Хоёр. Хотын нүүдэлчин

Хэрвээ бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөлд  аж төрж байвал түүнийг нүүдэлчин гэж хэлж болно. Харин дуртай юмаа хийгээд тэрүүгээрээ амьдарч болоод байвал суурин иргэншил гэж хялбаршуулан ойлгож болно.

Дуртайдаа ч бидний өвөг дээдэс малчин болоогүй. Нүүдэлчин амьдрал нь бидний сонголт бус хувь заяаны тулгалт байж. Тариалан эрхлэхэд тохиромжгүй болоод мал маллаж.Тийм болохоор хүнтэй таардаггүйгээсээ болоод жалга жалгын мухарт аж төрж байсан хэрэг биш, малынхаа бэлчээрт захирагдан тэгсэн хэрэг. Уран чадвар нь хэтийдсэн учраас амьжиргаандаа хэрэгтэй болгоныг өөрөө хийж амь зуугаагүй, зах зээлээс алслагдсан бэрхшээлээ шийдэж явсан байх нь.
Хүн төрөлхтөн алга болчихоод хэдүүлхнээ үлдсэн ч  ажрахгүй байж гэж бодохоор бахдам ч, өөрснөө алга болчиход хүн төрөлхтөнд сэтэрхий тэвнийн гарзгүй талаас нь харахаар гунигтай, тийм л хэвшил.

Нүүдэл нь хүнийг хэрэгцээтэй бүхнээ чанарын ямар нэг түвшинд хийж чаддаг универсаль чадвартай болгодог ч хувь хүн онцгой авъяасаараа аж төрөх ямар ч боломж олгодоггүй.  Өөрөөр хэлбэл тэнд хувь хүний авъяас, онцгой чадвар хүчингүй. Чи Лучиано Паворити шиг хоолойтой төрлөө гээд амьдрал чинь дэвжихгүй, Эдисон шиг зохион бүтээгч байгаад жаргахгүй. Их л сайндаа найранд уригдаж дуулна, сүргийн бэлчээрт хоолойгоо шалгаж, хад цохионоос ойсон цуурайг нь чагнан бахдах биз. Бас үхэр тэрэгнийхээ энд тэнд сонин юм нэмж, тооромсог, хальтиргаа арилгах нэмэлт тоног бүтээж мэднэ. Гэвч чиний тэр нээлтийг “ачаа хүндрүүлээд байна. Болоод л ирсэн юмыг чи яах гээд байгаа юм бэ” хэмээн ад үзнэ.

Харин хотшил, суурьшил, түүнд дулдуйдсан хөдөлмөрийн хуваарь бий болсноос хойш чаддаг чаддагаа хийх, авъяас билгээ хөгжүүлэх гайхамшигт боломж нээгджээ.  Авъяас билиг эзнээ тэжээх эхэлснээс хойш  аз жаргал илүү олон хүнд хүртээлтэй болсон юм. Түм түмэн хүн  чаддаг юмаараа амжилт олох, дуртай юмаа хийхийн жаргалыг амсаж эхэлсэн. Ийм учраас иргэншил суурьшил бол бурхнаас хайрласан бэлэг,  тэр бэлгийг хүртэх совин гэлтэй. Ядуу нэгэнд нь хүртэл олон хөлийн газар гуйлга гуйх боломж олдсон юм шүү. Хэрвээ нүүдэлчин хүн гуйлга гуйя гэвэл өглөг хайрлах нэгнийг хээр талаас олох гэсээр яваад  турж үхнэ биз дээ.

Дашрамд дурьдахад, бүхнийг “өөрөө хангадаг” нүүдэлчин тогтолцоо нь хайр дурлал гэр бүлийн асуудлыг хүртэл хувь хүний сэтгэл зүрхнээс гадуур шийдэхийг тулгаж байсан юм. Сайн бэрийг сонгохдоо “Эрт босдог, үйл үртсэнд уран, унд ус сайтай, эцэг эхдээ халамжтай, үг дуу цөөнтөй” гэхлэнгийн шалгуур тавьдаг байсан. Өв уламжлалаа шүтлэг бишрэлийн чанартай судалдаг зарим нь энэ талаар учиргүй бахдан ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ нь, өглөө босч цай чанаж тавьчихаад үнээгээ саадаг  байх, дээл хувцсаа оёж чаддаг байх, хоол сайн хийдэг байх, хадам ээж аавыгаа асардаг байх, аашилж загнахад өмнөөс эсэргүүцдэггүй байх л гэсэн үг шүү дээ.

