Орон сууцны борлуулалт, иргэдийн орон сууц худалдан авах чадвар эрс буурч байгаа энэ цаг үед амжилттай хэрэгжүүлж буй олон төслийн нэг нь “Шинэ Яармаг” төсөл юм.

Энэ төслийн хүрээнд борлуулалт нь хамгийн амжилттай явагдаж, иргэдийн хүсэл сонирхлыг ихээр татах болсон нь “Хан богд” хороолол агаад тус төслийг хэрэгжүүлэгч PIMM ХХК-ийн ТУЗ-ийн дарга Доржбалын Чанцалтай уулзаж ярилцлаа.

-Орон сууцны хэрэгцээний талаар мэдээж ярилтгүй. Гагцхүү хүсэхэд хясна гэгчээр нэг талаас барилгын компаниуд, нөгөө талаас орон сууц хүсэгч иргэдийн хэн хэн нь бэлэн мөнгөний хомсдолд орчихсон нөхцөлд танай борлуулалт маш сайн байгааг, эрэлт ихтэй байгааг анзаарлаа. Танаас энэ амжилттай менежментийн чинь талаар асуувал дургүйцэхгүй юм байгаа биз дээ?

-Яаж орон сууцаа зараад байна аа гэж үү! Яг үнэндээ энд нууц арга энэ тэр гэж байхгүй шүү дээ. Зүгээр л ямар ч орон сууцны барилгад тавигддаг үндсэн чанар, үзүүлэлт гэж байдаг. Тэр бүхнийг ямар ч хэрэглэгчийн хүсдэг шаардлагад нийцүүлэн хангасан нөхцөлд борлуулалт амжилттай явагддаг юм. Тэгэхээр “Шинэ яармаг” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Хан богд” хорооллын маань барилгын үндсэн чанар хэрэглэгч, худалдан авагчдад таалагдаж байна гэсэн үг.

-Үндсэн чанар гэдэг нь тэгээд байх юм бол. Бодвол хямд үнэтэй, чанар сайн байх ёстой болно тийм үү?

-Мэдээж хамгийн чухал нь үнэ, чанараас гадна барилгын байршил, гүйцэтгэл, материал гээд олон зүйлийг энд хамруулж ярих хэрэгтэй болно л доо. “Хан богд” хорооллын хувьд энэ бүхэн онцгой хангагдсан учир борлуулалт сайн байгаа. Юун тэр Зайсан. Одоо бол тэр хавь хамгийн хэцүү, хүн амьдрахад тээртэй ачаалал ихтэй, амьсгалахад ч бэрх газар болсон байгаа шүү дээ. Та нар мэдэж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын Яармагийн гүүр орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгаа “Хан богд” орон сууцны хороолол байршлын хувьд үнэхээр онцгой. Өөрөөр хэлбэл, энд ямар ч  бөглөрөл, түгжрэл үгүй, утаа, тортог, тоос шороо, дуу чимээний асуудалгүй, жинхэнэ эрүүл орчинтой болохоор ямар ч хэрэглэгч наашаа тэмүүлж байна.

-Байршил ч үнэхээр гойд юм аа, ярих юм алга?

-Хотын төвд байдаг проблем энд байхгүй байгаа биз дээ. Улаанбаатарын хөгжил Яармаг руу тэлж байна. Гэхдээ энэ хавьд тухайлбал “Хан богд” хорооллын зай завсарт дахин ямар нэгэн барилга байгууламж барих боломжгүйг та нар харсан байх.

Байшин хоорондын зай,талбай, зогсоол, ногоон байгууламжуудыг маш сайн шийдсэн. Ийм шийдэлтэй хороолол өөр бараг үгүй л болов уу. Ердөө 50-100 метр хүрэхгүй зайд  хатан Туул гол урсаж байхад урагшаа хэдхэн алхаад  л Богд хан уулынхаа бэлд хүрч болж байна. Эрүүл орчин, эко байршил гэдэг энэ л дээ.

Удахгүй ашиглалтад орох Хөшигтийн хөндийн нисэх буудал болон “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу явах хурдны зам дагуу хотын төв цэгээс 5-хан км  зайд  байрладаг. Эндээс хотын төв рүү Сонсголон, Яармаг, Нарны болон Энхтайвны гүүрээр дамжин орж болно. Би өөрөө энэ бүх замаар явж туршсан, аль ч  зорьсон цэгтээ хүрэхэд 10-15 минут л зарцуулж байна билээ.

-Хамгийн гол зүйл болох үйлчилгээний төв, цэцэрлэг, сургуулийн барилгууд шийдэгдэж байгаа юу?

