ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, доктор, профессор Лувсангончигийн Балдан агсантай хийсэн “Д.Нацагдоржийн амьдрал бүтээлийг бодит эх хэрэглэгдэхүүнээр нотлон судалъя” ярилцлагын үргэлжлэл...


“Тайж Нацагдоржийн банкет” хэмээх алдарт гэрэл зураг. 1931.12.31



Ингэхэд Д.Нацагдоржийн зохиолыг гадаадад хэр их орчуулан хэвлэсэн байдаг юм бол?

Нацагдоржийн зохиолоос сонгон түүвэрлэж 1950-аад онд орос хэлээр “Монгольская поэзия”, бас 1957 онд “Поэти Азии” гэдэг эмхтгэлд оруулан нийтэлж байснаас гадна тусгайд нь 1959 онд “Избранное” гаргаж байжээ. Мөн 1960-аад оноос “Поэзия Народной Монголия”, 1961 онд “Когда приходит весна”, 1966 онд “Монгол гулдору”, 1970-аад оны дундуураас Ази, Африкийн зохиолчдын “Лянхуа” сэтгүүлийн дугааруудад англи, франц, араб хэлээр зарим шүлгүүд нь орчуулагдан хэвлэгдсэн байдаг. 1974 онд Япон улсад “Тал нутаг ба дөл” гэсэн номд түүний арав гаруй зохиолыг япон хэлээр хэвлэсэн юм. Харин манайхан эндээ “Од”, “Ламбугайн нулимс” зохиолыг нь монгол, орос, англи, франц, герман хэлээр нийтэлсэн нь зохиолч, эрдэмтэн, судлаач хүмүүст чухал эх хэрэглэгдэхүүн болж байна.

Д.Нацагдоржийн амьдралынх нь сүүлийн жилүүд ямар янзтай байсан бэ?

Түүний амьдралын сүүлийн жилүүд таатай сайхан байсангүй ээ. Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэр үеийн бичиг хэргийн эрхлэгч байсан Лигцэгдорж гэдэг хүнээс нэг нөхөр нь “Чи Нацагдоржийг ажлаас нь гаргах гээд яаж байгаа юм бэ?” гэхэд “Би ч яахав. Тайж феодалуудыг цэвэрлэн зайлуулах заавартай тул тэр зааврыг биелүүлэх ёстой” гэж байжээ. Д.Нацагдорж 1931 оны 12 сарын 31-нд хэсэг нөхдийн хамт шинэ жилийн баярыг европ маягаар тэмдэглэсэн байдаг. Энэхүү шинэ жилийн баярыг тэмдэглэхэд орос эхнэрийнхээ хамт оролцсон “Берлин” хочит Бат-Очир гэдэг хүн гэрэл зураг авч, авсан зургийнхаа ард “Тайж Нацагдоржийн банкет” гэж бичээд Дотоодыг хамгаалахынханд өгснөөр Д.Нацагдоржийг 1932 оын 5 дугаар сарын 17-нд баривчилсан байдаг. Д.Нацагдорж энэ талаараа байцаалтад “Миний бие өнгөрсөн 1931 онд урьд таних Лооройсамбуу, Гомбожав, Архины газрын сургагч орос, Хэвлэлийн хорооны сургагч нэгэн орос, Бат-Очир, Галон нар эхнэрийн хамтаар эдний хэдэн этгээдтэй хэд хэдэн удаа архи ууж, наргин цэнгэлдэж байсан бөгөөд харин эдний хэдэн этгээдтэй улс төрийн хор холбогдол бүхий үгийг ярих буюу хийж үйлдэж байсан ба үйлдсэн хийснийг огт үзэж мэдээгүй” гэж ярьсан нь бий.