Хөөрхий, дээрх шалгуураас болоод ямар юмтайгаа суучихсан амьтан нь “царайны сайхнаар цай сүлэхгүй, нурууны сайхнаар морь уургалахгүй л дээ” хэмээн өөрийгээ тайтгаруулан санаа алдаж суусан бол доо!

Хотшил суурьшил л хайртай хүнтэйгээ, зөвхөн хайр дурлалаараа гэрлэх боломж өгсөн. Одоо хажуугийн кофе шоп-д цайлна, арга барагдахад крантны ус буцалгаад байхуу дүрээд  уучихна. Дэлгүүрээс үнээний сүү, боов боорцогноос эхлээд уран хүний оёсон бэлэн хувцас аваад өмсчихнө. Ийм болохоор цаснаас цагаан царайтай, уулын модноос гоолиг нуруутай, сэтгэл алдруулсан бүсгүйгээ сонгох боломж бол байнаа байна.  “Иргэншил суурьшил аз жаргалыг ардчилсан” гэж үүнийг л хэлээд байгаа юм.

Монголчууд ХХ зууны эхэн үеэс иргэншин суурьшиж, дуртай юмаа биш гэхэд чаддаг юмаараа дагнаад амиа авч явах боломж бүрдсэн юм. Манай улс төрчид зөвхөн гоё гоё юм яриад л, амныхаа фигурээр амьдарч болоод байгаа нь чухамдаа хөдөлмөрийн хуваарь бий болсны үр дүн бололтой.

Гэтэл бидний сэтгэл оюунд буй “бүхнийг өөрөө хийж, өөрийгээ хангадаг” малчны зөн совин арилж өгөхгүй байна. Нүүдэлчин сэтгэхүйгээсээ салж ядах балчир оюун нь шинэ юманд хурдан дасч өөриймшүүлдэг араншинтайгаа зөрчилдөнө. Юмны сиймхийг гярхай олж, өөртөө ашигтайгаар аргалаад өнгөрүүлдэг сортоотой зан нь үнэнч хандлагыг эрхэмлэдэг иргэншсэн ертөнцийн дүрэмтэй харшилдана. Манай нийгмийн сэтгэл зүй заримдаа насанд хүрээгүй байхдаа амьдралд эртдэж орсон хүүхдийнх шиг санагдаад байдаг юм.

Тулгамдсан асуудлыг шийдэх арга зам хайхын оронд аргалаад өнгөрүүлэх сиймхий олдог зан нь иргэншсэн ертөнцийн бизнестэй харшилдана. Малчин хүн ган зудаас эхлээд олон бэхшээлтэй тулахдаа үүрд дасан амьдрах арга олохын оронд түүнийг аргалаад цаана нь гарах хэрэгтэй болдог. Аж төрөх бүхий л менежмэнт нь үүнд чиглэнэ. Нийгэм улс төрийн  амьдралын орчин нь ч тийм шинжтэй. Манжийн эрхшээлийн хоёр зууныг ч гэсэн цас зудын нэгэн адил  яаж ийгээд туулж ард гарах эрмэлзлээр аргалж өнгөрөөсөн. Зөвлөлтийн дагуул улсын хувь тавиланг ч гэсэн тэсч өнгөрөөгөөд ард нь гарах чин эрмэлзлээр туулсан. ХХ зууны гучаад оны хувьсгалт хүчирхийлэл, социализм байгуулах процессыг ч  ган гачиг, үер усны адил үзэж, эвийг нь олоод  явж байтал нэг дуусах өдөр ирэхгүй хаачихав гэсэн байдлаар аргацааж явсан.

Ингэж явсаар ардчилал, зах зээл, капитализмд туллаа. Гэтэл капитализм нь хөгжлийн тасралтгүй процесс болохоос  аргалаад ард гардаг, сиймхийгээр нь туугаад цаана нь очдог зүйл биш аж. Харин ардчилал, зах зээлийг  байгуулаад л байгуулаад л байдаг тэгээд яах вэ гэхээр, улам л байгуулдаг байх даа гэхээс өөр хариу алга. Үнэн хэрэгтээ ардчилал биднийг мухардуулсан юм. Учир нь ардчилаад ардчилаад цаана нь бариа байхгүй, аргалаад сиймхийгээр нь сүнхийгээд ард нь гарчих боломж үгүй. Бидний оршин тогтнож ирсэн арга, сэтгэхүй, хандлага энд хүрээд дууссан.

