Хөнгөн бетон заводод мэргэжилтнээр ирсэн юм. Манай хамаатны хүн тэнд ажилладаг байлаа. Түүнтэй магнитофоныг нь өгөлцөж авдаг, манайхаар орж гардаг байсан юм. Сүүлдээ тэр нь манайхаас салахаа больсон. Оруулахгүй ээ. Ерөнхий инженер Жүгдэр гэж байлаа. Хөөрхий одоо байдаг болов уу даа. Тэр нэг өдөр хаалга цохив. Би гарч “Чи орвол ор. Наад хүнийг чинь оруулахгүй” гэсэн чинь “Чи чинь Монгол хүн байж яасан муухай юм. Оруулчих л даа. Балга цай уулгачих” гээд тэгээд л оруулсан. Нөгөөх нь манайхаас салахгүй. Гэрт оруулахгүй болохоор гадаад сууж л байна.

-Гэнэт нутаг руу буцчихаар нь явчихсан юм байлгүй гэж бодож явсан чинь нэг өдөр хувцсаа бариад ороод ирсэн гэл үү?

-Эхний жилдээ хөнгөн бетон заводын мэргэжилтэн хийсэн юм. Тэгээд намайг нутаг руугаа ээж, аавтайгаа танилцуулна гээд аваад явахгүй юу. Очиж танилцсан. Тэр үед манай бага хүү 12 настай байлаа. Дээрээ нь би өөрөөс нь Адамаас найм эгч. Хүүгээ дагуулаад Польш руу тэнэг толгойтой хүн л явна биз дээ. Өмнө нь хоёр хүүхэдтэй болчихоод тэгээд гадны хүнтэй сууна гэхээр. Гэхдээ л очсон. Очиж юм үзчихээд сар болоод хаячихаад хүрээд ирсэн юм. Тэгсэн нөгөө нөхөр чинь араас хүрээд ирлээ. Дахиад аваад явсан. Гурав авч явсан юм. Тэгтэл эгч, ээж нь “Чи их муу хүн байна. Адам бол мэргэжилтэй хүн. Манай Европт танай Монголтой адилгүй. Хууль дүрэм хатуу. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нь тасарчихлаа. Харамсалтай байна. Чи энд байж болдоггүй юм уу” гэсэн. Би ч шулуухан хүн дээ. Тэгэхээр нь “Танай энэ хүүхэд чинь шезотой юм биш биз” гэсэн. Яагаад гэхээр нь өөрөөс нь найм эгч, хоёр хүүхэдтэй. Дээр нь түүнд хайргүй гэсэн чинь манай хүн “Энэ хүн надад хайргүй нь хамаагүй, би хайртай. Би энэгүйгээр амьдарч чадахгүй”  гээд. Ингээд нөгөөдүүл нь юу ч хэлж чадаагүй. Яг яривал би түүнийг нохойн замаар оруулчихсан. Монголд ирээд “МАК”-д нэг хэсэг ажилласан. Хөнгөн бетон заводдоо ч ажилласан. Цонжин болдогт гурван жил боллоо. 2х3 харьцаатай газар авч охиндоо л үл хөдлөх хөрөнгө үлдээх гэдэг байлаа. Тэгээд хоббиноосоо болоод тэр нь бүтээгүй. Эцэст нь шаналсаар байгаад яваад өгсөн дөө.

-Уучлаарай... Та ардчиллын алтан хараацай. Өдгөө та МоАХ-ын гишүүн. Та фэйсбүүкд үе үе айхтар шүүмжлэл бичих юм. Өмнөөс нь аймаар ч юм шиг. Шударга,  хатуу чанд шүүмжлэл бичихээр танд эргээд ямар нэгэн хариу реакци мэдэгдэх үү?

-Ирэхгүй. Манай ардчиллынхан намайг хэн бэ гэдгийг мэднэ. Ардчиллынхан чинь ардчиллагчид учраас шүүмжлэлд дуртай. Жишээ нь, Ц.Элбэгдоржийг худалч гэж шууд хэлдэг. Гэхдээ түүнд дургүйдээ хэлээгүй. Ц.Элбэгдорж дөрвөн Ерөнхийлөгчийн дотор хамгийн ардчилалтай нь. Мөн авлигатай тэмцэгч. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай биш учраас үйл хэрэг нь бүтэхгүй юм. Дээр нь намын хандиваас болж байгаа юм.

-Ц.Элбэгдоржийн нэг шүүмжлэлийг та видеогоор хийж фэйсбүүкдээ оруулсан байсан (видеог үзүүлэв)?

-Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх л юм. Гэвч авлига улам нэмэгдэж байна. Гурван нам ээлжлээд төр барилаа. Дангаараа ч бас хамтраад ч Засгийн эрхэнд байлаа. Тэд халаас нэг болчихож. Нам дамжсан бүлэглэл Монголын ард түмнийг дээш нь татахгүй юм байна. “Алтангадас”-ын Р.Гончигдорж, С.Баярцогт хоёр гоншигонож байгаа цагт ард түмэн юу ч хүртэхгүй. Энэ хоёрыг өөрчлөх ёстой. Худлаа л ард түмний төлөө гэдэг. Монголын ард түмэн өлсөх ёсгүй. Малтай, газар нутагтай, байгалийн баялагтай. Дээр нь өмсөх, идэх зүйлдээ санаа зовохооргүй. Хужаа хужаа гээд л урд хөршөөсөө зөөж идэж ууж, өмсөж зүүж байна. Ийм байж худлаа ярих юм. Энэ бүхэн намын хандиваас болдог. Жинхэнэ ардчиллын төлөө амь насаа зориулж байсан хүмүүс шал өөр. Гэвч нам их хандив авна. Хандиваар орсон хүмүүст хариуцлага гэж алга. Миний таньдаг хүн нэг ажил хөөцөлдөөд гурван жил гаруй болж байна. Хаа ч орсон хариуцлага байхгүй. Одоо харж л байгаарай. Засагт байхад нь ямар нэгэн юм болвол Ч.Сайханбилэг ч, С.Баярцогт хоёрын хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Өнөөдөр Н.Энхбаяр ялтан мөн үү, биш үү. Төрийн ордноор нэг их зугаалсан хүн. Төрийн ордон юу болоод байгаа юм бүү мэд.

-Та Н.Энхбаярын талаар ямар бодолтой байдаг вэ. Сая Өршөөлийн хууль батлагдлаа. Ерөнхийлөгч хориг тавилаа. Өршөөлийн хууль энэ чигээрээ хэрэгжвэл Н.Энхбаяр ялгүй болох юм байна. Энэ талаар та юу хэлэх үү?

-МАН бол бараг 1921 оноос хойш л төр барьсан биз дээ.   Төв хорооны улаан ноймертой машин гэж байлаа. Тусгай дэлгүүртэй, эмнэлэгтэй. Ард түмэн хонины гуравдугаар зэргийн махан дээр дугаарлаж байсан үед. Тэрний л үр хөврөлийн хүүхэд. Н.Энхбаяр авлигын загалмайлсан эцэг мөн. Гэхдээ Монголын ард түмнийг өрнөөс салгасан хүн нь бас тэр. Хүнийг муу хэлэхээрээ газар дор ортол нь хэлж, магтахаараа тэнгэрт тултал нь магтаад байж болохгүй. Уг нь Н.Энхбаяр номоо бичээд, намынхаа кадруудыг бэлдээд сууж байх нь зүйтэй юм. Тэгэхгүй Төрийн ордноор эргэлдээд л. Н.Энхбаяр одоо гарахгүй шүү дээ. МАХН ч гарахгүй. МАН ч, АН ч ялахгүй. Луйварчидтайгаа зууралдаад байвал улс орон хөгжихгүй. Ард түмний амьдрал хэцүү байна. Хүн бүр байрны, бас цалингийн зээлтэй.  

-Малчидын мал нь ХААН банкинд барьцаанд байгаа бас...?

-Тийм. Асуултнаас өөр зүйл хэлье. Хүүхэд харах үйлчилгээ,  гэр цэцэрлэг гэж яриад байна. Ц.Оюунгэрэл жишээ нь гэр цэцэрлэгт өөрийнхөө хүүхдийг өгөх болов уу. Байшинд биш гэрт биз дээ. Гэр шатвал тэр хүүхдүүд бүгд үхнэ. Багтаамж нь хэр билээ. Тэрний оронд тэр хүүхдийг хэн харж байна тэр асран хамгаалагчид нь хоёр нас хүртэл нь цалингийн доод хэмжээгээр бодож урамшуулал олго. Төр бүх зүйлд хутгалддаг. Гол нь яаж тэр мөнгөнөөс нь хумслах уу гэсэндээ. Янз нь дүүрэгт ойр нь таван хүүхэд харья гэж авах нь л дээ. Гадаа жорлонтой байх. Өвлийн хүйтэнд хүүхэд хөлдөнө. Эхээс илүү харах танихгүй хүн байх уу. Энэ шал өөр шүү. Манайхан ажил хийхээрээ хөрсөнд буухааргүй юм хийдэг. Энэ л бухимдал төрүүлээд байгаа юм.

-Та энэ тухай Төрийн ордонд болсон хурал дээр хэлж байсан?

-Зах дээр тэрэг түрдэг хүүхдүүдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлэж байна гэх юм. Тэрийг тэвчишгүй хөдөлмөрт хэн оруулсан юм. Төр л оруулсан. Аав ээжид нь тохирсон ажил алга. Тэдний эцэг, эхээс гадна ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд орох газар алга. Ордог газар нь их дээд сургууль. Тэр нь чанаргүй. Сүүлдээ тэтгэлэг авахын тулд оюутан болж байна. Үүнийг өгөхөө больж, автобусны маршрут нь хоёр, гурав дамжих байдлаар өөрчлөгдөж байна гэнэ. Хүн дарга болчихоороо хэн нэгнийг дарангуйлдаг юм уу хаашаа юм.