Түүнийг дахин барьж хорьсон байдаг, энэ тухай нь та дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Нацагдоржийг хавчин гадуурхах явдал улам даамжирсаар хоёр дахь удаагаа баривчлан 120 хоног мөрдөн байцааж дөчөөд хоног хорьж 1937 оны 2 сарын 8-нд хэргийг таслан, таван сар албадан ажил хийлгэхээр шийдвэрлэж байсан юм. Энэ үед Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдэд гаргасан өргөдөлдөө “Тус улсад ардын засгийг тулгар байгуулагдсан үеэс эхлэн улсын аливаа хүнд, хөнгөн ажилд зүтгэн явсан бөгөөд дараа нь 15-аас 20 он хүртэл гадаадад сургуульд сууж, үндэсний боловсролыг хөгжүүлэхэд нэгэн хүчин болохыг оролдсоор ирсэн бөлгөө. Гэтэл сүүлийн үед тамир тэнхээ нэн сул болж, зүрх ба судас мэдрэлийн өвчинд нэрвэгдэн ажил хийхэд хүчин чадал гарган чадах нь ч нэн дорой болсон агаад, үүнээс хойш тус улсын олон нийтийн ба соёл боловсролын явдалд улмаар зүтгэн оролцож, тус хүргэсүгэй хэмээх хүсэл их боловч улсад хариулбаас зохих ажлыг хангалттайгаар гүйцэтгэж чадахгүй буюу мөн ч өөрийн зүтгэсүгэй хэмээх хүслийг биелүүлж чадахгүйд хүрсэн минь үнэхээрийн гашуудалтай” гэжээ.
   
Ийнхүү Нацагдоржийг суралцахын зэрэгцээ эмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр 1937 оны 4-р сард гарчээ. Мөн тэр оныхоо сүүлчээр 5-7-р сарын цалин, Ленинградад явах замын зардал, гадаад паспорт авах шийдвэр гарч Нацагдорж бэлтгэлээ базааж, Нинад удахгүй очих тухайгаа цахилгаанаар илгээсэн байдаг. Гэвч Нацагдорж Орос улсад явж чадаагүй билээ.

Д.Нацагдоржийг хэдийд хэрхэн цагаатгасан юм бол?

1932 онд түүнийг анх шийтгэснээс хойш 57 жилийн дараа НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Г.Цийрэгзэн, Мөрдөн байцаах хэлтсийн дарга М.Бадарч, мөрдөн байцаагч Ц.Сандагдорж нар 1989 оны 4 сарын 14-ний өдөр гаргасан 14 тоот магадалгаагаар “Дашдоржийн Нацагдоржид холбогдох архивын 8006/4 тоот хэргийг хүчингүй болгон түүнд оногдуулж байсан ял шийтгэлийг цагаатгуулах саналтай” байгаагаа илэрхийлсэн байдаг. Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын дарга, хурандаа Ц.Цолмон, хошууч Ч.Ганбат, прокурор Д.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж Д.Нацагдоржийн хэргийн материалыг 1989 оны 4 сарын 11-ний өдөр хүлээн авч, мөрдөн байцаагч Ц.Сандагдорж танилцуулж, гишүүн Д.Цэрэнбалтавын илтгэснээр Д.Нацагдоржийн талаар шинээр шалгасан баримтаар шүүх цаазын бичгийн 49-р зүйлд заасан хэрэг үйлдээгүй байх тул БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 379-р зүйлийн 2-ыг удирдлага болгон Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссын 1932 оны 10 сарын 29-ний өдрийн (дугааргүй) Дашдорж овогтой Нацагдоржид холбогдох тогтоолыг хүчингүй болгон цагаатгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хүчингүй болгосон юм билээ.

Архивын эх хэрэглэгдэхүүнд гэргий нарынх нь талаар тэмдэглэсэн зүйл байна уу?

Пагмадуламын тухай нэлээд зүйл байдаг. Тухайлбал, Маймаа хотын залуучуудын санаачилгаар 1924 онд “Амгаланбаатар” хэмээн нэрлэсэн хотод мужаан Дамдины гэрт нэгэн охин мэндлэхэд угаал үйлдсэн лам нь Пагма (Хутагт эх)-дулам (Гэтэлгэгч эх) гэсэн нэр айлдсан гэдэг. Бага насандаа буюу 5-6-тайдаа Үүлэн-Аа гэгч хүнээр монгол, манж бичиг гэрээр заалгаж, мөн хятад ярианы хэлтэй болжээ. Пагмадулам нь улаа бутарсан зууван царайтай, тас хар үстэй, алагласан хар нүдтэй, дуу цөөтэй, төлөв түвшин, олон аашгүй, шулуухан зантай, дуу хуурт авьяастай, уян зөөлөн өрөвчхөн сэтгэлтэй, сэргэлэн зантай гоолиг бүсгүй байсан гэдэг.
   
