…Монголын ардчилсан 25 жилийн түүхэнд хоёрхон удаа шүүх хурлыг хэвлэлээр шууд дамжууллаа. Энэ нь Н.Энхбаяр, А.Гансүх нарын хэрэг. Та бүхэн мэдэж байгаа. Жирийн иргэн 16 минут ярилцлага өгөхдөө 300-500 мянган төгрөг төлдөг, цаг хугацааг секундээр үнэлж эфирээ цацдаг АНУ-ын хөрөнгө оруулалттай Ийгл ТВ үнэхээр үнэн мөнийг тогтоохыг зорив уу, эсвэл хэн нэгэн авилгачдыг хаацайлж олон нийтийн санаа бодлыг үймүүлж ард олныг талцуулан хуваах зорилготой байна уу гэдгийг бүгдээрээ сайн бодох цаг болж…

Монгол Улсын иргэн, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
 

Энэ хэд хоногт Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болж ард олон үзээд гайхан гасалж, шуугиж байна. Би ч бас боломжийн хэрээр харж сууна. Нүүр ном бараг л зөвхөн энэ сэдвээр шуугиж байх аж.

Нээрээ л дээрх иргэний хэлсэнчлэн Ардчиллын 25 жилд хоёрхон хүний шүүх хурлыг бид цэнхэр дэлгэцээр харсан ч байж мэднэ. Уг нь дэлхийн улс орон бүрд шүүх хурлын (голдуу иргэний хэргийг) шүүн таслах ажиллагааг үзүүлдэг нэвтрүүлгүүд байдаг. Жар орчим телевизтэй манайд тийм нэвтрүүлэг ганц ч байхгүй 25 жил болжээ. Уг нь тийм их хийхэд хэцүү, өртөг өндөртэй нэвтрүүлэг огтоосоо биш. Хэдэн камер тавиад аятайхан гэрэлтэй өрөөнд хийчихдэг бичлэг шүү дээ. Хийхийг хүсэхгүй байна уу хийх гэхээр бас хуулийн зохицуулалт байхгүй юм уу гэдэг асуудал гарна. Ер нь хуулийн боловсрол олгох нэвтрүүлэг ерөөсөө алга болсон.

Эрт цагт “Хуулийн цаг” гэж нэвтрүүлэг байсныг бүгд санаж байгаа байх.

Би олны адил хуулийн талаар мэдлэг муутай нэгэн болохоор шүүх ажиллагаа ямар болоод байгаа, хэн нь буруутай, хэн нь зөвтэйг шүүх гэж энэ нийтлэлийг бичсэнгүй. Харин нэгэн зүйлд эмзэглэснээ бүр бичихгүй, ярихгүй байж чадаагүйдээ үүнийг бичиж сууна.

Дээрх шүүх хурал  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа шүүх хурал бөгөөд өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрчээр оролцов.

Олон түмэн  “Гансүхийн шүүх хурал дээр Н.Алтанхуяг гэрчээр оролцохдоо "Үнэхээр хариуцлага тооцох гээд байгаа бол Засгийн газрын тэргүүн байсан надад хариуцлага тооц" гэж хэлэхийг нь сонсоод үнэхээр эр хүнийхээ хувьд, хүн чанар, улс төрчийнхөө хувьд, нөхөрлөл үйл хэрэгтээ үнэнчийг хараад бахархаж байна…гэх мэтээр ярьж бичиж байна. Тийм ч байх, бас үгүй ч байх.

Харин мөхөс миний бодлоор бол энэ бүхэн нэг л ичгүүртэй санагдаад байх юм аа.

Дөнгөж хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд асан Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн ингээд хэдэн шуудай нүүрсний зөрүү энэ тэр яриад зогсож байгаа нь ч, ийм хэрэг гэгчийг хэн нэгний захиалгаар үүсгээд яллах гэж улайрч бас нэгэнт хорьчихсон болохоор ял өгөх гэж улайраад байгаа нь ч нэг л утгагүй. Яллах гэж байгаа нь ч яллуулах гэж байгаа нь ч цаанаасаа нэг хүний түлхээсээр болоод байгааг мэдсээр байж жүжиг тоглох гэж махрах нь бүүр ч инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Мэдээж  энэ олон Элчин сайдын яамд хараад хөх инээд нь хүрээд сууж байгаа даа гэхээс яс хавталзана.

