Энэхүү ярилцлагаа би сонгуулийн үеэр хийсэн ч олон түмэндээ хүргэж чадаагүй хадгалж үлдсэн юм. Баяр наадмын дугаарынхаа хоймроос Олимпийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярын ярилцлагыг залж, аваргын фенүүд рүү түрлэг илгээж буйг минь хүлээн авна уу.

-Олон аваргатай уулзаж ярилцаж байсан ч Олимпийн аваргатай уулзаж байгаагүй юм байна. Олимпийн мөнгөн медальтан, анхны хүрэл медальт тамирчин, наадмын түрүү авч байсан аваргуудтай бүгдтэй нь ярилцаж байжээ. Гэхдээ өнөөдөр Та миний өмнө амьдралдаа хоёр дахь том шийдвэрийг гаргачихаад зогсож байгаа залуу зочин. Та өөрөө энэ хоёр ойлголтоос салж байна уу. Хүмүүс таныг аваргаа л гэж бүчдэг хэвээрээ байгаа байх?

-Аажмаар шилжихийг оролдож л байна. (инээв) Улс төр миний хувьд шинэ зүйл болохоор тийм амар биш байна. Хүн эхийн хэвлийгээс унахдаа хэл мэддэггүй төрдөгтэй адилхан.Тэгээд ухаан орж, дараа нь бичиг үсэг сурч, улам бүр боловсорч хөгждөг.Үүнтэй яг адилхан. Спорт бол залуу насных. Бие хөгширнө, үзүүлэх амжилт багасна. Ер нь л хуучирна, суларна.Гэтэл ард түмний хүсэл цаглашгүй.Үргэлж амжилт нэхнэ. Тэр бол нэг талаас сайхан зүйл л дээ.

-Аварга гэдэг бол танаас хэзээ ч эргүүлэн татаж авах бололцоогүй алдар хүнд. Удахгүй болох Риогийн олимпид бид их найдвар тавьж байгаа. Үүнээс болоод таны сонголтонд зарим хэсэг нь нэлээд бухимдах шиг боллоо. Лондоны олимпиор Та монголчуудад гайхамшгийг бэлэглэсэн. Одоо ч гэсэн ахиад аварга болоод ирнэ гэсэн романтик мөрөөдлөөр таныг шахаж байх шиг байна.

-Эхний олимп бол залуу насны эрч хүчээр явчихсан. Хоёр дахь олимп бол тэсвэр тэвчээр, зүтгэл, зорилгоороо авсан. Одоо гурав дахь олимпдоо мэдээж оролцоно. Бие махбодийн хувьд мэдээж эрч хүч суларсан байх.Харин туршлага гэдэг юм бий. Энэ бол миний хувьд сүүлчийн олимп.Тэр утгаараа надад сэтгэл санааны давхар нөлөөллүүд ирж л байна. Ер нь бол би спортод хийх юмаа тодорхой хэмжээгээр хийсэн болов уу гэж өөрийгөө боддог. Гурав дахь олимпдоо орох гэж байна. Маш хэцүү даваа шүү дээ. Тиймээс би бодсон. Удаан бодсон. Спортын амьдралаар өнөөдрийг хүртэл амьдарч ирлээ. Юм бүхэн өөрийн цаг хугацаатай. Олимпийн дараа юу хийх билээ. Олимпийн дараа ямар ч зорилгогүй болно, мухардалд орно. Энэ үеийг яаж туулах вэ. Цаашдаа би юуны төлөө зүтгэх вэ. Ингээд л олон зүйлийг бодож байгаа юм л даа. Миний амьдралаа зориулж ирсэн, бүх хүч, сэтгэл зүрхээ өгч ирсэн энэ спорт бол дэлхийн сонгомол төрлийн спорт. Дүрэм нь, тамирчнаас шаардах техник нь, барилдааны стратеги нь гээд бүх юм нь дэлхийн төвшинд боловсрогдсон. Олон үеийг туулан хөгжиж ирсэн спортын төрөл. Хичээллэж байгаа тамирчнаасаа өндөр зэрэглэлийн төлөвшил шаарддаг. Энэ шаардлаганд нь захирагдаж л явна. Ийм л орчинд би бойжсон. Бүх өрсөлдөөн нь дэлхийн төвшний өрсөлдөөн. Ерөөсөө жижигхэн зорилго гэж байдаггүй. Өнөөдөр зарим нь манай бөхчүүдийг гаднаас нь хараад удаан, болхи гэж гоочилж байгаа харагдах юм. Гэтэл бүх өрсөлдөөн, бүх барилдаан чинь тархинд явагддаг юм шүү дээ. Их спорт бол их спорт. Дэлхийн хэмжээний спортоор хүмүүжиж төлөвшсөн ухаан бодол, эрч хүч, зорилго, мөрөөдлөө улс эх орондоо зориулъя, илүү өөр төвшинд ажиллая л гэж би шийдвэр гаргасан юм. Дэлхийн олон том тамирчид улс төрд орсон. Манайд үүнийг жаахан сөргөөр тусгаж аваад байна. Яваандаа энэ ойлголтууд өөрчлөгдөх биз.

