Таны номыг Гадаад яамны Баярсайханаас олж үзсэн. Маш сонирхолтой байв.  Ер нь бол яагаад хүн ингэж санаа бодлоо нээж болохгүй гэж бодож байв. Хүмүүсийн, манай монголчуудын л чанагдаж буй тогооны байгаа байдлыг сайн хэлсэн байна лээ.  Хүмүүс яаж хүлээж авах нь бол тэр хүмүүсийн мэдэх хэрэг.  Амжилт хүсье.

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан
ШУА-ийн ОУСХ-ийн Тэргүүлэх судлаач

*  *  *
Сайн байна уу Баярхүү багшаа,

Таны номыг Интерном-оос аваад уншиж байна. Сонирхолтой, бас их сургамжтай  юм. Тантай дахин танилцаж байгаа шиг санагдлаа. Би найзууддаа Таны номыг авч уншихыг санал болгосон. Таны ажил амьдрал, бүтээл туурвилд тань улам их амжилт хүсэн ерөөе!
 
Түүхийн ухааны доктор Л.Алтанзаяа  (МУБИС)    

*  *  *
Найзын маань сонирхолтой номыг надад Монголоос миний дүү ирүүлснийг эхнэр бид хоёр булаацалдаад л уншиж байна. Чи ер нь цаг үеэсээ аль дээр үед тасарчихсан  этгээд байна шүү дээ!!! Би найзаараа бахархаж, бас баярлаж байнаа.

Нутагт очоод манай 5-р армид байсан Шагдарсүрэнтэй санамсаргүй  таарч чиний номыг үзүүлсэн. Надаас тэр номыг чинь гуйж аваад ганц хоногийн дотор бүгдийг нь амтархан уншиж дуусгаад надад авчирч өгөхдөө: Баярхүүдээ их баярлалаа гэж дамжуулаарай, тэр үеийн мартагдсан бүх юм нүдний өмнө өнгөтөөр харагдтал, ёстой сонирхолтой  сайхан бичжээ, ойрын үед инээгээгүйгээрээ инээж, ихээхэн таашаал авлаа гэсээр ирсэн шүү.  
 
Хүндэтгэсэн,
Бригадын генерал М.Хүрлээ
ОХУ-д суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын атташе
Москва

*  *  *

Эрхэм элч Таны бүтэн амгаланг эрин мэндчилье. За Таны номыг аваад таашаал авч байгаадаа баяртай байна.

Шинжлэх ухааны доктор Ц.Баатар
ШУА-ийн ОУСХ-ийн Тэргүүлэх судлаач

*  *  *
Ямар ч хүнд өөрийг нь огт танихгүй хүнээс төдийгүй, дотны нөхрөөсөө ч, дотны нөхрөөсөө төдийгүй, өөрөөсөө ч нуух зүйл байдаг, монголчууд бид толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байх. Тэгэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Юу хэмээвээс туулж өнгөрүүлсэн амьдралаа хэнээс ч нуулгүй, ямар нэг баг зүүж гоёж гоодолгүй, хэн нэгэн зэмлэх вий гэж эмээлгүй ил тод өгүүлэх чанарыг эр зориг гэхээс өөрөөр нэрлэх үг олдохгүй нэг шинэ бүтээл байнаа. Ийм эр зоригийн илрэл болсон бүтээл бол Д.Баярхүү багшийн маань “Би: Миний амьдралын тойрог” юм. Гагцхүү шулуун шударга л амьдарсан хүн ингэж хурц зоригтой, ил тод бичиж чадах байх. Гэхдээ энэ бол ганц Д.Баярхүү гэдэг хүний туулж өнгөрүүлсэн амьдрал биш. Түүний цаана сүүлийн 50 жилийн Монголын амьдрал харагдаж байгаа. Аугаа О.Бальзакийн хэлсэн үгийг бага зэрэг өөрчилсхийгээд “Сайтар бичигдсэн дурдатгал бол түүхийн сайн сурах бичгээс дутахгүй үнэтэй” гэж хэлмээр байна. Энэхүү сонирхолтой дурдатгалыг уншиж суухдаа Та Жюль Верний адал явдалт роман уншиж байна уу даа гэж андуурах вий.