-Дарангуйлахгүй бол болдоггүй юм болов уу?

-Ядуу байлгах сонирхолтой. Ардчилсан төр Засгийн эрхэнд гараад овоо болох болов уу гэж бодсон худлаа. Э.Бат-Үүлд их итгэж байсан юм. Гадаадад сарын, өдрийн, цагийн тасалбар гэж байдаг. Сарынхаа тасалбараар оюутан өдөрт хэдэн  ч удаа наашаа цаашаа явсан ч яадгийн.Гэтэл манайд яаж байна.  Өөрсдөө хулгай хийсэн мөнгөө оюутнуудаар төлүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм. Одоо юу ярьж байна. Дандаа татвар ярина. Иймэрхүү  маягаар танай нэвтрүүлэгт нэг цагийн дотор хадуурчихмаар олон сэдвүүд байна. “Алтангадас”-ынхан АН-ынхны толгойд байсан цагт өөдлөхгүй гэж боддог. Р.Гончигдорж ард түмний амьдралыг хэзээ ч ярьдаггүй хүн. Ч.Сайханбилэг, С.Баярцогт бол хулгайч.

-Яагаад?

-Оюутолгойг Английн Тони Блейрт өгчихсөн. Би Тони Балиар  гэдгийн. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохын өмнө гэл үү, хойно гэл үү Төрийн ордонд явж байсан гэсэн. Нууцаар нисч ирээд зөвлөгөө өгсөн. Английн колони болсон байгаа биз дээ. Төр гадаадынхны удирдлаганд явж байна. Хэчнээн эх орончид байлаа гээд Монголын ард түмний төлөө явах уу. Оюутолгойг өгөөд Монголын ард түмэн оцойтлоо баяжина гэсэн. Одоо хаа байна. Н.Багабанди ч гэсэн титэм үг хэлээд л байсан. Гэтэл сард 34 мянган ам.долларын цалин  авдаг байсан гэсэн.

-П.Очирбат гуай бас цалин авдаг байсан?

-П.Очирбатыг facebook-дээ ховдгийн гай том хамартай болчихож гэж тавьсан. Миний хамар ч гэсэн том болчихлоо. Гэхдээ ховдоглоо ч үгүй л дээ.

-МАН-ын зургаан сайдыг огцруулчихлаа. Н.Энхбаярын нам буюу Шударга ёс эвсэл АН хоёр гурав, гурваар нь хувааж авч байна. Энэ хуваарилалт ямар санагдаж байна вэ?

-З.Баянсэлэнгэ арай сайд болох хэмжээнд очоогүй. Н.Энхбаярын өмгөөлөгч л байвал таарна. Энэ хүн Н.Энхбаярыг дагаж гүйж уйлж байж л гарч ирсэн болохоос биш сонгогчдын дэмжлэг хүлээгээгүй. Хэрэв сонгогчдоос гарч ирсэн бол бууж өгье. Жишээ нь, С.Эрдэнэ бол үхэхээс бусдыг үзэж байж гарч ирсэн. Ингэхээр С.Эрдэнэ даатгалын мөнгө хулгайлсан гэдэг. Даатгалын мөнгийг хулгайлах ямар ч боломжгүй. Н.Номтойбаяр нэг хэлээд байдаг даа. Гэхдээ тэр нь хуулийн дагуу хийсэн болоод л айгаад юм байхгүй. Хувийн банкинд даатгалын мөнгийг байрлуулчихвал алга болчихвол яах юм. Тэр банкиндаа л байсан дээр.

-Алга болчихсон шүү дээ. Одоо юу ч байхгүй. МАН аваад идчихсэн үү, АН хамтарч төр барьж байхдаа хуваагаад халаасалчихсан уу .....ямар ч байсан байхгүй?

-Үүнийг ёстой хэлж мэдэхгүй юм.

-Одоо манай улсад мөнгө байхгүй гэнэ ээ. Иймээс манай улс ард түмнийхээ халаас руу орж татвар, замын хөдөлгөөний дүрэм журам юу байдгаар л мөнгийг авч эхэлж байна?

-Манай улс мөнгөгүй болсон нь ард түмэн л мөнгөгүй болсон юм. Тэрнээс төрд байгаа хэд нь  цүндийтлээ баяжчихсан. Жишээ нь, Оюутолгойг Монголын ард түмэнд өгсөнгүй. С.Баяр аваад долоон хаус болгочихлоо. 36 тэрбум ам.долларын тэрбумтан чинь бүгдээрээ халаас нэгтэй. Энэ хэдийг төрөөс зайлуулаагүй байхад ард түмэн сайн сайхан амьдарч, цалин нэмэгдэнэ гэж бодохын ч хэрэггүй. Миний мэдэхээр цалин сүүлийн хоёр, гурван жил 10 мянган төгрөгөөр ч нэмэгдсэнгүй. Оюутолгойн гэрээ мордохын хазгай гэгч боллоо.

