Дэлхийд Монголыг ялгаж, монгол хүн бүрийг монголоор нь омогшуулдаг нэгэн баяр бол улсын наадам. Яагаад гэвэл улсын наадам үндэсний спорт + /нэмэх нь/ үндэсний урлагийн нийлбэр байдаг. Тэгвэл Монголын сайхан нутаг нутгийн дотроос Говь-Алтай бол улсын наадамтай адил содон бөгөөд онцгой. Учир нь Говь-Алтай бол говь + /нэмэх нь/ хангайн нийлбэр, тэр дундаа говь, хангайн хамгийн сайхнуудыг шингээсэн байгалийн үзэсгэлэн хосолсон, аймгаараа шахуу баянбүрд юм.

Хаврын урь орж эхэлсэн ч, өвлийн цас ханзарч хараахан дуусаагүй энэ цаг дор нутгаа зориод ирлээ. Зорилго нь Монгол Улс анх удаа албан ёсоор БНХАУ руу үйлдвэрийн аргаар боловсруулсан мах экспортлох үйл явдлыг сурвалжлах. Хоёр улсын холбогдох албаныхан харилцан судалж, Хятадын тал санал болгож тус улстай хиллэдэг манай улсын 13 боомтоос Говь-Алтайн Бургастайн боомтыг эхний ээлжид сонгожээ. Манай улсын баруун аймгуудын, саяхан шүлхий гарсан Ховдыг эс тооцвол энэ бүс нутгийн мал хамгийн эрүүл. Энэ нь мах экспортлох Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцэж, эрүүл малын мах авах Хятадын талын шалгуурыг хангаж байгаа юм. Харин ихэнхдээ ногоо иддэг Хятадын тал манай улсын хувьд мах экспортлох зах зээл мөн үү?

Энэ асуултад уг арга хэмжээг нээж, Засгийн газрыг төлөөлж очсон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “мах бол дэлхий дээрх хамгийн чанартай хүнс. Монголчуудыг махсаг гэдэг нь муу үг биш. Яагаад гэвэл махыг аль болох санхүүгийн чадвартай, амьдралын чанартай нь иддэг. Эдийн засгийн өсөлт, амьдралынхаа чадвартай уялдаад хятадууд сүүлийн үед мах ихээр иддэг болсон. Зарим нь бүр Европоос онгоцоор зөөж байна. Тийм учраас харин ч биднийг, монголчуудыг махаа тогтвортой нийлүүлэхийг хүсч байгаа” гэж хариулав. Харин энд нэгэн зүйлийг зориуд онцлоход мах экспортлоход Монголын тал мах экспортлох бэлтгэлээ орон нутагт сайтар хангаагүй нь илт байв. Бургастайн боомт боломжтой бүс ч, тэнд хүрэх зам харгуй тааруу, яг боомт дээрээ гэрэл цахилгаан байхгүй, махаа хадгалах зоорьгүй, жинлэх пүүгүй, тэнд ажиллах ажилтнуудынхаа нийгмийн асуудал, бүр байр орон сууцыг ч шийдээгүй байв. Ер нь бол мах экспортлохоо хэт анхаараад тэнд хүн ажиллахаа мартсан мэт л орчин угтсан. Уг боомтоор “Алтайн хүдэр” компанийнхан экспорт хийдэг байжээ. Сүүлийн үед төмрийн хүдрийн үнэ унасан учраас тус компани үйл ажиллагаагаа зогсоож, улмаар боомтын ажилчдыг орон байр, цахилгаанаар хангаж байсан гэрээгээ цуцалснаар тэнд ажиллаж байсан төрийн албан хаагчид гэрт байрлах болжээ. Тийм учраас сайд Л.Пүрэвсүрэн боомтод ажиллах хил, гааль, мэргэжлийн хяналт, хорио цээрийн албаныхны оролцуулсан уулзалтыг газар дээр нь хийж зарим саналаа Засгийн газарт уламжлахаар тогтсон юм. Өөр нэгэн хүндрэл бол Бургастайн боомт зөвхөн тэгш саруудад ажилладаг. Одоо гуравдугаар сард хаагдаад, дөрөвдүгээр сард нээгдэнэ. Тэгэхээр тогтмол нийлүүлэх Хятадын талын шаардлагыг үл хангаж, махны экспорт улирлын чанартай болно. Иймд тус боомтыг байнгын ажиллагаатай болгох саналаа Хятадын талтай ярилцахаар болов. Хамгийн гол нь нэг кг махыг энд зарж байгаагаас нь тав дахин өндөр үнээр нийлүүлэх боломжтой уг экспортын эхлэлийг зогсоож, гацааж, түншийнхээ болоод олон улсын байгууллагуудын итгэлийг алдаж болохгүйг сайд Л.Пүрэвсүрэн анхаарууллаа. Түүний хэлж буйгаар бол гаднынхан ихэнхдээ залуу үхрийн мах авдаг, тэр шалгуураар бол Монгол Улс үхрийн мах экспортлох боломжоор бага, харин хонины мах авах сонирхолтой хамгийн боломжит зах зээл нь БНХАУ юм байна.