Зохиолч Ч.Лодойдамба, кино найруулагч Р.Доржпалам нар тэр нэг сюжетээр монголын ард түмнээ доромжилсон гэж би хэзээ ч үздэггүй. Кинонд гарч байгаагаар бол 1920-иод оны үед байсан байдал нь. Харин кино зохиол болгож дэлгэцэнд тавьсан 1970-аад оны эхээр монголчуудын байсан байдлыг тэд шүүмжилж эгдүүцэхдээ роман, кино зохиол болгоод буулгачихсан болов уу. Харин эдүгээ энэ байдал бүрэн илааршсан уу, яасан бэ гэдэгт хариултыг уншигч Та өөрөө эргэцүүл. Илааршаагүй бол илааршуул, хүчээр эдгээ! Хор уугаад муужирсан баатрыг сэрээ!

Манай урлагийн алтан үеийнхний бүтээсэн, 45 жилийн тэртээх тэр кинонд ийм нэг яриа гардаг даа:

Зуны дэлгэр цаг. Итгэл баян найр наадам хийж байна. Архи идээ цалгиж байна.  Архинд халамцсан монгол, орос хүмүүсийн яриа, мэтгэлцээн.



Бадарч тахар:
-    Дуугүй бай! Манай орон баян. Манайд ажил хийхгүй хичнээн жил явсан ч гэдэс цатгалан байх болно.

Баян Павлов:
-    Танай Монголыг урьд нэгэн цагт дэлхийн талыг эзэлж байсан гэхэд би огт үнэмшиж чаддаггүй юм. Та нарт хийж чадах юм ердөөн байхгүй. Энэ хэвээрээ байвал яваандаа үгүй болноо. Энэ өргөн баян нутгийг азтай чадалтай улс гүрэн хүртчихнэ дээ!

Бадарч тахар:
-    Улс гүрнийг доромжилсон яасан цадиггүй муу гуйлгачин бэ хө аан?

Итгэлт баян:
-    Хатуу ч гэсэн үнэн үг шүү!

Алиа Петр:
-    Ээ тийм биш ээ. Монгол бол хор уугаад муужран унасан баатар хүн байна.



1968 онд зохиолч Л.Ванган, Ч.Чимид, найруулагч Д.Жигжид нарын бүтээсэн “Өглөө” киноны бас нэг хэсэг бий. Хиагтад Дүйнхэр зайран хэнгэрэгээ дэлдэн түвчигнэж байгаа хэсэг. Өнөөгийн Монголд хамаатай биш, гэхдээ зах зээлд санаатайгаар уруудаж яваа зарим нэг хүнд сургамжтай.

-    Ямар тэнгэр нь хаясан улсууд гэж ийм байдаг юм. Гамин нэг талаас нь шатаалаа. Барон нөгөө талаас нь шатаалаа.
-    Алив нөгөө ардын нам чинь энэ үү?
-    Энэ улсын чинь үйл лай барагдах болоогүй юү?
-    Аан, Сүхбаатар? Чи хойшоо гарахдаа юу юу гэж хэллээ дээ?
-    Алив чиний олж ирсэн буян чинь энэ үү?
-    Тийм байх аа, Та нар, цөм худалч худалч.
-    Би манжийн төлөө, гамингийн төлөө, бароны ч төлөө, богдын ч төлөө буулаа.
-    Би Монголын хувь заяаны төлөө, энэ зовсон түмний төлөө хар хэнгэрэгээ цоортол буулаа.
-    Балбахаараа л болсон. Даан ч буянгүй юмнууд Та нар бурхан сүсэгт ч нэмэргүй.
-    Хар чи гал түймэр, дайн дажныг. Би сохроо юу...