-Н.Түвшинбаяр аварга шиг хийдгээ хийчихсэн хүн яах гээд улс төр рүү орно вэ гэж эргэлзэж байгаа хүмүүст таны хариулт нэгийг бодогдуулах биз. Харин Ардчилсан намыг сонгох болсон шалтгаан тань юу вэ?

-Ер нь бол тамирчид гадагшаа, дотогшоо их явж, тэмцээн уралдаанд оролцдог. Тэмцээнээс тэмцээний хооронд, нэг орноос нөгөө орон руу явна. Тэр болгонд л өөрийн орныг өрөөлийн тэр улс орнуудтай л жишиж явдаг. Өндөр хөгжсөн улс орнуудын эдийн засгийн өсөлт, ард түмнийх нь аж амьдралыг хараад олон л юм бодож, шатаж явдаг.
Тэмцээн уралдаанаас медаль аваад, Төрийнхөө дууллыг эгшиглүүлж зогсоо тамирчин хүнд эх оронч үзэл нь илүү ихээр сууж өгсөн байдаг ч байж мэдэх юм. Эх орноо хайрлах хайр, хамгаалах сэтгэл тэр мөчид маш ихээр төрдөг. Тамирчин хүн харийн оронд улсынхаа нэртэй хамт л өрсөлдөөнд ордог. Энэ мэдрэмжийг тамирчин хүн л мэднэ. Эх орондоо хэрэгтэй хүн байя, хийж бүтээе л гэж дараагийн алхмаа эхлүүлж байгаа.

-Өндөр хөгжилтэй орнуудад очоод бас л цохилт амсдаг байх л даа. Харьцуулж бодоод л...

-Тэгэлгүй яахав. Захын аймгуудаас, хөдөөний нэг ядруухан хувцас хунартай тамирчид Улаанбаатар хотод тэмцээнд оролцохоор ирдэг шиг.Хотын хүүхдүүдээс эрс ялгаатай л харагддаг. Тэрэн шиг л ялгаа харагдана ш дээ. Өндөр хөгжилтэй, том орны тамирчинтай оноолт таарахаараа илүү их шар хөдөлж, шазуур зууж барилддаг жишээний. (инээв) Энэ нь магадгүй нөгөөх эх оронч үзэл дотор минь асч байгаагийн илрэл байдаг байсан байх. Хүмүүс яаж хүлээж авахыг би мэдэхгүй байна. Ер нь бол ийм өрсөлдөөн дунд ингэж л тамирчин хүн үзэл санаатайгаа цуг л бойждог юм. Хүмүүс их л ярьж байна. Улс төр муухай, улс төрд орохоороо чи хүн биш болно гэх мэтээр. Миний хүсэл бол улс орныхоо төлөө л зүтгэх. Ирээдүйн иргэддээ сайн сайхан Монголыг үлдээх, үүний төлөө хамтраад ажиллахаар нэг багийг нь сонгоод л явж байна гэсэн үг. Нам бол нэг баг, хамт олон л гэсэн үг. Бүгдээрээ л улс орноо хөгжүүлэхийн төлөө зорьж байгаа.

-Өнгөрсөн социалист нийгмийн тухай танд ер нь ямар нэгэн төсөөлөл, дурсамж байдаг уу?

