АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Элчин Сайдын Яамтай хамтран Вашингтон хотноо жил тутам Олон Улсын Монгол судлалын бага хурал зохион байгуулсаар арван жилийн нүүрийг үзжээ. Өдгөө 11 дэх удаагийн бага хурлаа Монгол улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан, нэгдүгээр сарын 27-28-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Ингээд хурлыг зохион байгуулах комиссын гишүүн, АНУ дахь Монгол Соёлын Төвийн Гадаад харилцаа эрхэлсэн ажилтан Содномын Энхцэцэгтэй уулзаж, тодруулга авав.



Энэ удаагийн хурлаа хоёр улсын харилцааны түүхэн чухал ойд зориулж байгаа юм байна. Чухам энэ сэдвээр ямар ямар илтгэл хэлэлцэх вэ?

Манай хурал 1 сарын 27-нд буюу 1987 оны 1 сарын 27-ны өдөр дипломат харилцааны гэрээнд гарын үсэг зурсныг бодоход, чухам яг 30 жилийн ойн өдөр эхлэх учраас эхний өдөр Монгол-АНУ-ын харилцааны талаар голчлон хэлэлцэнэ. Энэ сэдвийг дагнан судалж, докторын зэрэг хамгаалж, ном гаргасан Алишиа Кампи эхлээд харилцааны чиг хандлагын талаар илтгэнэ. Дараа нь Сан Франсискогийн их сургуулийн магистрант Лхаажавын Болор гуравдагч хөршийн бодлогын талаар, Гантантэгчинлэн хийдийн тэргүүлэгч гавж Даваанямын Лувсанжамц хоёр улсын харилцаанд лам нарын гүйцэтгэсэн үүргийн талаар ярина. АНУ-д элчин сайд байсан, өдгөө Турк улсад суугаа сайд Равдангийн Болд мөн энэ сэдвийг тусгайлан судалсан хүн. Болд сайд өөрөө ирж чадахгүй боловч илтгэлээ илгээж, энд бид эчнээгээр хэлэлцэх юм. Элчин сайд Булгаагийн Алтангэрэл Конгрессын Номын сан дээр хэлэх үгэндээ мөн хоёр улсын харилцааны 30 жилийн үүх түүхийг базан дүгнэнэ.

Конгрессын номын сан дээр гэснээс дэлхийн хамгийн том номын сан дээр хурал зохион байгуулж чадаж байгаа тань үнэхээр бахархалтай байна. Хэзээнээс хэрхэн хамтран ажиллав?

Ер нь бол манай хурлын зочид тус номын сан дээр очиж ховор хуучин номтой танилцдаг уламжлалтай байсан юм. Харин өнгөрсөн 10 дахь удаагийн хурлаас эхлээд албан ёсоор хамтран ажиллаж,  хурлын түлхүүр илтгэлийг КНС дээр хэлэлцдэг боллоо. Энэ удаад КНС дээр элчин сайд Б. Алтангэрэлээс гадна Принсипиа Коллежийн Улс төр судлалын профессор Жон Уиллиамс илтгэл тавина. Түүний илтгэл маш сонирхолтой. Америкийн сэтгүүлзүйд Дилав хутагтыг хэрхэн ойлгож дүрсэлсэн талаар ярих юм. Анх ирэхэд нь, дараа нь МкКартигийн хэрэгт Латтиморыг холбогдоход, эцэст нь таалал төгсөхөд нь Америкийн хэвлэлээр Хутагтын тухай ихэд мэдээлж. Энэ бүхнээс тэр хүнийг Америкийн сэтгүүлзүй хэрхэн ойлгож дүгнэсэн тухай дүр зургийг гаргаж ирэх юм.

Ер нь Конгрессын Номын Сан дээр хурлаа хийнэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Саяхан би эндхийн Орос сургуулийн захирлын нэг ярилцлагыг уншиж байлаа. Орос судлалын хурал гэж бас бидэн шиг санаачлан, Оросын төрийн дэмжлэгтэйгээр хийх болж. Тэгээд КНС дээр хийх гэсэн чадаагүй, өөр газар сонгосон тухай ярьсан байна лээ. Бид харин тэнд хурлаа хийж чадаад байгаагийн гол учир нь монгол-төвөд номын мэргэжилтэн Сюзан Мэйнхэйтийн тус дэм юм аа.

Өөр ямар ямар салбар хуралдаан болох вэ?

Түүхийн салбар хуралдааныг Пеннсилваниагийн их сургуулийн голдуу профессорууд удирдана. Нэрт монгол судлаач Кристофер Этвүд Индианагаас тэр сургуульд шилжсэн шүү дээ. Этвүд багш Хавцгайтын хадны зургийн талаар, Пеннсилваниагийн их сургуулийн өөр нэг багш Нанси Стайнхардт Баяннуурын хиргисүүрийн талаарх судалгаагаа илтгэнэ.

Хоёр улсын харилцааны нэг чухал сэдэв бол АНУ дахь Монголчуудын хүрээлэл юм. Хойт Америк дахь Цахим Өртөө байгууллага энэ сэдвээр тусгай салбар хуралдаан зохион байгуулна. Өнгөрсөн жил манай Соёлын төв, Цахим өртөө хоёр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу энэ хуралдаан болж байгаа хэрэг. Судлаач Я. Борчулуун Америкийн монголчууд онлайнаас мэдээллээ хэрхэн сонгодог, уншдаг зан үйлийн талаар, Э. Жагдагдорж америкийн монголчуудын нийтийн сүлжээний харилцаан дахь дискурс, агуулгыг судлан шинжилснээ, П. Увш Америк дахь монголчуудын хүрээлэл өнөөдөр ямар байгаа талаар хэлэлцүүлнэ.

