Нэг. Хүн төрөлхтний анхны нийллэг.


Социалист  тогтоц нүүдэлчин монголчуудын амьдралд олон сонин ул мөр үлдээсний нэг нь нийллэг. Дөрвөн цагийн эргэлтэд малаа даган уйдаж ирсэн монголчуудад нийллэг  жигтэйхэн таалагдав. Цалин буухаараа хэд гурван цаас нийлүүлж ганц шил архи босгоод хувааж ууна. Ажилчин албан хаагчид, оюутан сурагчид байгууллагаараа, анги хамт олноороо нийлнэ. Бас хэн нэгэнд гай зовлон тохиолдоход мөнгө нийлүүлэн өгч буян үйлдэнэ.

Харин хүн төрөлхтөн мянганы тэртээгээс иргэншин суурьшиж эхлэсэн тэр цагаас “нийллэг”-ийн санаа эхтэй.  Бүгдээрээ анчин, малчин явсан хүмүүс иргэншин суурьшиж тариалан эрхлэхийн хэрээр дундын эрх ашгаа санхүүжүүлэх хэрэг гарчээ. Тариа  будаагаа дээрэмчдээс хамгаалахын тулд өдөр шөнөгүй харуул манаанд зогсох нөхрийг цалинжуулах мөнгийг бусдаас нь татварлахаас өөр замгүй. Суурин иргэдийн “нийллэг” найр наадам гэхээсээ илүү нийт дундын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй болон гарч ирсэн гэсэн үг. Үүнийгээ татвар хэмээн томьёолж иржээ. Нийллэгт ижил хэмжээний мөнгийг нийлэхийг хүссэн талууд гаргана. Харин татварыг хүсэн хүсээгүй бүгд гаргах шаардлагатай учраас орлогын тодорхой хувьд ногдуулах болжээ.  Аюулгүй байдал, нийгмийн халамж хамгаалалтыг татвар төлсөн төлөөгүй бүгд хүртдэг учраас “орлогоо нуух”, “татвараас зугтах явдал”-тай хатуу тэмдэг уламжлал тогтжээ. Зөвлөлтийн талд давхар ажиллаж , АНУ-ны коммунист намын нууц санхүүгийг мөнгийг зөөдөг байсан Америк тагнуулчийн дурсамжид байдаг даа. Тэрээр Зөвлөлтийн удирдагч Л. Брежневт хэлсэн байдаг юм. Манай америкт хүн алчихсан байхад сайн өмгөөлөгч хөлслөөд шүүхээс мултрах боломж бий. Харин татвараар ороогдвол хэнбугайч өршөөгдөх талаар горьдох хэрэггүй тухай ярьсан аж.

Иргэншсэн ертөнцийн шашин суртал ч татварыг зайлшгүй байх ёстой шударга үйл хэмээн үзэж ирсэн нь Иусус Христийн “Хааны зурагтай зоосыг хаанд нь өг” гэсэн сургаалиас харагддаг.

Хоёр. Нүүдэлчдийн татвар бол толгой бөхийсний илэрхийлэл.

Гэтэл нүүдэлчин,  тал нутгийн дайнч баатруудыг хувьд татвар их өөр утгатай. Эзлэгдсэн газар орнууд, дагаар орсон албатын зүгээс эзнээ хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл маягтай ойлгогдоно. Хураасан татвар ч нийгмийн сайн сайханы төлөө зарцуулагдахаасаа илүү эзэгнэгч, ноёрхогч орны, тухайлбал монголчуудыг зугаа цэнгэл, дайны ашиг хуваарилалтад зарцуулна. Ийм учраас ялагдсан нь ялсандаа өгдөг зүйл бол татвар байв.

Нүүдэлчдийн удирдагч нь ард олноосоо “цэрэг дайнд байнга бэлэн” байхыг шаардахаас бус улс орны боловсол, эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэх хөрөнгө татварлах нь  бараг үгүй. Харин ч өөрт нь үнэнч байсны шагнал болгож дайны олз, эзлэгдсэн орнуудын татвараас зохих хувийг олгоно. Ойлголт их энгийн “хэрвээ чи татвар төлж байгаа бол хэн нэгэнд ялагдан эрхшээлд нь оржээ гэсэн үг”, харин “татвар татаж байгаа бол чи ялалт байгуулж бусдыг эрхэндээ хураасны нотолгоо” ажгуу. Ийм учраас нүүдэлчин монголчууд ба иргэншсэн ертөнц хоёрт татвар хоёр өөр янзаар ойлгогдоно гэсэн үг.

