Ерөөсөө үлгэр л яривал  үнэмшилтэй...үнэн юм ярьсан нь дээр гэж үү! Ингэхэд бидний үлгэр үнэн хоёрт хэр ялгаа байдаг бол...Үлгэр домгийн орон боллоо гэх гэж байна уу... “Танк төмөр замаар явдаг, нэг бор морь нь нисдэг,  хөрөнгө оруулагч ирэхээр хоосордог,  алсан ямааныхаа дэлэнг хаданд наачихсан чинь хэд хоноод сүү оров, хятад хүн хүнсний бүтээгдэхүүн хийвэл дотор нь хор холидог, нэг унтахаараа 60 жил сэрдэггүй...” Үлгэр үнэний ялгаа нь хаана аа байна вэ? Ийм тохиолдолд үлгэр нь илүү үнэмшилтэй, нэгэнт л уран зохиол учраас зохиомж гоётой.  

Эртээ урьд цагт нэг ах дүү хоёр, бас ээж, улмаар  нэг үнэг байжээ, янз нь. Логикоор нь хөөж үзвэл хавх, том бул чулуу, бас гал гаргах хэрэгслэл, за тэгээд түлээ түлш байсан шиг байгаа юм. Хамгийн чухал нь ямар нь үл мэдэгдэх нэг “дайсан” бий юм.

Дүү нь ахынхаа үгнээс гарахгүй, өчүүхэн ч гажихгүй, үнэнч гэхэд хэтийдсэн,  бодит байдлыг нь тэмдэглэн хэлэх тэмдэг нэр үгсийн санд олдохооргүй нэгэн гэнэ. Үнэнч дүү ямагт ахынхаа цүнхийг барьж... (Эй базарваань, үлгэрээсээ халиад үнэн рүү орчих гэж байна, нүгэл байгаа даа. Эрт урьд цагт элэнцгийнх нь цүнх байх билээ. Энэ улс төрөөс болоод үлгэр хүртэл гажих боллоо. Гадуур, гадуур!)... нум сум, ангийн олз энэ тэрийг үүрч дүүрээд бараадаж явна.

Ах нь нэг удаа дүүгээ анд сургахаар шийджээ.  Дандаа юм(цүнх биш шүү) бариад дагаж явахаар өөрөө бие даагаад  “цөм хийх”-ээ байг гэхэд “өмбөө цөмбөө” юм цуглуулж сурах хэрэгтэй гэж бодоо биз. Эхний ээлжинд хагас бие даалт маягаар туршсан байна. Энэ нь хээр булсан хавхаа эргэж, амьтан орсон байвал авчрах даалгавар байв. Үнэнч байхаас өөр эрдэмгүй дүүд хавх тавих буюу олзоо өөрөө олох бүрэн чадамж үгүй ажгуу.

Дүү хавхаа эргэж очтол алтан шаргал үстэй үнэг орсон байжээ. Анх удаагаа хагас бие даалт хийж, эхний удаагаа хагас толгой даасан шийдвэр гаргах гэж байсан дүү хүү эргэлзээнд орлоо. Бие даасан шийдвэр гаргах амаргүй аж. Эргэлзээнд орсон дүүгийн  өрөвч нинжин сэтгэл дийлж “Ийм сайхан амьтныг алах даанч хайран юмаа” гэж үзлээ. Гэрийн даалгавар муу дүн авлаа. Ах нь дүүдээ “Хавханд л орсон бол ямар ч сайхан, ямар ч сэтгэл татам амьтан байсан, алдаг номтой” гэж сургав. “За, за, бас дахин за”.

Ахынхаа сургаалийг тарни болтол үглэсэн дүү дараагийн ээлжинд хавхаа эргэн очтол аргалд явсан эжий нь орчихсон, уйлан хайлан аврал эрж сарвалзана... энэ хэсгийг бол ярихын эцэс алга. Өөрснөө дүрслэн бодоцгооно биз.

Дүүгийнхээ үнэнч байдалд одоо болтол сэтгэл хангалуу явсан ахын сэтгэлд эргэлзээ төрлөө. Ах хүү өөрөө хазгай гишгээ л хавханд унавал эргэлзээгүй нухах нь байна.Тэнэг болбол үнэнч байвч осолтой, ухаантай бол дайсан ч болов учиртай. Тэнэг хамтрагч ялалтанд дэм болох ч   анзаараагүй гишгэсэн нүхэндээ татаж унагаах осолтой. Харин ухаантай дайсан ялалтынхаа ард ялагдагчид зориулсан гарц үлдээдэг. Энэ нь түүний ялалтыг бататгаж, ноёлох хугацааг уртасгадаг.

