Амин хувийн маш нандин үзэл голдуу нууц оршдог. Яагаад нуудаг вэ гэвэл амины нандин итгэлээ хувь хүн маш чухал юмандаа зориулдаг. Үр шим нь зөвхөн өөрт нь тусдаг учраас амины үзлээ нуухыг ардчилсан нийгэм зөвшөөрчээ. Амин үзлээ нуухыг зөвшөөрсөн наад захын жишээ бол сонгуульд саналаа нууцаар өгдөг журам. Саяын сонгуулиар 65 суудлаар МАН шалгарсан дүн бол манай сонгогчдын тархиндаа нууцаар нандигнан тээж явсан амин үзлийн тусгал юм. Амин үзлээ өөрөө бодож олсон уу, хүнээр заалгаж сурсан уу, тэр бол шалтгаан биш. Саяын сонгуулийн авууштай бас нэг чанар бол навс ялагдсан намын дарга сонгууль шударга боллоо гэж СЕХ-г магтав. Эсрэгээрээ АН 65 суудал авсан бол хар хайрцагны загвар бус жинхэнүүд шатах магадлал өндөр байлаа.

Ардчилал зах зээлийн үзэл монголчуудын тархинд хэдийнээс уугисан юм бүү мэд. Ямар ч атугай 1990 онд дэлбэрсэн нь бодит үнэн. Энэ донсолгоонд эрх ашгаар хохирогч цөөнгүй гарсан. Тойрон хүрээлэгчид, сайд, дарга нар, тэдний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, хамаатан садангуудын хохирол яваандаа хонзогнол болж бугласан. Тэр ч бүү хэл хурган дарганцсаруудын угшил одоог хүртэл 26 жил сэм сэмхэн тэрсэлдсээр явна. Социализмын аугаа их бүтээн байгуулалтад гарамгай амжилт гаргаж, алдар нэрээ цуурайтуулсан ажилчин малчин аваргууд нийгэм орвонгоороо хөмрөхөд гомдсон. Тэдний удам угсаа шинэ нийгэмд ам муутай явдаг. Арай ахиу хангамж болон тогтмол өндөр цалинтай эрдэмтэд нэртэй, нээлт нь хөгжлийг хэрхэн түргэсгэж буй нь бүрхэг сэхээтнүүд чадал зааж өрсөлдөх оюуны зах зээлд сайнгүй ханддаг. Тэдний талынхан сонгуульд саналаа аль талд өгөх нь тодорхой. Дээрх хүмүүсийн амьдрал дордоод дордоод жирийн ажилчин малчин тариачинтай ижил хэмжээнд ядуураагүй юм. Гэвч тэд 26 жил ил далд бухимдаж ирлээ. Энэ өширхөл бол тэдний тархиндаа нуудаг амин хувийн үзэл. Сонгуульд саналаа өгдөг удирдамж.

Энэ өширхлийг АН өнгөрөгч 26 жилд эв дүйгээр зөөлрүүлэх нь байтугай сүүлийн үед З.Энхболд тэргүүтэй хоёр гурван ганзагачин тэдний хонзонг бүр сэдрээв. Үүнээс гайтаж, нийгмийн ухамсарт үрсэлсэн ардчилал зах зээлийн нялх үр хөврөл үхлээ. Уг нь дажгүй соёолж явсан юмсан. Аль ч нийгэм, ямар ч намд хамааралгүй, бие даасан тэрс сэтгэлгээгээр уншигч олондоо үйлчлэх хөтөлбөртэй зохиолч нэртэй зөнөг өвгөн би бээр саяын сонгуулийг ардчилалд урхагтай ялагдал боллоо гэж харамсаж сууна. Хүн төрөлхтөний оюуны үнэт бүтээл, цаг хугацааны сорилтоор шалгарсан аж төрөх тэргүүний үзэл баримтлал хэдхэн гайтай моньдоос бузартаад ард түмний минь олонхийн оюунаас арчигдсан нь юутай их хохирол бэ. Сонгогчдын оюунаас ардчилсан үзэл холджээ. АН-ын удирдлага нэртэй барууныг сохроор шүтсэн хэдэн болчимгүй хөөрүү “амьтад” социалист нийгэм байгуулж явсан гэж тунигчдын өс хонзонг басамжлаад халдвар томуу дэгдээчихэв. Эрх ашиг нь хөндөгдсөндөө ардчилалд үе дамжин гонсгор яваа хэсгийн сэтгэл зүйг судлах ухаан онгироо золигнуудад төрсөнгүй. АН өөрийнхөө пенүүдийг бүх ард түмэн гэж хөөрцөглөөд хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг массыг орхисноос ингэж ялагдлаа. Ингээд АН дашин шог. Гэхдээ ардчилсан үзэл Монголд сох унтраагүй. МАХН нэрээ Бодоо Данзан нарын үүсгэсэн МАН-ын нэрээр сольж, ардчилал зах зээлийг мандуулахаар зорьж буй нь үлдсэн ганц найдлага боллоо. Лидерүүд нь МАХН-ын залгамж халаа, үргэлжлэл биш, харин 1920-иод оны МАН-ын залгамж халаа, үргэлжлэл байгаасай.