Ахмад зохиолч С.Буяннэмэх “Хавтасны шүлэг” нэртэй бичмэл дэвтэртээ “Пагмадуламдаа” гэж гарчиглаад
“Хар багын маань
Хаврын яргуй билээ, чи
Хатан зүрхний минь
Халуун цэг билээ, чи”
хэмээн бичсэнийг төрийн шагналт, профессор Д.Цэнд 1980-аад оны эцсээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хуучин сан хөмрөгөөс хуулан авснаа “Утга зохиол, урлаг” сонинд нийтэлсэн байдаг юм.

Монголын эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй, эрдэм номтой болгохын төлөө Пагмадулам шургуу тэмцсэн байдаг юм билээ?

Тийм шүү. Архивын нэгэн баримт сөхье. Намын Төв хорооны тэргүүлэгчид 1924 онд эмэгтэйчүүдийн байгууллага байгуулах тухай шийдвэр гарган МАН-ын Суртлын хэлтсийн дэргэд бүсгүйчүүдийн тусгай тасагтай болоход Пагмадулам энд ажилласан юм билээ. Бүсгүйчүүдийн тасагт ажиллаж байхдаа монголын бүсгүйчүүдийн өмнөөс МАН-ын III их хуралд баяр хүргэж үг хэлэхдээ “Бүх бүсгүйчүүдийн тусгай тасаг байгуулан сурган гэгээрүүлэн бүхий учир бидний бүсгүйчүүд бүгдээр баярлавч барахгүй бөгөөд одоо бидний бүсгүй гишүүдийн хүсэн горилсон хэрэг зүйлийг улмаар бататган дэлгэрүүлж эрх чөлөөг эдлүүлэн хүрээ хөдөөний олон бүсгүйчүүдэд нэгэн адил эрх чөлөөг эдлүүлж бүх Монгол улсын эмэгтэйчүүд эрдэм боловсролд дэвшин хөгжиж, эрх чөлөөг эдэлтүгэй. Бүсгүйчүүдийг  эрдэм соёлд боловсруулан улсын хэрэгт хэр чинээгээр зүтгэхийг эрмэлзсэн саналыг туйлд хүргэхийг ихэд итгэж горилно” хэмээн эмэгтэйчүүдэд эрх чөлөөг эдлүүлж, бичиг үсэгт сургахыг ихэд хичээж байсан байдаг.

Пагмадулам бүсгүйчүүдийн тасагт алба хашиж байхдаа тухайн үеийн томоохон хуралд оролцож байсан тухай МАН-ын III их хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийн хавсралтанд “Пагмадулам Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасагт 1924-1925 онд ажиллаж байв” хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн Пагмадулам алба хашихын хажуугаар бүсгүйчүүдийн эрх чөлөө, эрдэм боловсролын талаар сонин хэвлэлд өгүүлэл нийтлүүлдэг байжээ. Жишээлбэл, “Ардын цэрэг” сонины 1924 оны 7 дугаарт “Уран арга нь уулгалан байлдахаас илүү” гэдэг зүйл бичиж Монголын бүсгүйчүүд эрх чөлөөгөө олсны үрээр эрдэм сурах их зам нээгдлээ хэмээн Монголын бүх бүсгүйчүүдийг урин цаг руу уриалан дуудаж байв.

Д.Нацагдорж, Пагмадулам нарын Орост хамт суралцаж байсан тухайд нь ямар баримт байна?

Пагмадуламыг бүсгүйчүүдийн тасагт алба хашиж байх үеэр нөхөр Нацагдорж нь Ленинград хотноо сургуульд одох болсон тул гэргий Пагмадулам хамт явах болж Монгол улсын Гадаад явдлын яамнаас “Эдүгээ Цэргийн яамнаас томилогдож Ленинград хотноо цэргийн дээд сургуульд одуулах Нацагдоржийн гэргий Пагмадуламд бие хамгаалах бичиг нэгэн хувийг шийтгэн олгосон тул аливаа замд тохиолдох зах хязгаарын эрх баригчид ба түшмэд, цэрэг, цагдаа нар учрыг мэдэж саатуулан боогдуулалгүй туслан хамгаалж өнгөрүүлнэ үү” (Монгол улсын 15 дугаар он. 8 сарын 20) гэснээр Пагмадулам бүсгүйчүүдийн тасгийн албанаас чөлөөлөгдөж гадаадад сурах болжээ. Нацагдорж, Пагмадулам хоёр Орос улсад 1925 оны намар очиж, Нацаг Ленинград хотын Н.Г.Толмачёвын нэрэмжит Улс төрийн академид, Пагмадулам “Дорно дахины дээд сургуульд түр суралцаж байсан” мэдээ бий.

