ОРЧИН ҮЕИЙН ОРОС ОРНЫ ТОВЧ ТҮҮХ


Энэхүү номд Владимир Путиний эрх барьсан он жилүүд буюу 2000-2015 оны Орос орны үүх түүхийг дэлгэн өгүүлжээ. Холбогдох баримт, олонд нээлттэй мэдээ мэдээлэл хийгээд Владимир Путиний ойрын хүрээллийн хүмүүстэй хийсэн зохиогчийн ярилцлагуудад үндэслэн бичигдсэн уг бүтээлд үйл явдал, тоо баримт зэргийг нэгэн цогц болгон нэгтгэснээр Кремлийн аж байдлыг дурайтал буулгасан дүр зургийг үүтгэх тул уншигч авгай та Владимир Путин цагийн аясаар хэрхэн өөрчлөгдсөн болохыг ухаж ойлгоод, 2000 оны эхээр барууны либерал үзэл баримтлалтай асан ерөнхийлөгч маань ямар учраас барууныг илт эсэргүүцсэн авторитар дарангуйлагчийн хэв шинжтэй болж хувирсныг таньж мэдэх боломжтой ажгуу.


Номоо бичиж эхлэхдээ би бээр Орос оронд сүүлийн арван таван жил өрнөсөн үйл явдал хийгээд Владимир Путин, түүний ойр тойрныхны бодол санаа, ертөнцийг үзэх үзэл хэрхэн өөрчлөгдөж, эхэндээ ямар байгаад эцэстээ юунд хүрсэн тухай өгүүлэх санаатай суулаа. Гэтэл үнэн хэрэгтээ үйл явдлын цөмд байсан хүмүүс бодит байдалд чухам юу болж өнгөрснийг тэр бүр нарийн санадаггүй болох нь тодорхой болов. Хүн бүр тухайн хэрэгт ноён нуруутай, хамгийн гол нь чигч шударга хандсан байдлаар өөрийгөө дүрслэх ажээ. Хэдэн жилийн турш би ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан, засгийн газрын гишүүн, төрийн Думийн депутат, Forbes сэтгүүлийн жагсаалтанд орсон аж ахуй эрхлэгч хийгээд гадаадын улстөрчид зэрэг Владимир Путиний ойрын хүрээллийн олон арван хүнээс ярилцлага авч явлаа. Тэгэхэд хүн бүр тухайн үйл явдлыг өөрийн зүгээс тайлбарлаж, энэ нь нөгөө нэгний ярьсан хэлсэнтэй зөрчилдөх нь бишгүй байв. Номын баатрууд маань баримт нотолгоог мартаж, цаг хугацааг андуураад, үйл хөдлөл, үг яриагаа хүртэл тодорхой санаж чадсангүй. Тэд өөрсдийгөө нийтэд зарлахгүй байхыг хүссэн нь мэдээж. Гэхдээ би бээр цөөнгүй тооны хүнтэй харилцаж ярилцсан тул харьцангуй тод томруун төсөөлөлтэй үлдсэн юм.

Хатуухан дүгнээд үзвэл энд хэн нэгэн хүн тун санамсаргүй байдлаар хаан суусан дүр зураг буух санжээ. Эхэндээ энэ хүн хөвж үлдэхийг л хүсчээ. Тэгтэл нөхцөл байдал таатайгаар эргэж, ялгуусан тэмцэгч, өөрчлөн шинэчлэгч Арслангийн зүрхэт эзэн хаан болох боломжтойгоо гэнэтхэн сэхээрэв. Чингээд түүхэнд нэрээ үлдээхийг хүслээ. Улмаар сайн сайхан амьдралд тэмүүлж, Эрхэм сайхан хэмээгдсэн эзэн хаан болов. Дараа нь ядарч хэсэгтээ амсхийхийг хүссэн ч түүхийн нэгээхэн хэсэг болж, Догшин хэмээгдэн хаан ширээнд суусан учраас амрах боломжгүйгээ ухаарлаа.

Энэ бүх өөрчлөлт яаж өрнөсөн бэ гэвэл олон жилийн турш түүнийг тойрон хүрээлж байсан зүсэн зүйлийн хүмүүс өөрийг нь тахин шүтэж байсантай салшгүй холбоотой билээ. Ойр тойрныхон нь түүнийг өргөж аваад, айдас хүйдэс, ашиг хонжооныхоо зэвсэг болгон өөрийнх нь ч санаанд ороогүй тэр л орчин руу урагш түлхжээ.

