Б.Бат-Эрдэнэ бол улсын наадамд 12 түрүүлсэн босоо аварга. Харин анхны түрүү нь алдарт аварга Х.Баянмөнхөөс эхтэйг хэдэн хүн мэддэг юм, бүү мэд! Түүнийг заан цолтой байхад 1988 оны улсын наадамд аварга Ц.Цэрэнтогтохтой тунахаас, тунаад унахаас нь Х.Баянмөнх аварга сугалж, тахим буулган гар амар тунаанаас гаргасан гэдэг юм. Ингэснээр залуу заан Б.Бат-Эрдэнэ тэр жилдээ түрүүлж, түүнээс хойш улсын наадмын түрүүг 12 удаа хүртсэн үндэсний бөхийн амьд домог, агуу аварга болсон юм. Энэ бол дараагийн үеэ дэмжиж, албаны үгээр бол бодлогоор гаргаж ирдэг, үндэсний бөхөд байдаг, агуу хүнээс л гарах аварга ухаан юм.

Тэгвэл шинэ, дараагийн үеийг дэмжиж гаргаж ирэх ийм аварга ухаан Монголын төрд байхгүй юу?

Намуудад лавтай байхгүй бололтой. Байхгүй учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН, АН-ын аль аль нь улстөрчөөс Монголын төрийн зүтгэлтэн болж “анги дэвших” боломжтой залуусаа тунаанаас гаргах нь битгий хэл, харин ч “аварга хүчин” зүйлсийн тунаанд тавьж өгөв. Аваргыг давж аварга. Шударга шалгуур. Улстөрд ийм шалгуур байх ёстой. Аваргад ялагдвал ард нь нэртэй, нүүртэй үлдэнэ. Олон хүний сонгогдоосой гэж хүлээдэг зарим залуу улстөрчийг харин ч торгуулийн батальонд илгээжээ. Гэтэл өөрөө л дүрдээ итгэж самбар босгоод яваад болохоос тохироогоор бэлгэнд явсан нь илт, нөгөө намын захиалагчийнхаа өдрийн хоолны өмнөх зууш болж ирсэн нь тодорхой нэр дэвшигч олон байна. Тэр байтугай нэг удаа сонгоод үзье гэхээр нэр дэвшигчгүй тойрог ч байх. Тэгсэн хэрнээ ялагдсан нь ч УИХ-д байхаар “шонхоруудын тулаан” бүхий тойрог бас байна. Монголын улстөр ингэж л дараагийн үеэ хааж боох, өөрсдөө удаан тогтох фракцууд, “том” улстөрчдийн тохироогоор явдаг, ер нь бол бөхийн начны найрнаас ч бохир болов. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг байсан бол өнөө цагт Монголын төрд зүтгэх хүнд улстөр, бизнесийн бүлэглэлүүд бүлэглэн хатуурхдаг болжээ. Үүнийг мэдээлэлд ойр төдийгүй, учир мэддэг бүх хүн хүлээн зөвшөөрдөг. Харин өөрчлөх боломж дөрвөн жилд ганц удаа гарч ирдэг нь сонгууль юм. Телевизийн удирдлагаа атгачихаад улстөрийг, улстөрчдийг болохгүй байна гэж хий бухимддаг танд одоо л тодорхой үйлдэл хийх боломж ирлээ. Тэр нь энэ сарын 29-нд өгөх таны санал юм. Бид өглөө бүр Монголоо бодож сэрдэггүй, тэгэж сэрэх эдийн засгийн тэнхэлгүй, ард түмний дийлэнх олонхийн амьдрал хүнд байгаа нь үнэн л бол ядаж ганц энэ өдөр Монголоо бодож саналаа өгөөрэй.