Монгол, Германы барилгын зарчмын ялгаа нь өнгө, хийцэндээ ч биш, дулааны алдагдалд байгаа юм. Стандартад ойртуулаад л барихад манай шинэ барилгууд өнөөгийн дунджаасаа гурав дахин бага дулаан алддаг. Тэглээ гээд ч Герман улсын дунджаас хоёр дахин их алдагдалтай үлдэх юм. Хуучин барилгуудынхаа дээвэр, цонх, хаалгыг солиод, суурийг нь сайн манаж чадвал бид халаалтын зардлаа хоёр дахин багасгах боломжтой. Ялангуяа 50-60 жилийн өмнө баригдсан сургууль, цэцэрлэгийн, голдуу тоосгон барилгын халаалтын зардлыг танахаас гадна хүүхэд өвчлөх өдрийг 35 хувиар цөөрүүлсэн тооцоо гарчээ.

ХҮЙТЭН БАРИЛГЫН ЗАРДАЛ

2014 оноос хойш Герман, Швейцарийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Эрчим хүчний үр ашиг” (Energy efficiency) нэртэй төсөл хэрэгжүүлж, Ховд болон Завхан аймгийн зарим суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийтийн зориулалттай барилгыг засварлан, дулаалсан байна. Ховд аймгийн Жаргалант сумын гурав ба тавдугаар цэцэрлэг, 920 хүүхдийн II сургууль, Халдвартын эмнэлэг, Дуут сумын Эрүүл мэндийн төв, Чандмань сумын цэцэрлэг гэх мэт 10 мянган ам метр ашигтай талбай бүхий зургаан барилгыг засварлан, дулаалж, цэвэр, бохир усны системийг сайжруулан, нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

    Үүний үр дүнд нэг ам метрт 550 кВт/цаг эрчим хүч зарцуулж байсан барилга тус бүр 120 кВт/цаг болж багассан буюу дулааны алдагдлаа тав дахин бууруулсан аж. Шинээр барих зардлын тавны нэгээр нь хуучин барилгыг ийнхүү засаж сэргээснээр дахиад 30-40 жил ашиглах боломж бүрдүүлжээ.

Германд төгсөгч инженерүүдийн “Чөлөөт уул” ТББ-ынхан эрчим хүчийг ийм их хэмнэдэг болсон эдгээр барилгын нийгмийн үр өгөөжийг дулаалаагүй байгууламжийнхтай харьцуулан судалж тайлан гаргаад байна. Хүүхдүүд дулаан орчинд сурч, хүмүүжсэнээр өвчлөл буурч, эцэг, эх, багш нарын сэтгэл ханамж дээшлэн, өрхийн төсвөөс эм тарианы зардал хасагдаж, хүүхдээ харж ажлаасаа чөлөө авах тохиолдол эрс цөөрчээ. Байгууллагын халаалтын зардлаас хэмнэсэн мөнгөөрөө цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом авах, хоол, хүнсний чанарыг нь сайжруулах боломж бүрдсэн байна.

Тус ТББ нь 2012 онд Улаанбаатар хотын есөн дүүргийн, төрийн өмчийн 348 цэцэрлэг, сургуулийн дулааны алдагдалд судалгаа хийхэд цэцэрлэгийн өрөөний дундаж температур өвөлдөө 15 градус байжээ. Хүйтэн сэрүүнээс чийгшил үүсэн, мөөгөнцөртсөн таазтай өрөөнд хүүхдүүд унтаж буйг бас нэг тайланд дурдсан байв. Сүүлийн үеийн барилгууд арай дулаан байгаа ч хүүхдийн сурах орчинд шаардагдах 22-25 градуст хүрэхгүй байна. Хүүхдүүд гэртээ байхаасаа илүү цэцэрлэг, сургууль дээрээ цагаа өнгөрүүлж байгаа учир хэвийн дулаантай, тохь тухтай орчин бүрдүүлэхгүй бол тэднийг өвчлүүлэхэд хүргэж буй.

