Гахайн ханиадны тархалт гашгийн хэмжээнд хүрснийг Ерөнхийлөгч анхаарууллаа. Байдал амагүй байгааг Ерөнхий сайд ажлаа авсан эхний өдрөө мэдэгдэв. Улсын онцгой комисоос  өндөржүүлсэн бэлэн байдал зарлав.  Цагийн байдлыг мэдээлж, хөл хорих бол гахайн ханиадтай тэмцэх, өвчлөлийг бууруулах  гол арга биш. Вакцин, эм хоёр л энэ өвчнийг дарна гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Иймд ажлаа аваад удаагүй  шинэ Ерөнхий сайд С.Батболдод захидал хэлбэрээр  энэхүү өгүүллийг хаяглаллаа.
1.Бүх хүн амаа вакцинжуулъя. Дэлхийн эрүүл мэндийн зөвлөмж ч тийм байгаа.  1.3 тэрбум хүнтэй Хятад, 307 сая хүнтэй  Америк бүх хүн амаа вакцинжуулж байхад тэдний дэргэд  2.7 сая монголчуудыг бүгдийг вакцинжуулах нь илүү боломжтой. Гахайн ханиадыг  хохирол багатай давахад цөөн хүн амаа давуу тал болгож  ашиглая. Энэ өвчний вирус хувирдаг ч, жилд  хоёр удаа вакцин  хийлгэвэл 7-10 жилийн дархаа тогтдог нь онолын хувьд батлагдсаныг эмч нар хэлж байна.
2. Өндөр хөгжилтэй орнуудын илүүдэл хүлээж суухаар вакцинаа мөнгөө төлж авъя. Улс орны эдийн засгийн боломж хүнд ч, өвчингүй бол жаргал шүү дээ.
3.Вакцины нэг тун нь 10 ам.доллар. УИХ энэ өвчинд зориулсан эм, бэлдмэлийг татвараас чөлөөсөн учраас энэ үнээрээ иргэдийн гар дээр очих боломжтой. Хэрвээ тэгвэл 2.7 сая хүний вакцины нийт төлбөр 27 сая ам.доллар. Энэ бол Оюутолгойн гэрээнээс урьдчилгаа нэрээр авсан 100 сая ам.долларын зээлийн  дөрөвний л нэг.
4.Хэрвээ ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө мөнгө гаргах нь төр засагт хайран байгаа бол вакциныхаа төлбөрийг иргэд өөрсдөө төлье. Жишээ нь, удахгүй иргэн бүрт 50 мянган төгрөг тараана гэж байгаа. Энэ 50 мянгаасаа вакцины төлбөр болох 10 ам.долларыг нь суутгаад үлдэгдлийг нь өгөх боломжтой. Эрээний бараа болгосноос эрүүл мэнддээ 10 ам.доллар зориулахыг  хүн бүр зөвшөөрнө.  Эсвэл хувь хүний өөртөө хийлгэсэн вакцины төлбөрийг  залуусын цалингаас тооцох, хөгшдийн тэтгэврээс суутгах, хүүхдүүдийн эцэг эхээс татаж болно. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн гишүүдийн төлбөрийг төрөөс дааж ч болно. Энэ мэт олон  гарц бий. Гагцхүү төр засаг бодлогын шийдвэрээ гаргаж  зохицуулмаар байна.
5.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр зөвхөн Англи, Францын л вакцин авна гэж туйлширч хугацаа алдахаа болъё. Америк, Герман, Хятад зэрэг өндөр хөгжилтэй  улсууд өөрсдөө вакцин үйлдэрлэж байна. Тэд иргэдээ баталгаагүй, үйлчлэхгүй вакцинаар тарихгүй нь тодорхой.  Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаас гадна дээрх улсуудаас вакцин худалдаж авъя. Жишээ нь, Америк гэхэд үйлдвэрлэж байгаа нийт  вакцинхаа  10 хувийг өвчин гарсан, хөгжиж байгаа орнуудад өгөхөө мэдэгдсэн.
6.Украйн зэрэг улс дэлхийн хамтын нийгэмлэгээс тусламж хүсч буйгаа зарлаллаа. Бид хувийн хэвшлийн том компаниудаа татан оролцуулъя. Чанарын шаардлага хангасан, зөвшөөрөгдсөн улс орнуудаас вакцин оруулж ирэх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгоё. Менежмент хийх, юм олохдоо хувийн хэвшлийнхэн төр, засгаас хамаагүй хурдан, бас сэргэлэн. Ядаж л хугацаа хожно.
