1989 оны 6 сарын 4-ний шөнө Бээжингийн Теэнь Ань Мэний талбайд оюутны бослогыг хүчээр нухчин дарсан түүхийн талаар хятадын эх сурвалжаас барагтай бол олдохгүй. Харин Хонгконгийн түүхч Сю Жунюэгийн бүтээлд энэ талаар дорвитой бичсэн байдгаас хальт сонирхож үзлээ.

Ер нь Тиэнь Ань Мэний талбайн хэрэг гарах болсон шалтгаан, урьдич нөхцлийг харахгүй бол болохгүй. Харанхуй хүйтэн “Соёлын хувьсгал”-ын 10 жил дуусаад 1978 оноос Хятад нээлттэй болж, олон оюутан, сэхээтэн барууны болон Япон, Сингапур гэх мэт ардчилсан орнуудад суралцсан нь хүний эрх, эрх чөлөөний талаар тэдэнд соргог сэдэл төрүүлж, шинэ үзэл нь аажмаар дэлгэрч, яг л хөрсөн доогуур ус нэвчин шингэдэг шиг тархаж эхэлжээ. Ингээд Тиэнь Ань Мэний талбайн бослогоос 2 жилийн өмнө, 1986 оны 12 сард улс төрийн эрх чөлөө шаардсан хятадын залуус 15 том хотод оюутны жагсаал зохион байгуулж, коммунист эрх баригчдаа сандаргажээ. Намын толгой дахь косерватив хөгшчүүл үүнд тунчиг эгдүүцэн хилгэнэж байсан бол Дэн Сяопины залгамжлагч ХКН-ын Ерөнхий НБД Ху Яобан харин аядуу зөөлөн хандаж, залуусын романтизмыг хүчээр дарж болохгүй, гагцхүү зөв чиглүүлэх хэрэгтэй хэмээн, бүүр жагсагчидтай очиж уулзаж хүртэл байжээ.

Энэ юуг илтгэв гэвэл, үндсэндээ нам доторх үзэл бодлын хагарлыг харуулсан айхтар явдал гэгджээ. Иймээс мөнөөх залгамжлагч асан Ху Яобанг үүнийх нь төлөө ажлаас халсан нь нам доторх шинэ, хуучин үеийнхний тэмцэл ширүүсч буйг нотлосон юм. 86 оны оюутны жагсаалын толгойлогчдыг баривчилж, байцаасны дараа оюутны өвлийн шалгалт ч эхэлж, залгуулаад амралт таарч жагсаал аяндаа намжсан аж.

Харин 1989 оны 1 сард дэвшилтэт сэхээтэн, астрономч Фан Ли нээлттэй захидал Дэн Сяопинд хүргүүлснийхээ төлөө засгийн газарт элдвээр хяхуулж хавчигдсан нь оюутнуудын хилэнг дахин хүргэжээ. Дэлхий дахинд ч энэ үед коммунист дэглэм тэр аяараа ганхаж эхэлсэн цагийн салхийг оюутнууд соргог мэдэрч байж.
Үүний дээр оюутнуудын хувьд улс төрийн нээлттэй байдлын билэг тэмдэг болоод байсан Ху Яобан 4 сарын 15-ны өдөр нас нөгчсөн нь “боломж” болж, хэдэн мянган оюутан консерватив эрх баригчдын эсрэг босож, “Үхэх ёсгүй хүн үхчихлээ, үхэх ёстой хүмүүс нь үхээгүй байна!”, “Шударга хүн нөгчиж, хуурамч этгээдүүд амьд байсаар!” гэх мэт үгтэй лоозон барьж жагсав. Оюутнууд Тиэнь Ань Мэний талбайд суулт хийж, “Ардчилал мандтугай!”, “Эрх чөлөө мандтугай!”, “Ялзрал сөнөтүгэй!” гэх мэт уриаг хашгирч байлаа. 4 сарын 22-нд 3 оюутан Ардын их хурлын танхимын өмнө өвдөг сөгдөөд “Эзэн хаанаас ингэж өршөөл эрдэг. Одооо гэтэл ямар цаг үе билээ? Ийм аргаар бид шаардахаас өөр арга алга. Энэ бол бидэнд эрх чөлөөгүй байхгүйг итгэж байна” гэх лоозонг харуулжээ.

Жагсаалыг дэмжигчид нэмэгдсээр, оюутнууд хичээл хаяж, сэхээтэн, багш, сэтгүүлч, урлагийнхан, энгийн иргэд ч нэгдэж, 5 сарын дунд үе гэхэд 23 хотод нийт сая гаруй хүнийг хамарсан том жижиг жагсаалууд болсон аж. 5 сарын 30-нд урлагийн сургуулийн оюутнуудын хийсэн жижгэвтэр эрх чөлөөний хөшөөг Тиэнь Ань Мэний талбайд, Хориотой хотын үүдэнд, Маогийн аварга хөргийн өөдөөс харуулан байрлуулж, эрх баригчдыг булай болгов.

Оюутны бослогыг яаж ч чадахгүй байгаа гэх мессежийг гадаад ертөнцөд өгсөн үйл явдал болж, 5 сарын 16-нд М.Горбачев Хятадад айлчлахад төв талбай дээрээ угтан авах ёслол хийж чадалгүй, онгоцны буудал дээр болгож өөрчилсөн, хөтөлбөрт Хориотой хотыг үзүүлэх байсан ч бас чадаагүй, өөр бусад хөтөлбөрийг ч аюулгүй байдлын үүднээс цуцлахаас өөр аргагүй болсон зэрэг юм.

