Сайн байцгаана уу? Миний хүүхдүүд.

Хүү минь. Өнөөдөр долдугаар сарын арван нэгэн. Баярын мэнд хүргэе!. Би одоо Тэрэлжид байна. Цэнд ах нь, Мэндээ ах нь, Энхээ ах нь бид нар гэр бүлээрээ амарч байгаа юм.

Нэг: Мэргэн зам.

Хүү минь би чамд нэг мэргэн үг хэлж өгье. " Мастер ажлаа л хийдэг. Дараа нь тэр зогсдог. Орчлон ертөнц өөрийнхөө замаар явдаг. Тэр хяналтаас хол оршдог. Нэгэнт эхэлсэн үйл явдлыг өөрчлөх гээд хэрэггүй. Дао-гийн урсгалын эсрэг чиглүүлнэ гэсэн үг". Эртний хятадын Дао-Те-Кинг буюу Бумбын номлолд ингэж хэлжээ.

Энэ сургаал нийтийн тооллоос өмнө таван зуу гаруй жилийн өмнө бичигдсэн гэдэг юм. Түүнийг Лао-Цу хэмээх эрдэмт мэргэн багш хэлсэн гэж ярьдаг. Дао гэдэг бол зам гэсэн үг. Мэргэн багшийн заасан зам. Тэрээр хүмүүн бидний хорвоо ертөнцөд аж төрөх ёс зүйт оюун ухааны гайхамшигт мэргэн зам. Дотоод их хүч чадал итгэл мөрөөдөл энэрэхүйн ёс зүйд тулж хийгдсэн агуу их зам. Тэрээр амьдрахуйн ухааны тэнцвэрт байдал амирлангуй ба энэрэхүй сэтгэл мөн. Тэрээр орчин хийгээд үзэл бодлын үнэнч хөтөч гол зарчим мөн. Түүнийг хэрэглэж дадах арга ухааныг үлгэрлэн зааж сургасан сургаал юм. Би ингэж бодож байна.

Тэгэхээр ийм юм.

Хүү минь юм бүхэн учиртай. Ертөнцийн жам ёсыг өөрчлөх боломж хэнд ч байхгүй. Тэр бидний хяналтаас хол оршдог. Тэр зөвхөн өөрийнхөө замаар явдаг. Юу гэсэн үг вэ гэвэл: Хир хэмжээгээ мэдэрч бай. Хэмжээ, хязгаартай хүсэж бай гэсэн үг.Хил хязгааргүй их хүсэл бодол бол хүнд дуусашгүй их хор хөнөөл авч ирдэг юм. Тийм магадлал тун өндөр байдаг юм гэсэн үг. Багшийн заасан замаар алх. Энэ бол мэргэн зам гэсэн үг. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хоёр: Аливаа юмыг өөрчил, өөрөөсөө эхэл

Миний хүү бага байхдаа чи их хөөрхөн хүү байсан. Алиа хошин бас хөгжилтэй хөөрхөн хүү байсан. Хэрсүү ухаантай сайн хүү байсан. Манайх тийм их баян айл байгаагүй. Аав ээж хоёр нь ажил хийж хоол хүнс хоногийнхоо хэрэглээний мөнгөө арай ядан олдог байлаа. Бид хоёр өглөө зургаан цагт босоод шөнө нэг цагт унтдаг байсан. Аав ээж хоёр чинь өдийг хүртэл илүү ихийг амжуулах юмсан гэснээс илүү их унтахсан илүү их идэх юмсан гэж бодсонгүй. Хэрвээ аливаа хүнд хийж бүтээж амьдрах гэсэн чин их хүсэл зориг байвал тэр хүн юуг ч хийж бүтээж чадна. Түүндээ хүрэх гэсэн тууштай зорилго л түүнд бүхнээс их чухал байдаг юм даа. Аав нь ингэж бодож байна.

Тийм учраас миний хүү чи аавыгаа сонс.

Миний хүү чи хаана хэнийд төрсөн энэ нэг их чухал биш. Өөрөөсөө чи өөрийгөө олох л чухал. Өөрөөр хэлбэл : Чиний хэн байсан чухал биш. Чиний хэн болох вэ? гэдэг илүү их чухал гэсэн үг. Яагаад гэвэл: Чи би бид бүгдийн хувь тавилан бүгд хоорондоо ив ижилхэн. Чиний миний түүний гарт байдаг юм. Тийм учраас: Миний хүү чи юмыг өөрөөр харж чаддаг бай. Аливаа юмыг өөрчил. Өөрөөсөө эхэл. Чи амьдралаа өөрчил. Өөрийгөө өөрчил. Яагаад гэвэл: Амьдрал бол өөрчлөлт. Өөрчлөлт бол амьдрал. Дахиад хэлье. Миний хүү чиний хэн байсан чухал биш. Чи хэн байх гэдэг их чухал.