Сэтгүүл зүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба (МУИС)

*  *  *
Номыг чинь уншлаа. Impressive biography. Ямар ч олон хүн таньдаг юм ...  Хамгийн гайхалтай нь яаж тэр олон хүнийг санаж байнаа. Үнэхээр impressive байна. Таныг ийм многогранный, олон талын авьяастай гэж огт бодоогүй. Ялангуяа урлагийн талаар авьяастай хүнийг би хэзээд хүндэлж ирсэн шүү.

Таныг хүндэтгэсэн   
Олон улсын эрх зүйч доктор Да.Халиун

*  *  *

Сонирхолтой ном бичсэнд баяр хүргэе. Хэсгээс нь уншлаа. Бүр сайхан боллоо.   Харин нэг  л зүйлд сэтгэл дундуур байна. Чи өөрийгөө болохоор "Олхонуд" овогтнуудаа лоббидсоноо энэ цаг үедээ тохирсон зөв арга гэсэн атлаа Одбаяр гишүүн болон бидний нийлснийг " нутагархах өвчин" туссан гэж муулсныг баахан гайхаад өнгөрлөө. Адилхан  л нутаг нугаа гэсэн хүмүүс шиг ойлгогдох юм, бид чинь. Нөгөөтэйгүүр Одбаяр нутгийн Зөвлөлийн дарга биш шүү.
 
За за, наргиан тоглоом оо. Нөхрийгөө шүүмжлэхээсээ илүү улам "хурцалж", улам "мундаг хүн" болгох гэж байгаа ухаантай юм. Урьдын адил олон ном бичиж манийгаа баясгахыг Эрхэм нөхөртөө ерөөе!
 
Хүндэтгэсэн Элчин сайд О.Дамбийням
Варшав

*  *  *

Элчин сайд Д.Баярхүү Танаа

Таны номын тухай сонссон. Их сайхан ном байна лээ гэж хүмүүс хэлж байсан. Монголоос авчруулж заавал уншина.

T.Жанабазар
Токио

*  *  *

Хайртай хүүдээ,  Д.Баярхүү гуайн номыг миний хүү сайн уншаарай. Миний хүүгийн эзэмшихээр зорьж тэмүүлж яваа тэр мэргэжлээр эрхэм Элчин сайд хүртлэх  албыг хаших хүртлээ өөрийнхөө ухаан, хөдөлмөрөөр тэмцэж амьдардаг юм шүү гэдгийг тод ойлгож, сайн санаа сургамж авахаар тийм ном юм шүү. Дахин уншаарай. Хүүдээ итгэдэг шүү аав, ээж нь

Да.Ганболдын сонгуулийн менежер Загдын Занданпүрэв

*  *  *

Эрхэм нөхрийн "БИ: Миний амьдралын тойрог" номыг Интерном-оос авч уншлаа. Taны номыг уншиж эрхэм андаар бахархах сэтгэл төрж байна. Өөрийн тань амьдралаас тэр үеийн Монголын төр, нийгмийн байдал, сэхээтнүүдийн дүр төрхийг бодит байдлаар нь харж байна. Чиний рок-попын талаархи ойлголт, мэдрэмж, чадварыг би их гайхлаа. Нийгмээсээ нэг байтугай алхамаар түрүүлсэн, улс төрийн болон урлагийн торгон мэдрэмжтэй, бас ч үгүй шаггүй наймаачин, ухаалаг дипломатч анддаа ажлын амжилт хүсье!  Гайхамшигтай сайхан номыг чинь хүүхдүүддээ заавал уншуулнаа.  Дараагийн чинь ном дээр эргэж уулзая.

