УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Гарамжавыг “Чингис” бондыг шүүмжилж, Ардчилсан нам Засгийн эрх барьсан жилүүдэд иргэн бүрт 15 сая төгрөгийн өртэй болгосон гэж ярихыг сонслоо. Түүнд намаас нь ийм даалгавар өгсөн нь ойлгомжтой. Угаасаа МАН-аас нэр дэвшиж байгаа хэн бүхэн ингэж ярьж явааг олонтаа харж байна. Гэхдээ нэр дэвшигч ч гэсэн хүнд ёс суртахуун, нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Өнөөдөр нэр дэвшиж явахдаа баримжаагүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж яваа хүн УИХ-ын гишүүн болоод гэнэт хариуцлагатай ярьж эхэлнэ гэж итгэхэд бэрх.

Ийн бухимдахын учир нь тэрбээр өөрөө “Чингис” бондын хөрөнгөөс чамлахааргүй хувийг хүртсэн. Үүнийхээ ч “шагналд” 2015 оны хоёрдугаар сард Форбс сэтгүүлийн жил бүр шалгаруулдаг “Азийн хүчирхэг 50 эмэгтэй”-н жагсаалтад багтсанаа хэвлэлээр магтан дуулж байсан биш билүү.

Засгийн газрын арилжаалж бүрдүүлсэн Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой барилгын болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрүүдийн төсөл хөтөлбөрийг Засгийн Газрын Бодлогын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Үүний дотор Дорноговь аймгийн Өргөн суманд баригдаж байгаа Монполимет ХХК-ийн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай "Монцемент" төслийг Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банк 65 сая долларын санхүүжилт шаардлагатай байсныг 2 үе шаттайгаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Эхний үе шатанд 35 сая ам доллартай тэнцэх төгрөг, нэгдүгээр үе шатны ажил дууссаны дараа үлдэгдэл 30 сая ам доллартай тэнцэх төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Засгийн газрын зүгээс цементийн импортын хамаарлыг арилгахаар бодлогын түвшинд дэмжлэг үзүүлсэн "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" жилд 1 сая тонн үйлдвэрлэж эхэлсэн. 2015 оны сүүлч гэхэд дээрхи 3 үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эх орондоо жилд 3 сая тонн цемент үйлдвэрлэдэг болох учиртай. Тус бүр нь 1 сая тонн хүчин чадалтай эдгээр том үйлдвэрээс гадна жилд 200 мянган тонн хүртэл цемент үйлдвэрлэх үйлдвэрүүд баригдаж эхэлсэн. Дархан-Уул аймаг дахь Эрлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа 700 мянган тонн-д хүргэхээр техникийн шинэчлэлт хийж байна. Эдгээр үйлдвэрүүд төлөвлөсөн ёсоороо ашиглалтанд орвол 2016 он гэхэд цементийн импортын хамаарлаас бүрэн ангижирч, эх орондоо 4 сая хүртэл тонн цемент үйлдвэрлэдэг болох юм. Харин “Монполимет” жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэж дотоодын зах зээлийн хэрэгцээний 25 хувийг хангадаг. Арилжааны банкууд 20 хувийн хүүтэй зээл олгож байхад “Чингис” бондын санхүүжилтээр 9 хувийн хүүтэй зээл олгож байгаа нь том боломж” хэмээн тус үйлдвэрийн төлөөлөл телевизээр ярьж байсныг олон хүн харсан. Гэтэл одоо “Алтыг нь аваад авдрыг нь яаж хаядаг”-аа харуулж алтны уурхайн захирал Ц.Гарамжав Засгийн газрын бодлогыг шүүмжилж яваа нь муухай биш гэж үү. Тэр хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай байх тухай дандаа ярьдагийн хувьд энэ удаад ч гэсэн АН-ын Засгийн газрын бодлого буруу байсан бол хүртсэн хувийнхаа дайтай хариуцлага хүлээх биз ээ гэж найдаж байна.

Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх бүрт, Чингис бондын хөрөнгийг экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зам, эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, уул уурхайгаас бусад салбарын хөгжлийг ялангуяа барилга, дэд бүтцийн салбарыг дэмжихэд зарцуулсны эцсийн үр дүн ард түмэнд л наалдах учиртай. Гэтэл үүнийг хоёр гараа өргөн дэмжиж өрмийг нь хамчихаад хусмыг нь, тогоог нь, тогоочийг нь хялайж байгаа ийм хүн өөрийнхөө бизнесийг дэмжихээс өөр зүйлд тууштай байж чадна гэж үү гэдэгт сонгинохайрханыхан эргэлзэж байна.