-Картын бараанд бүгд орчихсон байсан, шилжилтийн өмнөх үе л дээ.Би сайн санадаг юм. Сумын дарга давхиж ирээд л хоттой хонин дотроос шилж байгаад хамгийн сайныг нь барьж аваад явдаг байсан үе миний сэтгэлд их сонин бодогддог. Би уг нь манай мал гэж боддог байсан ч манайх биш нэгдлийн мал байсан юм билээ. Жаахан хүүхдүүд өөрсдөдөө энэ миний хонь гээд хурга байхаас нь зүсэлж аваад хайрладаг ш дээ. Нэр өгөөд л, миний ишиг, миний хонь гээд л. Тэгээд тэр хонийг нь шуудхан л аваад явчихаар харамсаж, дотроо маш их эмзэглэдэг байсан. Дарга хүн гэхлээр л хэмжээгүй эрхэт хаан шиг л хүмүүс төсөөлөгдөнө. Сумын засаг дарга ирлээ гэнгүүт л айлууд нэг их сандардаг байж билээ.Бужигнаад л, юм хумаа янзлаад л. (инээв) Хамаг л идээ будаагаа барьж гүйгээд л. Ийм дүр зураг санагддаг юм. Би бага ч байсан.

-Таныг Булган аймгаас нэр дэвшсэн бол нэг ч их гайхахгүй байсан болов уу. Баянхонгор аймгаас нэр дэвшчихээр бас нэг гайхаш нэмэгдээд байна. Юуны учир Баянхонгороос нэрээ дэвшүүлэхээр болов оо?

-Янз янзын шалтгаан байна л даа. Яагаад гэвэл би улс төрд орох шийдвэрээ нэлээн сүүлд гаргаж байгаа юм. Гэтэл Булган аймгийн ах нар аль эрт дэвшихээр нэрс нь тодорхой болчихсон байсан. Тэд нартайгаа бас өрсөлдөж сөргөлдөөд яахав гэж бодсон. Тэгээд өөр хаанаас нэр дэвшиж болох вэ гээд бодохоор Баянхонгор аймаг миний амьдралтай яах аргагүй л холбоотой байгаад байдаг.

-Х.Баттулга гишүүнээс өөр ямар холбоо байна гэж?

-Олон төрлийн холбоо байна аа. Миний дотроо бас бодож, бэлгэшээж явдаг зүйлүүд байдаг. Анх 2008 онд тус аймагт Бага олимпийн наадмыг зохион байгуулсан юм. Бага олимп зохион байгуулах болсон гол үндэслэл нь олимпид оролцох гэж байгаа тамирчдынхаа сэтгэлзүйг бэлдэх, урам зориг өгөх байсан юм билээ.Олимпийн бамбар гэж хүмүүс бүгдээрээ мэднэ. Энэ нь зүгээр ч нэг гал асаадаг төдий зүйл биш л дээ, тамирчдын сэтгэл зүрхэн дэх галыг бадрааж өгөх бэлгэдэл шингээстэй үйл явдал юм. Тэр Бага олимпийн бамбарыг би асаасан. Бамбар асаагаад зогсож байхдаа би дотроо за би олимпийн аварга болох ёстой шүү, би чадна гэж өөртөө хэлж байсан. Миний сэтгэл хөдөлж, эрч хүч, их хүсэл мөрөөдлөөр дүрэлзэж байсан. Надад үнэхээр хүчтэй мэдрэмж өгсөн. Тийм ч учраас мөрөөдөл минь биелж, би олимпийн аварга болж чадсан. Олимпийн аварга болсныхоо дараа Баянхонгор аймагт би очиж байсан.Тэр үед Баянхонгорчуудтай уулзаж байхдаа энэ тухайгаа бас ярьж байсан.Ийм сайхан бэлгэшээлт зүйлүүд их олон байдаг л даа. Өөр нэг зүйл гэвэл ээжийн маань ээжийн талын хүмүүс Баянхонгорын гаралтай улс.Заг Байдрагийн голоор нутаглаж ирсэн хүмүүс байдаг. Ингээд холбоо хэлхээ хөөгөөд яривал олон зүйлүүд байгаа. Бага ангийн маань багш Баянхонгорынх байх жишээтэй. Миний дөрвөн хүүхдийг минь эх барьж авсан хүйн ээж нь Баянхонгорын эмч. Цэрэнсамбуу гэж сайхан хүн бий. Бас л сонин хэлхээ холбоо. Мэдээж өөр нэг том шалтгаан манай Х.Баттулга ах шүү дээ. Тулга ах бол манай жүдогийнхны өмөг түшиг. Бид чинь ерөөсөө л нэг гэр бүл гэсэн үг шүү дээ. Энэ спортыг хөгжүүлэхийн төлөө тэр хүний ухамсарт бүх амьдрал л зориулагдсан. Улстөрчийн хувьд энэ хүн бас л хүнд хэцүү амьдрал туулж яваа шүү дээ. Монголын ард түмэн харж мэдэрч л байдаг байх. Энэ айхтар юман дунд ганцаардаж л яваа хүн. Ер нь тэгээд сүүл рүүгээ хэлмэгдүүлж ч магадгүй эвгүй мэдрэмж бидэнд төрдөг болсон. Хажууд нь явъя, түшиг тулгуур болж хамт зүтгэе гэсэн бодол надад байхгүй бол хэнд байх билээ дээ. Та ойлгож байгаа байх.

