Хаа сайгүй унасан, уруулсан нэр дэвшигчид. Яацрав гэхээр самбар нь уначихдаг гэнэ. Нүүрээ маажуулчихсан, дахиад “дүрээ бүтээлгэхээс” гэж шогшрох аж. Уг нь энэ самбар урах бохир технологи нь балар эртний арга ядсан ажил л даа. Анзаарвал “МАН-аас бусад гишүүдийнх нь самбар урагдаад байна” гэсэн эхний хувилбарыг дэвшүүлж байна. Гэтэл үгүйсгэгдлээ. МАН-ынхан ч бас “самбар унах” гамшигт өртөж ихээхэн гарз хохирол амсаж эхлээд байгаа гэнэ. Юун айлынхыг унагах өөрсдөө унаад байхад хэмээн САПУ шатсаны дараах Бөмбөгөрийнхөн шиг гомдоллов.

Дараагийн хувилбар нь АН-ынхан эсвэл бусад нэр дэвшигчид өөрсдөө самбараа урчихсан байж магад гэцгээж байна. Өнөөх “Рейхстагийг хэн шатаав” гэдэгтэй харьцуулахаар арай томдох ч арга барилын хувьд ч, санхүүгийн хувьд ч тийм тэнэг эрсдлээр амжилтад хүрэх нь юу л бол.

Гурав дахь хувилбар нь “Зүгээр л хүмүүст таалагдахгүй байгаа болохоор уруулаад байгаа байж мэднэ”. Яагаад болохгүй гэж...Хоногийн хоолоо яая гэж байгаа сонгогч хонон өнжин 300 мянгыг авна гэж дугаарлаж зогсчээ. Дутуу мэдээлэл аваад дуусчихна л гэж тэр. Хариад зурагтаа асаатал УИХ-ын нэг гишүүн, хуульч хоёр 50 сая төгрөгийг хоорондоо түлхэлцэж байхад яаж бухимдахгүй байх юм бэ.

Гэрээсээ гараад тэр УИХ-ын гишүүн болох гэж зүтгээд байгаа нэр дэвшигчийн самбарын дэргэд очоод “Чи бас 50 саяыг түлхэхээр баяжих гэж байна уу. Ийм тэгш бус амьдруулна гэж та нар амласан гэж үү” гээд л ураад хаячихдаг байж болно шүү дээ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдын музейн хавьцаа алхаж явтал Ц.Нямдорж гишүүн зогсож байна. Яасан ч намхан самбар вэ. Үнсчихмээр ч юм шиг, нясалчихаж ч болохоор...

Цаашаа явтал ХҮН-ын Д.Гантулгын самбар байна. Ээ харла. “Гайтулга” гэж унших шахлаа. Хагас “И”-гийн дээрх тэмдэгийг гал болгоод тулган дээрээ дүрэлзүүлэн самбараа хийлгээд харсан чинь Гайтулга гэж харагдахаар болчихсон байх юм. Галаар тоглож болдоггүй гэдэг энэ байх. МАН-ын гишүүн Б.Энх-Амгаланг “уначихсан” байхыг харлаа. Түшээд авах хүн ч алга. Босгох гэснээ ичээд чадсангүй. Бэлтэй чадалтай хүн юм гэнэ билээ, өөрөө босоод ирэх биз, би юучив.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр даялж явтал Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гишүүнийг Зүүн хүрээ хийдийн орчим хоёр залуу “дамжлаад” явж байна гэж дуулаад гайхав. Хөшөө хулгайллаа, хүүхэд хулгайлж гэнэ гэж дуулснаас экс сайдыг гэгээн цагаан өдрөөр эвээр дамжлаад явж байна гэдэг сонин л доо. Гэтэл А үсэг шиг хэлбэртэй самбарыг нь дамжлаад явж байх. Яах гэж байгаа юм бэ гэтэл хамгаалж байгаа юм гэнэ. Уруулчихна, унагаачихна гээд тэр шүү дээ. Тахарын алба, Гэрч, хохирогчийг хамгаалах гэхчлэн хамгаалалтын хуулиудын эцэг гэсэндээ самбар нь хүртэл хамгаалалтад байдаг байх нь.