Аливаа үйл хэргийн үр дүнгээр өнгөрснийг өртөөлөн хөөвөөс түүх гэдэг тун чиг учир зүйтэй эд болж таарна. Ингэвэл анхнаасаа ийм л үр дүнд чиглэж байсан мэт сэтгэгдэл төрж, угаас нэгэн төлөвлөгөө хэрэгжсэн аятай төсөөлөгдөж мэднэ. Номын баатрууд маань өөрийн үйл хөдлөлийг ул суурьтай болгох гэж хичээхдээ тухайн үйл явдалд огт байгаагүй учир шалтгаан бодож олоод, эдгээрээ өөрсдөө ч таамаглаж яваагүй логик зүй тогтолтой холбожээ.

Гэлээ гээд Орос орны энэ 15 жилийн түүхэн үйл явдлуудыг өөр хоорондоо уялдаатай байсан гэж хэлэхэд бэрх юм. Миний сэргээсэн үйл явдлын хэлхээс Путин болоод түүнд шадарлаж явсан хүмүүст ямарваа төлөвлөгөө, тодорхой жанжин шугам үгүй болохыг гэрчлэн байна. Болсон бүхэн гадны нөлөөн дор авч хэрэгжүүлсэн боловч угтаа эцсийн зорилго агуулаагүй тактик алхмууд болой.

Оросын улстөрчдийн сүүлийн 15 жилийн үйл хөдлөл, сэдэл сэтгэлийг ажваас хуйвалдаан байсан гэх яриа ор үндэсгүй нь батлагдана. Аливаа үйл явдлын нарийн учир нь хар санаа юу, эс бөгөөс алдаж эндсэний хор уршиг уу гэж санавал аль ч тохиолдолд хоёр дахь хувилбарыг сонгох нь зүйтэй.

Оросын эрх баригчид 2000 онд 15 жилийн дараа ямар үр дүнд хүрэхээ гадарлаж байсан уу гэвэл үгүй юм. Тэгвэл 2014 онд дараа жил ямаршуухан болохыг төсөөлж суусан уу гэвэл бас л үгүй.

Би зориуд эрх баригчид хэмээн олон тоон дээр бичиж байна. Кремлиэс гарч байгаа тушаал шийдвэрүүд дан ганц Путиний гараар ордог гэвэл үнэнд нийцэхгүй. Путин бүхий л шийдвэрийг гаргадаг ч Путин гэдэг нь угтаа нэг хүн биш. Путин болбоос хамтын хүчээр бүтээгдсэн ухамсар ажгуу. Өдөртөө хэдэн арав, хэдэн зуун хүн Путин юу шийдэх бол хэмээн таамаглан суудаг. Владимир Путин ч өөрөө ямар шийд гаргавал олонд нэртэй төртэй явах вэ, яаж хөдөлвөл Владимир Путин хэмээх хамтын ухамсарт таацаж нийцэх вэ гэдгээ цаг үргэлж тунгааж явдаг.

Хамтын хүчээр бүтсэн Владимир Путин энэ олон жилийн турш зөв зүйтэй шийдвэр гаргаж байснаа өөрөө өөртөө баталж нотлоод, үйл хөдлөлөө үнэн бодитой гэдэгт итгэж үнэмшин, тогтсон төлөвлөгөө, тодорхой зорилттой урагшилж буйгаа гэрчилж, алдсандаа биш атаатан дайсантай тасралтгүй, цуцалтгүй тэмцэлдэж явсандаа энэ мэт хөдөлснөө нотлохын тулд өдгөө дурсамж дурдатгалаа эмхлэн цэгцэлсээр байна.

Тиймээс энэхүү номонд сэтгэлд өрнөсөн төсөөллийн дайн тулаан буюу түүнийг зогсоовол угаас ийм дайн байгаагүйг хүлээн зөвшөөрөх зайлшгүй шаардлагатай тулгарах тэр л тэмцлийн тухай өгүүлэх юм.

МИХАИЛ ЗЫГАРЬ