Доктор Ц.Итгэл

*  *  *

Би чиний номыг ёстой нэг хуудас алгасахгүй уншлаа. Мундаг ном оо. Яасан ч ой сайтай юм бэ? Тэмдэглэл хөтөлдөг юм уу? Их сэтгэл хөдөлсөн шүү. Өнгөрсөн нийгмийн түүх, түүхийн амьд гэрчийн хүүрнэл юм даа. Сонин, хөдөлгөөнтэй этгээд байж дээ, чи. Маш сонин ном оо. Би чамд хэлэх юмсан гэж бодож байлаа. Номын дотор гарч байгаа зарим хүмүүст хэлсэн. Тэд унших юмсан, тийм үү гээд байна лээ. Үнэхээр сонирхолтой. Би ийм сонирхолтой амьд ном сүүлийн үед уншаагүй. Үнэнээсээ шүү. Чи бас бичгийн яасан мундаг чадвартай юм бэ? Инээлгээд бас уйтгарлуулаад....      

Сэтгүүлч Ч.Куланда

*  *  *
 
Номын талыг уншаад байна. Их сонин юм аа. Тийм юм уу гэмээр. Та биш ч юм шиг. Их сонин зүйлүүд бичсэн байна лээ. Хүний амьдрал гэж их баялаг юм даа гэсэн бодол төрсөн шүү. Бидний залуучуудад ажил амьдралын олон талыг бага ч болтугай мэдүүлж ойлгуулсан, уншихад сонин ном байна. Адал явдалт намтар гэж ч хэлмээр. Oдоо энэ зохиолыг кино болгочихвол улам сонин болох  юм шиг гэнэт санагдлаа.

Дипломатч Н.Эрдэнэтуяа
Сөүл хот

*  *  *

Хүн өөрөө өөртөө итгээд явбал үхэр тэргээр туулай гүйцэхийн бодит жишээ болсон түүх энэ номд оржээ. Үнэхээр чулуу ном болсон байна билээ.

Доктор  Д.Уламбаяр
   
*  *  *

Үнэхээр нэг хүний түүхээр дамжуулан өнөөдөр нийгэм улсынхаа хөгжилд гар бие оролцож яваа бүхэл бүтэн үеийн өсч өндийсөн түүх байна гэж бодлоо. Нэг уншаад эхэлбэл зогсох аргагүй байна гэж хүмүүс хэлсэн нь яг үнэн юм байна. Таны шавь, манай тэнхмийн багш Д.Оюунсүрэн тань: Ёстой сонин сайхан ном болжээ. Би зогсолтгүй уншаад дуусгалаа. Манай Баярхүү багш үнэхээр насаараа тэмцэгч явсаар ирсэн хүн шүү гэж байна лээ. Цаадхи чинь бүр зорьж очоод өөрөө худалдаж аваад, тэгээд атмархан уншсан тухайгаа ярьсан юм, бидэнд.

МУИС-ийн ОУХС-ийн багш Г.Баасанхүү

*  *  *

Номыг чинь уншлаа. Уншууртай ном болсон байна. Их хөдөлмөр. Сайн байна. Хүмүүсийн талаар сайн үнэлж бичсэн байна. Илэн далангүй, яг үнэнээр нь. Мэдээж 1 дүгээр сургуулийнхаа талаар уншихад сайхан санагдсан шүү.  Ялангуяа багш нараа сайхнаар бичсэн байна лээ. Мэддэг хүмүүс уншвал сайхан санагдана. Миний нөхөр сэтгүүлч Галсанжаргал уншаад маш сайн бичигдсэн ном гэж үнэлж байна.  

Арван жилийн ангийн найз доктор Н.Чимэг
Москва

*  *  *

Их сонирхолтой ном байна лээ. Уншаад гурваны хоёрт нь орж байна. Их сонирхолтой, хөгжилтэй, үнэхээр уйдахааргүй бичигдсэн юм билээ. Адал явдалт зүйлс их байна, бас дурсамжтай түүх ч байна. Сурах, бас мэдэх зүйл ч ихтэй юм. Миний номыг манайхны зарим нь дамжуулж уншъя гэж байгаа. Энэ номоо дуусгаад дараа нь Таны бичиж туурвисан судалгааны бүтээлээс тань унших юмсан.

