Энэ асуултын хариултыг хүлээж байгаа хүн цөөнгүй. Огт палийгүй нь түүнээс ч олон байж мэднэ. Одоогоос долоон жил гаруйн өмнө Х.Баттулга гэдэг гишүүн улс төрийн хүрээнд зүгээр нэг жүдочин байснаа ганзгачин байхдаа цуглуулсан хөрөнгөө шавхан бизнесмэн гэдэг гоё нэртэй болж, түүндээ дөрөөлөн сайдын суудалд хүртлээ тодорсон л нэгэн байв. Хүнд нэг тийм аз, амжилт бүхэн атганд нь багтдаг зурвасхан үе байдаг даа. Магадгүй тэр “гялбаа” нь ч хэзээ язааны улстөрч болж, хээгүй гүдэс байдал нь хүн хүнд аятайхан санагдаад л байдаг сонихон имижийг аяндаа бүрдүүлчихсэн байж мэднэ.

Гэвч хэчнээн азтай хүнд ч аз харих, амжилт буурах,  хатуухан хэлэхэд карьер ханах үе гэж бий. Хэзээ вэ, яагаад гэдэг нь л чухал болохоор цагийн механизмтай тэсрэх бөмбөг л гэсэн үг. Харин Х.Баттулга гишүүний хувьд долоон жил эх оронч имижээр олон түмнээр хайрлууллаа. Гэр бүл хүртэл долоо дахь жилээ давах чухал байдаг гэнэ билээ. Тэгэхээр энэ эгзэгтэй үед түүнд юу тохиолдов. Айхавтар гялалзсан өндөр мэдлэгээр “зодож” удирдагч болоогүй ч буйгаараа л түүнд шингэсэн “татах хүч”, гүндүүгүй монгол эр хар ухаан нь “дуусчихлаа” гэж үү.

Тэр алдаа гаргажээ. Эх оронч гэдэг үг улстөрчид төдийлөн “хань болдоггүй” имиж бололтой. Тэгээд ч монгол хүний цусанд шингэсэн үндэсэрхэг үзлийг ашиглан хувь, хувьсгалын олон эрх ашгийг зэрэг хамгаалах “мэх” нь ямар нэг цэгт хүрээд гацав. Түүнд хуульч анд нөхөр, юу ч даалгасан биелүүлэхэд бэлэн төдийгүй даалгаж буй ажлаар нь мэргэшсэн зэрэг төрөл бүрийн чадвартай “салаа цэрэг” байлаа. Магадгүй, олон нийт дэмжлэгээр хүрээлсэн мөчид салаа цэрэг нь армийн дайтай санагддаг байсан ч байж мэдэх. Тиймдээ ч “хошой сайд” байх үедээ эртний журмын анд, эдүгээгийн Төрийн тэргүүнтэй хүртэл ажлаас болж ам мурийж байсан нь алдаа болсон байхыг үгүйсгэх аргагүй. Ард түмэн гэдэг хоосон, төр бүр ч хоосон гэдгийг цаг хугацаа түүнд яг энэ мөчид төвөггүй нотолж өгөв үү дээ.

Өнөөх хүрээлэл хаачив. Арми шиг харагдаад байсан салаа цэрэг яачихав. Ард түмэн гэдэг маань амь, амьдралаа л гэсэн иргэн бүр юмсанж. Тэдэнд төрийн нуруу түвшин түмэн олон амгалан байх чухал болохоос хэзээ нэг цагт, хаа нэг газраас “дайсан” ирэх гээд байгаа мэт айдас хүйдэс хэрэггүй аж. Бүр тэр нь тодорхой байсан ч юу юугүй өрх гэрийнх нь үүд хаалгаар ороод ирээгүй л бол хатуухан хэлэхэд падлийгүй юм байж. Хориод жилийн тэртээх үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын талаарх иргэн ба төрийн хамаарал, Хятад Монголын харилцаа сэлт нь өөрчлөгдөж ёстой л салхи эргэнэ гэгч болжээ. Бизнес хийдэг бүхэн дэлхийд ноёрхож буй Хятад гүрнээс хамааралгүй ч гэсэн нэг дэлхий дээр оршиж буйгаа, хаяа дэрлэн байршиж байгаагаа зөв үнэлж дүгнэж үзэн ядахаас илүү зөв зохистой хамтрах, болж өгвөл “хөөрхөн” ашиглаад авахыг бодож байна. Дэлхийн аль ч орны бизнес эрхлэгчидтэй харилцаж, санаа бодлоо солилцдог болсон. Үүнийг Х.Баттулга гишүүний бараг овог нь болсон “МоАХ” хүсээгүй, ингэтлээ өөрчлөгдөхөд нь оролцоогүй гэж үү.

Өнөө хэр нь Х.Баттулга, түүний нөхдийг дэмждэг олон нийтийн хүрээлэл хэвээрээ буй. Харин тэдний итгэж дэмжиж явсан тэр хүн, түүний багийнхан хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг нь дэмжигчдэд нь “тормоз” гишгэхэд хүргэв. Харамсалтай нь энэ “тормоз” яг л галт тэрэгнийх шиг, автомашиныхаас өөр, арай урт байдаг юмсанж. Учир нь анх их итгэсэн байх тусмаа дахиад итгэх үү, байх уу гэдэг эргэлзээ “зузаардаг” аж.

