Бүрэн эрхийн хугацаандаа бахархал, омогшил бүхнээ цуглуулсанд нь талархана
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж...Монгол Улсад одоо мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болох тун дөхөж байна. Түүний гишгэсэн мөр, үлдээсэн өвийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх олон шалтгаан буй. Энэ цадиг түүх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг анх хүлээн авсан эхний өдрөө Монгол Улс Цаазын ялгүй орон  болохыг тунхагласанаас эхлэх учиртай.  Амьд явах хамгийн том эрх чөлөөг нь хэвээр үлдээж ардчилсан төрт ёсны хэм хэмжээнд нийцэх бусад ял зэмийг зохих хуулийн дагуу хүртээх болсон нь олон нийтэд ихээхэн таалагдсан байдаг. Энэ талаар 2005 онд манай улсын Засгийн газрын урилгаар ирж ажилласан НҮБ-ын эрүү шүүлтийн талаарх тусгай илтгэгч М.Новакийн  илтгэлд "Цаазаар авах ялыг гүйцэтгэх огноотой холбоотой нууцлал, цогцсыг оршуулахаар өгөхөөс татгалзаж буй нь гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн дарамтад оруулах замаар айлган сүрдүүлэх, хүнлэг бусаар хандахад хүргэж, энэ нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 7 дугаар зүйлийг зөрчиж байна” гэж онцлон дурдагдаж байсан удаатай. Түүнчлэн "Цаазаар авах ял шийтгүүлсэн шүүгдэгчид шүүх хуралдаан дуусмагц төрөл, садангийн хүнтэйгээ нэг удаа уулзах боломж олгоно” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1 дэх заалт нь ял шийтгүүлсэн хүний гэр бүлийн гишүүдэд ял гүйцэтгэх хугацаа, үйлдэх газрыг мэдэх боломжийг олгохгүй байгаа бөгөөд нэгэнт гэм буруутай үйлдэлдээ тохирсон ялаа "өөрийн амиар эдэлсэн” хүний цогцос дахин төрийн цээрлэл хүлээх нөхцөл байдалд хүргэж байна” хэмээн Комисс үзэж, Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд  НҮБ-ын 1982 оны XVI чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох шаардлагатайг сануулж, цаазаар авах ялтай холбоотой санал, зөвлөмжүүдийг жил бүр УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлүүддээ тусгаж ирсэн билээ. Комиссоос өргөн барьсан илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2008, 2010 онуудад тус тус хэлэлцэж, тухай бүрт тогтоол гаргаж, санал, зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж байсан.

“Цаазаар авах ял нь харгис хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон, амьд явах эрхийг хязгаарладаг гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн тунхаглан баталгаажуулжээ. Манай улсад төрийн шийдвэрээр хүний амьд явах эрхийг шууд хязгаарладаг явдлыг таслан зогсоох мэргэн шийдвэрийг гаргасан явдалд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархан хүлээн авч байна” гэсэн байдаг. Энэ бол хэн ч булаалдах аргагүй Ц.Элбэгдоржийн “гаргасан мөр”.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлууд дотор “утопи” чанартай гэж шүүмжилж болохуйц боловч төрийн хэмжээнд дуугүй өнгөрөх аргагүй, огт хийхгүй байснаас ядаж нэг алхах ёстой олон ажил харагддаг юм.

