Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх  Л.Гансүхийн хэрэг шийдэгдэж, тэрээр  4,6 жилийн хорих ялаар шийтгүүллээ. Шүүх  хурлыг нээлттэй хийсэн болохоор цахим ертөнцөөр нэг шуугиан дэгдэв. Дэгдэв ч гэж дээ “дэгдлүүлэв”.  “Ард түмэнд үнэтэй  очиж байсан нүүрсийг хямдруулж  өгсөн нь гэмт  хэрэг гэж үү”,   “Өө,  хараа захиалгатай хэрэг байна”, “Н.Алтанхуяг чинь харин ч эр хүн байна....зөвлөхөө шоронд ордогийн даваан дээр очиж гэрчийн мэдүүлэг  өглөө”...гэж  шагширцгаав.  Энэ бүхний эцэст  Н.Алтанхуяг хүн чанартай эрээр тодорч, харин Л.Гансүх улс төрийн “захиалгат” хэргээр ял эдлэгч болон хувирлаа. Гэхдээ цахимд идэвхтэй хэдхэн хүн  л “энэ хэрэг захиалгатай”  гэж цуурсан болохоос бие мах бодь, сэтгэл санаа, бодит амьдралаараа ял эдэлж тортой хашааны цаана суух нь Л.Гансүх. Бусад нь хадны цуурай мэт замхарна.   Өдийд шүүх хурлын талаар нүдээ бүлтэртэл,  амаа цууртал бичиж хашгичсан хүмүүс цалингаа авчихаад түүнийг мартаа даа... Харин энд Л.Гансүхийн хэрэг захиалгатай байсан эсэх талаар логик гаргалгаа хийж үзье хэдүүлээ.     

1.     1. “Дорлигоо зовж явна...”

Улс төрд Увсынхан хэмээх бүлэглэл бий. UBS нам ч гэж ярьдаг даа.  Энэ бол Увс аймгийн харьяат төрийн өндөр албан тушаалд олон жилийн  турш зэрэгцэн оршиж  нам харгалзахгүйгээр нэгнээ дэмжиж ирсэн бүлэг.  Бүлэгтээ хамгийн нөлөө бүхий бараг  л толгойлогчид нь гэж хэлж болохоор эрхмүүд бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, өдгөөгийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар. Гэтэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхаас нь л нэг нөхөр захиалгаар “алах” гээд байж гэнэ.  Охиныг нь  Цэвэр агаар сангийн хэрэгт холбогдуулж, хүргэнийг нь баривчилж, зөвлөхийг нь хорив. Энэ бүхэн Н.Алтанхуяг гээч хүний  нэр хүндийг нь гутаах гэсэн “захиалгат хэрэг”  гэнэ.   Үнэмшил муутай.  АТГ-т  Н.Алтанхуягийн дайснууд  үүрлэсэн юм бол хэрэг үүсэх  үед Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав юу хийж суусан байхав.   Өчнөөн жил өвөр түрий нэгтэй явчихаад   хэн нэгэн захиалагч ирэхээр түүнийг хэрэгт хийчихсэн хэрэг үү. Улс төр гэж өнөө эвдэрэлцсэн хүнтэй маргааш заавал таардаг  шоглоомтой  “ертөнцөд”  Д.Дорлигжав тийм ч араа мэдэхгүй жиргэх  гэнэн шувуухай баймгүй.  “Цэвэр агаар сан”-гийн хэргээс охиныг нь мулталж, ... Хүрэлсүх нарт ял оноов. Одоо Дэнзэнг бас л тусад нь “татаж” аваад цэвэрлэж байна. Өөрийг нь ч эвтэйхэн сугалаад авчихсан. Гэвч   хэтэрхий  олон сериал “идэж уусан” болохоор бүгдийг нь цэвэрлэж аврах боломж арай ч байхгүй биз.     Төрийн ордонд ярьж байна. “Алтанхуягийн баасыг цэвэрлэх гэж Дорлигоо зовж байна аа... ”гэж.

2.      2. Ил харагдах, үл үзэгдэхийн ялгаа

Ил харагдах байдлаар бол Л.Гансүх нээрээ буруугүй мэт. Үнэтэй зарагдаж байсан нүүрсний үнийг нь хямдруулж иргэдэд хүргэсэн нь буруу юу.  Гэр хорооллынхон хямдхан нүүрс түлсэн нь хэнийг хохироочихсон хэрэг вэ.  Тиймээ энэ өнцгөөс өнгөц харахад,  гэмт хэрэг биш юм шиг.  Гэтэл нүүрсний үнийн зөрүүг хусчихсан  нь ариун явдал уу.