-Тавантолгойн гэрээ..?

-Тавантолгойг гэрээг З.Энхболд, Л.Эрдэнэчимэг нар жигтэйхэн шалгаад байсан. Одоо юу болсон бүү мэд. Зүтгүүлсэн нөхдүүд л зүтгүүлээд байна уу гэж бодоод байна. Ч.Сайханбилэг намын даргаа авчихвал цаашаад явах байлгүй дээ. Ж.Оджаргал АН хоёрын тэмцэл үү, эсвэл ард түмнийх үү гэдгийг сонгогчид харах байх.

-Энэ таны хүсч мөрөөдөж явсан ардчилал мөн үү?

-Үгүй биш.

-Энэ тэгээд юу вэ?

-Энэ бол луйвар. Ардчиллын нэр барьж ямар ч хариуцлагагүй болгоод өөрсдөө зориулсан хууль гаргаж, хуваагаад идчихлээ. Ёстой замбараагүй юм болж байна. Эдийн засагч Бямбасүрэн гуай ардчиллын төрд байгаа хүмүүс Төрийн ордонд байгаа чинь бүгд компанийн эзэд. Намд хандив авчихаад авлига арилгана гэдэг худлаа. Иймээс Ц.Элбэгдоржийг худлаа ярьж байна гэсэн юм.

-Нам хандив авахаа больчихвол яаж санхүүжих вэ. Одоогийн ярьж байгаа хувилбараар улсаас санхүүжинэ. Тэр нь ил тод байна, төсвөөс гаргана?

-Тэгэхээр улсын санхүүг хэн бүрдүүлэхийн. Уг нь Монголын ард түмнийг өөд нь татья гэвэл ёстой амархан. Алга урвуулахтай адил.

-Хоёулаа мөрөөдье. Хэрэв та Ч.Сайханбилэгийн оронд Ерөнхий сайд болчихвол хамгийн түрүүнд юу хийх үү?

-Малынхаа түүхий эдийг юм болгоно. Мах, сүү, арьс шир, ноос, ноолуур гээд. Монгол эзэнтэй хэдэн уурхай бий. Тэр хүмүүс Оюутолгойг ухчихал байсан юм. Муу нэлээд байгаа Б.Нямтайшир, Ц.Мянганбаяр гээд Монголын хөрөнгөтнүүд алт олохоороо монголчуудтайгаа хуваадаг. Гадаадын компани онгоцоор аваад явчихаж байна. Өөрийнхөө баялгийг ямар ч олборлолтгүй өгчихсөн ийм малуудыг буудах хэрэгтэй. Буудах хууль байвал би ч буудчихмаар байна. Оюутолгойн гэрээг хийсэн дөрвөн нөхрийг хамгийн түрүүнд буудна. Н.Алтанхуягийн хөдөлмөрчийг их үнэлдэг. Энэ хүн чөмгөө дундартал ажилласан нь үнэн. “Нүүрс” хөтөлбөрийн буянаар нүүрсний үнэ унасан. Дундаас нь чухам хэдэн хүн идсэнийг тоодоггүй. Юм болгон дээр халаасыг нь нэгжээд байж болохгүй. “Цэвэр агаар” төсөл дээр охин нь тендэр авсан гэдэг. Гэхдээ нотлогдоогүй. Манайхан гуя дагуулаад хүзүү тавьчихаад байх юм. Одоо алийг нь сайн гэхээ мэдэхээ больчихоод байна. Энүүхэндээ гэхэд Оюутолгойн гэрээг хийхийн алдад “100 чухал сэдэв” гэсэн нэвтрүүлэг явж байсан. Тэр үед Х.Баттулга төр барьсан бол баялаг бүтээгчид их гарах байсан байж магадгүй. Одоо хоосон төрийг хэн авахыг мэдэхгүй. Нэртэйгээр нь Английн колони болчихсон юм уу хаашаа юм. Монголчууд хоорондоо хоосон яс булаалдаад л хэрэлдээд байна. АТГ С.Баярыг шалгаад яав. Авсан нь тодрохгүй байна гэх. Арабын шах байсан юм уу. Тэр мөнгө нь тодрохгүй байна. Оффшор дансаар С.Баярцогтыг бөнжигнүүлээд эхэлсэн дээ. Үүний дараа чуулган хуралдахгүй юу. Тэгсэн хуралд бараг хүн ирээгүй. Яасан гэсэн чинь 26 хүн гадаад руу оффшор данс руугаа явчихсан байсан. Нөгөө юмаа янзлах гээд. Ц.Элбэгдорж энэ тухай цухалзуулсан. Энэ их баялаг, хөрөнгө төрийнхний гараар ороод будаа болчихлоо. Үндэсний компаниуд цөхөрч байна.