Хэрвээ Монгол орны бүх иргэдийг хамарсан нүүрс түлдэг газар болгонд хүрсэн зангарагтай ажил байсан бол одоо яая гэхэв. Гэтэл зарсан шигшсэн гэх мэтээр яриад байгаа нүүрсний хэмжээ жинг харахаар огтоосоо тийм бус нь мэдэгдэнэ.

Ер нь одоо эр хүн болчихоод байгаа Ерөнхий сайдын дүр зургийг би л лав харахдаа нэг эсгий таавчиг бариад л яриад байсан хүн л харагдаад байдаг. Нэг л өчүүхэн ахуйн чанартай ажил хийсээр байгаад өнгөрсөн хүн. Юун Тавантолгой, юун Оюутолгой. Энэ хэдэн шуудай нүүрсний асуудал бол бас л нэг  пи ар маягийн л ажил гэж анхнаасаа харагдаж байсан шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд хүний хийх ажил мөн үү? Юун Мянганы зам… юун эрт цагийн удирдагч нарын бүтээн байгуулалт гурав дөрөвдүгээр хороолол… “Нүүрс” хөтөлбөр нэртэй болохоос хэдэн шуудай нүүрсний л яриа шүү дээ.

Л.Гансүх шилдэг нийтлэгчдийн клубынхэнтэй уулзаж энэ тухайгаа тайлбарлан ярих үед ч би ийм л юм бодож зогссон. Нийтлэлч Баабар:

-Гансүх ээ, наадах чинь харсаар байтал хэн нэгэн хүний явуулгаар үүсгэсэн хэрэг гэгч харагдаад байх юм аа. Хэн юм бэ, тэрийгээ л хэлчих. Чи мэдэж байгаа шүү дээ…чи хэн нэгний эхнэрийг оролдчихов уу яагаад чиний эсрэг ийм юм болоод байгаа юм бэ? хэрэг гэхэд хэцүү л юм  байна шүү дээ…хэмээн егөөдөж байсан ч тэрээр “Бүү мэд… Бид хэрэг хийгээгүй ард түмэнд хямд нүүрс л өгсөн шүү дээ” гээд нэг ч хариу хэлээгүй билээ.

Одоо ч шүүх хурлыг харж байхад хэний захиалгаар яагаад ийм юм үүссэнийг огт ярихгүй жижиг деталь ярьсаар яаж ийж байгаад хэн нэгнийг буруутгахаар улайраад л байх ажээ.

Саяхан МҮОНТелевизээр “иргэн” Лхамжав Үндсэн хуулийн тухай ярихдаа “Манай Үндсэн хуултд хуучин социалист хэлмэгдүүлэлтийн хэлбэр байдаг, энэ нь хурлаар шийдсэн бол гэх хэллэг юм. Цаад эзэн хэдэн хүнд шивнээд хурал хийлгэнэ, хурлын шийдвэр бол хууль, ингээд жинхэнэ эзэн харагдахгүй ч түүний санаа хэрэгжинэ. Ийм юм яваад байдаг…” гэж ярихыг сонслоо.

Ил болоод байгаа зүйлсийг бид хараад гайхаад учрыг олох гээд байгаа ч далд яваад байгаа өс хонзон далд явуулгыг харахаа байжээ.

Ер нь том нь том хэмжээгээр, бага нь бага хэмжээгээр нүүрсний л хэрүүл дээр дооргүй. Одоо бүр намаараа ч талцахаа байж дээ. Бас нэг хэрүүл дагуулаад байгаа Өршөөлийн хууль ч ялгаагүй танай намаас олон хүн шоронд ч манай намаас бас олон хүн  алсдаа шоронд орох болохоор гэж ярьсаар нийтэд нь хийчихсэн өршөөл болохоос ард түмнээ төр нь өршөөсөн өнгө ер харагдахгүй юм даа…

Төрийн минь сүлд өршөө гэдэг үг утгаа алдсаны л илрэлүүд ингэж харагдах болж дээ.

Төр төмбөгөр ёс ёмбогор байсан бол одоо цагт төрд очиж байж төмбийдөг болсон болохоор арга ч байж уу дээ!