Энэ 7 хоногт
Монгол зураглай-комикс дэлхийг байлдан дагуулж чадна
“Монгол зураглай–комикс дэлхийг байлдан дагуулж чадна” гэж зоригтой нэрлэсэн нь бидний өвөг дээдэс энэ салбарт анхдагч биш ч зурган романы талаар бахдам баримттай байдаг.
“Нэг ч зураас бие даан сул оршддоггүй”
БРУНЕЛЛЕСКИ
БРУНЕЛЛЕСКИ
“Монгол зураглай–комикс дэлхийг байлдан дагуулж чадна” гэж зоригтой нэрлэсэн нь бидний өвөг дээдэс энэ салбарт анхдагч биш ч зурган романы талаар бахдам баримттай байдаг. Үлгэрлэвээс Бурхан багшийн сургаал айлдал, намтар түүх бүхий судруудад хийсэн чимэглэлүүд нь зурган романы санааг баяжуулж байдаг. XVII- XIX зууны Монголын модон барын хэвлэл “Молом тойны судар”-ын чимэглэл судлаач шинжээчдийн анхаарлыг татах бүтээл юм.
Учир нь энэ судрын агуулгаас эс хамааран бие даасан, магадгүй өнөөгийн “сюрреалист” чиглэлд ч хамруулан бүртгэж болох бидний далд ертөнц гээд нэрлэж заншсан диваажин тамын орныг дүрслэн үзүүлсэн байдаг. Товчхондоо манайд байсан олон сүмийн туурганы зургуудаас, хэвлэн барлаж үлдээсэн судрын хуудаснаас өнөө цагийн комикс-зураглайг өвгөд дээдэс маань тольдон хардаг байсан гэсэн үг ээ. Гэхдээ мэдээж өнөө цагийн комикс, маанга гэдэг үгс хэрэглэлгүйгээр шүү дээ.
“Соно” сэтгүүлийн нэгэн дугаар “Зураглай” нэртэй гарсан байдаг. Бид бүгд залуу байхдаа энэ нэр сайхан гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан юм. Чухам яагаад ийн нэрлэсэн нарийн учрыг А.Бат-эрдэнэ, Чой.Ганбаатар хоёр сайн мэдэх учиртай.
Энэ төрөл жанрыг Францууд “Зурмал тууз” /bande dessinée/ BD гэдэг бол Япончууд “Манга” хэмээн нэрлэдэг юм. Маангаа гэснээс бидний үеийхэн мангаа буюу мангасыг төсөөлөхдөө дээр дурдсан судрын дүрээр эмээ, өвөөгөөс сонсож өсчээ. Түүхэн өнцгөөс харахад орчин үеийн комикс урлаг нь адал явдалт наргиантай шог зургуудаас үүссэн байдаг.
Швейцарийн Родольф Тепферийн 1830-1846 онуудад “Ноён Жабо болон хатагтай Крепен” цуврал комикс
Зурган роман нь анх Испанийн Валенсий болон Барселонд XVI-XVII зууны үед шашны зан үйлийн сэдвээр өнгөт цаасан дээр хэвлэснээ “Аллилуй” /aucas)» (буюу jeu de l"oie/ хэмээн нэвтэрхий толинд бичигддэг юм билээ. Аллилуй нь Фламанд, Франц, Германд XV-XVI зуунд өргөн дэлгэр хөгжиж иржээ. Эдгээр аллилуй /бидний хувьд зураглай шүү дээ/ нь 48 хуудас зурагтай байсан бол XIX зуунд Эпинальд 600 хуудас бүхий боть ном шиг болтлоо зузаарчээ.
Номын чимэглэлийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан энэ төрлийг романтик зураач Валентен алдарт Шарль Перрогийн /Улаан малгайт үлгэрийн зохиолч/ үлгэрт хийсэн чимэглэлүүд баяжуулдаг.
Европт 1870 оноос анхны долоо хоног тутмын комикс сэтгүүл гарсан нь Луй Люмьерийн “Эпиналийн зургууд” цуврал байсан юм.