-Эхнээсээ дампуурч байна?

-Бизнесийнхэн чинь цаг, минуттай уралддаг. Банкны зээл нь араас нь түймэрдээд байгаа учраас. Төрийнхөн бол зугаалаад явна. Төрийн мөнгөөр юм үзэж байгаа юм гэнэ. Ингэж гуларсан гарууд юм үзлээ ч ухаардаггүй. Яагаад манайх Сингапур шиг хөгжихгүй байна. Манай төрд улс төр, ном мэддэг ч гэсэн гэртээ гурилтай хоолонд ямар материал орж, яаж хийдгийг мэддэггүй. Мод, чулуугаар юу ч эвлүүлж үзээгүй. Юун гурилтай шөл гульяш, хуйцай хийгээдэх гэвэл цөөхөн хэдэн эрэгтэй гишүүн л хийнэ. Ийм хүмүүс амьдрал мэдэхгүй. Хөрөнгөтний хүүхдүүд Америк сургуульд сурч байна. Нөгөө Америк хүүхэд нь Монголоо үзэхгүй.

-Тэдний хүүхдүүд монгол хэл ч мэдэхгүй?

-Мэдэхгүй. Англиараа ч, монголоороо ч байхгүй. Манийн хажууд л хэлтэй.

-Таны хэлээд байгаа Америк сургууль чинь жилийн 36 сая төгрөгийн төлбөртэй шүү дээ?

-Яах вэ дээ. Луйврынхаа мөнгийг багтааж ядаад уралдаж байхгүй юу. 30 жилд хүний амьдрал өөрчлөгдөж байдаг юм. Гурав дахь үе дээрээ тэр хүүхдүүд нь амьдрал мэдэхгүй, бэлтгэгдээгүй, зовлон, жаргал үзээгүй. Муу ёролж байгаа юм биш тэд нар эргээд хуучин байсан газраа л очино. Харин 2005 оноос хойш төрсөн ардын хүүхдүүд боловсрол эзэмшиж байна. Эцэг, эхчүүд хувь, хувьсгалын сургуульд хүүхдээ өгч сургаж байна. Даанч хулгайч, муу төртэй.

-Монголын төрд хямрал биш хулгай нүүрлэсэн юм гэнэ билээ?

-Яг зөв хулгайч. Нүүр нь улайхгүй ярьдаг хүмүүс байна. М.Энхболдын компани манай байрны гадаа шөнө оройн цагаар мод чулуугаа буулгаад байшин барих гэхээр нь манай байрныхан надтай адилхан эсэргүүнүүд байдаг. Гараад шатаачихсан. Бензин асгаад шатаачихсан. Галын наадам хийж байгаа юм шиг. Шөнөдөө ачаад алга болсон. Хашаа баривал хувийн өмч болчихдог. Иймээс барихаас нь өмнө устгадаг. Хүмүүс хуулиа мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахгүй. Эрхийг нь ярихаар “тэмц, тэмц” гэдэг. Уг нь өөрөө тэмцэх ёстой байхгүй юу. Тэрний төлөө би тэмцэх юм уу. “Өмнө нь  хэрэлдээд байсан Г.Баасан гарч ирээд хэлээч” гэдэг. Үгүй, өөрөө хэлээч. Facebook-д нүүрээ гаргахгүй ярина. Тэгэхээр нь би өөрөө утсаараа бичлэг хийж тавьж үзүүлдэг  юм. Ц.Элбэгдоржийг шүүмжилж болно. Гэхдээ хүзүүгүй гэдэг ч юм уу доромжилж болохгүй. Манайхан доромжлол, шүүмжлэл хоёрыг ялгадаггүй. Миний амнаас болоод ихэнх хүн надаас зугтдаг. Харин С.Эрдэнэ гишүүн надад тун сайн. Би нам дагаж намирдаг хүн биш. Намайг эмнэг гэдэг.  Ардчиллын төлөө явж байсан. Үхэн хатан хүнд шоолуулан, хүнд муу хэлүүлэн, ажлаасаа халагдан явж байсан. Та нар миний зүтгэлийг алаад хаячихлаа гэж нөгөө хулгайч, худалч, хүнд сурталтангуудыг ороод загначихдаг.

-Монголын төрийн толгойд хэн гарвал төр нь төр шиг болж, бид хүн шиг амьдрах вэ?

-Аягүй бол Англи хүн гарсан дээр байх. Тэртэй тэргүй далдаас удирдаад байгаа юм чинь. Тони Балиар  Ч.Сайханбилэгтэй уулзаад явсан биз дээ. МАН нэгдье гээд зургаан сайдаа оруулсан. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг их хүндэлж явдаг юм. Эх оронч хүмүүс бий. Нам харгалзахгүй. Тэднийг нийлүүлж байгаад төр бариулчих юмсан гэж боддог юм. АН дотроосоо түүж гаргаад Facebook-дээ тавьчихья гэж бодоод байгаа.