-Өнгөрсөн хавар Х.Баттулга гишүүний хувийн ажлын байранд нэгжлэг хийсэн. Энэ үеэр танай багийнхан буюу манай спортын бүх алдартнууд гадаа нь хүрч ирсэн байсан. Мэдээж энэ бол маш таагүй үйл явдал. Үүний дараа янз бүрийн шүүмжлэлүүд их өрнөсөн л дөө.

-Үнэхээр их цочирдсон. Маш эвгүй мэдрэмж төрдөг юм билээ. Бид чинь ямар нийгэмд амьдраад байна вэ гэж өөрийн эрхгүй эргэцүүлж бодоход л хүргэдэг юм билээ. Спорт бол бусад салбарынхнаас их өөр философи дээр зангидагдаж явж байдаг, сонин эд шүү дээ. Холбооны ерөнхийлөгч гэдэг хүн бол жүдо хэмээх айлын эцэг нь гэсэн үг. Ийм хүнээ тийм байдалд ороход бид юу ч болоогүй юм шиг сууж хэзээ ч чадахгүй. Энэ бол өөрийн эрхгүй энэ сэтгэл зүрхэнд шийдэгдэж байгаа зүйл. Бүгдээрээ нэг мэдэхэд тал талаасаа гүйж ирсэн. Бид эмх замбараагүй байдал үүсгэх гэж очоогүй. Харин ч эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж очсон. Очсоныхоо дараа би Х.Баттулга захиралтай холбогдоод утсаар ярьсан. “За гадаа ямар байна.Эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй шүү. Тийм үйлдэл гарахаас болгоомжлоорой” л гэж хэлж байсан. Энэ үйл явдал биднийг үнэхээр цочирдолд оруулсан л даа. Монгол Улс хаашаа яваад байна вэ. Хийж бүтээж, энэ улсын төлөө зүтгэсэн нь болохоор хавчигдаж, хяхагдаад байдаг. Хаашаа энэ улс зүтгээд байна вэ гэж элдвийг л бодож байгаа юм. Их ч юм бодогдсон. Олон ч мэдрэмж орж ирсэн. Мэдээж зөв үйлийн төлөө тууштай зүтгээд байхаар өөр бодлого зорилготой бүлэглэлүүд хориг арга хэмжээ авч, зогсоож байгаа байх. Бид ер нь эвтэй л байх ёстой гэж би боддог. Нэг нэгийгээ хэлмэгдүүлдэг, үргэлж хоорондоо үл ойлголцолтой байдаг улс орон урагшлахгүй шүү дээ.Хоорондоо эвийг баринтаглаж, дор бүрнээ оногдсон ажлаа сайн хийж, улс эх орноо хөгжүүлэхийн төлөө л зүтгэмээр байна.

-Парламент бол хууль тогтоох дээд байгууллага. Тэнд Н.Түвшинбаяр аварга юу хийх юм бэ гэж байгаа хүмүүст өгөх хариулт танд байгаа байх?