АМЕРИКИЙН КОМИКС
Бяцхан Сэмми найтаалгасан нь /1904-06/
Зураач Уинзор Маккей
Зураач Уинзор Маккей
Америкийн хамгийн анхны комикс нь 1892 онд “The San Francisco Examiner” /редактор Ульям Рендолф Херст/ сэтгүүлд “Бамбарууш болон бар” нэртэйгээр хэвлэгдсэн байдаг. 1894 оны 11 сарын 18-нд “Уорлд” хэвлэлийн газраас хамгийн анхны 4 өнгөт комиксыг гаргажээ. Америкийн зах зээл дээр ч комикс анх ”Морнинг жорнал” сэтгүүлийн ням гаригийн өдрийн амралтын “Шар хувцастай жаалхүү” цуврал хэвлэгдэн Нью-Иоркт олны танил болсон юм. Эхлээд сэтгүүлийн 4 хуудсыг эзэлдэг байснаа удалгүй өргөжсөөр 16 хуудас болсон төдийгүй уншигчдын эрэлт хүсэлтээр сэтгүүлийн гол бодлогод нөлөөлж бие даасан сэтгүүл гаргах хэмжээнд хүрчээ.
Херст, Пулитцер нарын ачаар “Шар хувцастай жаалхүү”-гийн нэрээр бидний нэрлэж заншсан өнөөгийн чөлөөт хэвлэлийн “Шар сонин” гэдэг ойлголт гарсан гэдэг.
ОРЧИН ҮЕИЙН КОМИКСЫН АЛТАН ҮЕ
/GOLDEN AGE OF COMIC BOOKS 1930-1950/
/GOLDEN AGE OF COMIC BOOKS 1930-1950/
Алтан үеийн гол бүтээл болох 1943 оны хэвлэгдсэн
“Хуванцар хүн” комиксын хавтас
“Хуванцар хүн” комиксын хавтас
XX зууны эхээр Америкт комиксын урлаг цэцэглэн хөгжиж, хэвлэлийн салбарын гол төрөл жанр болж чаджээ. Агуулгын хувьд ч адал явдал, тулааны урлаг, аймшгийн болон уран зөгнөлт комикс, супер хүмүүсийн сэдэв болон өргөжсөн байна.
Орчин үеийн комиксын алтан үе /Golden Age of Comic Books/ нь 1930-50-аад оныг хамардаг байна.
Дээр хэлсэнчлэн комиксын хөгжилд зугаатай хөгжилтэй түүх эрэлт ихтэй байсан ч 1938 онд “Action comics” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Супер хүн” цуврал олон мянган уншигчдыг байлдан дагуулж комикс ертөнцийн хаан сэдэв болж чаджээ. Үүнтэй зуузай холбон “Хуванцар хүн” “Quality Comics” –ийн бүтээл ашиг орлогоороо тэргүүлж ирсэн нь дараа дараагийн ээлжит “Мен” /Хүн/ цуврал төрөн гарах үржил шимтэй хөрс бүрдлээ.
Шог зураач Уилл Айснерийн цувралаас улбаалж энэ санаа баяжсаар ерээд оны эхээр манайд 700-800 гаруй сонин гардаг шиг Америкт ч тэр үедээ 400 гаруй супер хүн баатрууд “өндөглөн” олширчээ. Дэлхийн 2-р дайны хүнд жилүүдэд ч Америкийн “Бэтмен” цуврал комиксууд эерэг сөрөг өнцгөөс ар талын далд тулаанд фашизмтай тэмцэн ялалтыг зөгнөж байсан гэнэ лээ. Дайны дараа ч супер баатрууд атом цөмийн сэдэв рүү орж ”зэвсэглэлээр хөөцөлдөж” эхэлсэн билээ.