-Үзэгчдэд сонин байж магадгүй та нэрлэвэл. Эхлээд хулгайч нарыг нь нэрлье. Дараа нь шударга хүмүүсийг нэрлэвэл болох уу?

-Хулгайч гэвэл “Алтангадас”-ынхан. Р.Гончигдорж гоншигонож байгаа цагт Монголын ард түмэн хэзээ ч шударгаар явж чадахгүй. Хардах эрх надад бий. Р.Гончигдорж ард түмний төлөө нэг ч үг дуугардаггүй. Ч.Сайханбилэг хаяа нэг горьдлого төрүүлдэг байсан.  Гэхдээ энэ хүнд итгэдэггүй. С.Баярцогт бол хулгайч. Н.Алтанхуяг өөрийнхөө хүмүүсийг л яриад байна. Нөгөө нам дотор хүн байхгүй болохоор. АН-ын ах нар хулгай заагаад өгчихсөн. С.Баяр долоодугаар сарын 1-н болонгуут луйвардаад засаг барьчихсан. АН алчих гээд байхаар нь хэдэн хүнийг нь Засагт оруулж ирээд суулгачихсан. М.Батчимэгийг овоо юм дуугарах болов уу гэхээр бүлх залгичихсан юм шиг таг. С.Одонтуяа юм үзэж, нүд тайлсан болохоор хэзээ ч хулгай хийхгүй. Би ч хулгай хийж чадахгүй. Аав яс маханд мөнгөтэй орооцолдож болохгүй гээд шингээгээд өгчихсөн. Авах ёстой юмаа л авна. Авахгүй ёсгүй юмаа хэзээ ч авч чаддаггүй. Нүгэл болно.

-Ирэх сонгуулиар та аль намыг дэмжвэл дээр гэж үзэж байна?

-Өөрийнхөө дүүргийн хоёр гишүүнийг л дэмжинэ. Бусад нь ялагдана уу хамаагүй.

-Тэгээд бид яах юм бэ....?

-Нэр дэвшигч дотор юм гарах болов уу. Жижиг намын дарга нар төрд ойрхон байсан. Зан ааш, хүн чанарын хувьд ч эргэлзээтэй. Хүн чанар гэж юуг хэлдэг юм. Хүн хүн шиг л байх ёстой. Хэзээ ч хувирдаггүй байх учиртай. Баяжих тусмаа улам пээдийгээд сансарт гараад байж болохгүй. Газарт буух ёстой. Би морин тэрэг ч, жийп ч унадаг учраас тэгж хэлээд байна. Би ямар ч үед хувирдаггүй.

-Хүнийг шалга гэвэл албан тушаал өгөөд үз гэдэг юм билээ. АН сонгуульд ялсан 2012 оноос хойш олон хүний мөн чанарыг танилаа. Ардчиллын мөн чанарыг ч танилаа. Энэ ардчилал биш юм аа. Ардчилал бидэнд тохирохгүй юм байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ардчилалдаа биш юм.

-Бид ардчиллыг  буруу замаар явуулчихав уу ?

-Үгүй. Ардчилал зөв. Гэхдээ ардчиллын нэр бариад мөнгө өгсөн хүмүүс чинь дандаа луйврын мөнгөөр. Тэр мөнгө өгсөн хүмүүс чинь мөнгөнд дуртай хүмүүс болохоос биш ард түмний амьдралыг сайжруулахын төлөө ороогүй. Ард түмний төлөө гэсэн нь дандаа мөнгөгүй хүмүүс байдаг. Аль ч намыг уудалсан ийм хүн бий. Гол нь хариуцлага гэдэг зүйлийг аваад хаячихсан. Хуулиас заалтыг нь хасчихсан. Хамгийн сүүлийн арга нь Өршөөлийн хууль. Хэлсэн үгэндээ эзэн болооч З.Энхболд оо. Тавантолгойд тавьсан заалтууд орсон үгүйг тайлагнах хэрэгтэй. Ийм юм байхгүй. Оюутолгойг яалаа. 250 сая ам.доллар зүгээр өгсөн юм яриад байсан. Гэтэл хүүтэй, жил ирэх тусам хүү нь өсөхөөр үзэглэсэн байсан. Ийм тэнэг толгойтнууд байх уу. Тэд тэнэгтээ биш. Мөнгө авчихсан. Сая сая ам.долларыг С.Баярцогт олоогүй.

-Ингээд ярихаар таныг популист нөхөр байна. Популистууд манай төрд хэрэггүй, зайлуулах хэрэгтэй гэдэг?

-Зөв.

-Оюутолгойг ярихаар популист болчихоод байна шүү дээ?