Бараг өдөр бүр. Х.Баттулгын багийнхны “хэрэг явдлын” талаар мэдээлэл уншиж байна. Түүнд итгэсэн, түүнийг дагасан хүн яадгийг, яасныг мэдэх гэж, эх оронч хүн яаж “гэмт үйлдэл”-ийн ард байдгийг /хэрэв энэ бүхэн үнэн бол шүү дээ/ уншдаг хэсэг олон байгаа харагдана. Гэхдээ нэг сонирхолтой асуулт дагаж байгааг анзаарав уу. Яагаад Х.Баттулгын туслах байснаа яамны Төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга болтлоо дэвсэн Б.Батзаяад холбогдох хэрэг ингэтлээ задгай урсана вэ. Бүр “Н.Энхбаярын хэрэг” гэгчээс илүү задарсаар байгаа юм бол. Сонин байгаа биз. “Муу нэрт” сөрөг хүчнийхэн Х.Баттулгатай арсалдсан бол өөр хэрэг. Гэтэл цагдаа, хүчний байгууллага ч, бизнесийн өрсөлдөгчид нь ч тэр чигээрээ АН-ынхан. Бүр бидний товчилж хэлдгээр “төрийн гурван өндөрлөг” нь хүртэл цул АН-ынхан гээд бод доо. Хамгаалж, хаацайлах улс төрийн болон хуулийн хамгаалалт хангалттай байтал Х.Баттулгын өмнөөс түүнд зүтгэж байсан хэдэн залуус чичирч сууна гээд бодохоор  “АН тэр чигээрээ Х.Баттулгыг хөсөр хаялаа гэж үү” гэмээр санагдана. Тиймээс ч АН муухай харагдаад байгаа хэрэг. Муухай харагдаж байгаа нь ирэх сонгуулийн “аз, эз”-ийн асуудал байлаа гэхэд муухай харагдуулж байгаа нь түүний карьерыг бүрмөсөн дуусгах асар том хүч хавсарсан ажиллагааных мэт.

Одоо Х.Баттулга гишүүнд үгээ хэлэх л үлдэв. Өөрийгөө аврах уу, эсвэл “намын нэр хүнд уначихна” гээд улс төрийн хамгаалалт ч болохгүй намыг хаацайлаад суух уу. Бөх Х.Баттулга ямар өвсөнд бүдрэв. Түүнийг дэмжиж байсан хүмүүс хоёр л хариулт хүлээж байгаа болов уу. Угаасаа гарц нь тийм юм чинь.

Эхний хариулт. Би чин шударга ажилласан боловч Төрийн тэргүүн тэргүүтэй олон хүний дургүйг хүргэснээс болоод манай нам намайг хэлмэгдүүлж байна. Нотолгоо нь энэ гээд дэлгэх хэрэгтэй.

Эсвэл, би буруу ажиллажээ. Миний даалгаснаар ажилласан залуустай хамт хариуцлага хүлээнэ гэх үлдлээ. Тэгэхгүй бол түүний даалгавраар ажиллаж байсан залуусын “хэрэг” гэгч алхам бүртээ батлагдаж, гарын үсэг, данс хараагаар нотлогдоод байгаа юм биш үү. Тэгж л уншиж, ойлгож байна. Тэдгээр залуус өөр өөрийн амьдралтай. Гэвч өнөөдрийг хүртэл Х.Баттулга гишүүн мэдүүлэг өгсөн болохоос хоригдоогүй байгаа нь нэгдүгээрт, түүний залуус түүнд үнэхээр үнэнч юм. Хоёрдугаарт, Х.Баттулга гишүүн, сайд, улстөрч, цаасан дээр мөр үлдээдэггүй “их гарын луйварчин” байж ч болох талтай.

Ямартай ч хөлөг онгоцонд аюул учирсан тохиолдолд ахмад зугтаж болохгүй. Арга ядвал амиа хорлоод ч атугай эрсдлээ хамт үүрэх учиртай. Нэгэн цагт Х.Баттулга гишүүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгоход ч бэлэн байсан олны итгэл, хүрээллийг бодож эрхэм гишүүн тайлбар хийх цаг нэгэнт болжээ. Түүнээс “Худлаа” гээд үнэнийг нотлохыг хүсэж буй хүн цөөнгүй ч удаа дараа “тодруулгах өгөх”-дөө дэмжигчдэдээ сэтгэлийг нь гийлгэх гавьтай үг хэлж байсангүй. Өнөөх л “улс төрийн хэрэг” гэх бөөрөнхий, цухалдам тайлбар төдийхнөөр урам хугалсаар байгаа нь айсуй сонгууль хүртэл аргацааж байна уу даа гэлтэй. Түүний даалгаврыг биелүүлж, төрд зүтгэж байна гэж дарцагласаар өнөөдөр торны цаана, эсвэл хилийн цаана хоригдчихоод байгаа тэр залуусын гэр бүл, ойр дотныхонд одоо ямар санагдаж байгаа бол.

Ард түмэн нэг эх орончоор ч дутдаг. Түүний бичсэн “Бодлууд” номыг уншихуй яг ижил үзэл бодолтой хүмүүс хөтлөлцөөд гараад ирээсэй гэж боддог юм. Нөгөөтэйгүүр ард түмэн гэм буруутай бол ямар ч аугаа эх орончийг уучилдаггүй. Өнөөдөр ирэх сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн төрийн зарим албан хаагчид хуулийн дагуу албаа хүлээлгэн өгөөд байна. Энэ бол галт тэрэг хөдөлж эхэлж буйн шинж. Харин галт тэрэг, төмөр зам, тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг хэдэн үгсээр долоон жил гаруй талцсан иргэд, сонгогчид, дэмжигчид чинь өнөөдөр Х.Баттулга эх оронч, эсвэл луйварчин гээд талцах болов. Нам чинь харин нэг талдаа гарсан бололтой харагдана. Гэвч Ардчилсан нам бол энэ удаад эрх барьж байгаа нам болохоос ард түмэн биш болохоор УИХ-ын гишүүн Х.Баттулга Таныг өөрийгөө хэн болохыг хэлж өгөөч гэж хүсье. Өөрөө ч мэдэхгүй явна уу?