МӨНГӨН ҮЕ
/SILVER AGE OF COMIC BOOKS 1956-1970/
“Amazing Spider-Man #1” буюу “Аалзан хүн”-ий анхны комикс сэтгүүлийн дугаар одоо нүдний гэм болсон тун ховор эд билээ. Хэрвээ санамсаргүй “азаар” олдвол 40 000 доллар хүрдэг байна. Тэгэхдээ зөвхөн алдарт “Сотбис” урлагийн худалдаагаар юм шүү дээ. Уг нь тэрээр анх худалдаанд гарахдаа ердөө 50 центийн үнэтэй байсан юм шүү дээ./SILVER AGE OF COMIC BOOKS 1956-1970/
Сэдэв сэтгэлгээ улам баяжин зураглай-комикс нь урлагийн бие даасан төрлийн хэмжээнд хүрч чадсан юм. Жараад оны бүтээлүүд нь Америкаас хаяагаа тэлж дэлхийд танигдан эхэлсэн байна.
Чухам энэ үед “Марвел” хэвлэлийн газар дэлхийн комиксийн хөгжлийн байр суурийг тодорхойлж байлаа. Энд Стэн Ли, Стив Дитко, Жэк Кирби нарын нэрийг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Өнөөдөр ч бидний дунд комикс-зураглай төдийгүй дэлгэцийн урлаг, цахим тоглоомын ертөнцөд биеллээ олон хөгжиж яваа “Хүн аалз”, ”Халк”, “ИКС хүн”, “Төмөр хүн” /Marvel, DC, Dark Horse, Image Comics-ийн бүтээл/-ий намтар түүх энэ үед хамаарна. Цаг хугацаа өнгөрөхөд бүх юм үнэ цэнээ олдог билээ.
ХҮРЭЛ ҮЕ
/BRONZE AGE OF COMIC BOOKS 1970-1985/
/BRONZE AGE OF COMIC BOOKS 1970-1985/
Акира Торияма "Dragon Ball Z"
Энэ үеийн сэдэв сэтгэлгээний салбарт адал явдал, зугаатай хөгжилтэй байхаас гадна хүн төрөлхтний өмнө сөрөг үзэгдэл болсон архи, тамхи мансуурал, бэлгийн буруу зуршилтай тэмцэх, Улаан загалмайн хөдөлгөөнийг дэмжих нийгмийн компанит ажлуудын дуу хоолой болж хүрээгээ тэлсэн байдаг.
Одоогоор хүрлээс өөр медальгүй болохоор наяад оноос хойш буюу өнөө цагийн бидний эрин үетэй золгож байгаа юм.
Дандаа ололттой талыг эс тооцон дайны жилүүдэд ч нийгмийн уриа болж байсан энэ төрөл маань алан хядлага, хүчирхийлэл, гэмт үйлдлийн боломжийн гарц, биеэ үнэлэгчдийн сонгодог сэдэв болон заримдаа ч дэмжсэн аяс чиглэлээр хөгжиж байгаа нь аль ч насныханд цахим орчинд болон хэвлэлийн орон зайд ч шар гэдэг анхны нэрээ “Шар хэвлэл” хэмээн эсрэг утгаар цоллуулахад хүргэсэн нь гашуун үнэн юм.
Испаниас үүдээ нээж Номхон далайд ноёрхсон комикс-зураглай энэ зуунд Азийг таалан бидний хаяанд ирлээ. Өнөөдөр Японы комиксын урлаг гэж ярьдаггүй. Японы “Манга” гэдэг. Хятадууд “Маньхуа” гэдэг бол Солонгосоор “Манхва” гэдэг биз. Бид “Зураглай гэмээр. Хамаа алга Комикс-зураглай.
Тэгвэл нэгэн цагт уламжлал, дэвшлээ бодсон ч Монголын комиксыг дэлхийн чихэнд “Зураглай” гэж дуудуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
МОНГОЛЫН КОМИКС-ЗУРАГЛАЙН ХӨГЖЛИЙГ УРАН ХОШИН ЗУРГААС
САЛГАН ҮЗЭХ АРГАГҮЙ ЮМ
САЛГАН ҮЗЭХ АРГАГҮЙ ЮМ
Б.Шарав “Монголын нэг өдөр”
Монгол зураг. Богд хааны музей
Монгол зураг. Богд хааны музей
1935 онд анх хэвлэгдсэн “Хүмүүжил, жигшил” сэтгүүл нь өдгөө Монголын орчин үеийн хошин урлагийн түүхийг улбаалсан “Тоншуул”–ын “дээд өвөг” юм. Дээхнэ үеийн нэрт судлаачид Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төдийгүй хошин урлагийн анхдагчаар “Марзан” хэмээх Балдуугийн Шаравыг төлөөлүүлдэг юм. Задгай комикс гэж болохоор “Монголын нэг өдөр” хэмээх энэ алдарт зургийн хошин түүхээр өнөөдөр ч бид уйддаггүй. Энэ чиглэлээр “Тоншуул” сэтгүүлд Ц.Байды, С.Цогтбаяр, С.Болд нар Монголын нэг өдрийн орчин үеийн хувилбараар туурвисан бүтээлүүд цөөнгүй байдаг.