Ингээд үнэнч дүүгээ үнэнч зангаар нь далимдуулан хөнөөхөөр шийдэж гэнэ. Тэгээд үнэнч сэтгэлд нь зориулсан үлгэр зохиож ярилаа. Уулын орой дээр нэг аюултай хөрш суудаг аж. Тэр хөршийн зүгээс ирсэн юм бүхэн аюултай гэнэ. Тэр зүгийн салхинаас эхлээд, хийсч ирсэн хог, нурж ирсэн чулуу хүртэл үхлийн хор тээнэ. Одоогийнхоор бол тэндээс имтортолсон бараа, хүнс бүгд хортой, тэр улсын хөрөнгө оруулалттай үйлдвэр компани тусгаар тогтнолд аюултай гэсэн үг л дээ.

Ах нь уулын оройд байдаг, хэзээ ч бараа нь харагддаггүй дайсныг дарахаар явах болжээ. Дүүдээ “ Би уулын орой дээр гараад дайсантай шууд тулахаар шийдлээ. Ингэхгүй бол өнөө маргаашгүй дайрч ирээд муу дүүг минь алчих гээд байна. Чамайгаа хамгаалж яваад үхсэн ч яахав” гэх маягийн юм л ярьсан шиг байгаа юм. Ингээд л зэвсэг агсан уул өөд авирахдаа “ Би орой дээр дайсантай тулалдана. Дийлдлээ гэхэд муу  дүүгийнхээ төлөө үхэхэд амь хайран биш. Харин дийлээд ирэхийн алдад дайсан уулын бэлрүү өнхрөн зугтаана. Чи тэнд нь тосон барьж аваад нам дарж байгаарай. Ах нь  хөөж ирээд эд бад хийнэ” гэж захисан байна.  За тэгээд, дайснаа дарсны маргаашаас эдлэх аз жаргал, ямар ч хоргүй импортын хүнс энээ тэрээг бол хөөрхий үнэнч дүүгийн нүдэнд харагдтал яриа биз.

Ах зэвсгээ агсан уулын оройд гарлаа.  Тэнд ямар юмных нь дайсан байх билээ. Зэр зэвсгээ тайлж шидчихээд аргал түлш цуглуулан их гал өрджээ. Хонин чинээн бул хар чулууг түүдэг дээрээ улайсгасан гэдэг юм. Тэгээд хөөрхий үнэнч дүүгийн хүлээж байсан энгэр рүү түүнээ өнхрүүлжээ.

Гэр орон нутаг усыг нь эзлэхээр байнга санаархдаг, ангийн олз, хавх зэрэгт нь шүлсээ савируулан шунадаг гэх дайсан зугтан ирэхийг хүлээж суусан дүү нь түүнийг харлаа. Дайсан гэгч  байдаг, өдөр бүхэн заналхийлдэг гэдгийг л мэдэхээс биш тэр нь ямархуу зүйл болохыг  хөөрхий дүү үл мэднэ. Харин уулнаас л унаж  ирсэн бол дайсан мөн, дайсан ямар ч хэлбэртэй байсан барьж тогтоох учиртай гэдэгт үл эргэлзэнэ.

Ингээд улайдсан бул чулууг эргэлзээгүй тэврэн авлаа. Хөөрхий  амьтан улайдсан чулуунд наалдан, хиншүү хярвас ханхлуулан, түлэгдээ биз. Харин түүний сүүлчийн үг нь “Чи муу “писс! пасс!” гэвэл гэж л бай. Ахыгаа иртэл тавихгүйдээ, чамайг” ажээ. Үлгэр ингээд дуусдаг.

Миний сонссон“Амар сайхан жаргав” төгсгөлгүй ганц монгол үлгэр энэ байх.  Уг нь манай үлгэр болж өгвөл жаргалаар дуусдаг “Аргай даргай түг гэж аавыгаа цохиж алаад амар сайхан жаргаж гэнэ” хэмээн төгсдөгсөн.

Үлгэрийг хуучилсан Догоо (УМБМХ! Төрөл тутамдаа дээшлэх болтугай) эмээ тэнгэрт халиад гучаад жилийг үджээ. Харин түүний ярьсан үлгэрийн “Итгэж бай, гэхдээ үгэнд нь орж эхийгээ алахааргүй хэмжээнд.Үнэнч зүтгэ, гэхдээ халуун чулуу тэврэхгүй хэмжээнд” гэсэн суртал нь амьдарсаар.