Нэг.Дансны цууралт.

Төрийн дансыг шилэн болгож интернэтэд тавих шийд гарав. Маргаашаас нь “Дансны шил зарна” гэсэн зарлал гарлаа. Зарим байгууллага шилэн дансаа хагалсан явдал гарав. Тэд шилэн дансаа интернэт рүү зөөх замдаа шалан дээр унагасан  учраас “зам тээврийн осол мөн” гэсэн дүгнэлт гарчээ.Дүгнэлтийн дагуу, санхүүгийн ажилтнуудынх нь машин жолоодох эрхийг зургаан сараар хассан байна.

Дунд сургуулийн хөтөлбөрт “шилэн дээр данс хөтөлж сурах” хичээл нэмэгдэв. АТГ-аас шударга иргэдийн мэдээллийг зөвхөн шилэн дээр бичсэн байдлаар хүлээн авахаа мэдэгджээ. Ийнхүү манай орон “ Дэлхийн анхны шилэн матаастай орон” орон хэмээн ЮНЕСКО-д бүртгэгдэв. Бас Монгол улсын санхүүгийн түүх “Цагаан,Улаан:Шилэн оймсноос Шилэн данс” нэртэйгээр хэвлэгдэв.  Нэгэн докторант “Шилэн Цогтоо бол шилэн Дамдингийн дүү мөн” сэдвээр судалгаа хийсэн нь маргааны бай болов.

Төрийн анхан шатны албан хаагч эмэгтэйчүүд шилэн оймс, дунд шатныхан шилэн трико өмсөх шийд гарсан дуулдана. Дээд тушаалын эмэгтэйчүүдийн хувцсыг ярихаас түдгэлзсэн нь дээр бололтой.

Засгийн газраас хямралын үеийн өвлийн хүйтнийг давахын тулд шилэн дансаараа цонхоо шиллэх чиглэл өгөв.  Үүнээс уламжлаад бүх цонхыг данс гэж нэрлэж эхэллээ. Барилгын компаниуд “салхи сийгэдэггүй ваакуум данс” үйлдвэрлэж, автозасварын газрууд зарим үйлчилгээгээ “салхины дансны цууралт наах” гэхчлэнгээр нэрлэж,  цагдаагийн хэлтэс “сахилгагүй хүүхдүүд айлын данс чулуугаар хагалсан” хэргийг мөрдөх болов.

Хуучин “оптик” гэсэн хаягуудыг “нүдний данс”, “гоёлын нарны данс”, “Рэйбангийн дэгжин данс” болгон сольжээ.  Зарим хүн төрөлхийн холын данстай байхад, ахмад сэхээтнүүд их төлөв ойрын данс хэрэглэж байгаа тухай Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Архийг дансанд савлаж байгаа бөгөөд ундааны данс цуглуулах нь хөөрхөн орлоготой ажил болжээ. Гэмтлийн эмнэлэгт дансны хагархайд хөлөө зүссэн иргэд ирсэн нь бүртгэгджээ. Өвлийн хүйтэнд зам талбай данс лугаа адил болсон ажгуу. Зам тээврийн сайд “баруун чиглэлийн замд маш их данс үүссэн” болохыг твиттер хуудсаараа анхааруулжээ. Хотын төвийн өндөр барилгууд данс адил гялалзана.

Хоёр. Монгол Ардын “Гар” Нам

Намууд улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаараа ялгагдахаа больсон тул “гар”, “хөл”, “Атмаант (автомат гэсэн үг бололтой)”-аараа онцгойрч эхэллээ. Энэ бол технологийн ялгаа билээ. Атмаант нам асуудлыг атмаандан(автоматжсан технологиор гэсэн үг бололтой) шийдэж байхад, “хөл” намынхан үзэл бодлоо өшиглөн илэрхийлж, харин “гар” намыхан гар ажиллагаанд шилжиж байх жишээний.

Энэ дундаас Монгол Ардын “Гар” Нам онцгой ялгарч байгаа юм. Тэдний “гар”-дах ажиллагаагаа сонгуулийн саналыг гараар тоолохыг шаардах ёслолоор эхэлжээ. Тэд хуучин дарга нь авилгын хэргээр гардуулсан үйл явдлаас санаа авч намаа “гар нам” болгохыг сэдэвлэсэн гэх.

Зөвхөн сонгуулийн саналыг ч гараар тоолуулаад зогсохгүй гэдгээ зарлажээ. Удахгүй болох хүн амын тооллогыг ч гараар хийх ёстой гэж үзэж байна. Дээр үед малыг тоолохдоо комиссын гишүүдийн дундуураа цувуулан гүйлгэж толгой руу нь модоор тоншингоо “нэг, хоёр, гурав...зуун хорь” гэхчлэн уянгалуулан тоолдог байсан аргыг хэрэглэх аж.  Чингисийн талбайн хоёр талд АН, МАН-ынхан зогсоод дундуураа бүх ард түмнээ гүйлгэн, толгой руу нь “укаасаг”-аар тоншин “1,2,3...2.999.999.. нэг хүн хааччив” гэхчлэн тоолох ажээ.  Тооллогын энэ аргыг нь ч ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бас л бүртгэн авсан дуулдав. ЮНЕСКО –гийнхон “Ээ дээ таминь, энэ сайхан өв уламжлалаа л гээж огт болохгүй шүү” хэмээн захисан гэх.

УИХ дахь намын бүлгийн гишүүдээ МАГарН-ын удирдлага саяхан дуудаж “Улсын төсвийг гараар тоолох сайхан боломжийг та нар алдсан байна. Санаж сэрэх чинь дутсан гэхээс өөр арга алга” хэмээн сануулан донгоджээ.

Нэгэнт нам нь “гар” болсон учраас салбар, гишүүдээ хуруу, хумс гэхчлэн нэрлэж байгаа ажгуу. Жишээлэхэд, сайн ажиллаж ашиг орлого олж байгаа албан тушаалтандаа “урт хуруу” гэсэн гэрчилгээ олгож,  урт хурууны болзолд хүрээгүй ч гэсэн подхийлгээд  яваа нөгөөд өгөх “хумс(лагч)”өргөмжлөл ч бэлэн болсон гэх.

Нам нь нэгэнт “гар нам” болсноос хойш ашигт малтмалыг гар аргаар олборлох,  зөвхөн гараараа бичиж байх, ариун цэврийн цаасны оронд гараа ашиглах, хоолоо гараараа барьж идэх гээд оршихуйн хамаг технологио гар болгож байгаа юм байхаа.

Нөгөө нэг явдлыг ч гэсэн гар ажиллагаанд шилжүүлэхийг, ялангуяа залуу гишүүдээсээ шаарддаг болсон гэх.