-Парламент бол дан эрдэмтэд суудаг, эрдэмтдийн хүрээлэн биш гэж би хардаг. Тэнд бүх ард түмний төлөөлөл л байх ёстой. Би өөрөө хөдөө өссөн хүн. Монгол Улс өнөөдөр бусдаас эдийн засгийн хувьд хараат байж ирсэн ч гэсэн ард түмэн туйлдаа хүрч өлсгөлөнд нэрвэгдээгүйн гол хүчин зүйл Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуй л гэж боддог. Өнөөдөр Монголчууд МАА-нхаа хөгжлийг өөр төвшинд гаргаж ирж хөгжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх тал дээр илүү олон зүйлийг хийх шаардлагатай байна.Улс төр бол багийн ажил. Миний бүх амьдрал бас л багийн дүрэм, багийн зарчим дотор л захирагдаж явж ирсэн. Хамтраад ажиллана л гэж бодож байна.Түүнээс биш юу ч мэдэхгүй, чадахгүй өөртөө итгэлгүй байсан бол заавал энэ салбар руу зүтгээд байх шаардлага надад байхгүй. Яагаад малчин ардын хүүхэд парламентад байж болохгүй гэж.Хуучин Ардын Их Хуралд малчид маань сонгогддог л байсан. Парламентад болж өгвөл олон салбараас цугласан, бие биенээ дэмждэг, ойлгодог, эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс цуглах ёстой гэж боддог. Хөгжил өөд хамтдаа явах хэрэгтэй. Тиймээс энэ бол баг хамт олны ажил. Би бол багт ажиллаж сурсан хүн. Тэгээд дэлхийн спортын ертөнцөд бүтээсэн нэр хүндээ яаж улс орныхоо хөгжилд ашиглах вэ, ямар ямар менежмент хийх вэ, яаж энэ спортын ертөнцөд тогтоосон харилцаануудаа хөрөнгө оруулалт болгож илүү хөгжүүлэх вэ гээд олон зүйлийг л бодож явна.

-Лондоны олимп дээр таныг Путиний өмнө албаар Оросын бөхөд унаад өгчихлөө гэж чимхэж бас үзсэн. Энэ бол таны өөрийгөө шатаан байж зорьж байсан зүйлийн хажууд үнэхээр гол гороймоор цуурхал байсан. Эрүүл мэнд тань ямар эрсдэлд орчихсон байлаа. Ийм жижиг сажиг зүйлүүд яригдахад та яаж ханддаг вэ. Эсвэл монголчууд таныг хэт их хайрладгийг мэддэг болохоор иймэрхүү үзэгдлүүдийг тоодоггүй юу?

-Том үйлийн нөгөө талд муу зүйлүүд үргэлж нуугдаж байдаг. Би өөрөө сэтгэл санаагаар өөдрөг байхын тулд аль болох тоохгүйг хичээдэг. Том амжилтыг бүтээж, ахин өөр амжилт руу авирч байгаад нурж байгаа тамирчин хүний сэтгэлийн дэргэд тэр хачин яриа хөөрөө, хардлага маш жижигхэн явдал байсан. Хэн нэгнийг муу ярьж, хийморь лундааг нь доройтуулахын тулд сөрөг пиар нийгэмд тарааж байна гэдэг өөрийгөө л доош нь татаж байна гэсэн үг. Төрийн далбааныхаа өмнө, Төрийн дууллынхаа дор, Монгол гэдэг нэрээ хамгаалж үлдэхийн төлөө зүтгэж сурсан хүн учраас иймэрхүү жижиг асуудлууд надад жижигхэн л санагддаг.

-Тамирчин хүний мөрөөдөл гэдэг бол цаглашгүй зүйл байх. Таныг үндэсний бөхөөр барилдаж, цол авахад тань яг үнэндээ бол дотроо дургүй л байсан. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Үндэсний бөх, үндэсний спортоо дэлхийд сурталчлах гэсэн зорилго л юм шүү дээ. Монгол наадмыг гадаадын олон зуун жуулчид ирж үздэг. Мөн анх энэ үндэснийхээ спортоор л хичээллэж дэлхийн спорт руу алхсан. Монгол хүн юм чинь үндэсний бөхдөө хайртай, элэгтэй. Дэлхийн спорт сонирхогчид олимпийн аварга нь энэ үндэснийхээ спортоороо хичээллэх дуртай юм байна гэсэн мессежийг гаднын хүмүүст өгөхийн тулд л наадамд барилдсан. Наадам бол наадам шүү дээ. Хүмүүсийг баясгах зорилготой. Би зүгээр гаднын зочдод үндэсний спортоо таниулахыг л хичээсэн. Гэтэл манайхан нөгөө л буруу талаас нь харж ярьдаг зангаараа харах гээд хэцүү юм. Монголоо л сурталчилж байгаа нэг хэлбэр. Бид томоор харж, асуудлыг өөр талаас нь авч үзэх тэр соёлд суралцах хэрэгтэй байна.

