Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталдаг ба өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд нэгэн шийдвэр гаргаж, парламентад суудалтай намын даргынх нь хувиар М.Энхсайханыг Засгийн газрын гишүүн,  Монгол Улсын сайдаар томилж, гадаадын хөрөнгө оруулалт бүхий төслүүдийг хариуцуулан ажиллуулахаар болсон юм.

Ардчилсан нам анхны Засгийн газраа МҮАН, МАХН-тай хамтран байгуулах үед нэг намынх нь дарга “гудамжинд”, нөгөө намынх нь дарга “хорион”-д байсан түүх ч хар дээр цагаан дээр бичигдэж үлдэх үнэн юм. Үүнээс хоёр жилийн дараа М.Энхсайханыг Ардчилсан нам албан тушаалд урьсан хэрэг. Түүнд өгсөн анхны даалгавар нь Тавантолгойн төслийн ажлын хэсгийг ахалж, ажлыг нь урагш хөдөлгөх үүрэг байлаа. Сүүлийн хэдэн жил хэрүүлийн алим болсоор байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь энэ улс орны эрх ашгийн асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас хэрэгтэй үед нь хэрэгтэй хүнээ хэрэгтэй газар нь томиллоо гэж олон нийт дээрх томилгоог талархан хүлээж авсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд байсан, үндсэн background нь эдийн засагч М.Энхсайханд найдах төдийгүй итгэж болохоор харагдаж байлаа.

Харин үүнээс хойш бүтэн жил ч өнгөрөөгүй байхад түүнийг сайдын албан тушаалаас нь огцруулах шаардлага үүссэн гэдэг дүгнэлтийг УИХ-ын нэр бүхий гишүүд үйлдэж, “үндэсний эрх ашгийг зөрчсөн” гэдэг нэр хаягийг түүнд өлгөчихөөд байж байна. Цагдаагийн газрын мэдээллийн самбар дээр “эрэн сурвалжлуулж” буй этгээд аятай нийгэм нийтээрээ түүнийг “үгүй мөн хөгийн амьтан байжээ” гэж жигшин зэвүүцэх учиртай аж.

Үндэсний эрх ашигт харшилсан, цаашилбал гэмт хэргийн шинжтэй байж болох, М.Энхсайханы оролцоотой хийгдсэн гэрээ, баримт бичгийн төслийг нь УИХ-ын дарга З.Энхболд, Л.Эрдэнэчимэг нар үзсэн, уншсан, танилцсан байх. УИХ-аар л лав энэ асуудлыг хэлэлцээгүй юм. Үнэндээ үндэсний эрх ашгийг зөрчсөн эсэхийг үгүйдээ л УИХ хэлэлцэж тогтоох, цаашилбал Шүүхээр хэлэлцэж байж нотлох учиртай баймаар. Гэтэл УИХ-ын 76 гишүүнийг төлөөлж, УИХ-ын спикер сонины ярилцлагаар түүний үйлдлийг үндэсний эрх ашигт харшилсан гэж дүгнэх, төсвийг нь хасах, албан тушаалаас нь авч хаях эрхзүйн чадамжтай юу?!

Үндэсний эрх ашиг гэдгийг тухайн нөхцөлд, тухайн цаг хугацаанд хэн яг ямар хэмжүүрээр тогтоох нь ч харьцангуй ойлголт. Гэтэл баримтыг бусад гишүүдтэйгээ хуваалцалгүйгээр Л.Эрдэнэчимэг гишүүн ганцаараа ч юм уу үзэж танилцчихаад ажил, албаас нь чөлөөлөх хэмжээний дүгнэлт үйлдэж болох уу?

УИХ-ын даргад ямар ч хуулиар засаглалын эрх мэдэл хуваарилагдаагүй боловч төрийн гурван өндөр албан тушаалын хоёр дахид нь албан бусаар эрэмбэлсээр бид заншжээ. Харин УИХ бол эрх мэдэлтэй төдийгүй эрх барих дээд байгууллага.
Жич: Уг нь хэн нэг албан тушаалтан үндэснийхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд шүүхээр хэлэлцэж, хариуцлагын арга хэмжээ авах нь зүй биз.

 2015.10.23
Эх сурвалж. www.politik.mn