“Хулгайч аа” гэж хашгирч байж УИХ-д заларсан нэг өвөрмөц төлөөлөл бол Ж.Батзандан гишүүн. Түүнийг хулгайчдын эрлэг гараад ирлээ гэж горьдож байв. Тэр бээр “хулгайч аа” гэж гудамж талбайд ч, Их хурлын танхимд ч хашгирдаг зоригтон. Гачлантай нь хулгайчид тансагласаар. Хулгайчийн ангууч эрхэм гишүүн маань арваад жил нэг ч хулгайчаар ганзагаа мялааж чадалгүй хов хоосон гөрөөлж явна. Эрхэм минь, одоо “хулгайч аа” гэж хий орилохоо цэглэ. Гагцхүү хэн юу хулгайлсныг баримтаар нотол. Нотолсон хойноо “хулгайч аа” гэж цолло. Тэгэхгүй аваас эх оронч гишүүдийн тавилангаар ирэх сонгууль гудамжинд гаргах эрсдэлтэй. Сүх жанжины талбайгаас төрийн Ордон өөдөө гар зангаад “Хулгайчид аа, гараад ир” гэж хашгирах, нам засгийнхаа далайсан цагт нь далд орж, далласан цагт нь ил гарч явсан бидэнд гайхамшигтай баатарлаг үйлс харагдсан билээ. Аугаа жолоодогчдоо “хулгайч аа” гэж аймшиггүй тэрсэлдсэн хүнийг “эх оронч баатар тодорлоо” гэж 70 жил эрх чөлөөгүй дарлагдсан ард олон дээдийн дээдээр өргөмжилсөн. Гэвч “хулгайч аа” гэж сүржигнэсэн болгон эх оронч байдаггүйг ардчилсан нийгэм эцэст нь таниуллаа.

2008 оны долоон сарын үймээнээр 5 залуу хөнөөсөн аллагад тулгагдсан Ж.Батзандан Ц.Нямдоржид хонгодуулдгийн даваан дээр амь наана, там цаана АН-ын хаалгаар шургасан. АН өмөөрөөгүй бол Ж.Батзандан зэргийн гудамжны тэмцэгчийг тухайн үед Ц.Нямдорж хилсээр ч хөнөөж дөнгөх байв. “Хулгайч аа” гэдэг омгоороо Ж.Батзандан жагсагчдыг турхирч МАХН-ын цагаан байшин шатсан гэж үздэг хүмүүсийг Ц.Нямдорж гишүүн оройлон догиож байсан. Одоо ч энэ үзэл нь Ц.Нямдорж гишүүний ходоодонд өмхийрч байгаа. Хэрэг болох үе гарвал тэр бээр ашиглана. Гэтэл эдүгээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орос Монголын хоёр хувийн компани Засгийн газруудынхаа зөвшөөрлөөр наймайлцсан үйл явдлыг дуулиан болгон дэврээж, өс хонзонгоор үзэлцэж явсан хоёр Эрдэнэтийн 49 хувиар нэр төрөө мандуулж, олныг биедээ татахаар ийнхүү хүзүү сээрээрээ тэвэрлэдэхэд хүрсэн нь хачирхалтай. Ц.Нямдорж гэнэн сонгогчдын саналаар Ерөнхийлөгч, Ж.Батзандан сунгаагаар АН-ын дарга болохоор чансаагаа өсгөж буй нь энэ гэж сошиал сүлжээгээр шуугив.      