АН ялагдаж, МАН ялсан нь байх л үзэгдэл. Гагцхүү хуучин шинэ хоёрын хуучинсаг нь шинэлгээ ялсан нь зүй тогтнолынхоо хувьд харамсалтай. Ардчилсан үзэлд ээнэгшиж асан иргэд ардчиллыг “ядууруулдаг гай” хэмээн орхиж буй аваас гамшиг. Ноцтой хохирол нь энэ. Монголын хүн амын тархийг 70 жил хордуулсан номлол 26 жилийн дараа өөртөө (дэлхийн дэвшилт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлж эхэлсэн монголчуудыг) элсүүлэв гэж үзэхийг миний бие тэвчихгүй.

Би хэдэн сарын өмнө сонгуульд аль нам ялна, түүний сэдсэн ажил бүрийг хөгшчүүд үр удмаараа дэмжье гэж уриалсан маань эдүгээ бэх нь хатаагүй энэ сайтад байгаа. Одоо ганц найдвар МАН болсныг дахин хэлье. Бодоо Данзан нарын нам эх орныг минь жолоодох мөч ингээд эхэлдэг байж. Монголын түүхэнд анх үүссэн МАН нялх балчиртаа болъщевикуудын байгуулсан МАХН-д аймшигтай ниргүүлснийг санаж, МАН хуучин руугаа хургах бус ардчилал зах зээлийн замаар хурдтай давшихыг монгол хүн бүр тууштай дэмжинэ гэдэгт итгэнэм. “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” сургаалаа цөөхөн монгол шүдээ зуугаад санаж яв. Олон санаат оргож босож чаддаггүй учир хэрүүл маргаанаа хая. Ганц намаар удирдуулж бид ямар үзээгүй биш. АН-д 26 жил найдаад эцэст нь шившиг боллоо. Мөнгө босгож эх орноо өөд татах эхний том төсөл болох хаа сайгүй орших нүүрсээ хагас боловсруулж чадах байсан уу? Элбэг чадах байсан. Хаяа хатгасан их зах зээлд эрдэс баялгаа экспортлох уурхайн төмөр замыг барьж чадах байсан уу? Чадахаар барахгүй хөрөнгөө босгоод тавьж эхэлсэн компаниас булааж аваад зогсоосон. Хоёр гурван ганзагачин гадныхантай сүйхээлж эх орноо зориуд хорлосны горыг АН амсав. Тэд нүглээ амсах яах вэ, ард түмэн тэдний нүглээр хохирч, ардчилал тэдний шуналаар бүдгэрэв. АН-ын өнөөгийн хэдэн удирдагч цэвэршихгүй. Шунал нь төрөлхийнх болох нь олонд мэдрэгдсэн. Би үг үсгийн толгой сүүл холбодог яруу найрагч биш. Хүн, нийгмийг судалдаг үргэлжилсэн үгийн зохиолч учраас үүнийг хэлж байна. Ард түмэнд ямар гарц үлдэв? АН найман жилдээ босохгүй. 8 жил хөгжлийн асар урт хугацаа. Би л лав үзэхгүй. Миний үеийнхний хувьд АН өнгөрсөн. МАН болъщевик бус, коммунист бус, жинхэнэ цэвэр тунгалаг социал-демократ нам болоод эх орноо ардчиллаар 8 жил жолоодох боллоо. МАН коммунист угшлаа бүрэн мөсөн хаяад жинхэнэ цэвэр ариун ардчилагчид болж яагаад болохгүй гэж? Ингэж горьдох нь засаршгүй АН-д дахин хууртсанаас арай хямд тусна. Цаг хугацаа ийм санаандгүй сонголт тулгав. Цаг хугацаанд буруу юу байхав, боловсролгүй ганзагын наймаач нар ийм доройтолд унагасан юм чинь.

АН-ын маанийг ганзагачид уншив. Ганзагалаанаас хэтрээгүй наймаачдын шуналыг эрдэс баялгийн аварга ордууд галзууруулж зодолдуулсан. Тэдэнд төр жолоодох философи байхгүй. 90 оны ардчиллын анхны хэдийг реваншистүүд яаж гүтгэж, нэр төрийг яаж сэвтээлээ. С.Зоригийг алсан. С.Зоригийг алсан хэрэгт түүний анд Э.Бат-Үүлийг баривчилж шоронд хорьсон. Д.Ганболдыг хурлийз хэмээн хавчсаар байгаад удирдлагаас зайлуулсан. Түүнийг ерөнхий сайд болгох гэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди яс үндсээр гадуурхах ганцхан шалтгаанаар 7 удаа буцааж, бүдүүлгээрээ дэлхийн рекорт тогтоож байв. Баабарын гашуун үнэн үгнээс АН зайгаа барьсан. Ц.Элбэгдоржийг яаж хөөж тууж байлаа. Түүнийг үхээсэй гэсэн хонзогногч хөгшинтэй би маргаж явав. Тэдний орыг ганзагачин угшилтай олигархиуд эзлэж, эцэстээ ийм боллоо.