Сурагч С.Болд “Улаанбаатарын нэг өдөр”
Задгай комикс-зураглай. “Улаанбаатар” сонин /1990/
Задгай комикс-зураглай. “Улаанбаатар” сонин /1990/
С.Цогтбаяр “Намрын нэг өдөр”
“Тоншуул” сэтгүүл /2005/
“Тоншуул” сэтгүүл /2005/
Цуврал зурган роман нь хуучин ЗХУ-ын “Весёлые картинки”, “Мурзилка” хүүхэд залуучуудын сэтгүүлүүдийн гол бодлого болон манайд гадаад хэвлэлийн /тэр үед “хомроголон” гадаад сэтгүүл захиалуулдаг байв/ захиалгаар олны танил болсон. Мөн Данийн нэрт зураач Херлуф Бидструпийн зургуудаар Монголын нэгэн үе түүний бүтээлээр хүмүүжсэн юм.
Херлуф Бидструп (Herluf Bidstrup) нь цуврал зурган комикс зурдаг байсан бөгөөд эдгээр бүтээлүүдэд ямар ч тайлбар хэрэггүй ажээ. Херлуф 5000 гаруй бүтээлийн эзэн бөгөөд түүний цуврал зурган өгүүлэмж нь нэг талаас харахад хөгжилтэй байдаг хэдий ч нэлээд ажиглаж харвал ихээхэн ухаарал төрүүлсэн зургууд байх болно.
Дэлхийн энх тайвны зүтгэлтэн Х.Бидструп гуай 1980-аад оны дундуур манай эх оронд айлчлахад Монголын шог зураачид уулзах завшаан тохиолджээ. Энэ үеэр “Улаанбаатарын мэдээ” сонины зураач Л.Гүрсэд алдарт Бидструпийн таталбарыг хийн зураг дээрээ гарын үсгийг нь зуруулсан нь бахархам дурсамж болон үлджээ.
Орчин үеийн комикс-зураглай 1960-аад оноос эхлэн манайд тодорхой баатруудаа дагуулан хөгжсөн юм.
“Оюун түлхүүр” сэтгүүлд Ц.Доржготовын хөөрхөн “Зуу Зуу” ишиг хүүхэд багачуулын дотно танил боллоо.
“Зуу Зуу”-гийн хөгжилтэй түүх жар, далаад оны хүүхдүүдийн хамгийн хайртай хүлээн догдолдог зохиолууд байсан юм. Энэ сэтгүүлийг Монголын анхны комикс сэтгүүл гэж болно. Улмаар нэрт номын чимэг зураач С.Идэрхангай “Оюун түлхүүр” тэргүүтэй баатраа дагуулан энэ уламжлалыг гайхалтай залган 1990 онд шинэ үедээ уламжлуулсан юм.
