“Би МАН-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч”. Надад энэ алдрыг УИХ-ын дарга асан З.Энхболд хайрласан юм. Том хүнээс авсан алдар шүү. “Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй” гэдэгчлэн эрхэм даргыг тэгж сануулснаас хойш би ганцхан байшин барилга, хот байгуулалт бодоод байх ёсгүй, “МАН-ын” гэх бүх сайдуудын төлөөлөгч байх ёстой юм байна гэж жигтэйхэн ухаарч билээ.

Гэтэл дараа нь мөн л хэн нэгэн ямар нэгэн зүйлийг сануулснаар би Төрийн тэргүүнийхээ найман жил хийсэн ажлыг тайлагнан бичиж эхлэв. Хэн ч надаас “Ардчилсан” Ерөнхийлөгчөө харамсласангүй. Харин ч “Алтан гадас” горьдож байна гэж хардсан. Би “Алтан гадас”-аар яах ч юм билээ. Их л бодож одонгоо “угааж” найр хийх гэж бөөн өр. Их л холыг харж гэмээнэ хадан гэртээ очихын цагт өөрийн мэдэлгүй “Алтан-Өлгий”-д булуулах юм биз дээ.

Гэвч төрийн ажил гэдэг өөр. Төрийн ажлын сурталчилгаа гэдэг сэтгэхүйн эрх чөлөө, уран бүтээлийн ажлаас нэлээд ангид. Яагаад би “хэвлэлийн төлөөлөгч” гэж хэлүүлдэг вэ гэхээр тухайн салбарын ажлыг арай үндэслэлтэйгээр хүргэж чадна гэж өөртөө итгэсэн тохиолдолд ажлын саналыг нь хүлээн авдаг. Түүнээс биш даргаа дагаад зургийг нь дараад явдаг бол жинхэнэ утгаараа “суганы үс” гэгч нь болно. 

Яг одоогоор би Барилга, хот байгуулалтын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байна. Тус яамнаас олон нийтэд мэдээлэл хүргэх шаардлагатай тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй холбож өгөх гүүр нь болно. Яамны бодлого шийдвэрийг мэдээлнэ, мөн албаны эх сурвалжийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй холбож бодлогыг нь тайлбарлана. Ингэсгээд миний ажил гүйцээ!

Даргадаа хир тоос халдаахгүй байх, яамаа гоё сайхнаар бичүүлэх, хар, цагаан хэл амыг дарах, твийтр, фэйсбүүкийн олон дагагчтай идэвхтэй хэрэглэгчдэд мөнгө өгч тархи угаах зэрэг хэлж баршгүй олон арга хэрэгсэл миний ажил үүргийн хуваарьт байхгүй.

Харин ч би азтайдаа ч гэх үү, мэргэжлийн, нэр цэвэр, сэтгүүлчидтэй хэзээний анд нөхөр болчихсон сайдтай. Сайд маань хэвлэлийнхнээс хулжих шалтгаан байхгүй. Бас улс төрийн хүрээнд бол тийм ч “ноолоход амархан тэмээ” биш. Төрийн ажил хийж үзээгүй, “эвгүй” нөхдөд аргадаад болохгүй бол аашлаад ажлыг нь зааж өгөх ч үе байна. Манай сайдтай уулзахын тулд цаг авч өгөх шаардлагагүй. Тэр дөнгөж саяхан даргын үүд сахидаг байснаа мартаагүй, мартах ч үгүй чанартай тул зав байвал уулзана, яасан ийсэн зөвшөөрөл, цаг хугацаа өгөх.

Сайдаас надад маш том бэлэг өгснийг энд зарлачихъя. Тэр миний бичиж туурвих эрх чөлөөнд халдаж байсангүй. “Их идсэний маргааш өнж” гэгчээр ингэж хамаагүй бурсныхаа маргааш халагдах тушаал авсан ч би Г.Мөнхбаяр сайдад гомдохгүй. Учир нь өнөөдрийг хүртэл би сэтгэлзүйн таашаал авч сэтгүүлзүйн их далайдаа хөвсөн хэвээр байна.