-Гадаадын олон орны сэтгүүлчид ирсэн байсан. Маш их сонирхож байх шиг байсан.

-Тухайн үед манай жүдогийн дэлхийн тамирчид ирсэн байсан. Наадамтай давхцуулан жүдогийн олон улсын “Чингис хаан” гранпри гэж тэмцээнийг зохион байгуулсан юм. Түүний өмнөхөн манай наадмыг үзэх зорилготой гадаадын олон баг тамирчид ирсэн байсан. Олимпийн аварга нь орж байна шүү дээ. Монголын “бөх” гэдэг энэ спорт нь маш том спорт юм байна гээд л. (инээв) Холбооны ерөнхийлөгч, шүүгч нар нь над дээр ирээд амжилт хүсч гар барьж байсан.Үндэснийхээ бөхийн спортыг бас агуу түүх уламжлалтай эд гэж л үзүүлэх гээд байнаа даа. Тэр зорилгодоо л хөтлөгдсөн юм.

-Их залуудаа алдрын тавцанд хүрсэн хүмүүс хожим янз бүрийн байдлаар хувь заяаны эргүүлэг рүү унасан, хүний ёсны янз бүрийн шалгууруудын өмнө сөхөрсөн жишээ цөөнгүй байдаг. Тийм олон тамирчдыг бид мэднэ. Баригдаж хүлэгдэж өгдөггүй залуу нас л юм чинь тооцоход хэцүү л байх. Таны хувьд тэр гайхамшигт амжилтуудынхаа дараа дотоод сэтгэлдээ аархаж, омгорхох, жаахан дайвалзах юм ер нь болж байсан уу?

-Өө, тийм юм байлгүй яахав. (инээв) Анх олимпийн аварга болоод ирэхэд хүмүүс “Ээ дээ, энэ хүүхэд эвдэрчих вий” гэж хэлэх болгонд нь “Эвдэрнэ ч гэж байхгүй дээ” гээд л дотроо сүрхий боддог байлаа. Тэр бол хүн болгонд байдаг л, дайраад өнгөрдөг зүйл байх.Одоо ч гэсэн өөрийгөө чагнаж, хичээж л явахгүй бол нөгөө сөрөг талын баатар болчих вий гэх болгоомжлол дотор минь байнга л бодогдож явдаг. Хүний ер нь гол тэнхлэг, гол төлөвшил, суурь хүмүүжлийг олгодог хүмүүс нь хүний эцэг эх байдаг юм болов уу даа. Манай аав чинь улсын сайн малчин хүн байдаг юм. Хүүхэд ахуйдаа би аавыгаа бусдын л аавуудтай адилхан хүн гэж боддог байсан. Том болоод өөрөөр таньж эхэлж байгаа юм л даа. Намайг аварга болчихоод ирэхэд айл болгон л хоймортоо зална, Хүн бүхэн л хүндэлнэ. Эхэндээ би ичдэг, жаахан дасч өгөхгүй байсан бол сүүлдээ бүр дасчихсан байсан. (инээв) Гэтэл аав маань надад хэдэн үг хэлсэн л дээ. Аварга хүнд эцэг нь л юм хэлдэг юм болов уу гэж тэр үед би бодсон. Өөр хэн ч хэлдэггүй л юм билээ. Тэр үед аав маань надад их хатуу үгийг, намайг бүр дарж хэлсэн. “Чи хэн болчихсон юм, юу юм чи. Наад олимпийн аварга гэдэг чинь юу ч биш”, “Хүн байхад олон юм хэрэгтэй шүү, эцсийн эцэст хүн байх чинь чухал” гэж хэлсэн. Бэлтгэл сургуулилтаа жаахан цалгардуулаад, жин нэмчихсэн, айлд орохоор хоймор суулгаад л, ахмад настангууд хүртэл дээшээ залаад л нэг л биш харагдсан байх л даа. Хүн чинь их амархан тийм юманд дасдаг. Тэгээд л нөгөө дүрдээ орно гэдэг шиг болоод л. (инээв) Тэгээд л сүүлд бодож суухдаа би аавынхаа ухааныг биширсэн. Миний аав үнэхээр мундаг том хүн юм байна гэж бодсон. Миний аав хэлдэг юм. “Өглөө нартай цуг л босох ёстой. Нарнаас хоцорчихвол хүн тухайн өдрийг эрч хүчтэй өнгөрөөж чаддаггүй юм. Нарны энергид цохиулаад олигтой хөдөлмөрлөж чаддаггүй” гэж. Өөрөө асар хөдөлмөрч хүн л дээ.

