Сонин юм даа, ардчиллын суурь үнэхээр сайнтай дүүрэг шүү дээ. Баянголоос илүү гэж боддог байлаа. Сүүлийн найман жил нийслэлийн дүүргүүдээс анхлан, ганцаараа ардчиллыг бүрэн дэмжиж, АН ганцаараа засаглалыг нь барьж, УИХ-ын сонгуулиар дүүрэн ялалт байгуулдаг тус дүүрэг энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээлээ. Хүмүүс янз бүрээр л ярьж, дүгнэж байна. Эцсийн дүгнэлт нь гэвэл энэ удаад эв нэгдэлтэй байж чадсангүй. Өнөөх л АН доторх фракц хоорондын зодоон, танай манай гэсэн талцал, хор найруулга. Энэ бүх хуваагдал талцлын эцсийн шалтгаан нь Ардчилсан намын дээр байгаа хэдэн дарга нар л юм. Тэрнээс ард түмэн энэ намаас тэгтлээ нүүр буруулаагүйг саяын орон нутгийн сонгуулиар басчиг давхар харж болно. Эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, дээрээ толгойтой орсон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд АН ялж л байгаа биз дээ. Энэ нь МАН-ын ухаалаг хэсгийнхэнд бол басчиг ухамсрын сануулга болсон. Эд эвлэлдэн нэгдэж чадах юм бол дэмжих асар том масс нийгэмд оршин тогтносоор байгааг тэд том зургаар нь мэдэрсэн. Нийт сонгогчдын 40 гаруй хувь нь мөнхөд АН-ын талд зогссоор байгааг. Саяын орон нутгийн сонгуулиар АН нь үнэндээ үндэсний хэмжээний нам гэдгээ харуулах том менежмэнтгүй, дүүрэг дүүрэгтээ, сум сумандаа өнчин хүүхдүүд шиг хэдэн юм л сонгуульд орлоо шүү дээ. Төв нам нь хэтэрхий унтаа байлаа. Энэ байдал нь сонгуульд нөлөөллөө. Ер нь бол Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл... нарын нөхдүүд шиг өөрсдийн нөөц боломжоороо, өөрсдийн санаачилгаараа орон даяар явж сургалт семинар хийж, сонгочдод намын хөтөлбөрөө таниулан ойлгуулж, уулзалтууд хийсэн нь их хэрэг боллоо гэж гишүүд, дэмжигчид ярьж байгаа юм. Гэтэл бусад тодорхой зүтгэлтнүүдийнх нь үүрэг роль тун бүрхэг байсныг бас ярьж байна. Ийм хүнд үед АН-ынхан хаана эв нэгдэл зохион байгуулалттай байна, тэндээ ялж, хаана бүлэглэж фракцална, тэндээ ялагдаж байгааг хүний өөрийнгүй харлаа. Жишээ нь Сүхбаатар аймгийг хар. Энэ аймагт “Алтан гадас” фракцийнхан гэж аймаар юмнууд дийлдэхээ байлаа хэмээн ярьж, хардаж их юм болдог байснаа энэ удаагийн сонгуулийн өмнө зогсоож, бүгдээрээ нэг талдаа гарч суун ойлголцсоноор орон нутгийн сонгуульд орсон. Сүхбаатар аймагт лав учраа олчихлоо, одоо орон нутгийн сонгуулиар ямар үр дүн гарахнав хэмээн ярьж, харж байсан хүмүүс бий. Тэгээд яав, нэг цул, зангидсан гар шиг орж чадсан тус аймгийн АН-ынхан ялалт байгууллаа. Тэд бүр хотоос нэр хүндтэй намын зүтгэлтнүүдээ тэр энэ фракц гэлгүй урьж авчран сүхбаатарчуудтайгаа уулзуулж, сонгуулийн үеэр хамтран