“Соно” Сэтгүүлийн анхны дугаар /1991/
Ардчиллыг дэмжсэн олон бүтээлч залуус нэгдэн уран бүтээлийн “Соно” нэгдлийг 1990 онд байгуулсан нь чөлөөт хэвлэлийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. А.Бат-Эрдэнэ, М.Чимэддорж, Чой.Ганбаатар нарын үүсгэн байгуулсан энэ сэтгүүл, шог зураачидтай нэгдэн МСДН-ны төв байрны нэг өрөөнд багтаад “Билүү-2” сэтгүүлийг Сур.Чимэддорж, Ц.Намжилдорж, Л.Мөнхбат, Д.Дуламсүрэн, Д.Гансүх, Гүрж.Нямдорж нар гаргасан нь тухайн үедээ чамлахааргүй амжилт олж
Хошин шогийн “Билүү” сэтгүүл /1991/
Уран бүтээлийн “Соно” нэгдлийн “Соно” сэтгүүлийн дараагийн дугааруудад ч А.Бат-Эрдэнэ “Мөөжөө Жөөжөө”, М.Чимэддорж “Хөхдэй мэргэн”, Пугжий хэмээх Чой.Ганбаатар “Араатны хаан арслан” зэрэг бүтээлүүд байсан юм. Тус сэтгүүлийн тухайн үеийн бүрэлдэхүүний онцлог нь сургуулийн сурагчид байсан юм. Өөрөөр хэлбэл залуу үедээ итгэн сонины зөвлөлд оруулан өөрсдийн нь бүтээл бүхий сэтгүүлийг урамшуулалтай борлуулж чадлаа. С.Болд, Д.Буян, Д.Цогт, Ч.Алтангэрэл, Ц.Ариунаа нар сурагчийн ширээний араас дөнгөж гарч ирж байв.
А.Бат-Эрдэнэ “Мөөжөө, Жөөжөө”,Чой.Ганбаатар “Хоёр хөлтэй хоохондой”
“Соно” сэтгүүл /1991/
“Соно” сэтгүүл /1991/
Тэр үед маш хурдан 10.000 хувиар борлогдсон энэ тоо эргээд үзэгчид хошин урлаг руу хуйларч буй үед өнөөдөр бидэнд эргээд таатай боломж юм. Аливаа уран бүтээл өөрийн гэсэн цаг үетэй байдаг хойно хүлээс нь алдарсан мэт ангаж цангасан чөлөөт хэвлэлийн эрх чөлөө монгол комиксын орон зай зах зээлийн давалгаанд амархан хумигдсан юм. Гэсэн ч уран бүтээлчдийн зориг мохсонгүй.
М.Чимэддорж “Хөхдэй мэргэн”
“Соно” сэтгүүл /1991/
“Соно” сэтгүүл /1991/
Зураачийн анхны харандаан ноорог
"Мөөжөө Жөөжөө”-тэй зэрэгцэн С.Цогтбаярын “Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал” хүчээ авч эхэлсэн. Зураач Ц.Байды”Мэргэн Бандгай”,”Хүрээ Даадай” гэх мэт өөрийн өвөрмөц хошин цувралаа олон жил туурвиж яваа.
Угаасаа комикс-зураглайн урлаг нь шог зургаас үүсэлтэй хойно манайд ч цөөхөн хэдэн шог зураачид нь энэ салбарт хүч сорьдог.
Зураач Сур.Чимэддоржийн “Халтаахай Гялтаахай” цуврал ч ур чадвар төгс гүйцэтгэлээрээ бяцхан уншигчид төдийгүй мэргэжлийн хүмүүсийн ч бахдлыг төрүүлдэг юм. Мөн 1990-ээд оны эхэн үеэр “Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал” гэсэн бүрэн хэмжээний ном, 2000 оны эхээр “Чингис хаан” цуврал гарч байсан. Энэ нь монголчуудад комикс–зураглайг мэдрүүлж өгсөн. Хэвлэлийн “Ирмүүн” компани Динза, Цүндээлэй, Цондоолой цувралыг гаргаж, монголчуудад тодорхой хэмжээгээр таниулж байлаа.
Хэвлэлийн “Ирмүүн” компанийн эрхлэн гаргадаг цуврал комикс-зураглайнууд
Өнөөдөр манайхан дэлхийн зах зээл дээр үл анзаарагдам нөлөөтэй ч оюуны болон сэтгэлгээний зах зээл дээр аугаа гэдгээ дахиад зориуд хэлэхийг хүсэж байна.
“Тоншуул”сэтгүүлийн дэргэд байгуулагдсан “Хас” комикс бүлгэмийн залуу уран бүтээлч М.Эрдэнэбаяр өнгөрсөн жилийн Японд зохиондсон Манга буюу комиксын уралдаанаас тэргүүн дээд шагнал болох гран-при шагналыг гардан авсан нь Монголын бүтээлчид дэлхийн тавцанд хүрсэн жишээ юм.