Хоржоонтой нь 2 жилийн өмнө оюутнуудыг дэмжиж байсан Ху Яобаны ажлыг авсан Жао Зыян Ерөнхий НБД ч бас оюутнуудын талд зогсож, улс төрийн шинэчлэлтийг дэмжиж байжээ. Ингээд Коммунист намын бурхиуд 5 сарын 17-нд яаралтай хурал зарлаж, Жао Зыяныг мөн адил зайлуулахаас гадна оюутны бослогыг хүчээр дарах шийдвэрээ гаргажээ.

Хоёр долоо хоногийн бэлтгэл хийсний дараа 6 сарын 3-ны орой радиогоор хотын иргэдийг Тиэнь Ань Мэний талбайг орхин явахыг сануулж, энэ шөнө эмх журмыг сахиулах арга хэмжээ авах болно хэмээн нухацтай хоолойгоор мэдэгдэл хийсэн байна. Гэвч 50, 60 мянган хүн талбайгаас явахгүй гэж шийдсэн бөгөөд оюутнууд армийнханд машид итгэн, хэзээ ч ард түмэн лүүгээ буу шагайхгүй гэж бодож байв.

Оройн 10 цаг болоход Ерөнхий сайд Ли Пэн тушаал өгч танк, хуягт, автомат зэвсэгтэй цэргүүд төлөвлөгөө ёсоор талбайн баруун, зүүн, хойд гурван талаас шахан орж, 4-ний үүрээр 35 танк босогчдын гол майхныг няцлан дайрчээ. Үүрийн 4 цаг гэхэд талбайн бүх гэрлийг унтрааж, буу, бороохой барьсан цэргүүд үймэлдэн хашгиралдаан дунд үлдсэн жагсагчидыг хөөж тараажээ. Тэдэн дунд 11 оюутан эрх чөлөөний хөшөөг хамгаалан тэвэрсээр ухарсан байна. Танктай цэргүүдийн эсрэг гар мухар жагсагчид яаж ч чадахгүй тул бүгд тарж зугтах нь зугтаж дуусахад үхсэн хүмүүсийн хүүр, лоозон, майхны хогийг ачиж Бээжингээс гарган ууланд шатаан, өглөөний 6 цаг гэхэд талбайг бүрэн цэвэрлэжээ. Цуст хядлагыг 7 цагийн дотор гүйцэтгэж дуусгасан байна.

Энэ хядлагаар хэдэн хүн үрэгдсэн талаарх статистик одоо хэр бүрэн биш зөрүүтэй бөгөөд барууны хэвлэл 3 мянган хүн үхэж, 10 хэдэн мянган хүн шархадсан гэдэг ч “Нью Йорк таймс” дараа нь 400-800 хүн гэж засаж мэдээллэж байсан аж. Хятадын албаныхан 6 сарын 16-нд нэг ч хүн үхээгүй гэж мэдээллэж байсан ч хожим нь 23 оюутан талбайн гадна санамсаргүй үхсэн гэж мөн засаж мэдээллэжээ.

Юутай ч Тиэнь Ань Мэний талбайн оюутны бослого бол зөвхөн оюутны бослого биш байсан учраас асар их өндөр авчээ. Хятадын дээд удирдлагын хагарлын нөлөөгөөр бослого ардаа улс төрийн дэмжлэгтэй тэмцэл байсанд хуучинсаг эрх баригчдын гол айдас оршиж байсан бололтой.

Хонгконгийн түүхч Сю Жунюэгийн бичсэнээр тухайн үед өндөр түвшиндээ гурав хуваагдсан, нэг талд ерөөсөө бүх шинэчлэлтийг эсэргүүцэгч Ли Пэн, Ян Шанкунь тэргүүтэй консерватив хувьсгалч хөгшчүүл, нөгөө талд Жао Зыян тэргүүтэй улс төрийн шинэчлэлийн салхийг мэдэрсэн залуу залгамжлагч удирдлага, энэ хоёрын дунд Дэн Сяопин зогсож байсан.

Дэн Сяопин эдийн засгийн шинэчлэлтийг зүтгүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан атлаа улс төрийн шинэчлэлтийн яг эсрэг талд зогсчээ. Яагаад гэвэл улс төрийн шинэчлэлт хийвэл Коммунист намын эрх мэдэлд шууд заналхийлнэ. Коммунист нам унавал эдийн засгийн шинэчлэлт үгүй болно. Тиймээс Дэн Сяопин эдийн засгийн шинэчлэлийн төлөө консервативуудтай улс төрийн далд тэмцэл байнга хийж ирсэн атлаа энэ удаа хуучинсагуудтай нэг талд гарч, өөрийнх нь залгамжлагч гэгдэж ихэд найдаж байсан Ху Яобан, Жао Зыян нарыгаа харамсалтайгаар улс төрөөс зайлуулаад, түүний сүүдэр болсон оюутны бослогыг танкаар нухчин дарж, улс төрийн үймээнийг няц дарснаар өөрийн бодлогоо авч үлджээ.

Эдүгээ Тиэнь Ань Мэний бослогыг нухчин дарсан 6 сарын 4-ний үйл явдлын үнэн түүхийг шинээр бичиж, бодит баримтыг гаргах ёстой гэж Тайвань, Хонгконгийнхон үздэг. Гэхдээ эх газрын Хятадад Коммунист нам эрх барьж буй цагт энэ сэдэв үргэлж эмзэг байсаар байх биз.