Дипломатч С.Болорчимэг
Токио хот

*  *  *

Таны Каираас бичсэн дурсамж номыг уншаад маш ихэд талархахын сацуу бусад Элчин сайдууд бүгд ингэдэг, ийм ном бичдэг болоосой хэмээн хүснэ. Таны хүндтэй хийгээд хариуцлагатай албанд тань амжилт, бас эрүүл байхын ерөөлийг эх болсон эх нутгаас чинь сэтгэлээсээ хүснэ.

Цэргийн шинжлэх ухааны доктор хурандаа Ч.Эрдэнэчулуун

*  *  *

Өнөөдөр чиний амьдралын тойргийг яг жинхэнээр уншиж дуусгалаа. Мэдээж урьд нь хальт уншсан байсан болохоор чамайг сайн бичдэг хүн байна л гэж бодож байлаа. Маш сайн сэтгэгдэлтэйгээр бусадтайгаа дискусслэж байна. Одоо ер нь амар болсон, ямар л арга хэмжээ болно чиний номыг бэлэглэдэг боллоо. Бас урьд нь болсон юмаа санах хэрэгтэй болоход чиний номыг дэлгэн уншиж байгаа.  За тэгээд шууд үнэлэлт дүгнэлт өгөх нь юу байх вэ? Одоо анхааралтай уншаад бодож байна. Мэдээж чамайг өөртэйгээ сайн ажиллаж өөрийгөө сайн хөгжүүлжээ гэж л бахархаж байна. Чи бол өөрийгөө дийлж чадсан хүн шүү дээ.

Арван жилийн ангийн найз Т.Бярзана

*  *  *

Манай нөхөр дуустал нь, би МОНЦАМЭ-тэй хэсгийг нь уншсан. Тэр үед яг л ийм амьдрал байсан, харин ийм их материалыг яаж марталгүй ном болгоо вэ, тэмдэглэл сайн хөтөлдөг юм байна. Тэр үеийн амьдралыг мэдэхгүй хүмүүс үүнийг уншаад юу гэх бол? Үнэхээр тийм байсан юм уу гэж гайхна даа.

Сэтгүүлч гэр бүл Л.Батбаяр, С.Отгонцэцэг

*  *  *
Сайн байна уу?  Чиний бичсэн номыг төвөөс хүнээр авчруулаад уншаад дууслаа. Миний нэрийг хоёр удаа оруулсанд болон залуу насыг хөөгөөд олон зүйлийг эргүүлэн санагдуулсанд баярлалаа. Дурсамжаа орхилгүй дахиж бичээрэй. Миний хувьд олон сайхан үеийн дурсамжийг мартаж орхисондоо харамсаж байна.
Ёсолсон Элчин сайд Д.Гэрэл
Сөүл хот

*  *  *

Би чиний номыг ширээний ном болгосон. Чиний тухай бодол өөрчлөгдөөгүй. Би уншихаар барахгүй ээ,  худалдан авагч, тараагч болxчихоод сууж байна.

Арван жилийн ангийн найз У.Сарантуяа

*  *  *

Би таны номыг уншлаа. Таны амьдрал бол тэмцэл юм байна лээ. Таны амьдрал бол маш их өрнөлттэй юм аа. Маш завгүй, шаргуу амьдарсан хүн байна гэж бодлоо. Амьдралдаа бүхий л зүйлийг хослуулж амьдрах хэрэгтэй юм байна. Эрсдэлээс бас айх хэрэггүй  юм байна.

Доктор  С.Оюунсүрэн (МУИС-ийн ОУХС)     

*  *  *

Чиний номыг 40 мянгатынхан уншаа биз дээ, миний хувьд уншаад сэтгэл өндөр байсан шүү.   1970-80-аад оныхны хотын амьдралыг тэгж бичсэн ном байхгүй шүү дээ. Одоо харин бүр сайхан, зөвхөн хот гэсэн утгаар нь чи бас нэг ном бичих хэрэгтэй байх аа.  Хотын соёл, амьдрал гэдгийг бүр харуулж ,ухааруулахаар, жаахан давстай ч байсан болно шүү дээ. Зөвхөн хотын гэсэн нэг ном болговол яасан юм бэ, улсууд нэг номыг хэд хэдэн хэсэг болгоод хаяг, хавтас солиод гаргадаг шүү дээ.

