Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эхний удаад Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй. Энэ дагуу л Монголд санал тавьсан. Тавьсан саналынх нь дагуу хувийн хэвшлийн “Монголын зэс” компани худалдаж авчээ. Процесс ердөө энэ юм билээ. Одоо тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэнэ. "Эрдэнэт" үйлдвэрээ 100 хувь өөрийн болгосон нь монголчуудын хувьд том дэвшил гэдгийг гадныхан хэдүйн бичээд эхэлсэн. Харин ойрын хугацаанд монголчууд дотроо авах нь зөв, авах нь буруу хэмээн хоёр хуваагдаад эхэлсэн нь гадныхныг гайхшруулж орхилоо. Энэ тухай оросын хэвлэлүүд бичсэнийг та бүхэн сошиалаас харж байгаа байх. Тэд нэгэн сонин гаргалгааг хийжээ. “Монгол зарим нэг улстөрч "Эрдэнэт" үйлдвэрийг монголчууд хуйвалдаад авчихлаа гэж байна. Хэрэв тийм зэвүүн үйлдэл хийж манай "Ростех" компанийн эзэмшиж байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авчихсан юм бол бид эргүүлж авахын төлөө тэмцэх ёстой” гэж. Оросууд ингэж үзэж байгаа бол, тэр нь хэрвээ үнэн юм бол тэрхүү гайхамшигтай хуйвалдааныг хийж монголчуудын хагас зуун жилийн мөрөөдөл болсон "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монголынх болгож чадсан тэдэнд баатар цол өгье. Гадныхны үнэлэлт дүгнэлтээс харахад ийм сонин, бидний бодож байгаагаас тэс өөр үнэлэлт дүгнэлт өгдөг юм байна. Тэд цааш нь бас бичжээ, “Наймаа буцвал Оросууд баяртай байх болно. Шалавхан 400 сая долларыг нь буцааж шидчихээд "Эрдэнэт" үйлдвэрийнхээ 49 хувийг маш хурдтайгаар Торонтогийн бирж дээр дор хаяж тэрбум доллараар зарна” гэжээ.

Монголчууд минь дээ, гадныхан ингэж харж, анаж, магадгүй өнөөдрийн энэхүү монголчуудын хоорон дахь яс хаялтыг гадныхан хийж байж ч мэдэх нь. Хэрэв зээ тийм биш юм бол монголчуудын тамын тогооны үлгэр өнөөдөр өрнөж байгаа юм байна. Дорж аваад байхдаа яадаг юм, би л авах байсан юм гэсэн зөвхөн монгол хүнд байдаг атаархал. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлдээ хэт автсан зарим нэг улстөрч нөхдүүд "Эрдэнэт"-ээр ийнхүү өөрийгөө баатар болгон харуулах гэж ард түмний тархийг угааж байна. Зүгээр л бизнесийн зарчмаар явагдсан энэхүү наймаа өнөөдөр Монголд хамгийн аймаар улс төр болон хувирлаа. "Эрдэнэт" үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил байдаг байсан бол улстөрчид ингэж улайран оролцохгүй байсан. Бүх зүйл нь далд байсан учраас л өнөөдөр "Эрдэнэт"-ийн төлөө үхэлдэж байна. Далд юмны цаана юу ч хийж болдог шүү дээ. Жишээ нь Оросын мэдэлд 49 хувь байх хугацаанд тэднээс санхүүгийн тайланг нь авах бүү хэл аашлуулдаг байсныг бүгд мэднэ. Одоо Монголын мэдэлд ирлээ. Манай татварын байгууллагууд дарамталж байгаад авна. Хэрэв зээ тэр “Монголын зэс” компани тайлангаа удаах юм бол захын нэг байцаагч давхиж очоод дансыг нь хаачихна. Ингэхгүй гээд яах юм. "Эрдэнэт" үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болчихсон юм чинь.

