Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн нэгэн цикл дуусна. Хуулиараа парламентад суудалтай МАХН, АН, ИЗН гэсэн гурван нам, НН, ИХН-ын Иргэний эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас үүдээд даргын хомсдолд орсон ИХН-ыг орхиод Ногоон нам дангаараа гишүүн Д.Энхбатаа нэр дэвшүүлэх ч боломжтой. Ийм тайлбарыг 2000 онд Дээд шүүхээс гаргасан бөгөөд тэр дагуу "Эх орон ардчилал" эвсэлд багтаж байсан АН, ИЗН, Эх орон намууд 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусдаа орсон юм.
Дөрөв хүртэл өрсөлдөгчтэй байж болох Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид тодроогүй ч, олон түмнийг эргэлзээнд оруулсан хоёр л сонголт байна. Дараагийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр уу, С.Баяр уу. Тэд хоёулаа МАХН-ынх. Нэг нь л нэр дэвшинэ. С.Баяр нэр дэвшихгүй гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн. Энэ нь түүний хувийн байр суурь. Н.Энхбаяр ч эхэлснээ гүйцээх, дахин нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн. Тэр бас л хувийн бодлоо хэлсэн хэрэг. Энэ хоёр лидерийн хувийн байр суурь, бодлыг албан ёсны болгох, эсвэл бүр үгүйсгэж эцсийн шийдвэрийг гаргах субъект нь МАХН-ын Бага хурал юм, Ер нь МАХН-ын гишүүдэд хувийн сонголт гэж байдаггүй. Өмнө нь ч байгаагүй. Цэргийн хүн тушаалаар амьдардагтай адил МАХН-ын гишүүд намынхаа шийдвэрээр ажиллаж ирсэн уламжлалтай. Намынх нь шийдвэр гишүүддээ хууль мэт үйлчилдэг энэ хатуу сахилга бат МАХН-д одоо ч бий. Тийм учраас С.Баярын хувийн байр суурь, Н.Энхбаярын хувийн бодолд зуун хувь итгээд нэмэргүй. Хувийн л шийдвэр. Үүнийг нам нь яаж ч өөрчилж мэднэ. Дээр нь манай улстөрчдөд эрх ашгийн эрэмбэ гэж мундаг хууль "үйлчилдэг". Жишээ нь, С.Баяр гарч ирээд "намын Бага хурал, намын хамт олноос намайг дэвш гэж шийдсэн учраас өмнө нь дэвшихгүй гэж хэлсэн хувийн байр сууринаасаа буцаж байна. Намын эрх ашгийг хувийнхаас дээгүүрт тавилаа" гэж хэлээд л нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлж чадна. Дахин нэр дэвших сонирхол Н.Энхбаярт хичнээн байлаа ч, тэрээр Бага хурлаас үгүйсгэсэн шийдвэр гаргавал хүлээж авахаас өөр гарцгүй. Бас л намын эрх ашгийг хувийнхаасаа дээгүүрт тавьж байгаа нь тэр.
Гэхдээ МАХН-ын Бага хурлын шийдвэр гаргадаг гадаад хэлбэр хэвээр ч, дотоод агуулга нь сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн. Бага хурлын шийдвэр өнгөн дээрээ намын хамт олных ч, үнэн чанартаа Удирдах зөвлөл нэртэй цөөн хүний, ганц нэгхэн лидерийн бодлого, сонирхлын илрэл байдаг болсон. Бага хурлын гишүүд үүнийг нь гар өргөн баталгаажуулснаар өнөөх цөөн хүний сонирхол нь намын хамт олны шийдвэр болж хувирдаг билээ. Энэ утгаар нь зарим хүн МАХН-ын Бага хурлын шийдвэрийг хувийн сонирхлоо нуух нуувч, зарим нь өөрийгөө олны өмнө дургүйд хүчгүй болж харагдах жүжиг болгон ашигладаг юм. Түүнээс бус, МАХН-ын Бага хурал бол хувь хүн нь өөрөө дургүй байхад дарж байгаад сахил хүртээдэг лам биш. Жишээ нь, Н.Энхбаярыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, улмаар Ерөнхийлөгч болоход МАХН-ын Бага хурал түүнийг хүчээр нэр дэвшүүлээд байсангүй. Тэр болон түүний бүлэглэлийн сайтар зохион байгуулсан жүжиг л байсан. Сая С.Баярыг намын дарга Ерөнхий сайд болоход ч адилхан. С.Баярыг өөрөө хүсч зүтгэхгүй байхад нь их хурлын төлөөлөгчид намын даргад, Бага хурлын гишүүд Ерөнхий сай-дад хүчээр нэр дэвшүүлчихээгүй. Тэр өөрөө энэ хоёр албан тушаалыг хүсч л байсан хэрэг. Эндээс харвал МАХН-ын лидерүүдийн хувийн байр суурь бол намын шийдвэрээс хүчгүй ч тэрхүү шийдвэрийг зохиомлоор гаргадаг нь харагдаж байна.