-Популист хийж хөгжлийг сааруулж байна гэж ярьдаг. Оюутолгойг ярихаар хулгайч нар ил гарч ирчих гээд байдаг. Барьцаалагдсан төр юу ч хийж чадахгүй. Дараагийн шинэ залуучууд гарч ирвэл хийж магадгүй. Өнөөдөр хоёр нам төр барьж байна. Энэ хоёр нэгнийгээ барьж хийж чадах уу. Ц.Элбэгдорж ч хийж чадахгүй. Би Ерөнхийлөгч байлаа гэхэд миний дайчин андууд авлигач болчихсон. Яахын гарцаагүй байдалд орчихсон. Тэгэхээр идсэн уусан бүх хүнийг солих хэрэгтэй. Сонгуулиар. Одоо эрх мэдэл УИХ-д бий. Тэгэхээр тэр эрх мэдлийг З.Энхболд яаж базахыг харья. Иркутскийн улаан дипломтой төгссөн. Хүмүүс ганзгын наймаа эрхэлж явахад З.Энхболд номын сангаас салдаггүй мундаг мэдлэгтэй, буурь суурьтай хүн. Бас л дайчин андууд нь авлигад орооцолдсон байх л даа. Тэгэхээр бүлэг бүлгээ аваад зугтдаг юм шиг байна билээ. Гэхдээ яаж мэдэх вэ хагас, хугас нь орох л байх. Ирээдүйн зураг гээд миний facebook-д бий. Нэг зурхайчийн үг байна аа. Эмэгтэй толгойлогчтой улс төрийн нам түүхээс арчигдана гэнэ. С.Оюун үхсэн амьд нь мэдэгдэхгүй. Тэр сайхан ахын нэр байхгүй.

-Засгийн газар болгонд сайд хийдэг хүн шүү дээ?

-Бүлх залгичихсан юм шиг байдаг болохоор найдвартай байдаг биз. Намайг хар. Хэн ч сайдаар тавихгүй. Би СӨХ, Ахмадын зөвлөл гээд сэтэртэй. СӨХ дээр авлига ороод ирвэл буцаа гэдэг хүн. Ингэхээр намайг СӨХ-ийн зөвлөл хасчихаж чаддаггүй, аливаа юманд оруулчихаж ч чаддаггүй. Хүүхдийн төлөө байгууллагын И.Нарантуяа гэж бий. Манай ардчиллын юм билээ. Хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэхийг төр хийчихсэн. Эцэг, эх нь өвчтэй, зовлонтой. Тахир дутуу. Ажил хөдөлмөр эрхлэх болможгүй. Яахын хүүхэд гарч хөдөлмөр эрхлэхээс өөр. Чи талхны мөнгийг нь авчраад өгчих. Тэгвэл тэвчишгүй хөдөлмөр эрхлэхгүй шүү дээ. Ийм заваан, шоу хийнэ. Хүүхдийн төлөө юу ч хийхгүй. Эмнэлэгт ар өврийн хаалга байхгүй бол хөөнө. Өөрсдөө солонгос яваад эмчлүүлчихнэ. Монголын ард түмэн хавдар, харвалтаар их үхэж байна. Н.Энхбаяр ч гэсэн Солонгос ямар мөнгөөрөө байдаг юм. Заавал сонгуулийн үеэр агаар амьсгалах хэрэг байна уу. З.Баянсэлэнгийг дэмжиж байхаар өөр зөв зүйтэй хүнийг нь дэмж л дээ. Зөвхөн нэгнээсээ хонзон авах гэсэн бодолтой. Иргэдийн амьдрал хүнд байна. Ийм болгочихоод улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулна гэж худлаа шоудахаа боль.

-Өөрсдөө саналаараа буугаад явж болохгүй. Тэгэхээр зургаан сар дуустал ямар ч байсан бүсээ чангалаад байхаас өөр аргагүй болж дээ?

-Энэ байдлаараа удвал долоодугаар сарын 1-нээс аймар юм болно. Гэхдээ хэзээ гэдгийг мэдэхгүй. Цаг хугацаа л харуулна. Тав, арван жилдээ бөх солигддог доо. Үүнтэй ижил хүссэн хүсээгүй Ц.Нямдорж мэтийн настай хүмүүс шударга үг хэлсэн ч дараагийн үе гарч ирээд солигдоно. Саналаараа гарахгүй бол шоронд хорих тийм үе ирнэ.

-Намууд хойч үеэ их муу бэлджээ?

-1990 оны л ганзага шүү дээ. Тэр үед хүн бүр ганзгын наймаа эрхэлж хэдэн төгрөг олсон. Дараа нь ерөнхий боловсролын, их дээд сургуулийн диплом худалдаж авсан. Нөгөө тэнэгүүд чинь одоо яг 30, 40 настай байгаа нь энэ.

-Тохиролцооны дэлгүүр шиг байрны булан бүрт сургууль байсан?

-Ёстой хоосон толгойтой. Юм асуухаар дуугарахгүй. Тэгэхээр нь загначихдаг.