ажилласан нь үнэндээ АН-ыг Сүхбаатар аймагт гоё харагдуулж байсныг сонгогчид өнөөдөр ярьсаар байна. Сүхбаатар аймгийн энэ жишгээр л бусад аймаг, нийслэлийн дүүргүүд ажиллах ёстой байсан юм. Ажиллах гэсэн аймаг дүүргүүд байсан ч АН доторх фракц, бүлэглэлүүдийн эрх ашиг нь дийлдэхгүй байсаар харамсалтайгаар ялагдсаны нэг жишээг Хан-Уул дүүргээс харж байна. Энэ дүүргийн АН нь орон нутгийн сонгуульд хүмүүсээ хэрхэн оновчтой нэр дэвшүүлэх вэ гэдэг хурал хуйнаасаа эхлээд л том нам доторх бүлэглэлүүдийн удирдагчид нь ирж бужигнуулснаар мордохын хазгай болсон. Дүүргийн ИТХ-д удаа дараа сонгогдож, тойрогтоо хангалттай ажиллачихсан, өрх нэг бүрийнхээ судалгааг нарийн гаргачихсан, туршлагатай, боловсролтой хүмүүсээ, мөн дөрвөн жил өөрсдийгөө ИТХ-д бэлдчихсэн залуучуудыг бүгдийг нь нэр дэвших хурал дээрээ будаа болгож, шахаж гаргах самуун ажиллагаа явагдсан нь ялагдлын шалтгаан хэмээн өнөөдөр гишүүд дэмжигчид нь дүгнэн ярилцаж байна. Тэдний гол буруу өгч байгаа нөхөд бол АН доторх МоАХ, Шонхор фракцийнхан. Эдгээр фракцийнхан гэнэт бөөнөөрөө ирж тус дүүргийн намыг үймүүлж, иргэд, сонгогчид бүү хэл намын гишүүд нь танихгүй нөхдийг хүчээр нэр дэвшүүлэн гаргажээ. Байдал нэгэнт иймдээ хүрч, хэн нь мэдэгдэхгүй зулзаган атаманууд тус дүүрэгт бий болсон учраас АН-аас нэр дэвшихээр өмнө нь бэлтгэгдэж, хороондоо ажилчихсан, нэр хүндтэй хүмүүс нь бие даан нэр дэвшжээ. Бие даан нэр дэвшсэн ардчиллынхан нь ялсан ч өнөө зулзаган атаманууд нь хуйгаараа ялагдсанаар ардчиллын үлгэр жишээ байсан Хан-Уул дүүрэг улаан болов. Хэрэвзээ МоАХ, Шонхор мэтийн фракцуудын нэр нөлөө бүхий нөхөд тус дүүрэгт очиж үймүүлээгүй бол Хан-Уул дүүрэгт АН ялах байлаа. Өнөө бие даан нэр дэвшсэн нөхөд нь нэг хороонд гэхэд хоёр, гурваараа ялсан байх юм. Тус дүүрэгт АН, МАН хоёрын суудлын харилцаа ойрхон гарсны жишээ ч ялах байжээ гэдгийг батална. Тэгэхээр АН-ыг ялагдалд хүргэж буй нэг л үнэн байна. Энэ бол нам доторх фракц нэртэй бүлэг хүмүүсийн хутган үймүүлэлт. Үүнийгээ эмхэлж, цэгцэлж чадахгүй, харилцан ойлголцолд хүрэхгүй, биесээ хүлээн зөвшөөрөхгүй байснаар УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд бүгдээрээ ялагдсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар энэ алдаагаа бага ч болтугай засч залруулаад орсон болов уу гэсэн, лав л нийслэлийн ихэнх дүүрэгт тэгээгүй байна. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ хэвээрээ бол бас л сөнөцгөөх юм байна. Тэгээд хэзээ... хэзээ эв эеэ хичээж, эрх ашгаа нэгтгэж, АН гэсэн нэг зоонтог дор, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай сонгуульд орох юм бэ.