Одоо МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах Бага хурлын "зохиол"-ыг хэн бичиж дэглэх вэ. Тэрхүү сценари дээр л Бага хурлын гишүүд танц эргэнэ. Хоёр хувилбар байна. Нэгд, Н.Энхбаяр, С.Баяр нарын ойлголцлыг Бага хурлын гишүүд гар өргөн баталгаажуулах. Хоёрт, Н.Энхбаяр, С.Баяр нарын хэн нь илүү хүчтэй, намдаа нэр нөлөөтэйгөө Бага хурлын гишүүдээр хагалуулах. Хэрэв хоёр дахь хувилбартаа хүрвэл одоо бараг 30 хувь нь өөрчлөгдөх болоод байгаа МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүн чухал үүрэгтэй.
Ер нь энэ хоёрын хэн нь ч дэвшсэн МАХН-ын нэр дэвшигч тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн боломжтой. Намын болон нэр дэвшигчийнх нь нэр хүндийн нийлбэр МАХН-ыг ийм амжилтад хүргэх магадлал өндөртэй. Эндээс 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн, өрнөл намуудын дунд биш МАХН дотор өрнөх болж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч нийт сонгогчдын 50+1 хувийн саналыг авч байж ялалтад хүрдэг. Н.Энхбаяр, С.Баяр хоёрын хэн нь ч байсан МАХН-аас нэр дэвших эрхээ олж авбал дээрх босгын бараг 50 хувийг урьдчилан халааслалаа гэсэн үг. Тэгээд үлдэж байгаа нэг хувийн саналынхаа төлөө АН-тай хамтарч, эсвэл өрсөлдөж нийтдээ 4.5 тэрбум төгрөгөөр сонгуульдах нь ээ. Харин нэр дэвшигч нь хэн бэ. Н.Энхбаяр уу, С.Баяр уу гэдэг таамаг хэвлэлээр ид өрнөж байна. Н.Энхбаярын хувьд нэр дэвших эрхээ ганц хүнд л алдахаас болгоомжилж байгаа. Тэр нь С.Баяр. Одоогийн Ерөнхийлөгч хүчтэй улстөрч хэдий ч яг өнөөдөр нэр дэвшүүлэх гол хөзөр С.Баярт бий. Тэрээр намын дарга, Ерөнхий сайд. Энэ хоёр албан тушаалаар дамжаад намаа бүрэн барьж байгаа. Тус намд өөрийн гэсэн баг, өөрийг нь хүрээлсэн хүчтэй бүлэглэлтэй хоёр л хүн бий. Нэг нь хотын бүлэгтэй М.Энхболд, нөгөө нь 35-аас дээш насныхныг нэгтгэсэн Зүүний хүчний холбоотой У.Хүрэлсүх. Түүнийг хүрээлсэн баг цаашид улам өргөжинө. Учир нь Бага хурлын дутуу бүрэлдэхүүнийг нөхөж, сул орон тоог эзэнтэй болгох их аянд У.Хүрэлсүх мордож, энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. Бас хувийн нэр хүнд зангаргаараа нөлөөтэй Ц.Ням-дорж, Н.Багабанди, М.Энхболд нар ч намын даргаа хүрээлдэг. С.Баярыг дэмждэг ийм хүчирхэг хэсэг дотор бас түүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлээд явуулчих туйлын сонирхолтой улстөрчид ч бий. Намын даргаа Ерөнхийлөгч болгож явуулаад эзгүйрсэн хоёр өндөр албан тушаалыг нь залгамжлах холын бодолтой лидерүүд энэ намд байгаа нь Н.Энхбаярт бас нэгэн дарамт болж байна. Шууд хэлэхэд С.Баяр л өөрөө хүсээд, зохион байгуулбал Ерөнхийлөгчид нэр дэвших шиг амар юм түүнд алга. Харин Н.Энхбаярт бол амаргүй байна. Хэрэв С.Баяр татгалзсан тохиолдолд түүнд өрсөлдөгч МАХН-аас Н.Багабанди дахин нэр дэвшинэ, Ц.Ням-дорж, Д.Дэмбэрэл нар сонирхолтой байгаа гэдэг хэвлэлийн мэдээ хэч-нээн үнэн байлаа ч, үүнд Н.Энхбаяр цочирдохгүй. Харин намын дарга С.Баяраас, бас С.Баяр-Н.Багабанди нарын онь холбон хийж болох улстөрөөс үнэхээр болгоомжилж байгаа. Жишээ нь, дараагийн Ерөнхийлөгч нь С.Баяр, Ерөнхий сайд нь Н.Багабанди гэдэг бол байж болох л хувилбар. ОХУ-д хэрэглэж байсан энэ арга нь улстөрчдийн зүгээс хийж болох л нэр дэвшүүлэлт юм. Н.Багабандийн хувьд намын нэрээр хашиж үзээгүй цорын ганц төрийн өндөр дээд албан тушаал нь Ерөнхий сайд. Түүнд Н.Энхбаяртай адил төрийн бүх өндөр албан тушаалд ажиллаж үзэх сонирхол бийг үгүйсгэхгүй.
