АН-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд... нарын улстөрчдийг муу хэлж, гутаан доромжилж, элдвээр баалах нь өнөөдөр газар авч байна. Ер нь бол эрчимжиж байна. Хэдхэн өдрийн өмнө Оюу толгойг хөдөлгөж чадсаных нь төлөө уг нь тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой санагдана. Манайхны нэг муухай зан бол ажил хийсэн, ажил хийе гэсэн бүгдийг ингэдэг, элдвээр хэлэх үгс нь аман дээр нь бэлэн байцгаадаг. Тэр нь л болж байна.

Дээрх эрхмүүдийн улс төрд явж ирсэн замнал, мэдлэг туршлага бол гарцаа байхгүй энэ улсыг удирдах хэмжээний уураг тархи мөн. АН-ын оюун санаа болсон хүмүүсийн хэсэг мөн. Өрсөлдөгч намуудад нь эдний үеийнхэн бас уураг тархи нь болж яваа. Үе насны өрсөлдөгчид өсөрхүү байна гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ тэдэн рүү хандсан дайралт бүхэн үеийнх нь өрсөлдөгчдөөс гарч байгаа нь хэнд ч харагдаж байна. Удахгүй шинэ он гарлаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэж одоо байхгүй байх. Тийм болохоор Сайханбилэгтнүүд хийх юмаа хий. Айх эргэлзэх зүйл байхгүй болсон. Огцорно гэсэн болгоомжлол байдаг бол наадах чинь илүү зан. Сая та нар уул уурхайн эсрэг популизмын оргил үед Оюутолгойг хөдөлгөж чадлаа. Энэ бол та нарын ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа. Нэгэнт гэрээ байгуулаад хөдөлсөн гадаадын хөрөнгө оруулалттай ийм том төсөл одоо Олон улсын гэрээ конвенциор явна, Олон улсын хамгаалалтад орлоо гэсэн үг. Ингэж баталгаажсан том төсөл дор хаяж 50 жил үргэлжилнэ. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд популистууд яаж ч орилоод Мэнэнгийн талд хашгирахтай адил. Ер нь бол Ерөнхий сайд гэдэг хүн гарын үсэг зурах эрх олгодог л албан тушаалтан. Монголын эдийн засгийн өнөөдрийн онцгой онцлог бол нэг шөнийн дотор сэргэж, аль эсвэл нэг шөнийн дотор унах тийм эдийн засаг. Үүгээрээ бусад орноос ялгаатай. Ийм эдийн засагтай улсын Ерөнхий сайд эх орноо хагас жил битгий хэл хагас сарын дотор сэв хийтэл сэргээх боломжтой. Оюутолгойн далд уурхайн төсөлд зарцуулагдахаар байршсан 4.4 тэрбум ам.долларын нэг тэрбум нь ороод ирэхэд л манай эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Өнөөдөр Монголд л мөнгө ховор байна гэж байгаагаас бус дэлхийгээр дүүрэн хийх ажлаа хүлээсэн мөнгө хэвтэж байна. Дэлхийд 1200 орчим банк, санхүүгийн байгууллага, сангуудад тоолж багцаалшгүй их хэмжээний мөнгө байна. Жишээ нь Арабын ертөнцийн хамгийн баян Абу Дабигийн санд гэхэд дунджаар найман триллион ам.доллар хийх ажилгүй хэвтэж байна шүү дээ. Хүү нь 0.8 хувь. Ийм сангуудыг олноор дурдаж болно. Зүгээр дашрамд сонирхуулахад ийм их хэмжээний мөнгө дэлхийд хийх ажил нь олдохгүй болохоор зарим нь бүр аргаа бараад одоо энэ дэлхийг сүйрүүлэх шахаж буй Исламын улс бүлэглэл мэтийн бохир бизнес рүү оруулаад гаргах жишээтэй. Гэтэл Монгол Улсад хийх ажил нь хэмжээлшгүй их байдаг. Нэг л их гадны хөрөнгө оруулалт ярьсан хүмүүс гүйлдээд байдаг. Ганцхан улс төрийн тогтворгүй байдал нь бүгдэд садаа. Япон мэтийн барууны орнуудын төв банкны бодлогын хүү 1-3 хувь байгаа. Манайх бол 13 хувь. Манайх тэднээс хүзүүгээр татсан их мөнгө авч болно. Өгөх сонирхол ч маш их бий. Бас л болохгүй байгаа нь манайд компани-улс төрийн засаглал хоёр нь ялгагдахаа байчихсан байдал. Ийм л нөхцөл байдал дунд байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ганцхан