Миний сайд мөнгөгүй ээ. Манай яам ч мөнгөгүй. Гэхдээ чадвартай, туршлагатай баг, хамт олон байна. Чадваргүйг нь ар, өврийн “хаалга” гэлгүй эрэг дээрээ гаргаад шидчихдэг их далай шиг салбар л даа. Тавхан үгэнд танигдана гэгчээр хэдхэн үг солиод л “манай хүн” мөн биш нь мэдэгддэг юм. Харин бидэнд маш том зорилт байна. “БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ” гэдэг салбарын сайдыг хар ярианд бол “барилгын сайд” гэж яриад удлаа шүү дээ. Заримдаа барилгын асуудал зохицуулдаг сайд мэт, бүр хаяадаа барилгын тусгай зөвшөөрлийн сайд ч юм шиг, ямартай ч их барилга талдаа нэгдүгээр хүн гэх үү дээ. Хот байгуулалт гэдгийг тодотгосон сайд гэвэл мөн л надтай хамтран ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсан газар зохион байгуулалтаар мэргэшсэн инженер, эрдэмтэн хүний хувьд илүү сэтгэл гаргадаг байсан юмсан. Түүнээс хойш Г.Мөнхбаяр сайдтай золготлоо “барилгын сайд” л явж ирсэн.

Одоо бол барилгыг, хот байгуулалтын асуудалтай, орон сууцжуулах ажлыг дэд бүтэцтэй уялдуулж ярихад хүн үнэмших төдийгүй эхнээсээ зөв шийдлийг гаргаж, ажил хэрэг болгож эхлээд байна. “Хөрөнгө байхгүй юм уу, тэгвэл юу хийх болж байна”, “Хөрөнгө оруулалт л хийж байвал юу гэж хэлээд ч гарын үсэг зурчихсан яах вэ” гэсэн байдал Г.Мөнхбаяр сайдаас харагдсангүй. Харин ч “Мөнгө байхгүй. Гэсэн ч хийе”, эсвэл хандивлагч орны төлөөлөгчидтэй уулзаж байснаа “Яагаад хоног давчдуулж мөнгөө ав гэж шахаад байгаа юм бэ. Наад мөнгө чинь хүүтэй зээл. Бүтэшгүй буруу зүйлд зарцуулснаас огт аваагүй нь дээр”, “Та нар урьд нь төдөн онд тэгж худлаа яриад бүтээгүй байх аа. Энэ удаагийнх чинь хэр бүтэлтэй юм бэ дээ” гэхчлэн цочтол шазруун авирлаад “долларгүй” үлдэх тохиолдол олныг харлаа. Сайн чанар. Тэр хүүтэй зээлийг хэн төлөхийг мэддэг хүний үг.

Ийм нэг сайдтай учирч таван сар ажиллачихлаа. Дураараа бурдгаасаа болж “МАН-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч” гэж хэлүүллээ. Засгийн газрын хэвлэлийн алба, яамдын хэвлэлийн алба зэргийн хаахна явааг бүү мэд. Өнөөх З.Энхболдын өөрийнх нь зохиосон “Монгол Улсын сайд” гэдгэрхүү юм уу даа. Гэхдээ муухай санагдсангүй. Харин “МАН-ын сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүн Ардчилсан намын төлөө дуугарч болохгүй, энэ намын тухай твийтрээр жиргэхгүй, шууд утгаараа энэ тухай бодох хэрэггүй гэсэнд уур, инээд зэрэг хүрэв. Учир нь АН-ын дарга ингэж хэлж байхад МАН-ын ардчиллыг хүндэтгэх үзэл, ардчиллын тулгуур зарчимд хандаж байгаа хандлагыг жишээд хар даа. Хэрэв З.Энхболд МАН-ын дарга байсан бол би ингэж “Ардчилсан” Ерөнхийлөгчийн тайланг сайн дураараа бичиж, улс төрийн үзэл бодол бүхий нийтлэл бичиж болохгүй нь. Харин МАН-ын дарга М.Энхболд энэ асуудалд өөрөөр ханддаг. Тиймээс УИХ-ын 2016 оны сонгуульд хэний гарт ардчилал, эрх чөлөө байгааг ард түмэн сонгочихож. АН-ынхан ч гэсэн намаасаа эрээд олоогүй эрх чөлөөг МАН-аас авч эдэлж болно шүү. Монголын ард түмний эс ширхэг бүрт Монгол Ардын Намын төлөө дуугарах, үзэл бодлоо илэрхийлэх, санаа зовинох эрх бий. Үүгээрээ АН-аас давуу талтай.