Юм ээлжтэй гэдэг. Нэгэн цагт, намын дарга байх үедээ С.Баяр, Н.Багабанди нарыг хамтаар нь ямар нэгэн хэмжээгээр дарж залж явсан үе Н.Энхбаярт бий. Гэхдээ ийм хүчирхэг үедээ тэрээр Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхийг нь Н.Багабандиас өөртөө шилжүүлж, эсвэл хэн нэгэнд авч өгч байсангүй. Харин өнөөдөр үйл явдал эсрэгээрээ эргэж Н.Энхбаяр нь С.Баяраасаа ямар нэгэн байдлаар болгоомжлох цаг хугацаа иржээ. Бүр тодруулбал, Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигчийг тодруулах энэ мөчид цаг хугацаа, бусдаар өөрийгөө хүрээлүүлсэн албан тушаалын эрэмбээр С.Баяр нь Н.Энхбаяраасаа илүү хүчтэй, эрх мэдэлтэй болжээ.
Төрийн тэргүүн-Ерөнхийлөгч бол хэн нэгний улс төрийн карьерээ дуусгадаг дэн буудал биш. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, бүх шатны шүүхийн ерөнхий томилгоочин, Төрийн албаны зөвлөлийн дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурорыг санал болгоно. Үндэсний радио телевиз, Үндсэн хуулийн Цэц гээд төрийн тэргүүний оролцдог томилгооны нөлөөллийг дурдаад дуусашгүй. УИХ-д тааллаараа үгээ хэлж улстөрчийнхөө РR-ыг хийнэ, бас хуульд хориг тавина. Улс оронд онцгой байдал зарлаад, түүнийгээ далимдуулж зэвсэгт хүчнийг хөдөлгөх эрх ч түүнд бий. Ийм эрх мэдэлд дурлахгүй хэн байх билээ.
Харин С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайдаас огцорвол намын даргаа ч өгч таарна. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, дараа нь огцруулна гэсэн "бор шувуу" мөнхөд ниссэн, стандарт бус эвсэлтэй дэнжигнэсэн Засгийн газрын тэргүүн байх уу, эсвэл Ерөнхийлөгч болж дөрвөн жил амар тайван суух уу гэдэг эргэлзээ С.Баярыг сонголтын өмнө авчирч байна. Санхүү, эдийн засгийн хямралын давалгаанд залуурдаж яваа хөлөг онгоцоо живүүлэх үү, үгүй юү гэсэн асуултын өмнө ирээд байгаа Засгийн газартайгаа цаашид зууралдах уу, хэлсэндээ хүрдэг хүн болж үлдээд улс төрийн карьераа эрсдэлд оруулах уу гэдэг асуулт ч гарна. Түүний танхимыг тойрсон "бор шувууд"-ын ерөнхий захиалагчид нь мэдээж дангаараа Засгийн газраа байгуулах дур хүслээ даран тааламжтай цагийг хүлээн суугаа УИХ дахь МАХН-ын гишүүд юм. Тэдний хүчийг үнэлсэн, тооцоолсон учраас л С.Баяр хийж эхэлснээ гүйцээж, албан тушаал бүрийг сэглэж замын дундаас буцахгүй гэж мэдэгдсэн байх.
Гэхдээ л С.Баярын өмнө хэлсэндээ байх хүн чанар, Ерөнхий сайдаас өндөр албан тушаалд хүрэх хоёр сонголт нээлттэй хэвээр байна. Түүний сонголтоос Монголын улс төр, Ерөнхийлөгчийн сонгууль илүү уянгалаг болох эсэх нь хамаарна.