7.Гахайн ханиад Монголд нэгэнт гарсан, хэзээ зогсох нь тодорхойгүй, томуугийн хоёр улирал маань цаашид болдгоороо болно, тэр бүрт гаднаас вакцин аваад, эсвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж хүлээгээд байх боломжгүй.  Иймд вакцинаа дотооддоо үйлдвэрлэх ажлыг яаралтай эхлүүлье. Монголын эрдэмтэд шарын вакциныг хамгийн сайн хийсэн чадалтай, үхрийн шүлхийн вакциныг маш богино хугацаанд дотооддоо үйлдвэрлэсэн туршлагатай. Монгол хүний амь  үхэрнээс л дор байв гэж.
8.Сүүлийн үеийн, хугацаа алддаггүй  оношилдог багажтай болъё. Жишээ нь Японд гахайн ханиадыг хэдхэн цагийн дотор  оношилж байна.   Энэ өвчин аюултай ч, 10 ам.долларын вакцинаар урьдчилан сэргийлж болдог, эрт оношилж чадвал дөрвөн ам.долларын эмээр эмчлэх боломжтой зэрэг эдийн засгийн зардал багатай юм байна. Гэтэл одоо бид вакцингүй, оношлогоо удаан учраас нэг өвчтөнд дээр өгүүлсэн 14 ам.доллараас ч илүү өндөр зардал гаргаж байна. Өндөр зардал гаргаад ч зарим хүний амийг аварч чадахгүй байгаа нь харамсалтай.  Үүнээс гадна хөл хориотой хамт улсын эдийн засгийн эргэлт ч  зогслоо. Энэ өвчин хүний амь авч одохоос гадна эдийн засагт ч асар их хохирол учруулж байна. Мексик улс вакцин хүлээж улсынхаа эдийн засагт 20 тэрбжм ам.долларын алдагдал авчирсыг Ерөнхий сайд та уншсан л байх.
Засгийн газрын өмнөх тэргүүнүүдийн үгэнд төдийлөн  гарч байгаагүй, ер нь улстөрчдийн ярьдаггүй нэгэн сэдвийг С.Батболд Ерөнхий сайд болсны дараахь үгэндээ онцлон дурдсан. Энэ нь монгол хүний хөгжил, тэр дундаа гэр бүлийн хөгжлийн тухай юм. Энэ бол Ерөнхий сайд асан С.Баярын таван төгөлдөршлийн үргэлжлэл, Засгийн газрын шинэ тэргүүн С.Батболдын зургаа дахь төгөлдөршил болгон дэвшүүлж байгаа бодлогын том сэдэв байх.  
Аюулт өвчин дэгдсэн, түүнээс урьдчилсан сэргийлэх  хамгаалалтгүй нөхцөлд, тэгээд “гашгийн, өндөржүүлсэн бэлэн байдал” бүхий түгшүүртэй орчинд хөл нь хоригдсон монгол хүн улсынхаа хөгжлийн түлхүүр болж  чадах уу. Ерөнхий сайд таны дэвшүүлсэн бодлого хэрэгжих үү.   Чухам ийм учраас дээрх найман саналыг Ерөнхий сайд С.Батболд танд  хаяглаллаа. Энэ нь гахайн ханиадын нэг удаагийн давалгааг ингэсгээд дарах бус, цаашид найдвартай урьдчилан сэргийлэх, нэгмөсөн дарж авах алсыг харсан бодлого хэрэгжүүлэхийг эрхэм Ерөнхий сайдаас хүссэнийх юм. Энэ удаа намжлаа гэхэд маргааш нар манддагаараа мандана. Өвөл дууслаа гэхэд хавар, дараа жилийн өвөл ч  томууны үетэйгээ  ирдгээрээ ирнэ. Тэр бүхэнд бэлтгэлтэй,  иргэдээ урьдчилан сэргийлэх  вакцинтай, өвдлөө гэхэд эмчлэх эмийн хангалттай нөөцтэй болох тйи бодлого, шийдвэрийг танаас хүлээж байна.
Эрүүл хүн, эрүүл гэр бүл,  эрүүл эдийн засаг бол  улс орны хөгжлийн түлхүүр. Энэ бол таны хэлсэн үгийн гол агуулга, таны дэвшүүлсэн бодлогын тулах цэг билээ. Архимед тулах цэггүй хөшүүргээр дэлхийг өргөе гэхгүйтэй адил эрүүл монгол хүнгүйгээр Монгол Улс хөгжихгүй, таны дэвшүүлсэн бодлого бүрэн хөгжихгүй шүү дээ.   Эцэст нь та өөрөө төрийн хамгаалттай, таны явдаг маршрут Төрийн ордон Их тэнгэр гээд хязгаарлагдмал учир  гадуур өндөржүүлсэн бэлэн байдалтай хамт  өндөржүүлсэн айдас түгшүүр, бухимдал  үүсээд байгааг дуулгая.