Тэд мөн хамтдаа Герман улсад суралцсан байдаг байх аа?

Тэр хоёр 1925 оны намраас 1926 оны хавар хүртэл Ленинградад сургуульд сурч байгаад сургуулийнхаа зуны амралтаар нутагтаа ирэх үедээ Ардыг гэгээрүүлэх яаманд өргөдөл гаргаж, “сонсвоос харьяат яамнаас Жибин (Япон) улсын Токио хотноо сургуульд хүмүүсийг явуулах” гэснийг сонсож Пагмадулам өргөдөл гаргажээ. Намын Төв хорооны зохион байгуулах зөвлөлийн 24-р хурал 1926 оны 9 сарын 11-ний өдөр болж тэднийг Япон явж суралцахыг зөвшөөрөөгүй юм. Харин тэр үед Ардыг гэгээрүүлэх яам дунд сургуулиудаас 16 хүүхдийг сонгон авч Герман, Франц улсад суралцуулах болсон учир Японд сурахаар өргөдөл өгөөд зөвшөөрөгдөөгүй хүмүүсийг “Герман улсад нэмэн одуулахад Нацагдорж, Пагмадулам нарыг томилохоос гадна одуулах сурагчдыг хэрхэн явуулахыг харьяат комисст эрхлүүлэн гүйцэтгүүлэхээр тогтов” гэснээр Пагмадулам баруун Европыг зорьсон юм билээ.

Пагмадулам 1927 оны 2 сарын 16-нд Герман, Францад сурч буй монгол сурагчдын удирдагч багш Ишдоржид илгээсэн захиандаа “Шавь нар бидэн энэхүү Виксдорф хэмээх сургуульд ирээд зарим өдөрт дөрөв ба мөн нэг хоёрын хэр сургууль хийдэг болой. Бидэнд тусгайлан багш гаргаж, онцлон заадаг нь герман хэл, бутархай тоо хоёрыг өдөрт нэг нэгээр ээлжлэн нэг цагийн хэр заадаг буй” гэж бичсэн байдаг. Мөн 1927 оны 4 сарын 6-ны өдөр бичихдээ “Берлин хотноо суугаа бидний дөрвөн сурагч (Нацагдорж, Бат-Очир, Санжаа, Пагмадулам) сар бүр 130 янчаан авч буй. Бид герман хэл бичиг заалгаж байна. Хичээл байдал бараг төлөв сайн оролдон буйгаас өөр онц зүйлгүй” гэжээ. Пагмадулам Берлин хотноо 1 жил гаруй хугацаанд герман хэлийг заалгаж байгаад 1927 оны 6 сарын эхээр Лейпциг хотноо шилжиж, нэгэн шинэ үйл явдал эхэлсэн билээ. Профессор Ф.Веллерийн бичсэнээр “Нацаг, Пагмадулам хоёр Лейпцигийн Конвенц дүүрэгт хоёр жижигхэн өрөөнд суудаг байсан” ажээ.