хууль л УИХ-аар батлуулахад энэ их мөнгийг татаж болно. Тэр хуульдаа хамгийн хурдан мөнгө татаж болох таван том төслөө тусгах, удаад нь Засгийн газар нь баталгаа гаргаж өгөх, гуравдугаарт нь Олон улсын гэрээ хэлцлийг үг дуугүй даган мөрдөхөө батлуулах. Энэ нь нэг үгээр ОУ-ын бизнесийн ёс зүй, дэг жаягийг үг дуугүй дагахаа хуулиар баталгаажуулж авна гэсэн үг. Энэ хуулийг батлуулсны маргаашаас нь “эх орончид” түүнийг урвагчаар нь, эрлийз хурлийзаар нь дуудах нь тодорхой. Том хүний үйлдэл тухайн үедээ зөв харагдахгүй байх тохиолдол олонтой. Цаг хугацаа үнэнийг нь ойрхон хэлээд өгчихдөг. Тэгэхээр сайханбилэгтнүүд Тавантолгойгоо хөдөлгө, жижиг хэдүй ч Гацууртын ордыг хүчээр хөдөлгө. Популистууд Гацууртыг амь насаараа хамгаална гээд зогсоосон. Одоо яав, нинжа нарын хоол болоод дууслаа. Дээр нь Эгийн голын төсөл, Шинэ төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн парк, Тавдугаар цахилгаан станц... гэх мэтчилэн цөөнгүй станц, уул уурхайн төслүүд хүлээлт бий болгоод байна. Хятадын эрчим хүчний хэрэгцээ ойрын таван жилд хоёр дахин өснө. Энэ нь дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэгцээ. Монгол Улс Шивээ-Овоогийн станц, Тавдугаар цахилгаан станц хоёроо ашиглалтад оруулаад эрчим хүч үйлдвэрлэж урд хөршид экспортлоход өнөөдөр 30 доллараар өгч байгаа нүүрсээ 150 долларт хүргэнэ. Ингэж чадвал Та бүхэн хагас жилийг хагас зуун жил болгосонтой адил гайхамшигтай үйл хэргийн эзэд болно. Яагаад гэвэл үр өгөөж нь дэндүү их. Монгол Улсыг диваажин болголоо гэсэн үг. Сүүлийн 20 жилд Монголын ард түмэнд ганц сайн гавьяа байгуулсан хүн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр. Түүний Оюутолгойг хөдөлгөсөн зоримог алхам ам.долларыг 1300 төгрөгт хичнээн жил барив. Хэрэв С.Баяр Оюутолгойг хөдөлгөөгүй бол бид өлсөөд, доллар тэнгэрт гараад дуусах байлаа. Эсвэл Хятадын сая цэрэг говьд орж ирээд өнөө “Толгой”-нуудыг чинь олны хүчээр хүрздээд дуусгах байлаа. Эсвэл оросууд төмөр замаар бүгдийг зөөх байлаа. Яг Мардайн ураныг зөөсөн шигээ. Соц нийгэмд монголчууд Мардай гэж ураны асар том баялгаа мэдэж байсан юм уу. Оросууд тэрүүхэн тэнд нь тусгай улс бий болгож аваад, төмөр зам тавиад, тэгээд л өдөр шөнөгүй зөөж байсныг. Яг л түүн шиг Оюутолгойд оросууд ажиллагаа явуулах байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ хоёр хөршийг дагавал монголчууд юу болдгийг мэднэ. Мөнгөтэй орнууд манай төмөр замд олон сая доллар оруулъя гэсэн. Оросууд тэр их мөнгөнд саад хийсэн. Тэр байтугай Оросын Төмөр замын нийгэмлэгийн дарга В.И.Якунин “Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг юм” гэж хэлээд зогсоосон шүү дээ.

Болж өнгөрсөн хийгээд одоо өрнөж буй үйл явц юу хэлээд байдаг гэхээр ерөөсөө барууны хөрөнгө оруулалтыг бид чөлөөтэй татах, оруулах, ашиглахыг хэлж байгаа юм. Үүнд бидэнд хэн ч саад хийх эрхгүй. Сайханбилэгтнүүд та бүхнээс  бие даасан улсын, биеэ даасан удирдагчийн эдийн засгийн болон, улс төрийн зоримог алхам хийхийг ард түмэн хүсч, харж, шаардаж байна. Энэ бүгдийг хийж чадаад огцорсон ч сайханбилэгтнүүдэд ашигтай. Ард түмэн өөрсөндөө сайн юм хийсэн улстөрчийг мартдаггүй. Үргэлж сайнаар дурсдаг. Сайнаар дурсана гэдэг та бүхэн түүх болсон хэрэг биш. Харинчиг хол юм шиг хэрнээ маргааш нь шахуу хатираад ирдэг сонгуулиар ард түмэн та бүгдийг алга ташин хүлээж авна гэсэн сайхан хэрэг юм.