Энэ ажлыг ном журмаараа бол Ерөнхий сайд биш, холбогдох яамны дэд сайд нь хийх   ёстой байж.   Төрсөн охин, найз хоёрынхоо  нь нэр дээр байдаг компанийнхаа захирлаар туслахаа тавиад нүүрс хөтөлбөрт ажиллуулсан   нь  хуульд харшлаагүй хэрэг үү.   Нөгөө сонирхлын зөрчил, Төрийн албаны тухай хууль мууль “хуц” уу.  Гэр хорооллын иргэдэд нүүрс хямдруулан өгч орон нутгийн сонгуульд АН ялсан “сайн” талтай ч, хууль  зөрчсөн нүдэнд үл харагдах үр дагавар нь нийгэмд хор хөнөөлтэй нь мэдээж.  Насанд хүрээгүй жаал хүү өлсөхийн эрхэнд хулгай хийжээ. Өнгөц харахад “яадгийм миний дүү, өлсөхийн эрхэнд аваа л биз. Авилгачдаа шоронд хийж чадахгүй байж...” гэнэ. Гэвч хуулиар бол хүү хулгай л хийсэн л бол  шүүхээс заавал ял авна.  Хуулийн  язгуур мөн чанар нь тэр юм. Хулгай хийж болохгүй л бол болохгүй. Нэг нь өлсөхийн эрхээр, нөгөөх нь задрахын хэрээр үйлдэж. Гэхдээ л хуулийн өмнө тэд адилхан хулгайч... 

3.     3. Захиалагч хайх  дон   

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Хэрэв энэ нүүрс хөтөлбөр буруу байсан юм бол шийдвэр гаргасан хүн нь би.  Би Ерөнхий сайд байсан хүн. Л.Гансүх буруугүй.  Түүний оронд намайг ялла”гэж хэлсэн.  Зальтай гэдэг нь. Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр зөв  байж болно. Харин түүнийг  нь  буруугаар эргүүлсэн хүн шүүхэд очсон болохоор Н.Алтанхуяг  баатарлагаар  тийн хэлэв.  Үүнээс үүдээд  Ерөнхийлөгчийн ярьсан нэг онигоо санаанд бууж байна. Алс баруун аймагт социалзмын үед нэгэн сумын дарга иргэдээ цуглуулаад “За нөхөд минь нам засгийн шийдвэр гарсан. Нэг хүн нэг чоно ална. Энэ шийдвэрийг бүгд биелүүлэх ёстой. Нэг ч хүн хойш сууж болохгүй”  гэжээ.  Даргын шийдвэрийг сонсож суусан нэг өвгөн “За байз нэг чоныг нь бол алчихна. Харин нэг хүнийг л алах хэцүү юм аа даа. Яршиг зүгээр өөрөө л мориноосоо унаад өгье” гэж бодож. Харин нэг залуу “Нам  засгийн шийдвэрийг эхнээс нь эртхэн биелүүлье”  гээд бүсэн дэх хутгаа сугалж хөршөө  бүлсэн гэдэг.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлж буйгаар бол  Л.Гансүх нарын хэргийг хэн нэгэн этгээд захиалсан гэнэ. Зорилго нь Н.Алтанхуягийн нэр хүндийг унагаах гэж тэр.  Монгол Улсын Ерөнхий сайд байсан  хүн хэлсэн болохоор хариуцлагатай үг байж таараа. Харин захиалагч нь хэн бэ гэхээр хэлэхгүй гүрийх. Хүнийг хилс хэргээр гүтгэж бүр шоронд хориулж байгаа тэр захиалагч этгээдийг яагаад хамгаалаад байгаа нь ойлгомжгүй. “Оронд нь намайг шоронд хорьчих” гэсэн атлаа захиалагчаа хэлэхгүй байх нь логик алдаа.  Тэр хүн хэзээ ч шоронд орохгүйгээ баттай мэдэж байгаа болохоор ийнхүү шоудаж байгаа хэрэг.  Хуулиар бол АТГ-ын даргыг, шүүгч нарыг  Ерөнхийлөгч санал болгон УИХ-аар томилуулдаг. Тэгвэл захиалагч нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм уу. Эсвэл улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав уу. Өнөө Л.Гансүх нь ч 4,6 жилийн хорих  ял аваад шоронд орж байгаа атлаа захиалагчийг нь хэлэхгүй яс гүрийх.  Шоронд орох ямар тоглоом юмуу. Тэгж л захиалагчаа мэдээд байгаа юм бол  хэлж орхиоч дээ. Юунд барьцаалагдаад, юунаас айгаад шоронд орсон атлаа хэлээ хазна вэ... Нэгэнт л хэлж чадахгүй байгаа бол захиалагч  байхгүй гэж ойлгогдож байна. Сүүлийн жилүүдэд дөнгөж парламентын босго алхаж буй “жаалхан” улстөрчид хүртэл “Миний эсрэг  захиалгатайгаар дайрч байна. Хэн гэдгийг нь би мэдэж байна ” гэцгээх болж. Энэ нь нэг төрлийн дон юм уу.  Монголоор л дүүрэн захиалагч хайх донтонгууд. Ичнэ,  нэрэлхэнэ гэж бүр байхаа больж дээ. Энэ нийтлэлийн “захиалагчийг”  ч гэсэн чадал байвал олчихоорой.