Тухайлбал, “Архигүй Монголын төлөө хамтдаа”санаачилга, Агаарын бохирдлын эсрэг үндэсний хөдөлгөөн зэргийг дурьдаж болно. Төрийн тэргүүн байтугай бурхан бүрэлбаа нь ч зогсоох аргагүй хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан ажил яах аргагүй мөн. Гэсэн ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зэргийг санаачлан УИХ-аар батлуулж Ерөнхийлөгчийн дэргэд Агаарын бохирдлын үндэсний хороо байгуулж байв.  Гэтэл ээжүүд утааны эсрэг жагсахаар холбоо байгуулан жагсаад, барьсан лоозон нь хог болж хэвтэх... Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд илүү өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайланд шинжлэх ухааны үндэслэлтэй дурьджээ. Энэ бүхэн түүнийг “утопи” ажил хийж “утааны хороо” байгуулахад хүргэсэн байж таарна. Харамсалтай нь тухайн үед Ерөнхий сайд нь нүүрс тараагаад “ингээд утааг багасга” гэдэг “том” ажил хийгээд ойлгомжгүй болгочихсон юмдаг.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн өмнөх Ерөнхийлөгч нараас ялгарах өөр нэгэн онцлог ажил бий. Энэ бол бахархал, омогшил бүхнээ цуглуулах, Монголынхоо өв соёлыг өөриймсөн эх нутагт нь авчрахад их хүч тавьсан явдал юм. “Батаар”-аас эхлэхэд нь шоолж байсан энэ ажил хэрхэн өрнөн дэлгэрснийг уншсан харсан хэн бүхэн түүнийг “шоолохоо” больж хүндэтгэж эхэлсэн билээ.

Монгол Улс соёлын, байгалийн, түүхэн өвөө хөөцөлдөж авдаг болсон. Монголын нэхэмжлэл гадаадын шүүхээр шийдвэрлэгдэж ялалт байгуулсаар байна. Бурхан Халдун уулыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх санаачилга гаргаснаар ЮНЕСКО-д бүртгүүлсэн гэрчилгээгээ 2015 онд авч чадлаа. Алтай, Хангай, Саяаны уулс дахь хадны зураг, хүн төрөлхтний түүх соёлын өвийг судлах, хамгаалах төслийг ЮНЕСКО-той хамтран санаачилж олон улсын хурлыг анх удаа Улаанбаатар хотноо хийв.

Мөн Төрийн тахилгат хайрханыг 10 болгож жагсаалтыг нь гаргаад таван жил тутамд хоёр хайрханыг тахиж байхаар болсон. Төрийн тахилгаар улай гаргах, архи хэрэглэх, хог хаяхыг хориглосон юм. Эдгээр тахилгат хайрхануудад Өмнөговь аймгийн Их тахилгат хайрхан, Ховд аймгийн Алтан Хөхий уул, Баян-Өлгий аймгийн Алтай ханы Таванбогд уул, Архангай аймгийн Суварга хайрхан уул, Хэнтий аймгийн Бурхан Халдун уул, Улаанбаатар хот дахь Богд Хан Уул, Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, Говь-Алтай аймгийн Сутай хайрхан, Сүхбаатар аймгийн Алтан Овоо, Увс аймгийн Хан Хөхий уул тус тус батламжлагдаж тахих хугацааг товлоод байна.

Мөн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргаж, хэрэгжилтийг өөрөөсөө эхлэн Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр давхар хөтөлж хэвшүүллээ. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, уралдаанд жил бүр олон хүүхэд залуус, залуу багш нар хүртэл оролцох болж Монгол калиграфыг дэлхийн өвд 2013 онд бүртгүүллээ. Мөн Ерөнхийлөгчийн дэргэд “Хэлний бодлогын үндэсний зөвлөл” байгуулан эх хэлээ улсын хилийнхээ адил тусгаар тогтнолын үндсэн элемэнт гэж үздэгээ илэрхийлсэнд эрдэмтэд, иргэд таатай хүлээн авсан юм.  Дээрх зарлигт зааснаар гадаад харилцааны албан бичиг, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломыг монгол бичгээр зэрэгцүүлэн бичих ажил жигдрээд байна.

“Монголын эх түүх”-ийг долоон ботиор хэвлэх санаачилгыг дэмжин нийтийн хүртээл болоод байна. Олон улсын Монгол судлалын үйл ажиллагааг онцгой анхаарч, бидний сайн мэдэх Олон улсын Монгол судлаачдын Их хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг болж Монгол судлалыг дэмжих сан байгуулж залуу судлаачдыг дэмжих болов.

