Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстой. Хэрэвзээ уг хуульд хамрагдаж ялаас хэлтрүүлэгдэхээр хүлээж байгаа Монголын 2000 гаруй иргэний аз түшвэл шүү дээ. Намрын чуулганы эхэнд УИХ-д өргөн барьж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээ хүлээн гурав дахь долоо хоногтойгоо золгож байгаа нь энэ. Эхний удаад МАН-ын бүлэг, дараагийн удаад МАХН, МҮАН-ын “Шударга ёс” бүлэг дараалан тав хоногийн завсарлага авч, харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга “Шударга ёс” бүлгийнхний хүсэлтээр завсарлагын хугацааг дахин гурав хоногоор сунгасан билээ. Тиймээс уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх эцсийн хугацаа үндсэндээ энэ долоо хоногоор шувтарч байгаа юм. Хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхгүй удааж байгаа нь УИХ дахь нам, бүлгүүдийн байр суурь зөрсөнтэй холбоотой.

Хориг юунаас эхэлсэн бэ?

Өнгөрөгч долдугаар сард баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуульд заасан 150 гаруй гэмт хэргийг өршөөлд хамруулахаар заасны дотор төрийн албан тушаалтнуудын албан тушаал, авлигын хэргийг ч бас өршөөлд хамрагдахаар болоод байв. Үүний улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчилсэн байдлаар хориг тавьж, хуулийн Есдүгээр зүйл буюу “Өршөөлд хамрагдахгүй нөхцөл байдал” хэсэгт албан тушаал, авлигын хэргүүдийг нэмж оруулахаар санал гаргасан. УИХ уг хоригийг хүлээж авсаныхаа дараа ажлын хэсэг томилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулжээ.

Анх хуулийн төслийг боловсруулах явцад УИХ-ын ажлын хэсэг дээр “хээл хахууль өгөх, зуучлах” гэмт хэргийг өршөөлд хамруулж, харин хээл хахууль авсан этгээдийг өршөөлд хамруулахгүй байхаар асуудал яригдаж байсан ч Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдэж, нэгдсэн чуулганд оруулаад байгаа төсөлд энэ талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Товчхондоо УИХ-аар өмнө баталсан хуулийн зүйл заалт дээр үг үсгийн засвар хийгээд хуулийн агуулга тэр хэвээрээ үлдсэн байна.

Үүнээс үзвэл УИХ өмнө баталсан Өршөөлийн хуульдаа өөрчлөлт оруулах хүсэлгүй байна гэсэн үг. Хэрвээ хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал Өршөөлийн хууль өмнө баталсан анхныхаа агуулгаар хэрэгжинэ. Батлагдахгүй унавал өршөөл үзүүлэх тухай асуудал огтоос байхгүй болно. Учир нь Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсанаар хуулийн Дөрөв /Ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх/, Тав /Ялаас өршөөн хасах/, Долоо /Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох/, Есдүгээр /Өршөөлд хамруулахгүй нөхцөл байдал/ дүгээр зүйлийн үйлчлэл бүрмөсөн зогсоод байгаа юм. Тиймээс УИХ ямар ч тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах ёстой гэсэн үг.

Улс төр ба үнэн байдал

УИХ Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг батлан гаргаснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд манай улстөрчдийн дунд өрнөсөн цорын ганц өрсөлдөөн бол хэн нь авлигачдад илүү хайртай, хайргүйн тухай л маргаан байлаа. Нэг хэсэг нь “авлигачдыг өршөөх гэлээ” хэмээн шударгын дүр эсгэж, нөгөө хэсэг нь “Төрийн өршөөлд ялгаварлал байх ёсгүй” хэмээн зүтгэж... Хэвлэл мэдээллийнхнийг ёстой нэг ангайгаад, тонгойгоод, эцэстээ гэдийх хүртэл нь хувь хувийнхаа улс төрийг хийлээ. Тэгээд бүтэн дөрвөн сарын дараа УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа хуулийн өөрчлөлт нь энэ. Мэдээж тэдний дотор цөөн ч гэсэн шударга ёсны зарчмаа барьсан, ярьсан гишүүд байгаа л даа. Гэвч үр дүн нь энэ. Нөгөө л “тал еэвэнгийн” үлгэр. Өршөөл үзүүлэх тухай өмнөх хуулиа яг хэвээр нь буцаагаад оруулаад ирсэн. Угаасаа ардчиллын зарчим ийм, ямар ч асуудлыг олонхиороо шийддэг. Хэн нь шударга, хэн нь шударга бусын тухай энд ярих ч шаардлагагүй.