“ТӨӨРСӨН” БАРИЛГУУД

    Монголчууд машиныхаа эрчим хүчний зарцуулалтыг маш сайн мэддэг ч орон гэрийнхээ, ихэнх цагаа өнгөрүүлж буй ажлын газрынхаа, үр хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулийн барилгуудын хэрэглэж буй дулааны талаар мэддэггүй, тоодоггүй.

Хэрэв бүх барилга байгууламжаа дулааны алдагдалгүй болгочихвол хувь хүний амьдралд ч, нийгэмд ч ямар их хэмнэлт, өөрчлөлт авчирч болохыг дээрх хоёр аймгийн жишээнээс харж болно. Тэгвэл орон даяар бүх барилгын дулааны алдагдлыг нэг шалгаж үзээд, болохыг нь засаад, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, хүрэлцэхгүй байгаа эрчим хүчээ арвилан хэмнэхэд бидэнд хэн, юу саад болж байна вэ?

Юуны өмнө бүх барилга байгууламжаа бүртгэж, өмчийн хэлбэр, баригдсан хугацаа, хийцийн зураг, бүтээсэн материал, холбогдох дэд бүтэц, халаалтын хэрэглээ, зардал зэрэг мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авах бодитой сан бүрдүүлэх нь зүйтэй байна. Тийм database байхгүйгээр ямар ч барилгад оновчтой, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж, татах боломжгүй.

    Завхан аймагт дээрх төслийн хүрээнд тодорхой ажил эхлүүлж, өдгөө аймгийн төвийн болон 24 сумын төрийн өмчийн 1036 барилга байгууламжийг бүртгэн, мэдээллийн сандаа багтаагаад байна.

Монгол Улс даяар хаана ч, ямар ч бүртгэлгүй, “төөрсөн” барилга олноор бий болсныг анхаарч, бүх аймаг, сумын захиргаа мэдээллийн сангаа яаралтай байгуулах шаардлагатай юм. Хот, дүүрэг, аймаг, сум бүр ийм сантай болж чадвал нийтийн болон хувийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, оновчтой болгох, хөгжлөө урт хугацаанд төлөвлөх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Ховд, Завхан аймагт хэрэгжүүлж буй энэхүү эрчим хүчний үр ашгийн төсөл болон барилга байгууламжийн мэдээллийн сантай танилцахыг бүх аймаг, сум, хот, дүүргийн төлөөлөгчдөд уриалж, үүнийг зохион байгуулахад бэлэн гэдгээ энэ төслийнхөн мэдэгдэв.

Гэр орон, ажлын газрынхаа барилгын дулааны алдагдлыг бууруулснаар түлшээ хэмнэж, агаарын бохирдлыг тэр хэмжээгээр багасган, эрүүл, тав тухтай орчин бүрдүүлж, улмаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд Монголын иргэд оролцох боломжтой. Энэ нь байгаль, экологио хамгаалах дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай ч нийцэх учир гадаад, дотоодын хандивлагчдаас хөрөнгө оруулалт татахад чухал үүрэгтэй.

Орон даяар бүх барилгаа хувийн, улсын гэж ялгалгүй, бүгдийг нь бүртгэн авч, дулаалах боломжтойг энэхүү төсөл харуулж байна. Өдгөө манай улсын нийт эрчим хүчний талыг 200 гаруйхан аж ахуйн нэгж алдагдалтайгаар хэрэглэн, агаарын бохирдлыг нэмэгдүүлсээр буйг анхаарахгүй орхиж боломгүй.

“Дулаан явбал мянган лан” гэж монголчууд ярьдаг. (Нэг лан алт нь 37.3 грамм буюу нэг унцид арай хүрэхгүй). Өдгөө бид эрчим хүчний өгөөжөө нэмэгдүүлэн, үүний тулд ихээхэн санаачилгатай ажиллах шаардлагатай байна.