Архаг өширхөгчид болон тэдний залгамж 90 оноос хойш цөөрсөнгүй. Ер нь ардчилалд ам муутай иргэд нэмэгдээд байх шиг санагддаг. Нэгдэл тарсны ачаар мал сүрэгтэй болсон малчин хүртэл “Нэгдэл байхад жаргаж байсан. Ардчилагчид Монголыг баллаа. МАХН-аа дахин сонгоно оо хөө” гээд түхэлзэж суусан. Тэднийх саалийн арваад үнээнийхээ сүүг улсад анх удаа тушаалгүй хэдэн хүүхдийнхээ гэдсийг цайлгаж буй айл юм. Байраа хувьчлалаар амьных болгож авсан хөгшчүүд нарлаж суух зуураа амьдрал муудлаа гэж гаслалдаж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтнийг зүхэж цаг нөхцөөдөг. Тусгай хангамжаа алдсан айлуудын салаа салбар өдгөө ардчилагчдыг бүдэрвэл баясгалантай алга ташдаг. Ардчилагчдын бүдрэх ч бишгүй юм даа. Анхнаасаа өширхөгч нарыг ардчилалд итгүүлж чадсан аваас талцал тэмцэлгүй өөдлөх байсан. Итгүүлж чадаагүй нь ч буруутай биз. Шүдээ зуугаад хонзонгоо мартдаггүй нь ч буруутай биз. Залхуудаа ядуурсан арчаагүйчүүд өөрөө буруугүй, ардчилсан төр засаг ядуурууллаа гэж улстөржнө. Том захуудын хавьцаа бөөгнөрсөн аймшгийн архичид ардчилал биднийг хэлмэгдүүллээ гэж зарлана. Сонин зарагч навсайсан авгай “Энэ сонгууль биднийг хятадын гарт орохооргүй болгож өглөө” гээд хөөрчихсөн явж байх юм. Масс ийм л байна. Гайхалтай нь панз үсэргэж баяжсан босс хүртэл зах зээл хэрэггүй гэж номчирхоно. Жижиг намууд ардчилагчдыг гутааж өгсөн. Энэ бүх аман ухуулга ард түмний дургүйцлыг ямар хэмжээнд дэврээснийг саяын сонгууль харуулав. АН-ын сурталчилгаа юу гэж байсныг мэдэхгүй. Нэг нэр дэвшигч нь монгол эцэг эхээс төрөөгүй хүнийг бүү сонго гэж буй нь зурагтаар хэдэн удаа давтагдсан.

УИХ-д 40 залуу гишүүн шинээр нэмэгдсэн нь дэвшил. Гэхдээ МАН-ын томчуудын цүнх барин гүйж яваад УИХ-ын гишүүн болсон нь хэд бол? Ясны өөдгүй заяанд төрсөн нусгайчуудыг анхнаас нь танилгүй өөгшүүлж орхивол АН-ын замаар мааниа уншуулуузай. Арав таван мөнгөн дээр анд нөхрөө хулхиддаг ганзагын наймаачдаас цүнх барьж гүйгчид дутахгүй байж мэднэ шүү. Шинээр сонгогдсон 40-д сайн гишүүн олон байна. Эрдэм номын мөр хөөж, төр засгийн хариуцлагатай албанд зүтгэж, нухлагдсан аймгийн засаг дарга, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат гишүүнд найдлага их бий. Баялаг бүтээх бэрхшээлийг өөрийн биеэр амжилттай даван туулсан Ц.Гарамжав гишүүн бизнес эрхлэгчдийн хууль зүйн орчныг эрүүлжүүлж чадна гэдэгт итгэнэм. Монополь эрхтэй арилжааны банкууд зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах дургүй учраас гадны банк оруулж ирж өрсөлдөхөөс айж, УИХ-д суудаг нууц ноёдоороо гадны банк оруулах асуудлыг гацаадаг. Гацаадаг нууц ноёд УИХ-аас тонилоо бол уу яагаа бол. Бүгд тонилоогүй бол Ц.Гарамжав гишүүн бизнесийг дэмжигч гишүүдтэйгээ хамжин гацааг сэтлэх хэрэгтэй. Танд хань болох гишүүд УИХ-д хэр олон бол. Машин барихад жолооны үнэмлэх хэрэгтэйн адил төр жолоодоход мэргэжил хэрэгтэй. Дуучин, бөх зэрэг гишүүд төр барих жолооны түр ч болохноо дамжаанд сууна буй зээ.

Монголд коммунист онолыг хэн орхино би түүнтэй хамт. Монголд ардчилал зах зээлийг аль нам хөгжил болгоно би түүнтэй хамт.

 Наранбулаг. 2016-07-04