Ж.Батзандан гишүүн таны хулгайтай тэмцдэгийг зуун хувь дэмждэг. Харин Эрдэнэтийн 49 хувь ноцтой луйвар гэдэг нь одоогоор бүрхэг байна. Олигархиудын аймшигтай хулгай түрүүчээсээ “чихдүүлсэн” ч дийлдэхгүй байхад та тэмцлийнхээ жанжин шугамаас хадуурч Эрдэнэтийн хулгай гэх зол юмнаас зуурч нэрээ хөөдөв дөө. “Оростех”-ийн өгдөг татваруудыг “Монгол зэс” тоо ёсоор төлөөд явчихад ард түмэн хохирохгүй. 49 хувийг худалдаж авсан “Монгол зэс” компани босгосон зээлээ өөрөө хариуцна. Зээл цэвэр, бохир эсэхийг шалгаж буй ажлын хэсгийн дүн эцэслэн гараагүй байна. Асуудал ийм байхад Ж.Батзандан та ялагдал хүлээсэн намынхаа бядгүй бүлгийг нулимаад, Ц.Нямдоржтой хүч хавсарч буй тань сэжиг төрүүлэв. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана, хазайсан тийш нь түлхэх гэдэг. “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдааг шалгах ажлын хэсгийг алсаас нууцаар удирдаж буй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж АН-ынхны өчүүхэн зөрчлийг ч томруулна уу гэхээс орхихгүйг гишүүн та байтугай өвгөчүүд бид гадарлаж сууна. Тийм атал Ж.Батзандан гишүүн ач хүргэсэн намаасаа урваад Ц.Нямдорж гишүүнтэй яагаад нийлэв? Хулгай илрүүлэхээр нийлэв үү гэхээр 49 хувь хулгай мөн биш нь нотлогдоогүй байна. Жаахан хүлээхгүй яав? “Эрдэнэтийн хулгай” гэх сүржигнэл хоосон улс төржилт болох нь өдрөөс өдөрт тайлагдаад байх шиг. Гялалзсан залуу гишүүн Ж.Батзандан пенүүдээ гонсойлгох вий дээ. Залуус та нар Монголын ирээдүй учраас харамсал төрнөм. Зан авирын ийм эвгүй хувиралт улстөрч залууд таагүй үр дагавар авчрах уршигтай. Та нар бол ная дөхсөн Д.Дэмбэрэл, “титэм үг”-нээс хальдаггүй Н.Багабанди биш. Баруун зүүний өндөр боловсрол эзэмшсэн залуустай суудал булаацалдан, өтөлснөө мэдрэхгүй, олон саяын цалинд шунахыг нийгэм хэзээ тэвчихгүй болдог бол. Хөгшид эх орныхоо хямралыг ойлгоод, тэтгэврээрээ болгоод явахад, тэдний тэтгэвэр хүрэлцэхгүй байв гэж. Д.Дэмбэрэл, Н.Багабанди нарын мэдлэг эдүгээ эх оронд дутаад сүйд болсон юм байхгүй нь мэдээж. Энэ бол олон сая цалингийн шунал. Өөр юу ч биш. Үеэ өнгөрөөсөн тогтолцооны элементийг хадгалах гэж хойш татахаас өөр чадвар тэдэнд үлдээгүй. Харин залуу улстөрчдийн сул талыг дөрөөлөхдөө сурцтай. Ц.Нямдорж гишүүн ч ижил гэдгийг Ж.Батзандан гишүүн ухаарна буй зээ.      

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөөгийн төмөр зам, Дарханы хар төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хулгайч луйварчнаар нь зүхэж сагсуураад байсан. Нэг нь ч нотлогдсонгүй. Мухардсан Ц.Нямдорж одоо “төр засагт байхгүй нууц зөвхөн надад бий” гэж галзуураад эхлэв. Үнэн худлыг ялгах ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээх тэвчээр Ж.Батзандан гишүүнд бас байсангүй. Ажлын хэсэгт сайн дураар багтаж, хор найруулалцаад, өөрийн намаас яланд унгах гэж тооцсон нөхдөө хавсайдаж, замаа цэвэрлэх гэж тэр бээр хорхойсов уу яав. Арай үгүй байгаа даа. Шударга үгийг нь их тоож, ирээдүйн ерөнхий сайдад горилж явснаа хэлье. Зөөлөн атлаа шургуу ази зан дутав уу. Цочмог огцом авир ер нь осолтой.    

