Хуульч Б.Энхбаяртай ярилцлаа. Өршөөлийн хуулийг тойрч гишүүдийн бөөрөнхийлөөд байгаа гол гогцоог, одоо үүсээд байгаа гацаагхуулийн талаас нь түүнээс тодруулав.

-УИХ-ын ээлжит бус чуулган хаалаа. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж чуулган хаах юм байна гэж олон хүн бодож байсан. УИХ-ын дарга ч тэгж хэлсэн. Гэтэл тэгсэнгүй?

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор тэр хэсэгт заавал нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Дэгийн хуульд зааснаар энэ өөрчлөлтийг Байнгын хороо санаачилж УИХ-аар батлуулах ёстой. Харамсалтай нь, энэ процесс явахгүйгээр, нэмэлт өөрчлөлтөө батлахгүйгээр ээлжит бус чуулган хаачихлаа.

-Хамгийн гол нь ээлжит бус чуулганыг энэ сарын 18-ныг хүртэл гэж зарласан, тэр хугацаа нь болсон учраас хаачихав уу, эсвэл хүлээж авсан хоригийнхоо дагуу Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв үү?

- УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Өршөөлийн хууль нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан 4.1 ба долдугаар заалтгүйгээр цаашид хэрэгжинэ гэж хэлсэн байна лээ. Гэхдээ хүлээж авсан хоригийн тэр хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж байж Өршөөлийн хууль бүтэн болно. Одоо намрын чуулганаар нэмэлт, өөрчлөлтөө хийнэ гэсэн үг.

-Ямар ямар өөрчлөлт хийх ёстой вэ?

-Ерөнхийлөгч Өршөөлийн хуультай холбоотойгоор 10 зүйл, 11 заалтын гэмт хэргийг хөндөж байгаа. Дөрвөн төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулах, долоон төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гэмт хэргийн жагсаалтад багтаах болзолтой хориг тавьсан. Тухайлбал, хээл хахууль авах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, залилан зэрэг нийт долоон төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулах ёсгүй гэж хориг тавьсан.

-Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавиагүй, УИХ-ын баталсан хуулиар явсан бол авлига, албан тушаал, залилангийн гэмт хэргүүдийг өршөөх байсан гэж ойлгож болох уу?

-Болно, өршөөхөөр хуульчилсан байсан.

-Өршөөлд хамруулъя гэж байгаа дөрөв нь ямар төрлийн гэмт хэргүүд байна вэ?

-Өршөөл бол хорих ялаас бүрэн суллах ганцхан агуулгагүй. Заримыг нь хорих ялаас бүрэн чөлөөлж байхад, заримынх нь хорих ялаас тодорхой хугацааг хасах, бууруулах олон хэлбэртэй байдаг. Тэр хүрээнд танхайрах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгтнүүдийн хорих ялаас хоёр жилийг хасъя гэж хоригт дурдсан байсан.

-УИХ-ын баталсан хувилбарт энэ төрлийн гэмт хэрэгт ямар хэмжээний өршөөл үзүүлэхээр байсан бэ?

-Өршөөлийн хууль тэдэнд үйлчлэхээргүй байсан. Дээрх зүйл ангийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялаас нь хасах юм уу, чөлөөлөх заалт байгаагүй.

-Ерөнхийлөгч энэ хуульд хэсэгчлэн хориг тавьсан гээд байгаа. Гэтэл УИХ-ын зарим гишүүн болон хуульчид бүхэлд нь хориг тавьсантай ялгаагүй. Хэрвээ хоригийг хүлээгээд авчихвал нэг ч хүн өршөөлөөр суллагдахгүй гээд байгаа. Тэр үнэн үү, одоо хоригийг хүлээгээд авчихлаа шүү дээ?

- Одоо хууль гэдэг утгаараа Өршөөлийн хууль бол байгаа. Харин хоригийг хүлээж авснаарэнэ хуулийн хамгийн гол амин сүнс болсон тухайн гэмт хэргээр хоригдож байгаа хүмүүсийг ялаас чөлөөлнө, ийм ийм гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн ерөнхий заалт нь байхгүй болчихсон. Хоригдож байгаа болон гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс бүгдээрээ нэг байшинд байж “өршөөнө” гэсэн ганцхан хаалгаар гарах ёстой гэвэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар тэр хаалга хаагдсан. Тийм учраас Өршөөлийн хууль бүхэлдээ үйлчлэх, хэрэгжих бололцоогүй болсон гэдэг нь үнэн.

-Тэгвэл хоригт багтаагүй заалтуудыг хэрэгжүүлээд эхэлсэн гээд байгаа биз дээ?