Анхандаа хувь гишүүдийн авч явсан Өршөөлийн хуулийн “улс төр” одоо нам, эвслийн бүлгүүдийн түвшинд өрнөж байна. Эхлээд МАН Өршөөл үзүүлэх тухай хуулийг /сүүлд өргөн барьсан өөрчлөлтийг ч мөн адил/ “АН-ын авлигачдаа хаацайлах бодлого” гэж хэлээд завсарлага авсан. Өршөөгдөх ёстой авлигачдын дотор өөрийнх нь намын хэдэн хүн байгааг тэд ярьсангүй. Дараа нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл “Манай намын даргыг шоглох гээд байна уу” гээд зөрүүлээд завсарлага авлаа. Ичихгүй бол одоо АН өөрөө завсарлага авах л үлдээд байна. Эрхбиш нам юм чинь тэнд ч гэсэн улс төр хийх хүсэлтэй нь байж л таарна...

Одоо л хайнаагаа хагалцгаая!

УИХ-ын өмнө Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг батална, эсвэл унагана гэсэн хоёр л сонголт бий. Гэтэл гурван намын бүлэг гурвуулаа өөр байр суурьтай. Энэ ямар гээч үлгэр вэ? Товчхон хэлэхэд, УИХ-ын олонхид /олонхи гэдэг нь АН гэсэн үг биш шүү, ердийн олонхийг хэлж байгаа юм. 50+1/ Өршөөлийн хуулийг өөрчилье, бүр цаашилбал авлигачдаа жаахан айлгаад авья гэсэн хүсэл сонирхол алга. УИХ-ын ажлын хэсгээс боловсруулж, Байнгын хороо дэмжсэн хуулийн төслөөс үзэхэд шүү дээ. Харин авлигатай тэмцэгч болж харагдах хүсэл эрмэлзэл бол хэн хэнд нь байлаа. Түүнийгээ ч дөрвөн сар сайн хийлээ. Тиймээс одоо ажил хэрэгтээ орцгооё. Асуудлыг кнопоороо шийдье. Хэн нь дийлэх нь хамаа алга.

Наанадаж энэ хуулийг хүлээж байгаа 2000 гаруй иргэний эрх ашиг яригдаж байна. Цаанадаж хууль тогтоох байгууллагын хариуцлага гэж юм байна. Гэм хийсэн, алдаж эндсэн аавын хүүхдүүдэд, төр нь иргэндээ өршөөл үзүүлж байна гэж хууль гаргачихаад түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй бүтэн дөрвөн сар гацна гэдэг юу гэсэн үг вэ? Авлигачдад зориулаагүй, ард иргэддээ зориулж хууль гаргалаа л гэсэн. Гэтэл тэр авлигачдаас чинь болоод хууль хэрэгжихгүй гацчихаад байна. Энэ чинь харин жинхэнээсээ “Ардуудад биш, авлигачдад зориулсаан” гэж хэлээд байна бус уу. Эцсийн бүлэгт хорих ангид хоног тоолоод хүлээж байгаа 2000 гаруй иргэний хувь заяа чухал уу, хоморгонд нь ял завших гэж байгаа 100 гаруй албан тушаалтны эрх ашиг чухал уу?

Тиймээс Өршөөлийн хуулийн өөрчлөлт дээр одоо дахин ямар нэг шалтаг шалтгаан заалгүй зүгээр л санал хураалгая, УИХ-ын дарга аа! Гай нь таараад тэр хэдэн авлигач нь гараад явчихвал тэр л биз. Гавъяа болж авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй ээ гээд олонхиороо кноп дарчихвал бүр ч сайн.

Хууль зүйн байнгын хорооноос хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжихдээ “Хоригт орсон заалт нэг бүрээр нь санал хураалгах”-аар шийдвэрлэсэн юм гэсэн. Үүнээс болоод “Шударга ёс” эвслийнхэн хуулийн төсөл нь унаад, хоригийн заалтууд эргээд ороод ирэх вий гэж үхтлээ байж байгаа. Тэглээ гээд эвсэл засгаа нураавал ч нураана биз. Цагийн юм цагтаа сайхан гэдэг байх аа. Ямартай ч эхлээд хуулиа баталж хэрэгжүүлэх нь чухал байна. Тиймээс Өршөөлийн хуульд дээрх намуудын хайнааг хагалахын тулд зүгээр л санал хураалгачихъя! Хэн нь юугаа чухал гэж үзнэ, түүнийхээ төлөө л санал өгөг! Тэгснийхээ хариуцлагыг ч бас хүлээг!