Монголчууд ямар гайхамшигтай эх оронч ард түмэн бэ. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гээд үхэж өгнө. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь савангийн хөөс шиг хагарчих гээд осолтой байгаа мэт. Юм л бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж бачимдаад сүртэй. Эсвэл савангийн хөөс шиг тусгаар тогтнолыг нь гаднаас нь хага хатгах гэсэн эзлэн түрэмгийлэгч сандаргаад байна уу гэмээр. Тусгаар тогтнолоо алдчих нь гээд наймаа хийхийг эсэргүүцнэ. Үндэсний аюулгүй байдал алдагдана гээд хамтарсан бизнесийг гацаана. Газар шороонд эзэн суучих нь гээд хөрөнгө оруулагчдыг хөөхөөр ханцуй шамлан уухилна. Гаднаас нь харвал иймэрхүү баатарлаг дүр ажиглагдах авч ачир дээрээ тэс өөр. Тусгаар тогтнолоо булхай луйвраа гүйцээдэг технологи болгосон томчууд олширчээ. Тусгаар тогтнол савангийн хөөс шиг тийм хэврэг ч биш. Дээдэс минь халуун амь бүлээн цусаараа хамгаалаад ирсэн түүхтэй монгол чулуу.   

Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга Сумитра Махажаны айлчлалынхаа үеэр мэдэгдэхдээ “Энэтхэг улс бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа томоохон эдийн засагтай улсуудын нэг. Манай эдийн засгийн өсөлтийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид харилцан ашигтайгаар аль болох сайн ашиглаасай” гэв. “Өдрийн сонин” 2016. 04. 20.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Хятадын нэг том удирдагч мөн иймэрхүү сайн санааны зөвөлгөө өгч байсныг бидэнд сонсгосон. 1,4 тэрбум хүн амтай Хятадын аварга эдийн засгийн хэрэгцээ мангас шиг агаад үсрэнгүй хөгжихдөө гаднаас асар их эрдэс баялаг импортолсон. Мөнгөө хурааж баяжсан Хятад улстай дэлхийн олон орон, улс төржилгүй, худалдаа өрнүүлж хожсон. Хятадтай хамгийн урт хилээр хаяа хатгадаг хөрш-Монгол улс л хамар дороо үүссэн энэ ховор боломжийг ашиглалгүй ганцаараа хоосон хоцорсон гэж хятадууд гайхдаг аж. Тэд сонгосон замаа хүндэлж адилхан хожьё гэдэг. Хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс ихээр хүртвэл тусгаар тогтнолд осолтой гэх онол биднийг удирдаж ирэв. Энэ нь гаднаас орж ирсэн онол болохоос монгол тархинд төрсөн ухаан биш.  

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манайд зочлохдоо сэтгүүлчийн “Монгол Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ” гэсэн асуултад хариулахдаа “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ-ууд бүгдийг хийх болно” гэж амлав. “Өдрийн сонин” 2016. 04. 14.

Энэтхэгийн нэг тэрбум ам. долларын зээлээр төмөр зам тавих сураг гарав. Тувагийн нүүрсний уурхайгаас Эрдэнэт хүртэл Хөвсгөл Булганы хөвч дундуур, Орхон Сэлэнгийн олон салаа татуурга дээгүүр төмөр зам тавих нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд чухал гэх улстөрчид УИХ-д ажлын хэсэг байгуулах вий. Өмнөговьд уурхайн экспортын төмөр зам тавивал тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэнэ гэж өндөр индрээс зандрах лидер бэлэн.

Хамтрах гэсэн төсөл болгонд тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж эмзэглэдэг эх оронч дүр маань дэндүү хуурамч харагдах болжээ. Тэр жалганд, энэ довонд хятад хөрөнгө оруулалттай компанид хайгуулын лиценз өгөх гэлээ. Ингээд байвал Хятадын хараат байдалд орж монголчууд устана гэж захын иргэн улс төржинө. Бидний улс төрийн боловсрол аргагүй өндөр юм аа. Тусгаар тогтнол хутагны ирэн дээр ирлээ. Үндэсний аюулгүй байдал бууны овоо хараанд онилогдлоо гэх давчидсан эх орончид яасан олшроо вэ. Манай үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг гаднаас үнэхээр тэгж заналхийлээд байгаа юм уу? Үгүй байлтай. Хазгай л гишигвэл тусгаар тогтнолоо алдах гээд байгаа мэт айж сандарсан юм уу гэлтэй хүмүүсийн мэдэгдэл байнга цацагдаж айдас хүргэх юм. Энэ нь хоёр хөршид аятайхан сонсогдохгүй дээ. Эсвэл хоёр агуу их хөршийг маань даваад ямар нэгэн дайсан довтлох гээд байна уу.   

Уурхайн экспортын төмөр зам тавивал тусгаар тогтнолоо алдана, нефть нэрдэг үйлдвэр баривал, эрчим хүчээ дотооддоо хангадаг болбол үндэсний аюулгүй байдал устана гэж олон жил сурталдлаа. Ийм коммунист толгойтой ард түмэн Энэтхэг Хятад Япон Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөс юу л олж долоохов дээ. Улс төрийн өндөр боловсрол эдийн засгийг үл тоодог аж. Газар шороогоо гадныханд ухуулбал эх орноо алдана гэж хамгийн их айдаг эх орончид хэн бэ гэвэл нинжа нар. Нэг эр телевизийн дэлгэцэнд өөрийгөө шатааж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчдийн цогтой загвараар алдаршиж мандав. Ажилгүй болсон уурхайчдыг Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд ажилд орууллаа гэж шатаж буй нь тэр. Хүзүүндээ төмөр хас сахиустай муухай харцтай хүдэр эрчүүд бичил уурхайчдыг чичрүүлж, хэдэн зоосыг нь хамдаг. Энэ нь тусгаар тогтнолоо хамгаалж, үндэсний аюулгүй байдлаа аварч буй үйл хэрэг гэсэн. “Найз минь баяжснаас би хувхайрсан нь дээр” гэх атаач монгол зан, таньдаг ойрын нөхрөө дажгүй ашиг олох бизнес хөдөлгөвөл түүнийг нь унагахад хэрэглэдэг шалгарсан шантааж нь “тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал”. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор учрууллаа гэхэд нөгөө муу монголын нь бизнес дашин шог болно. Тусгаар тогтнол хүчтэй ажээ.

Үндэсний аюулгүй байдал гэж сандраад буйг ажваас харийн дайсан бидний хулхинд буу тулгачихсан ч юм шиг. Буу тулгаж тусгаар тогтнолыг минь устгах гээд буй дайсан хэн бэ? Тэр дайсны аюул их л ойрхон ирсэн учраас эх орончид тэгж их сандраад байх шиг. Үйлдэл дээрээ чихдүүлээгүй УИХ-ын гишүүний хулгайг шалгах гэвэл Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хөндлөө гэх эсэргүүцлийн сүрт цуглаан өрнөнө. Тэнд нэр цуут улс төрчид, урлагийн одууд, алдарт бөхчүүдийн ааш аягийг харин ойрхноос харж болно. Хоёр гишүүн хулгайгаа ухалцвал тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд гамшиг учирна. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын үнэ цэнэ ийм л болж дээ.
 
                                                                                                          2016-04-22