Гурав. “Төрийн усалгаатай” тариалан.

Өөрийгээ хангах, бүхнийг өөрөө хийх нүүдэлчний зөн совин нийгмийн сэтгэхүйд уяатай хэвээр байна. Чухам энэ сэтгэхүйн дээр дөрөөлсөн томоохон “үзэгдэл”-үүд байдгийн нэгэн жишээ нь газар тариалан. Жил бүр нь бөөн хэрүүл өрнөж, манай тусгаар тогтнол буудай дээр тогтож байгаа тухай яриа өрнөнө.  Улмаар гадаад буудай гээч хичнээн хортой аюултай болохыг тэр үеэр л мэдэж авна. Төмс ногоо тарьдаг улс ийм яриа гаргадаггүй, учир нь тэднийг төрөөс зориудаар дэмждэггүй. 

Социализм байгуулж байгаа улс шиг улс атар эзэмшиж, буудай тарих ёстой гээд л хээр талын эмзэг хөрсийг баахан хагалснаар энэ түүх эхэлсэн юм. Тариа тарихад цаг уур нь тохиромжгүй, хөрс нь тохиромжгүй, га-гаас авах ургацын хэмжээ нь бизнест тохиромжгүй. Ганцхан тохиолдолд л ашигтай. Энэ нь төрөөр тэтгүүлэх.  Хэрвээ төр тэтгэвэл тохиромжгүй бизнес гэж байх биш, улс мөнгийг нь гаргавал цагаан баавгай өсгөх ч унацтай болдог хойно.

Монголын төр “улс шиг улс юм бол тариа тарьдаг” гэж үзсэн нь уламжлалт сэтгэхүйн тусгал аж. Яг л  1911 онд тусгаар тогтнолоо тунхаглаад “Хаантай юм чинь хатантай байх нигууртай” учиртай хэмээн лам хүнийг гэрлүүлээд л, “Хаантай газар заантай байдаг номтой” гээд халуун орны амьтан авчирч осгоосон түүх зуун жилийн дараа давтагдаж л байгаа хэрэг.

Боломжийг ашигласан, ашигласаар байхыг хүсэгчдийг буруутгах нэг хэрэг. Түүнийг хаанаас хэн усалж, тордоод байгаа тухай ярих өөр хэрэг. Нэгэнт л ийм тэжээллэг орчин бүрдүүлээд өгсөн хойно тэнд бойжигсод  мөөмөө нэхэж уйлах нь ёс шүү дээ.

Ерөөсөө улс мөнгө гаргаж хийлгээд, улс мөнгөөрөө худалдаж авдаг бизнесээс хэн татгалзах билээ. Жишээлэхэд манай засгийн газар “улс шиг улс болохын тулд фельетоны зохих нөөцтэй байх ёстой” гэж үзээд фельетон бичих мөнгө эхэлж өгөөд, дараа нь  бичсэн юмыг маань улсын фондод  худалдан аваад эхэлбэл сайхан л байна. Хүн гэдэг амьтан цаашаа ахидаг зөнтэйгээс хойш  амтшаад улам ихийг нэхэж таарна. Тэгээд “Гадаадын хэвлэл унших нь үндэсний оюун санаанд хортой” гэсэн яриа дэгдээж, зөвхөн монгол хүний юмыг уншдаг болгохыг эрмэлзэж таарна. Улмаар тэр бүхнээ уншуулдаг “зөвхөн монгол хүн” нь “зөвхөн өөрөө” байх арга чарга хайна.

...Бид нүүдэлчин байхаа аль хэдийнэ больжээ. Иймээс бүхнийг өөрөө хийдэг, өөрийн бүх хэрэгцээгээ өөрөө хангах хэрэггүй болсон. Улс үндэстэн ч гэсэн өөр өөрийн чаддаг юмтай.  Улс үндэстнүүд чаддаг чаддагаа хийж,  чаддаг нэгнийхээ хийснийг хэрэглэж болсон.

Энэ хэвээрээ яваад байвал “Үндэсний үйлдвэрлэл”, “Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих” гэхчлэнгийн эсэргүүцэх аргагүй тэнгэрлэг сайхан ойлголтууд хөгжсөөр сүүлдээ засаг төрд нүүртэй хэн хэн нэгний хийсэн юмыг заавал худалдан авах үүрэг хүлээх өдөр ойрхон байна.