-Танай хоёр ах хоёулаа “Аймгийн сайн малчин”. Их хөдөлмөрч улсууд. Манай нутгийнхан ч тэгж их ярьдаг.

-Мал маллах ухааныг ах нарт минь манай аав л суулгаж өгсөн. Аав, ээжийнхээ буянд л бид өдий зэрэгтэй явж байгаа. Манай ээж бол хатуу гэхэд хатуу биш, зөөлөн гэхэд зөөлөн биш хүн. Гэхдээ маш чамбай.

-Та ээж, аав хоёрынхоо алиных нь занг илүү дуурайсан бэ?

-Аавыгаа илүү их дуурайсан болов уу гэж боддог. Аавтайгаа адилхан байхыг л илүү их хүсдэг юм ш дээ. Манай аав ер нь зүгээр сууж чаддаггүй хүн. Үргэлж л ажиллаж хөдөлмөрлөхийг үр хүүхдүүддээ захиж, өөрөө ч тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн. Одоо манай хөдөөний залуус ихэвчлэн машин тэрэг, мотоцикл унаж малаа хариулдаг болчихсон. Харин аав л ганцаараа морьтойгоо малдаа явдаг. Би бүр хааяа гайхдаг. Малдаа явж ирээд тийм тийм өвс ногоо ургахаа байж, өмнө нь ургадаг байсан ургамлын тоо цөөрч, ховордож байна. Зарим ургамал бүр ургахаа больчихсон байна гэдэг. Тэрийг яаж мэддэг юм бүү мэд. Олон жилийн судалгаа, харьцуулалтын дүнд эрдэмтэд л судалж тогтоодог зүйл биз дээ. Би бол хичнээн хараад ч мэдэхгүй. Гэтэл өвгөчүүл ганц мордоод л байгальд ямар өөрчлөлт орсныг таньж мэддэг. Тухайн жил ямар зун болохыг хүртэл мэддэг. Энэ бол асар том ухаан. Малчин гэдэг зөвхөн малаа өсгөөд, хариулаад явахаас өөрийг мэддэггүй, муйхар хар ухаан биш юм л даа.

-Өвс, хадлангийн цагаар нутагтаа очиж хадландаа гардаг биз дээ?

-Гаралгүй яахав. Багаас хийж ирсэн ажлуудаа хийнэ шүү дээ. Тэнд л анх тэсвэр хатуужилд сурч, ажил хөдөлмөр хийж хүмүүжиж байлаа.

-Та миний уулзаж байсан аваргуудаас их өөр хүн юм. Сэтгэлийн хөдөлгөөн багатай санагдаж байна.

-Тийм. Бас л аавынхаа сургаалаас л иш татаж яримаар санагдаж байна. Манай аав багаас минь л намайг “хийхээсээ өмнө битгий ярьж бай, хийсэн хойноо хүмүүст ярьж байгаарай” гэж байнга хэлдэг байсан. Тийм учраас ч би жаахан дуу багатай юм уу, сэтгэл хөдлөл багатай хүн байх л даа. /инээв/ Тэгээд ч би тэмцээн уралдаанд түрүүлэх бүртээ сэтгэлийн хөөрлөө илүү их дардаг. Энэ бол дөнгөж нэг л шат. Цаашид үүнээс ч том тэмцээн уралдаанууд хүлээж байгаа шүү дээ л гэж байнга боддог. Ялангуяа амжилт гэдэг ойлголттой харилцаж сурах тамирчин хүнд их чухал байдаг. Яагаач үгүй хөөсрөөд л, хөөрөөд давхичихвал бүтэхгүй л дээ. Аливаа юмыг би их бодож хийхийг л зорьдог. Төрөхөөс эцэг эхээс маань өвлөсөн чанар юм болов уу даа.