Энэ удаагийн сонгууль адал явдал ихтэй, бухимдмаар, бас зарим талаар хөгжилтэй болж байгааг та бүхэн харж байгаа. Үүний дагуу сурталчилгаа нь ч гэсэн цоо шинэ моделийн уур амьсгалыг оруулж ирсэн л дээ. “Сайн пиарчин”, “сайн хуульч” хөлсөлж авч өрсөлддөг байсан бол одоо “Зөн билэгтнүүд” хүрэлцэн ирж сонгуулийн өнгийг зурж өгдөг боллоо. Өмнө нь бол Баабар, Э.Бат-Үүл хоёр л тун ойрхон, ёстой л зууны нарийвчлалтай таамаглал дэвшүүлж чаддаг байв. Тэгвэл “мэргэн буучдад”-аа итгэхээ больж Хойд хөршөөс “Шулам” залж ирэх нь тэр.

Нэр дэвшигчид хэчнээн улайрсан хорчин боллоо гэхэд Оросын шулам, Баабар хоёр “хуйвалдатлаа” өдий баймаар. Гэтэл тэр хоёрын нэрлэсэн зарим нэр дэвшигчид давхцаад байгаа нь анхаарал татсан. Шулам манай улстөрчидтэй арай танилцаж амжаагүй баймаар авч нэг л байндаа тусаад байх шиг.

“Зөн билэгийн тулаан”-ы хамгийн сүүлийн ялагч Виктория Райдост үзүүлэхээр манай улстөрчид хонон өнжин дугаарлаж, өөрөө биш ч зураг хөрөгөө туслахаараа өгөөд явуулсан гэж дуулдав. “Баянзүрх дүүрэгт С.Жавхлан өрсөлдөгчдөөсөө олон саналаар хол тасарч ялна, Хан-Уул дүүргээс Ц.Нямдорж, Г.Батхүү нар баараггүй сонгогдох юм байна. Сүхбаатар дүүргээс Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар ялалт байгуулна гэж хэлжээ. Харин Баабар нийтлэлч “Баянзүрх дүүрэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Увсад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хан-Уулд Г.Батхүү, Баянгол дүүрэгт “Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ганбаатар, Завханд АН-ын Я.Санжмятав нараас эхлээд байн байн таамаглалаа дэвшүүлж нэр дэвшигчдийн зүрхийг базаж суух кайфтай байгаа бололтой.

Ер нь бол тэр “Шулам”-ыг АН-ынхан авчирсан гэж үзээд байгаа ч МАН-ынхан яаж дутахав урд хөршөөс хөзрөөр мэрэглэдэг нэг лут хүн авчирсан гэлцэх болов. МАН-ын сонгуулийн штаб тэгж үүрэгдсэн биш, тэгэхээр хувь гишүүд л хувилгаанаасаа асуусныг нь хөөрөгдөө биз. “Урбанжсан” С.Баяр МАН-ын сонгуулийн штабыг удирдаж байгаа бол бүр ч хавьтуулахгүй. Заавал “ шаардлагатай бол Паула наймаалж мэтийг бол сонирхон зөвшөөрч магадгүй юм. Гэхдээ өнөөх худалч тэмээ шиг биш бол шүү дээ. С.Баярын технологи арай өөр. Оросоос зөвлөх, пиарчид, судалгааны багийнхан авчирч Зайсангийн хамгийн “ТОП” харшуудад суурьшуулан амрааж, ажиллуулж байгаа гэнэ.

Өмнөх сонгуулиар лав Оросын судалгааны баг, сурталчилгааны зөвлөхүүдтэй хамтарч ажилласан гэдэг. Гэхдээ хүн гэдэг амьтан шүүхээр л “Өрөөлийн бөхийг засчихаа болов уу” гэж сэрдэгдээд хэцүү юм билээ. Тэрэндээ тулбал манай “Хар цагаан жагсаалт”-ын “автор” бөө А.Мөнхбат арай илүү ч байж магадгүй. Өгч байгаа олон доллар нь ядаж эх орныхоо эдийн засагт эргэлдэж байг л дээ. Ер нь зөн билэгтнүүд, пиарчдад нэр дэвшигчид маань итгэхээ больж байгаа даг аа. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн аваргыг худал нэрлэсэн тэмээ яалаа...