Эрдэс баялгийн эдийн засагчийн үгээр бол Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийн хэлцэл хийгдсэн. Оросууд ийм өндөр үнээр Эрдэнэтийн 49 хувийг Монголын засгийн газарт шахахыг санаархсан. Тийм ч учраас ЗГ худалдан авахаас татгалзсан байх. Тэглээ ч өчнөөн өр зээлэндээ баригдсан засгийн газар яах ч билээ. 49 хувийг худалдаж авсан Монголиан коппер корпорацийн хувьд энэ нь тэдний өр. Засгийн газар авсан бол ард түмний өр болох учиртай. Жил ирэх тутам баялгийн агуулга нь хомсдож, олборлолт, тээвэрлэлт, боловсруулалтын зардал ихсэж, уул уурхайн хаагдах үед гарах байгаль орчны сэргээлт, нийгмийн асуудалд анхаарал хандуулах цаг ойртсон. Оросууд уул уурхайн салбарт туршлагатай улсын хувьд энэ бүх эрдслийг тооцож, 49 хувиа зарах сонирхол төрсөн байх. Зэсийн нийлүүлэлт илүүдэлтэй. Жастын Батхүүгийн зэрэг олон зуун сая ам. долларын өрийг төлөлцөхөөс ах нар зугтахаас өөр замгүй болсон биз ээ. Уул уурхайн үйлдвэрлэл судалдаг мэрэгжилтний үг ийм байна.

Оросуудын зөв. Монголчууд шиг хоорондоо дайсагнасан хулхи улстай их хөрөнгөөр удаан хамтарвал улам л хохирно. 49 хувийг асар өндөр үнээр авсан монгол хувийн компани хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй болбол (нөгөө ад үзээд буй 27-той хүүгийн хохь болж), эрх баригч гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын шавай ханана. Ц.Нямдорж гишүүний ээлжит улстөржилт ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сэнтий. Харин Ж.Батзандан гишүүний түргэдсэн хурц авир юунд хүргэдэг бол? Ц.Нямдорж ахтайгаа их нялуурвал Намбарын Энхбаярын замаар ороод баларч мэднэ шүү. Залуус та нарыг олигтойхон ажиллаасай гэж залбираад байхад ингээд хоцрогдсон архгуудын тоглоом болчих юм. Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Улаан гурав хөдөө замд саатаж, хэзээ ч эврэлцэхгүй гэж нанчид өргөж тангараг тавьсан гэх мэдээ цацагдаж асан. Хачирхалтай нь энэ үед улсын мөрдөн байцаах газарт Н.Энхбаярыг унагах 16 хавтас хэрэг Хууль зүйн сайд Ц.Нямдорж шууд удирдан бүрдүүлж байсан гэдэг юм.  

Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: “Н.Энхбаярыг шоронд хорих ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь би биш Ц.Нямдорж... 2001 онд Н.Энхбаяртай холбоотой 16 хавтас хэрэг тухайн үеийн мөрдөн байцаах газраас АТГ-т ирсэн байдаг. Тэр үед Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан. Тэр хэргүүд нь мөрдөгдөөд авилгын хэрэг гэдгийг нь илрүүлээд АТГ руу шилжүүлсэн. Ц.Нямдорж сайд байхдаа хэргийг нь илрүүлээд, боогоод дуусгасан хүн. Түүнээс биш Ц.Элбэгдорж гарч ирээд хэрэг нээгээд шоронд хийчихсэн зүйл байхгүй. Харин ч Н.Энхбаярын хэргийг шүүхээр хэлэлцээд заримыг нь хүчингүй болгосон байдаг. Энэ хүнтэй холбоотой асуудлыг над дээр ярьж орж ирдэг хүн ер нь байхгүй. Нэг л хүн хааяа энэ хүний талаар ярьж орж ирдэг. Тэр нь Ц.Нямдорж”. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Сүхбаатарын талбайн өмнөх өндөр хөх байшинд Н.Энхбаяр оролцсон 40 гаруй сая долларын асуудал байдаг. Үүн дээр гомдолтой хүмүүс байна. МАХН гэж заваан нам байна. Үүнийг дээд шүүхээр хасуулаач” гэх зэргээр ярьдаг. “Энэ хүмүүс өөрийнхөө өстэй нэгнийг барьж, хориулахаар надаас шаардаж орж ирдэг юм. Түүнээс биш Н.Энхбаяртай холбоотой хэргийн хойноос хөөцөлдөөд байдаг юм (надад) байхгүй. Миний хувьд энэ хүнд хандсан нэг л зүйл байдаг. Тэр нь уучлал” гэжээ.

Ю.Цэдэнбал “эргэж ирлээ” гэж сонордуулсан. Ц.Нямдорж Ерөнхийлөгч болоод ардчилал, зах зээлд аль муугаа үзсэн биднийг жаргаах юм уу Батзандаан.         

                                                                                                                    2016-11-12