Хувьсгалын жилүүдэд иргэншин суурьшиж, соёлоор довтолж эхэлсэн  монголчуудын татварын тухай ойлголт бас л сайжирсангүй.  Системийн удирдлага нь тогтоцоо зөвтгөхийн тулд жам ёсны ертөнцийн бүхий л дэг ёсыг муулна. Эдний дотор татвар орно. Сурагчид дунд ангид шилжиж эх орныхоо түүхийг судалж эхлэхэд нэгэн ер бусын зурагт хуудас тосдог байв. Уранхай ноорхой эр маш том баглаа үүрч, дээр нь хоёр хүн суужээ. Ноорхой эр бол ардтүмэн бөгөөд ачаа нь татвар, дээр нь суугаа этгээдүүд бол татвар хураагч, захиран зарцуулах эрх мэдэлтнүүд ажгуу.  Сурагчид сэдвийг судалж дуусахдаа “албан татвар бол мөлжлөгийн хэлбэр” гэсэн афоризмтой үлдэнэ.

Социалист нийгэмд иргэдийн хувийн өмчийг хураан авсан тул орлогт ногдуулах татвар гэхээр юм бараг байсангүй. МАХН, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн, Үйлдвэрчний эвлэлийн гэхчлэнгийн татвар байвч онхи өөр утга учиртай. Жишээлэхэд, намын татвараар дамжин эрх барих бүлэгт хандив өргөж, албан тушаалаа хадгалах дэвших боломж олно. Өөрөөр хэлбэл найман зууны тэртээд байсан мөнөөх үнэнчээ, эрхшээлд байгаагаа татвар өргөн барьж илэрхийлэх уламжлал үргэлжилж байна гэсэн үг. Ер нь л татвар төлөх нь нэг л буруушаагдсан байдалтай. Жишээлэхэд, хүүхэдгүйн татвар гэж татвар байв. Насанд хүрээд гэрлэхгүй, хүүхэд гаргахгүй бол буруушаасан маягтай. Хүнтэй суухаасаа өмнө хүүхэд гаргавал энэ татвараас чөлөөлөгдөж байх жишээний

Гурав.Төр, татвар хоёр.

Манай эрины гурав дахь мянганы босгон дээр монгол орон ардчилал зэх зээлийн уламжлалт тогтолцоонд оров. Соёлт ертөнцийн жишгээр татвар, татварын байцаагчтай, тэд нар нь дүрэмт хувцастай, базарваань.  Татварынхны сүр сүндэрч гэж айхавтар. Шоронд явуулна.

 ХХ зууны их хядлага хэлмэгдүүлэлтээс ч болсон уу, монголчууд албаны дүрэмт хувцастай хүнээс айна. Формоо өмсчихсөн хэдэн байцаагч хавтас сугавчлаад орж ирэх нь  КГБ-ийн зөвлөх  нэрийн жагсаалт цүнхлээд ирэх мэт.

Ойр дотныхноо “За цагдаа, яамны (аюулаас хамгаалах)  улсад л үнэнээ ярьж болдоггүй юм шүү” гэсэн захиасан  дор хүмүүжсэн үеийнхэн яг л тэр мэтээр “Татварын газар”-аас зайгаа барив. Цагдаа, яамныхан чиний хэлсэн дотроос ямар нэг өлгөх юм олж аваад шоронд хийчихдэг шиг татварынхан чиний тайлан дотроос  “гэм хилинц” олохоо л олно гэж үзнэ. Нийгмийн хандлага ийм байлаа.

Ер нь хүмүүст хууль дүрэм зөрчөөд байх сонирхол байдаггүй, харин санаандгүй хийсэн зүйлс дотроос нь гэмт хэрэг болгоод мушгиад явчих юм гараад ирэх вий гэдэг  айдас байдаг. Ялангуяа бүхэл бүтэн гурван үе нь юухэн хээхнээр дайсан болгож болдог тогтоцод амьдарсан бидэнд бүр их бий.