-Ер нь мөнгөн медаль аваад уйлдаг, харамсдаг тамирчид их байдаг уу. Лондоны олимпийн дэмжээн дээр таныг нулимс асгаруулахад хожим энэ асуултыг заавал асууна даа гэж бодож байсан юм?

-Ихэнх тамирчид харамсдаг. Нэг хүний хэлсэн үг байдаг шүү дээ. “Нэг дойлийн үнэ цэнийг мэдье гэвэл олимпийн мөнгөн медальтнаас асуугаарай” гэж.

-Манай нутгийн Ж.Даваажав гуайн түүхийг спортынхон их харамсаж ярьцгаадаг?

-1980 оны Москвагийн олимпид тойрог бүрт бүх барилдааныхаа турш хожиж явж байгаад финалд сүүлийн 15 секундэд ялагдсан. Тэгээд мөнгөн медаль авч байсан. Ер нь тамирчин хүнд хурд маш их хэрэгтэй. Бүхий л хүч чадлаа шавхаж, цаг дуустал анхаарлаа дээд зэргээр сарниулахгүй байх хэрэгтэй. Гэхдээ хичээл зүтгэл, хөлс хүч хичнээн зараад мөрөөдлийнхөө өмнө нурах хэцүү. Ингээд бодохоор мөнгөн медаль авсан хүнд ямар хэмжээний харамсал байдгийг ойлгож байгаа биз дээ. Тэрний оронд хүрэл медаль дээр юм шиг санагддаг. /инээв/

-Нэр хүндийн оргилд гарсан, олон хүнээр бүчүүлсэн, шуугисан жилүүд өнгөрлөө. Энэ хугацаанд Та хэр олон хүнийг орхиж, хэр олон хүнийг амьдралдаа шинээр оруулж ирсэн бэ?

-Хүний амьдралын л явц шүү дээ.Би ийм хүн болчихлоо, одоо зиндаа таарахгүй гэдэг ч юм уу тийм өөдгүй байдлаар би хэнд ч хандаж чадахгүй. Гэхдээ дурсамж хуучирдаг, бүдгэрдэг гэдэг утгаараа явах хүмүүс явсан л байдаг. Бас зөндөө шинэ хүмүүс ч миний амьдралд орж ирсэн. Ер нь бол гишгэж явсан газраа байнга эргэж тойрч, өнгөрснөө санаж явах ёстой гэж боддог. Гишгэж гарсан шатаа үгүй болгочихоод л дээш авираад байвал уруудах зам нь илүү хурдан болчихдог байх.

-Зарим нь том аварга болчихоод тоохоо больчихсон гэх үгийг хэлдэг үү. Та ер нь хүнийг хэр сайн таньж чаддаг вэ?

-Миний хувьд бараг тийм зүйл тохиолдож байгаагүй. Хүмүүс надад тэгж хэлж байгаагүй юм байна. Гэхдээ ер нь муу хүнээс салах чадвар хүнд хэрэгтэй байх л даа. Бүр нэг болохгүй муу хүн таарвал. (инээв) Гэхдээ би муу хүн гэж байдаггүй гэж боддог ш дээ. Хүнээс сайн талыг нь олж хараад эерэг харилцаагаа хөгжүүлээд явах хэрэгтэй болов уу.

-Сая таны эхнэр Алдарт эхийн одонгоор шагнуулсан. Та угаасаа л олон хүүхэдтэй байхыг хүсдэг үү?

-Манай эхнэр Алдарт эхийн хоёрдугаар одон авсан. Одоо нэгийг нь авнаа л гэж байна лээ. (инээв) Манайх хоёр хүү, хоёр охинтой. Би олон хүүхэдтэй айлын хүү болоод ч тэр үү олуулаа, бужигнаж л байх дуртай.Олуулаа явах сайхан шүү дээ.

Найдангийн Түвшинбаяр бол Монголчуудын хайртай хүүгийн нэг билээ. Түүнд өнөөдрийг хүртэл олон гайхалтай магтаал очсон биз. Алдар хүнд, гавьяа шагнал, басхүү одоо бүчин буй хямдхан шүүмжлэл аль аль нь түүнийг хувиргахгүй. Тийм болохоор би ч элдэв үг даймааргүй санагдана. Тэр бол дэлхийн хүн.