Тэрбээр жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар ЕБС-иудад хичээл заадаг уламжлал тогтоож, “Дэлхийн дулаарал ба Монгол”, “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа”, “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо”, “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн”, “Санаа зөв бол заяа зөв” зэрэг сэдвүүдээр хичээл заасан юм. Мөн их, дээд сургуулиуд, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд болон дуннд сургуулийн ахлах ангийнханд жил бүрийн 1 дүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн тухай хичээл заадаг болсон.

Төрөө дээдлэх монгол ёс, уламжлалт арга хэмжээг Төрийн тэргүүн өөрийн санаачилга, илэрхийллээр дэмжиж явах, бүрэн эрхийн хэмжээнд зарлиг гарган олон түмнийг татах болж Монголын тулгар төрийн ойг 2011 оноос 2220 жилийн тэгш ойгоос эхлэн тэмдэглэх боллоо. Монгол бахархлын өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж бүх нийтээр амрах болсноос гадна энэ өдөр Чингис хааны одонг гардуулж байхаар болсон юм. Түүнчлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойг тэмдэглэж мөн бүх нийтийн амралтын өдөр болгож  өндөр чансаатай шигшмэл 128 бөхийг барилдуулж, түрүү бөхийг Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулдаг болов. Мөн Төрийн далбааны өдөртэй болж ил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж заншлаа.

Тэрбээр Монголчууд улам олуулаа болох, элэг нэгт монголчуудааа эх нутагтаа ирэхийг УИХ-ын чуулганы индрээс зарлахын зэрэгцээ “цөөнхийн цөөнх” гэгдээд байсан Цаатан иргэдийн ахуй амьдралтай биечлэн танилцаж, тэдний эрх ашгийг хамгаалах агуулга бүхий зарлигаа гаргасанд цаатан иргэд тун баяртай хүлээн авсан юм. Мөн дэлхий дахинд тархан суурьшсан монголчууддаа чиглэсэн олон нийтийн соёл боловсрол, урлаг, спорт, уран бүтээлийн санал санаачилгуудыг тухай бүрт нь дэмжиж, үнэлж ажиллаж байна.

 Одоо түүний хийсэн хамгийн буянтай, оюунлаг, зоримог ажлыг нэрлэе. Тэрбээр монгол залуусыг дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцахаар элсэн орсон бол шаардлагатай сургалтын зардлыг Монголын төр даадаг байхаар болов. Энэ бол “мөнгө бодох биш оюунаа бэлтгэ, заавал тэнц” гэдэг мессежийг элсэгч залуустаа өгсөн ирээдүйгээ харсан зөв бодлого байлаа. Зөвхөн энэ алхмынх нь төлөө Монголын төр түүнийг хүндэтгэх болно. Мөн шилдэг залуу эрдэмтэн, эмч, оюутан тодруулж урамшуулдаг,тэтгэлэг олгодог арга хэмжээ нь хүлээлт үүсгэдэг, их урам хайрладаг болсныг дурьдахгүй өнгөрөх аргагүй юм.

Цахиагийн Элбэгдорж нэг ч хазгай гишгэлгүй найман жил сайн сайхны оргилыг бүтээлээ гэж энд хэлэх гэсэнгүй. Харин баларшгүй, баллах аргагүй, болоод өнгөрсөн гэгээлэг үйл явдлын мөрийг нь заавал тэмдэглэн үлдээх ёстой. Энэ бол зөвхөн Ц.Элбэгдоржийн мөр биш Монголын түүхийн нэгээхэн хэсэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ноён Ц.Элбэгдорж Танаа! “Бахархал омогшил бүхнээ бүрэн эрхийн хугацаандаа цуглуулсанд тань талархана”. Жирийн малчны хүү, эгэл ажилчнаас гараагаа эхэлсэн, эгэлгүй ардчилагч таны эрх мэдлийн оргилд байсан найман жил түмнийхээ төлөө, ардчиллаа аврахын тулд байлаа.