Хүүхдийн номын зураач, зохиолч М.Эрдэнэбаяр Япон Улсын элчин сайд Шимүзин нар
“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч М.Эрдэнэбаяр өнгөрсөн жилийн уралдаанд дэлхийн 46 орны 317 уран бүтээлчтэй өрсөлдөж “Бумбардай аргалд явсан нь” зурган номоороо тэргүүн байр эзэлсэн юм. Удаахь байруудад Хятад, Тайвань, Малайзын уран бүтээлчид шалгарчээ.Түүний хувьд 2003 оноос манга -комикс чиглэлээр 10 гаруй жил зурж байна. Энэ хугацаанд 100 гаруй ном бүтээжээ. Анх тэрээр “Гурванзуун тайчуудыг дарсан домог” номыг хийж байсан аж. Дараа нь “Батхаан” комикс цуврал, “Бонго”, “Дусалхүү”, “Майдар”, “Бумбардай” төслийг хэрэгжүүлж байжээ. “Бумбардай”–н хувьд 25 жилийн төсөл болгон нийт 108 цуврал ном гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Ойрын жилүүдэд “Бумбардай”-н 12 цувралыг гаргах бөгөөд хамгийн гол нь үндэсний хэмжээний комикс-зураглайн баатар бий болгох зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.
Дахин бас бахархам жишээ дурдахад, АНУ-ын Невада мужийн Рено хотод 2014 оны 11 сарын 16-21-ний хооронд болсон Олон Улсын Шог зураачдын Нийгэмлэг /ISCA- International Society of Caricature Artists/-ийн чуулганд оролцон, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 250 гаруй шог зураачид хуран чуулж газар дээр нь даалгавраа авч гүйцэтгэх заавартай уралдаанаас Монголын “Соно” нэгдлийн санаачлагчдын нэг Чой.Ганбаатар 5 номинацид шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.
Монголын анхны комикс-зураглай “Соно” сэтгүүлийн санаачлагчдын нэг “Пугжий” хэмээх Чой.Ганбаатар элэглэн зурсан “анимал”- нөхрийн хамт. Энэ хүний дэвшүүлсэн “Комикс"-ийг Монгол хөрсөн дээр “Зураглай” гэж нэрлэе гэсэн дэмжигчийн нэг гэдгээ дэмжин бичихдээ таатай байна. Пугжий нэрийг ч найзаа өхөөрдөн бас “нэгэн” шог зураач өгсөн билээ. “Дуудах нэр” нь болжээ. “Погжий” биш юм шүү.
1. Оны Шилдэг Шог Зураач IV байр - Caricaturist of the Year 4th Place
2. Гайхалтай Хэтрүүлэгтэй Хэв маяг - Outstanding Exaggerated Style
3. Гайхалтай Өнгөний Гүйцэтгэл - Outstanding Color Technique
4. Исмайл Ролданы нэрэмжит "Шинэ Цэрэг" Шагнал
The Ismael Roldan Award - Rookie of the Year
5. Себасчень Крүгэрийн нэрэмжит Хүндэт Зочин Шагнал
Guest of Honor The Sebastian Kruger Award зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэн, нийт оролцогчдоос хамгийн олон буюу таван төрлийн шагналын эзэн болж улсынхаа нэрийг өндөрт өргөж, Монгол зураачийн авьяас билгийг дэлхийд гайхуулсан юм.
“Нөхрийг бүү хай. Олдсоноо хайрла” гэдэг шиг бид гадаадын шилдэг мастеруудаас суралцахаас илүүтэй мөр зэрэгцэн туурвиж байгаа бие биенээ, өөрөөр хэлбэл, эрхэм та бүхнээс өнөөдрөөс эхлэн хайж бас эрж олох юм шүү.
“Үг цөөрөх тусам бодол нягтардаг” гэдэг энэ ажээ.
Шог зураач Лумо-Л.МӨНХБАТ
Н.Буян
Н.Буян
Н.Буян
Н.Буян
Зочин
Зочин
Зочин