Зураач Б.Болд

*  *  *

Маш сайхан, өөрийн сэтгэлд юу бодогдсоноо дэлгэсэн, маш олон хүнд нээрээ тийм байсан шүү гэтэл нь мартагдсаныг нь сануулсан, олон хүнийг номдоо багтааж дурсан санасан тийм л ном болсон байна лээ. Бас чиний талаар миний мэдэхгүй зарим түүхийг ч мэдэх боломж олгосон байна. Балбар баяны бага хатны үр сад гэдгийг чинь нээрээ мэдээгүй явсан шүү.  Юмыг дор нь ажил болгодог чанараас чинь  суралцахыг зорилго болгомой.

Арван жилийн ангийн найз С.Ганчимэг

*  *  *

Би Улаанбаатараас Гавана ирэх замдаа чиний номыг тувт уншсаар байгаад дуусгачихсан. Заримдаа уншаад би их инээгээд, одоо ч хааяа эргүүлж инээгээд л. Ингэхэд сайхан дурсамж болсон байна. Гэвч зарим нэг хүнийг мөн айхтар авч өгчээ, өмнөөс нь ...  Чи үнэхээр мундаг. Номыг чинь уншихаар чи л нүдэнд харагдаад инээд хүрээд байх юм. Өөрөөр хэлбэл би уншаагүй,  чи өөрөө яриад  байгаа юм шиг тийм хүүрнэлтэй ном болж.

Арван жилийн ангийн найз Б.Туяа (МУИС-ийн профессор)
Гавана хот

*  *  *

Эрхэм андын амрыг эрэхийн ялдамд Хүндэт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад шинэ оны халуун мэнд дэвшүүлье. Андынхаа дурсамж номыг шимтэн уншив. Бид дор бүрдээ ямар нэг зүйлд байнга тэмүүлэн зүтгэж, амьдрал сайн сайхан байгаасай гэж хүсдэг ч санаснаар бүтэх юм тийм ч элбэг бус, үймэрч буцалсан, саад тотгороор дүүрэн хорвоод амьдарцгааж байх юм. Хүн болж энэ хорвоод ирсэн л бол яаж ийгээд түүнтэй зохицон амьдрахаас өөр аргагүй болдог аж. Энэ л жамаар чиний амьдрал хэрхэн өрнөснийг цэгцтэй хүүрнэсэн, уншигчийг өөртөө татсан сайхан ном байна. “Вьетнам” оюутан байсан, ардын армийн шижгэнэсэн залуу офицер байсан үе, мөн эрэлхэг дайчин, цогтой эх оронч дэслэгч Дарьсүрэнгийн Дэмбэрэлийн дүрээр улсын дархан хилийг шалгах ажилд оролцож явсан талаархи дурсамжууд үнэхээр сонирхолтой байлаа. Хувь заяаны тавилангаар бид хоёр 1980 оноос хойш 25 жилийн хугацаанд бараа бараагаа харалцсаар, үе үе нэг дээвэр дор ажил алба гүйцэтгэж байжээ. Эрхэм андын номыг уншихад тэр үеийн үйл явдлууд нүднээ харагдах шиг болж байсан шүү! Анддаа баяр хүргэе, туурвих ажилд нь улам их амжилт хүсье!