Эрдэнэт үйлдвэрийн агуулах гурван жил тутамд нэг удаа шатдаг байсныг санаж байгаа хүн байна уу. Аймаар том агуулах нь шатсны дараа сэтгүүлчид ганц л зүйл тэднээс асуудаг байсан. “Хохирол нь хэд вэ” гэж. Нэг ч удаа хариулт авч үзээгүй. Яагаад гэвэл тэнд дүүрэн хог байдаг байсан. Өнөөдөр боож үхэх гээд байгаа улстөрчдөөс эхлээд захын нэг мэргэжилтний шахаас гэхэд хэдэн мянган жил хэрэглэх ч хугацаа нь дуусчихсан каноны хороос эхлээд таван сая бэлгэвч хүртэл байдаг байлаа. Дээр нь оросуудын шахсан хог шаар бол тонн тонноор байдаг. Тэр бүгд нь хэрээс хэтрээд, ухаандаа баригдах дээрээ тулаад ирэхээр агуулахаа шатаачихдаг. Дотор нь ямар хэмжээний эд хөрөнгө, бараа материал байсан, түүний хор хохирол хэдэн тэрбум болсон тухай дүгнэлт түүхэндээ гарч байсангүй.

Эдгээрээс худалдах, худалдан авах гэрээ бол хамгийн том нууц. Хамгийн том бялуу. Үүнийг мэддэг хүн Монголд гарын арван хуруунд л багтана. Үүний цаана бүр ч том луйвар бий. Түүнийг энгийн иргэний түвшинд ойлгуулж бичих нь их түвэгтэй. Үнэндээ энэ бүгдийг нийгэмд ил болгочих юм бол "Эрдэнэт" үйлдвэр рүү зүглэх нохой ч олдохгүй. Тэгвэл “Монголын зэс” гэж хувийн компани авснаар энэ бүгд ил тод болно. "Эрдэнэт" үйлдвэр гэж номхон тэмээ ноолоход амар газар байхаа болино. Тэгэхээр тийшээ байнга гүйдэлтэй байсан луйварчид өнөөдөр боож үхэлгүй яах юм бэ.

"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирснээр, тэр дотроо 49 хувийг нь Монголын үндэсний хувийн компани эзэмшдэг болсноор иргэн Бат та жижигхэн оёдлын цехтэй бол энэ үйлдвэрийн тендерт ороод үнийн саналаар бээлий нийлүүлэх боломжтой болно. Яагаад гэвэл хувийн компанийн үйл ажиллагаа хамгийн шударга, эрүүл байдаг. Тэд тендер зарлаж хамгийн боломжтой үнийн саналыг шалгаруулна. Харин Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит "Эрдэнэт" үйлдвэр бол хамгийн өндөр өртөгтэй, зөвхөн улстөрчдийн хувийн компанийг шалгаруулдаг учраас ардын хүүхэд тэнд өрсөлдөх нь утгагүй. Ийм бэлэн сайхан хоолоо улстөрчид юу гэж алдахыг бодох юм бэ. Ийм их ашиг орлогоо ард түмэнд алдах уу, эс алдах уу гэдгийн төлөөх аймшигт тулаан өнөөдөр ид өрнөж байна. Яаж ч бодсон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг монгол хүн л авч байвал сүүний гарц нь нэмэгдэнэ. Төсөвт их мөнгө орно. Энэ мөнгө эмч, багш, цагдаа... гээд төрийн албанд өдөр шөнөгүй зүтгэж буй хүмүүсийн цалин хангамж урамшуулал гээд төсвийн бүх л салбарт маш том санхүүгийн тэлэлт авчирна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн зуун тэрбумыг улстөрчид, том дарга нарын халаас руу алдаж байсан "Эрдэнэт" үйлдвэрийн гунигт түүх дуусгавар болж байтал шахааны тэрбумтнуудын том арми байлдааны фронт нээлээ. Ард түмний тархийг угааж эхэллээ. Жинхэнэ үнэн бол ард түмний гарт "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь ирсэн гайхамшигтай түүхэн үйл явдал болж байна шүү дээ. Монголын нэг компани байдгаа бараад Монголынхоо баялгийг оросуудаас авч чадсанд гадныхан гайхан биширч байхад харин эсрэгээр зарим нэг монгол хүн хорсон зэвүүцэж байгаа нь хорвоогийн ховор жигтэй үйл явдлын нэг байх л даа, хөөрхий. Монголд л ийм юм байдаг байх.