ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн  2015 оны 10 дугаар сарын 14-16-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буй хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо.

Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны уулзалт хэлэлцээний үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, Монголд ардчиллыг улам төгөлдөржүүлэхэд ХБНГУ-ын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хоёр орны Ерөнхийлөгч нарын ивээл дор явагддаг археологийн салбарын хамтын ажиллагааг цаашид ч дэмжихээ нотлов.

Тус айлчлалын үеэр Монгол, Германы шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа.  Мөн ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах монгол, германы хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.