-Та бүхэн гараад хар. Ердөө арав хүрэхгүй метр зайд “Хүннү молл” цогцолбор хаяа залгаад байж байна. Энд ганц нэг орон сууцны барилга биш 2800 айлын орон сууцны цогцолбор хороолол барьж байгуулж байгаа учраас  сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийн барилгуудыг хамт шийдээд явж байна. Бид эхний 5 барилгаа бариад цэцэрлэгээ барьж эхэлсэн.

Ирэх долдугаар сард ашиглалтад өгнө. Нийтдээ 1500 хүүхдийн цэцэрлэг, 3000 хүүхдийн багтаамжтай сургууль, үйлчилгээний төвүүд ч бас баригдана. Авто зогсоол, дулаан гарааш гээд бүгд цогцоороо шийдэгдэж, хүн амьдрах таатай нөхцөл бүх талаасаа сайн хангагдсан.

-Орон сууцны ипотекийн зээл зогсчихоод байгаа үед танайх ганцаараа ипотекийн 8 хувийн зээлийн нөхцөлөөс гадна урьдчилгаа зээлийг худалдан авагч нартаа өөрсдөө олгож байгаа цорын ганц компани юм байна. Эрсдлийг өөрсдөө дааж байгаа хэрэг үү?

-Бид Капитрон, ХХБанк, Хаан банкуудтай хамтран орон сууц борлуулах гэрээтэй ажиллаж байгаа. Бид сая ипотекийн 5 хувийн зээлээр чамгүй олон байр борлуулсан. Засгийн газраас 5 хувийг зогсоож 8 хувийн зээл үргэлжлүүлэн олгож байгаатай холбогдуулан бид жишгийг дагаж байна.

Орон сууц худалдан авагчдад дэм үзүүлэх үүднээс байрны урьдчилгааны 30 хувийн зээлийг өөрийн эх үүсвэрээр шийдэж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа 30 хувиа оруулах хуримтлалгүй худалдан авагчдад бид компанийн эх үүсвэрээсээ зээл олгож байна  гэсэн үг.

- Танайхаас байр худалдан авахаар бол Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахаас гадна урьдчилгаа 30 хувиа мөн шийдүүлж болох юм гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байгаа энэ үед залуу гэр бүл, тодорхой хуримтлал үүсгээгүй иргэдэд бидний зүгээс үзүүлж буй том дэмжлэг бас боломж юм. 30 хувийн урьдчилгааг бид худалдан авагч нартаа 6 сараас нэг жилийн хугацаатай хүүгүй зээл өгч шийдэж байгаа. Эцсийн эцэст хүн өөрийн гэсэн орон байр, үндсэн хөрөнгөтэй болж байгаа нь чухал шүү дээ.

-Энэ бүхэнд хамрагдаад танайхаас байр авлаа гэхэд сард дунджаар хэдэн төгрөгний эргэн төлөлт хийх бол. Ер нь нэг ам.м талбай нь ямар үнэтэй байгаа вэ?

-Нэг ам.м талбай 1 сая 900 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Урьдчилгаа төлбөр төлж чадах эсэхээс хамаараад янз бүр. Тухайн хүний цалин болон санхүүгийн боломжоос хамаараад сард 500 мянгаас 1 сая 500 мянгын хооронд  эргэн төлөлтөө хийгээд явна. Улаанбаатарын төвд байрны сарын түрээс 800 мянгаас 1,2 сая төгрөг байгаатай харьцуулахад хамгийн боломжтой нөхцөл л дөө. Бидний хувьд санхүүгийн эрсдэл хүлээж байгаа ч байранд орох хүсэлтэй хүмүүсийн хүсэлт, нөхцөлийг хараад ийм шийд гаргахад хүрсэн. Ер нь монголчууд энэ их утаа, агаарын бохирдлоосоо иргэдээ аль болох орон сууцанд орох нөхцөлөөр хангаж байж хурдан сална биз дээ. Бидний төслийн гол зорилго бол тав тухтай, эрүүл орчинд иргэдийг амьдруулахад чиглэсэн юм. Хүссэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байгаа шүү. Та бүхэн сэтгэлдээ хүрсэн сонголтыг манайхаас хийнэ гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

-Магадгүй өнөөдөр орон сууц худалдан авахыг хүссэн хэн бүхэнд хамгийн сонирхолтой бас хэрэгтэй мэдээллийг танаас авлаа гэдэгтээ эргэлзэхгүй байна. Танай хамт олонд улам их амжилтыг хүсье ээ!

Маш олон монгол гэр бүл орон сууцтай болох болтугай!