Нөгөө талаас  татварынхан  монгол маягийн “Төрийн” хүмүүс байлаа. Нүүдэлчид бусдыг айлгаж, хүний хувь заяа өөрөөс нь хамааран дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг харах их дуртай. Ялагдсан овог аймгийнхны амь гуйсан арчаагүй төрх, эрхэнд нь унасан этгээдийн бөхийлтээс ялалтаа мэдэрч ирснийх юм болов уу?

Өнөөдөр монгол төрийн албан хаагч ч ийм онцлогтой. Айлгамааргүй юман дээрч сандраахыг бодно. Туслах гэсэн хүнээ ч эхлээд үйлийг нь жаахан үзнэ. Энэ бол тал нутгийн овог аймгийн дунд өөрийгээ зөвшөөрүүлдэг морьтан баатруудын иймэж д дээ. Ер нь “хэн нэгэн чамаас айж байвал чи оршин тогтнож байна” гэсэн философи. Манай төрийн бүх албан хаагчид энэ байдал бий. Хүн өөрөөс нь айхгүй бол сэтгэл тавгүйтээд л, ажлаа муу хийж байгаа юм шиг санагдана. Эсвэл хэнч өөрийг нь тоохгүй байгаа мэдрэмж төрөн гутрах жишээний.Татварынхан ч гэсэн төрийн л албат, тэр тусмаа монгол төрийн албат учраас бусдаасаа юугаар ялгарах билээ, тийм л байгаа.

Уламжлалт ойлголт, социализмын үед шингээж өгсөн буруу суртал,  өнөө үеийн төрийн албаны нэр хүнд хангалтгүй байгаа зэрэг шалтгаанууд нь “татвар” ба түүний “алба”, “албат-уудын ерөнхий иймэжийг бүрдүүлж байна гэсэн үг. Монголын татварыг дотроос нь харахад иймэрхүү.
 
Дөрөв. Гаднаас харахад...

Саяхан монгол хэлнээ буусан Стив Форбес, Элизабет Эймз нарын  “Капитализм биднийг яагаад аврах вэ”[1] номд Латви болон Монголд нэвтрүүлсэн татварын  тогтолцооны нэг шатлалтай, тэгшитгэсэн системийн ач тусыг магтаад , энэ аргыг Америкт нэвтрүүлэх ёстой хэмээн үзжээ. Дотроос нь харахад сүрхий ч үгүй санагдах манай татварын тогтолцооны шинэчлэл, механизмын шинэтгэл нь гадаад ертөнцөд сүрхий тоогддог үнэлэгддэг болтой юм.

Татвараас зугтаах аргагүй гэж үг бий. Хэрвээ татвараас зайлж чадсан хүн байдаг бол тэр нь Робинзон Крузо л байх гэдэг. Зөвхөн татвар хураах байгууллагын хурц хараа,сонор сэрэмжийн тухай гэхээсээ илүү нийгмийн харилцааны дунд нийгмээс тусгаарлагдан орших аргагүй тухай санаа юм. Учир нь татвар эцсийн дүндээ жирийн хэрэглэгч ард түмэн дээр тусч байдаг. Авсан бараа үйлчилгээ, хайрцаг шүдэнзэнд хүртэл бүх төрлийн татварыг шингээгээд борлуулдаг. Гудамжны буланд тамхи сорон зогсож буй зайгуул эр ч гэсэн татвар шингэсэн янжуур худалдан авсан учраас татвар төлөгчийн төлөөлөл болно. За тэгээд цалин дээрээс суутгадаг орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг дурьдах юун.