Нацагдорж, Пагмадулам хоёроос 1927 оны 9 сарын 2-ны өдөр бичсэн нэг захиандаа “Пагмыг мөнхүү хотноо Бүсгүйчүүдийн дээд сургууль хэмээхэд оруулах санаатай ба үүний урьд мөнхүү сургуулийн программыг авч үзсэн нь зүгээр сайн ба нэгэн эрхлэгч эхнэрээс асуулгасан нь болмоор байсан тул ая зүйг эрээд болох байх. Сурагч Нацагдорж, Пагма” гэжээ. Ингээд Пагмадулам Лейпцигт анхлан нэгэн хувийн дунд сургуульд орж сүүлдээ гэрээрээ герман багш хөлслөн хэл заалгаад 1929 оны хавраас эмнэлгийн лабораторийн сургуульд орсон байдаг. Энэ талаар Д.Нацагдорж “Пагмын сургуулийн мөнгийг сарын мөнгөнөөс суутгадаг. Бас багш авч хэцүү зүйлд туслуулахад сарын гучаад марк төлөх ба бас миний оройн сургуульд явахад 15 марк гардаг. 1927.11.30. Лейпциг, Нацагдорж” гэж бичсэн захиа нь ч Лейпцигт хэрхэн амьдарч байсны тодорхой баримт болдог юм.

Гэвч Пагмадулам Германаас дуудагдсан байдаг?

Пагмадуламыг нэгэн эмнэлгийн сургуульд орохыг завдаж байсан үед уг сургуульд нь суралцуулахгүйгээр нутагт нь дуудан ирүүлжээ. Энэ тухай Пагмадулам өөрөө Ардыг гэгээрүүлэх яамнаа мэдүүлэхдээ “Эмэгтэй сурагч Пагмадуламаас мэдүүлэх учир нь: Өчүүхэн хүн 16-р онд Герман улсад сургуульд одоод, энэ хавар цаг дуудсаныг дагаж, нэгэнтээгүүр биеийн өвчнийг сувилуулахаар ирсэн бөгөөд энэ тухай элдэв учрыг манай нөхрөөс тодорхойлон мэдүүлсэн тул өгүүлэх юун. Миний бие 2 жил илүү Германд сургуульд суухад хэл бичгийг төсөөлж, басүү бүсгүйчүүдийн тусгай сургуульд явж байсан бөгөөд тухайлан цус зэргийг шинжлэх лабораторийн ажлыг үйлдэх ба эмчийн дэргэд туслах, ариун цэврийг хамгаалах явдлыг гүйцэтгэх ийм нэгэн эмнэлгийн сургуульд орохыг завдаж байсан нь одоо буцаж эл сургуулийг хоёр, гурван жилд төгсгөн бүсгүйчүүдийг хоцрогдсон байдлаас хагацуулж тус улсын боловсролын явдлыг хөгжүүлэх хэрэгт өчүүхэн нөхвөр болсугай хэмээсэн үнэнхүү зорилгыг гүйцэтгэхийг хүсэхийн тул эл байдал учрыг толилж харьяат яамны буюу эрүүлийг хамгаалах газрын орон тоогоор эдүгээ эгүүлэн илгээж, сургуулилан үүсгэснийг хоёрын хооронд хоосоор болгон орхигдуулахгүй болгохыг эрсүгэй. Сурагч Пагмадулам. 19 дүгээр оны 8 сарын 26” гэсэн өргөдөл гаргасан боловч зөвшөөрөөгүй тул Германд буцаж очоогүй юм.

Яагаад буцаж очоогүй юм бэ?

Пагмадуламтай хамт сурч байсан Д.Эрэгзэний бичсэнээр “1929 оны 2 дугаар сард бид эх орондоо буцаж ирэв. Бид хоёрхон удаа захиагаар харилцсан. Удалгүй Нацагдорж, Пагмадулам хоёр буцаж ирсэн” гэсэн бөгөөд Германы эрдэмтэн С.Вольф “Нацаг, Пагма хоёр Лейпцигт хэсэг зуур байгаад Улаанбаатарт буцсан. Түүнээс хойш миний бие юм сонсоогүй” гэжээ.

Гэргий Нина Чистякова, охин Ананда Шири хоёрынх нь талаар тодорхой зүйл архивын эх хэрэглэгдэхүүнд байна уу?

Тэмдэглэгдээгүй байдаг. Харин охиных нь талаар сонин хэвлэлд бол бичигдсэн юм бий.

Эцэст нь асуухад, Дашдоржийн Нацагдорж гэж таныхаар хэн бэ?

Монголын их зохиолч Дашдоржийн Нацагдорж бол төрсөн нутаг, түүнчлэн Монгол эх орон, цаашлаад таван тивээс одон ертөнцийг хүртэл цуурайтсан суут алдарт зохиолч мөн билээ.