-Найруулагч соёлын гавьяат зүтгэлтэн Го.Бадарч гуай ногоон спиртийн хүүхдүүд гэдэг байсан юм. Улс орон тэр чигээрээ ногоон спирт уудаг байсан үе..?

-Яг үнэн. 25 орчим насны залуус дэлхийн олимпиадыг авч байна шүү дээ. Нөгөө баячуудын хүүхдүүд ч Монголд амьдрах боломжгүй цаг үе ирэх вий. Хүмүүс Англи, Америк гоё гэх юм. Хэдий атаршчихсан ч Монголын тал нутаг сайхан. Тэрбум ам.доллар хусчихсандаа сагсуураад явж байгаа. Сагсуурах юм биш. Харийн хүний халаасанд багтчихаад нэг л өдөр харийн нутагт Бал дарга шиг л үхнэ шүү. Гадаадынхан судалгаатай. Улсаа тоноод ирсэн С.Баяр чинь энд байгаа гээд бариад авах вий. Энэ төр, засгийнхан бол барихгүй. Гэхдээ 2016 онд хараарай.

-Хүн яаж ингэж эх орноо, ард түмнээ боддоггүй болдог юм бол?

-Шунал л байхгүй юу.

-Монгол ээжээс төрж, бүүвэйн дуу сонсч өссөн хүмүүс биз дээ?

-Багадаа их ядуу өссөн байх. Олон хүүхэдтэй. Өмсөх хувцас байхгүй. Гурил, будаа үүрч явсан. Тэгээд жаахан мөнгөний бараа харахаараа хурдан баяжих гэдэг. Хамгийн том авлигачид бол намын дарга нар. Бүх албан тушаал хандивтай. Солонгос киног харж байхад. Түүнээс биш ямар нүдээрээ харсан биш. Хамгийн том дарга нууц бүлгэмтэй. Авлигачид бол намын дарга нар. ҮЗХ байна. Дандаа мөнгө өгч ордог.

-Хэдэн төгрөг өгч орох уу?

-Сая төгрөг ч гэл үү. Мэдэхгүй.

-Саяар тогтохгүй байлгүй?

-Тийм байх аа. Дандаа шуналтай юмнууд. Монголын ард түмэн хүүхэд нь эмнэлэгт хэвтэх гээд эмнэлэггүй ядаж байхад шийдвэрлэчихэж чадахгүй. Ийм арчаагүй. Гадаадад 20 мянган цагаач иргэн байна. Бичиг баримтын зөрчилтэй.

-Та С.Одонтуяа гишүүнээр дамжуулж хуулийн төсөл санаачилсан гэж сонссон?

-С.Одонтуяа, С.Эрдэнэ хоёрт заавал гарга гэж хэлсэн. Монголд амьдарч чадахгүй болохоороо л гарсан. Хамгийн эрүүл саруул, чийрэг залуусаа гадагш нь гаргасан. Эргээд өвчтэй болж ирж байгаа байх. Авлигачдыг өршөөж байгаа юм чинь тэднийг өршөөчихөж яах вэ дээ. Алийн болгон ард түмнийг алиалах гэсэн юм.

-Таны хэлсэн Өршөөлийн хуулийг түргэн шуурхай батлаасай гэж бодож байна. Хил дээр ийм хүмүүстэй таарч байсан юм?

-Монголчууд нэгэн нэгэндээ тийм хайргүй.

-Монгол хүний зоригийг мохоохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сошиол ертөнцөөр доромжилдог, элдвээр хэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Байдаг л байх. Таван төгрөгийн л ажил биз. Дайны үед ч ийм юм байсан. Аймхай хүн тийм байдаг. Хүний өмнө гарч юм хэлж чадахгүй болохоор. Монголчууд ер нь тийм. Худалч, хумслагч, хулгайч. Швейдэд очоод дандаа хулгай хийдэг.

-Гадаад руу гарахаараа дандаа хулгай хийж амьдардаг тийм хүмүүстэй тааралдаж байсан юм. Тэр улсдаа Монголын нэр хүндийг бүр унагачихсан. Ингэхийн оронд мал маллаж, газар тариалан эрхэлж болдоггүй юм?

-Бичиг баримтын зөрчлийг арилгаж өгөхгүй бол хулгай хийнэ. Тийм ажил эрхэлж байсан хүний хувьд хэлэхэд төр хэзээ ч ийм хүмүүсийг дэмждэггүй юм. Тэнд нь байхаар хүмүүс малаа оруулна. Манай эрс тэс уур амьсгалтай. Ган гачиг болно. Хэцүү. Нэг гол асуудал байна. Иргэн бүрт 0.7 га өгч байна. Э.Бат-Үүл өгөөд байгаа юм уу, хэн өгөөд байгаа юм. Эхнэр, нөхөр, хүү гурав байлаа гэхэд нэгэнд нь л таарах юм. Зоорио хийх үү, ногоогоо тарих уу хэцүү.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.