Эцсийн хэрэглэгчийн, жирийн хүн ардын “зайлах газаргүй” төлдөг энэхүү нийллэгийн хөрөнгийг хатуу чанд хамгаалах логик чухам эндээс үүджээ. Түүнчлэн төсвийн хөрөнгийг “татвар төлөгчдийн мөнгө”, “татвар төлөгчдийн хөрөнгө” гэхчлэн нэрлэх болсон нь нийтийн сан хөмрөгийн өмнө хүлээх хариуцлага, иргэний сонор сэрэмжийг нэмэгдүүлсэн алхам гэж үздэг юм билээ.
Энэ хөрөнгийг анхан шатнаас нь ажил  үйлчилгээ эрхлэгч, ажил олгогч, татварын байгууллагаар дамжин улсын сан хүртэлх замыг хамгаалах, ил байлгах нь ялангуяа “шилэн” ил тод төрийн гол зорилго ажгуу. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгө ажил олгогч дээр гацдаг уу,  хураасан газар нь байна уу гэдгийг нийтээрээ харах боломж бүрдэнэ.

Ухаандаа саяхан НӨАТ-ын тодорхой хувийг эргүүлэн олгох систем хөгжүүлсэн байна. Тайваньд нэвтрээд үр дүнгээ өгөөд манайхан одоо авч буй аргачлал ажээ. Иргэд худалдан авалт хийхдээ тусгай дугаар бүхий баримт авна. Энэ баримтан дээр дахин давтагдахгүй дугаар байх юм байна. Тэр дугаар нь цаанаа бүртгэгдээд жилийн эцэст буцаан олголт хийгдэнэ, харин сар бүр сугалаа тохируулна.

Юуны өмнө тэнд бүртгэгдсэн 10 хувийн НӨАТ-ийнхээ 20 буюу худалдан авалтынхаа 2 хувийг жилийн эцэст буцаан авна. Дундаж амьдралтай айл жилдээ 200 гаруй мянган төгрөг буцаан авах тооцоо гарчээ.

Сугалааны ГУРВАН орон таарсан хүн багахан хонжвор, харин НАЙМАН орон таарвал 100 сая хүртэл төгрөг хожих боломжтой. Сугалаа яах гэж хийгээд байна гэхээр, ийм гэнэ.  Худалдагч нар  “НӨАТ-ын падаанаар яах нь вэ, та жилийн эцэст хоёрхон хувь л буцаан авна. Харин таньд арван хувь хямдруулаад бэлнээр өгчихье” гэдэг саналыг сөргүүлэн хийж байгаа ажил юм байна. Учир нь тэнд 100 саяыг хүртэл хожих боломжтой  “азын дугаар” байгаа тохиолдолд ямар ч хүн “За даа, падаанаа л авдаг юм уу” гэх бололтой.

Кассын машингүй наймаач, худалдаач нар зориулсан гар утас, таблетаар төлбөрийн баримт олгох хувилбар бас байгаа юм байна.

 Сониноос, орлого тодорхойлох боломжаар тааруу жижиг бизнес эрхлэгчид ч татварт бүртгэлтэй байхыг хүсэх болсон гэнэ. Учир нь тэд бизнесээ өргөжүүлэх, эсвэл орон сууцны зээлд хамрагдах гээд банкин дээр очиход  зээлийн баталгаа, миний орлого үзүүлчих баримт байдаггүй  хар дэвтэрт бичсэн “Өнөөдөр 10 оймс зарав” гэсэн тэмдэглээ л харуулдаг аж. Банк юу гэж тэрэнд итгэх билээ.

 Эрнэндо Сото “өмч хөрөнгө бүртгэгдэж байж үнэ цэнэтэй болдог” тухай хичээнгүйлэн сэнхрүүлсэн байдаг даа. Тэгэхээр шинээр нэвтрүүлж энэ ажил нэг талаасаа  орлогыг бүртгэлжүүлэх, нөгөө талаасаа эцсийн хэрэглэгчийн төлсөн татварыг  улсын санд алдагдалгүй хүргэх хоёр чиглэлтэй аж.

Эдийн засаг, нийгмийн байдал баргар байна. Гэхдээ баргар байгаа нь баярлахаар гялбаа үгүй гэсэн үг биш гэдэгсэн. Манай татварын тогтолцооны систем, шинэтгэлийг гаднаас нь харахад ийм үзэгдэнэ.



--------------------------------------------------------------------------------


[1] Энэ ном Т.Баттулгын орчуулгаар удахгүй хэвлэгдэнэ.