Ахмад дипломатч, ахмад дайчин дэд хурандаа Л.Төмөрбаатар
2009.12.29      Эрдэнэт хот
*  *  *

Би Таны номыг уншиж дуусгасан. Надад таалагдсан. Цэргийн дарга нарыг их үнэн бичсэн байна лээ. Бас Таныг цэрэгт цаг хугацаа алдсанд харамсалтай санагдсан. Би Хиллари Клинтоны номыг бас уншлаа. Тэр номтой зохиомж нь төстэй санагдлааа.   Таны ном хүн бүрт таалагдах албагүй, гэхдээ би тэндээс маш их зүйл ойлгосон. Хийж бүтээсэн юмтай сайхан бахархалтай амьдрал юм аа. Хүсч дурласан юмандаа шантралгүй хүрдэг жишээ, зорилготой явбал амжилтанд  хүрдэг юм байна гэж  том охиндоо хэлсэн, охин минь уншиж эхэлж байгаа. Таны номыг уншаад надад төрсөн сэтгэгдэл минь ийм байна.

Бэр Б.Оюунчимэг

*  *  *
Баярхүү  сайдад,

Каираас Таны номыг авч их баярлалаа. Таны номоос өөрт сонирхолтой хэсгүүдийг үндсэндээ өглөөнөөс хойш сууж уншиж дуусгалаа. Өөрийн ажил, амьдралын талаар нээлттэй бичсэн, санаа авууштай зүйл ихтэй сайн дуртгал бүхий ном болжээ. Таны цаашдын засгийн болон номын ажилд их амжилт хүсье.  
 
Хүндэтгэсэн,
Элчин сайд В.Энхболд

Шинэ Дели хот

*  *  *
Номыг тань завандаа уншиж байна. Би өмнө нь хэн нэгэн хүний дурсамж ном ерөөсөө уншиж үзээгүй, бас Таны ном бичдэг стилийг мэдэхгүй тул эхэндээ жаахан гайхаж уншлаа. Таны ном дотор сонирхолтой юм их байнаа. Сонирхолтой хэсэг гэвэл Таны хөгжмийн хобби, хэрхэн яаж бичлэг цуглуулж түүнийгээ хуулбарлаж бусдад түгээж бусдаас авч байсан тухай түүх байна.  Мөн МУИС-д элсэн ороод хөдөөний хүүхдүүдтэй нэг ангид суугаад төрсөн мэдрэмж чинь миний их сургуульд ороод төрсөн анхны сэтгэгдэлтэй адилхан байлаа.  Гэхдээ тэр үедээ би хэнд ч хэлж байгаагүй, дотроо л жаахан гайхаж байсан юмсан.  

АНУ-д гэр бүлийн хамт аж төрөн суугаа Ё.Амарзаяа
Сан-Франциско хот

*  *  *
Дипломатч, улс төр судлаач, профессор Д.Баярхүү багшийнxaa туурвисан “Би:  Миний амьдралын тойрог” ном нь зөвхөн дурдатгал төдий бус өргөн агуулагатай баялаг материалтай сайхан бүтээл болжээ. Хэдийгээр Д.Баярхүү багш маань өөрийн амьдралын намтар түүхийг илэн далангүй дэлгэрэнгүй байдлаар харуулсан мэт боловч хүн өөртөө баримталдаг тодорхой зарчим, үзэл бодолтой байж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай шаргуу тэмцэж ажиллаж чадвал ялалт амжилтад хүрч болдогийг энэ номдоо яруу сайхнаар харуулжээ. Энэ нь залуучууд бидэнд сургамжтай, үлгэр дууриалал, санаа авууштай зүйл гэж үзэж байна. Нөгөө талаар өнгөрсөн нийгэмд (1990 оноос өмнө) байсан дутагдал доголдол, саад бэрхшээлийг өөрийн амьдралд тохиолдсон жишээ баримтаар харуулсан нь тухайн нийгмийн талаар үнэн бодит мэдээлэлтэй болоход тус төхөмтэй болжээ. Д.Баярхүү багш бол олон нийтлэлүүдээрээ уншигчдын сайн танил бөгөөд бичих туурвих нэн их дадлага туршлагатай, шинээр сэтгэх авьяастан гэдэг нь энэ номын агуулга, хэл найруулгаас тодорхой харагдаж байна. “Би: Миний амьдралын тойрог” ном нь өргөн олон уншигчдын сонирхолыг татсан, тэднээс сайн үнэлгээ авах чансаатай бүтээл болсон гэдэгт итгэж байна.