Хүү минь " Тэнгэрлүү хар. Тэнгис далай адил бай". Аав нь ингэж бодож байна.

Гурав: Ах дүүсийн сэтгэл

Миний хүүхдүүд. Та нар аавынхаа гэрт зул болон гэрэлтсээн. Яг л адилхан дөрвөн зул. Аав ээж хоёрынхоо зүрх сэтгэл оюун ухаан тэсвэр тэвчээр итгэл үнэмшил минь гэвэл та дөрвөн зул юм шүүдээ.

Тэгэхээр ийм байна.

Ах дүүсийн хайр бол Эх хүний хайр. Ах дүүсийн сэтгэл бол эцэг хүний сэтгэл. Аав нь ингэж бодож байна. Тийм учраас ах дүүгийн нандин сэтгэл гэж юм байдаг юм. Энэ үгийг санаж бай. Бүү март. Битгий гээ. Ах нь дүүгээ. Дүү нь ахыгаа бодож бай санаж яв. Ядарсан зүдэрсэн нэгнээ бүү гол. Адарсан даварсан хэнийг ч битгий муул. Хүн чанараа бүү гээ. Хадгалж үлдээ. Өвдөх хавдах үхэх хагацхын зовлон гэж байдаг юм. Тэр цагт ах чинь ирнэ. Дүү чинь ирдэг юм. Харахад ч харьцахад ч хэцүү байж мэднээ. Хэн мэдлээ дээ амьдралыг хүү минь. Хүнд түвэг удахгүй юмсан... гэж бодох вий дээ үр минь. Хүү минь өнгөц нимгэн бүү бод. Элгийг нь дэвтээж нуухыг нь арчиж өг. Хайр өг ахдаа дүүдээ. Итгэл өг дүүдээ ахдаа. Хий дэмий л нүд нь бөлтөлзөн зүрх нь шимширч царай нь цайх вий үр минь. Олон юм битгий асуу. Онож асуу. Цөөн юм асуу. Гэхдээ аав нь мэдэж байнаа. Бурхан минь! Хүү минь чи яаж түүнийхээ хажуугаар хэнэг ч үгүй зүгээр чимээ үгүй өнгөрч чадах билээ дээ. Сайн ч бай муу ч бай чиний ах, чиний дүү. Өнгөц нимгэн бүү хар! Өөртэйгөө битгий эвлэр. Тэнгэр лүү хар. Тэнгис далай адил бай. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Дөрөв: Амьдрал

Хүү минь. Амьдрал: тэр хатуу. Гэхдээ тэр шударга.

Миний хүү хүний амьдрал богинохон шүү дээ. Хүний амьдрал хэцүү. Амьдрал: Тэрээр хэнийг ч хайрлаж байгаагүй байхаа. Тэр хэнд ч ая тал тохой татаж чаддаггүй гэдэг юм. Амьдрал : Тэр хатуу. Гэхдээ тэр шударга. Би ингэж бодож байна. Амьдрал: Тэр миний алдсан алдаан дээр тоглодог байлаа. Тэр намайг дэгээдэж унагаад хайр найргүй балбадаг байсан. Хааяа нэг би түүнийг мушгиж унагаад хөлсөө арчиж инээвхийлэн харж толгойгоо сэгсэрдэг байсан. Нэг иймэрхүү... Гэхдээ би түүнд хэзээ ч бууж өгөөгүй юм. Юу үнэн... Энэ үнэн... Тэгэхээр миний хүү чи амьдралд хэзээ ч битгий бууж өг. Аливаа юманд ухаалаг ханд. Болгоомжтой хянамгай бай. Тэвчээртэй зоригтой бай. Бодолтой зорилготой амьдар. Гэхдээ хүү минь амьдралыг бүү басамжил! Амьдралыг зовоо. Тэгэхгүй бол амьдрал чамайг зовоодог юм. Чи түүний анхааралд бай. Цаг зав түүнд битгий өг. Тэгэж амьдралд чи өөрөө өөрийгөө таниул. Тэгэхдээ зөв талаасаа таниул. Эр зориг бяр тэнхээ тэсвэр тэвчээрээ таниул. Оюун ухаан хайр энэрэл ухаан ухамсараа мэдрүүл. Тэгвэл тэр чамайг үл мартана. Тэгэж гэмээнэ: Хүү минь амьдрал чамайг хайрлана. Амьдралыг чи хайрлах болно.

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Батжаргалын Батбаяр

Хүүдээ бичсэн захидал

2016.07.11. Тэрэлж