МУИС-ийн ОУХС-ийн  1997 оны төгсөгч, хэл шинжлэлийн ухааны Ph.D
А.Гэрэлмаа (ГХЯ)

*  *  *

Улс Монголоо төлөөлж, төрийн алтан аргамжийг таталцах эрхэм хүндэт албанаа тавлаг, алжаалалгүй зүтгэж байна уу? Өөрийн чинь бичсэн сүүлийн номыг ах Баясахаас авч, амтархан уншлаа. Өвөг дээдсийнхээ тухай бичсэн хэсэг их таалагдлаа. Өөрийн түүх намтраа бичсэн сайхан ном гаргасанд чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

МУИС-ийн профессор доктор  Хэрээд Ж.Урангуа

*  *  *

Tаны номыг уншсан, уншаад төрсөн эхний сэтгэгдэл: өөрийгөө юу ч сураагүй, болоогүй байгаагаа мэдсэн. Мөн сурч буй мэргэжлийнхээ онцлогийг асар их хариуцлагатай бөгөөд чадвар мэдлэг шаардсан ажил байдгийг мэдэхийн хэрээр энэ хавар сургуулиа төгсөхөө хойшлуулчихаад байгаа. Одоогоор миний зорилт: төгсөх хүртлээ шаардлагатай мэдвэл зохих бүхнээ өөрийн болгохыг л хичээж байна.

Таны номыг дахиад ч унших шаардлага гараад байна. Таны номыг уншаад таны ийм өндөрлөгт хүрчихээд байгааг тэр үеийн боломж бололцоо байхын зэрэгцээ уйгагүй өөрийн хүчин чармайлт, төрөлхийн ухаан нэгдэж чадсан юм байна гэж бодсон. Юутай ч сонгосон салбарынхаа үлгэр дууриалал авах хүнээс сургаалийн үг сонсох нь хамгийн чухал юм.

Хүндэтгэсэн,
МУИС-ийн ОУХС-ийн оюутан Д. Чимэдцэрэн

*  *  *
Өчигдөр төрийн ордонд парламентын 20 жилийн ойд зориулсан номын худалдаа гарч, би Таны номыг дахин худалдан авч, бусдыг уриалан, ТВ-д ярилцлага өгсөн, бүр Таны номыг барьж байгаад шүү. Орой нь мэдээгээр гарч байна лээ. Номын талаар бол 1) Та тэр нэг Баярхүү гэдэг нөрийн амьдралыг арай хайр гамгүй, тэгэхдээ хавь ойрын хүмүүстэй нь бичиж дээ. Хүн муутай л нөхөр байна даа, Та. 2) Төрөл бүрийн л жанртай ном уншиж байдаг. Гэхдээ уран сайхны чимэг косметик тавиагүй, шилжилтийн нийгмийн олон салбар төдийгүй олны танил олон хүний хөнжил түрийвчийг нээжээ энэ номд. 3) Гэхдээ гаргасан тэр хэлбэр нь их өвөрмөц болжээ. Амжилт хүсье журмын нөхөртөө!

УИХ-ын дэд дарга Г.Батхүү

*  *  *
Номыг чинь амтархан уншлаа. Бодох санах зүйл над их гарлаа. Бидний үеийн амьдралын хүрээллийн тухай сайн бичжээ. Бидний үеийн алба ажлын харилцааны байсан байдал, өрөөсгөл явцуу шинж, албан тушаалтны муйхарлал, оюунлиг, чадварлаг залуу хүний хүсэл эрмэлзлэлийг хэрхэн хаан боогдуулж, хэнд ч хэрэггүй юмаар шахан дарамталж байсныг сайн гаргажээ. Харин ч олон зүйлээ энэ удаад бичээгүй нь илт байна. Найз нөхдөө сайхнаар дурсаж, өөдгүй тархигүйчүүдийг ниргэсэн ч байна. Бидний найз нөхөд нийтлэг юм, баргийг нь би бас танина. Гэхдээ бидэн шиг улсуудад яахаараа зарим этгээдүүд битүүхэн дургүйцэж, ар хударгаар далдуур хатгаж явдгийг ер ойлгодоггүй юм. 40 мянгатынх гээд атаархаж хорсдог бололтой. Бид тэднийг хатгаж буруутай зүйл хийгээгүй л юмдаг. Чиний арга барил, сэтгэлгээгээр бичсэн шиг ийм ном хараахан гараагүй, чи анхдагч нь  болсон байна. Нийгэм-соёлын антропологийн өнцгөөс бол 1970-аад оноос хойшхи монголын нийгмийн амьдрал, ахуйн орчил, тойргийг хувь хүний замналаар дамжуулан буулгасан нь олзуурхууштай, барьцтай, судлууштай. Тэр ч утгаар судалгаа шинжилгээний эх сурвалж болно. Тухайн цагийн институцийн харилцаа, албан тушаалтан, тэдний  төөрөгдлийг тэр түвшингээр нь харж болно. Энэ мэт нийгмийн чухал асуудлуудыг хөндсөн, эргэцүүлэх зүйлтэй, сонирхолтой хэлбэрээр бичжээ. ХХ зууны залуус хэрхэн тэмцэж амьдрал зорилгодоо хүрсэн замнал ийм л юм. Харин ой ухаан, санамж сайтай байна, тэр чинь уг номын чухал сурвалж болж өгчээ. Бодвол тэмдэглэл түлхэц болсон болов уу. Хүний мөн чанар, ёс суртахуунлаг асуудал номын туршид төвөггүй харагдаж, бас нэгийг өгүүлнэ. Эх орон, төр улс, ард түмнийхээ төлөө их зүйл хийж бүтээе, байдаг авъяас чадвараа зориулая гэсэн сэтгэл ч байна. Томхон сэхээтэн, сурвалжтай хүний нягт санаа, зоримог эрмэлзлэл ч бадарчээ. Ийм л хүн төр улсад хэрэгтэй болбуу.
 
МУИС-ийн НШУС-ийн түүхийн багш И.Саруул 
   
*  *  *
Таны номыг хэсэг хэсгээр нь уншсаар байгаад амтанд нь орчихлоо.  Та ч бичнэ гэж үзүүлэх юм даа.  Таны бичсэн номыг хүн болгон л магтах юм аа даа. Эцсийн эцэст бичсэн нь үлдэх юм даа. Би ер нь хүний намтар унших дуртай.  Сургуульд байхын орост хэвлэгддэг байсан намтруудын ботийг уншдаг байж билээ. Америкт их сургуульд сураад бас хүний намтар бичих хичээл авч байж билээ. Та ч зорьсондоо хүрдэг сүрхий хүн юм даа.  Олон хүнд үлгэр дууриал болж явдаг байх даа.

Португалд гэр бүлийн хамт аж төрөн суугаа Б.Жавхлан

*  *  *
Номын чинь талаар хэдэн үг хэлье. Энгийн, шулуухан, хөгтэй, бодитой бичжээ.
1.    Эргээд хүүхэд үе, сургууль, ангийнхнаа нүдэндээ харах мэт болж, тэр л цаг үедээ очсон мэт санагдлаа.
2.    Цэргийн амьдралаас огт гадуур явсан надад социализмын үеийн цэрэг армийг нүдэнд харагдтал ойлгуулж өглөө. Үе үе үхтлээ инээж байлаа. Заримдаа чи үнэхээр тийм шүү гэсэн бодол төрж байлаа.
3.    ОУХДС-ийн талаар огт өөр төсөөлөлтэй байсныг өөрчилж, жинхэнэ үнэн дүр төрхийг нь харуулж өгсөнд нэг талаас гайхах, нөгөө талаас маш их харамсах сэтгэл төрлөө. Тийм л боловсон хүчин бэлтгэж байж шүү дээ, архаг гээд байгаа манай ахмад багш нар хэмээн бодлоо.      

Арван жилийн ангийн найз Ц.Ичинхорлоо

*  *  *