Хэл зохиол судлалын салбар хуралдаанд Рутгерийн их сургуулийн багш Саймон Смит Монголын шинэ театрын тухай, Корнеллийн их сургуулийн судлаач Анранг Ван Өвөр Монголд бичиг үсгийн шинэчлэл хийх гэж оролдсон тухай, зохиолч, утга зохиол судлаач До.Цэнджав “Таван хошуу малын мэнд эрэх судар”-ын тухай илтгэнэ. 

За мөн, утга зохиолын тусгай нэг салбар хуралдааныг Монгол, Өвөр Монгол, Буриадын эрдэмтэд хамтран зохион байгуулна. Тэдний хувьд эхлээд виза мэдүүлэх, зардал сэлтээ олох гэх мэт олон асуудал байгаа учраас яг одоо энд тэр тэр ийм ийм илтгэл тавина гэж хэлэхэд арай эрт байна, уучлаарай.

Өвөр Монгол, Буриадаас гэхээр ямар ч байсан БНХАУ, ОХУ-ын төлөөлөл ирэх нь гэсэн үг. Өөр ямар улсаас судлаачид ирэх вэ?

Энэ жил нэг олзуурхууштай нь бид Канад улсын монгол судлаачдыг хүлээн авна. Тэр улс дахь Монгол судлалыг бид бас дэмжих учиртай. Калгарын их сургуулийн хоёр судлаач ирж, Монгол гэрийн талаарх судалгаагаа тайлагнах юм.

Хурлын үеэр илтгэлээс гадна өөр арга хэмжээ байгаа юу?

Элчин сайдын яамнаа зураач Дамбын Цолмон “Сансрын цэнхэр нүд” үзэсгэлэнгээ гаргана. Д. Цолмон бол АНУ дахь Монгол Соёлын Төвийг үүсгэн байгуулагчдын нэг, саяхан Вашингтон хотын Каос Галлерейд “Хувьсал” үзэсгэлэнгээ толилуулсан, ид ирэн дээрээ байгаа уран бүтээлч билээ. Олон жил Монгол урлагийг АНУ-д таниулж байна даа. Д. Цолмон уран бүтээлээ зөвхөн дэлгэж үзүүлээд зогсохгүй шууд газар дээр нь зурж үзүүлэх гэж байгаа. Энэ маш сонирхолтой шоу болно. Өмнө нь Цолмон АНУ-ын Байгалийн түүхийн музей, Фрийр галлерей дээр ийм амьд шоу үзүүлж байлаа. Монгол зураачийн чадварыг америкчууд шууд үзэж үнэлнэ гэсэн үг.

Мөн хуралд ирсэн зочид, илтгэгчдэд зориулсан хүлээн авалт дээр дуучин Саран, морин хуурч Хатанболд нар ая дуугаа өргөж, морин хуур, монгол урлагийг бас таниулаад авна. Ер нь энэ хэд хоногт Америкийн нийслэл Монголоор амьсгална даа.

Хуралд оролцож чадахгүй, хол байгаа улс бас илтгэлүүдийг чинь сонирхвол унших хэвлэх боломж юу байгаа бол?

Энэ жилээс бид нэг зүйл турших гэж байгаа. Хурлыг шууд дамжуулах юм. Хойт Америк дахь Цахим Өртөө байгууллагын гишүүн, ЭТАС корпорацийн мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг Гантөмөрийн Эрдэнэбат манай хурлыг Ю-Түүбээр шууд, гэхдээ сайн дуу, дүрстэйгээр цацахаар ажиллаж байна. Уламжлал ёсоор АНУ дахь ЮМОН ТВ, редактор Б.Уранчимэг сурвалжилна. Энэ жил мөн Үндэсний Олон Нийтийн ТВ, редактор Б.Оюунчимэг тэргүүтэй баг ирж сурвалжлах төлөвлөгөөтэй байгаа.

Ийм нүсэр үйл ажиллагааг ямар зардал төсвөөр хийж байна вэ? 11 удаа хурал хийхэд Монголоос ямар төсөв, дэмжлэг ирэв?

Монгол судлалын хурлыг Монгол Соёлын Төвөөс бүтэн арван нэгэн жил хийхэд Монгол улсаас нэг ч төгрөг ирсэнгүй ээ. Бид энэ хурлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хийдэг. АНУ-д болдог бусад хурлын адилаар оролцогч нар нь төлбөрөө төлдөг систем тогтоосноор өөрийгөө санхүүжүүлдэг хурал болсон юм. Ер нь АНУ-д ямар ч хуралд оролцох хүн тэрхүү эрдмийн байгууллага, хүрээллийнхээ гишүүн нь байх ёстой байдаг, түүндээ жил бүрийн татвараа төлдөг тогтсон уламжлал байдаг юм. Оролцогчид нь ч тухайн хуралдаа өөрөө явж очоод, өөрсдөө байр сав, буудлаа олоод орчихдог соёлд суралцсан байдаг. Тиймээс хуралд оролцоно гэдэг нь өөрөө энэ хурлыг дэмжиж, хандивлаж байгаа хэрэг гэсэн үг болдог юм л даа.  Дээр нь Пирамид гранит компани, захирал М. Дэлгэрцогт, Д. Өлзийхуяг, Монгол-Америкийн Соёлын Нийгэмлэг, үүсгэн байгуулагч Санж Алтан гуай гэсэн ийм хурлын үнэ цэнийг ойлгодог буянтнуудын ачаар л арван нэгэн жил хурлаа хийлээ дээ.

Эцэст нь таны өөрийн тухай асууж болох уу? Гэр бүл нутаг ус, хаана ямар сургууль төгссөн гээд?

Би Зүүнхараагийн хүүхэд. Одоо Виржиниа мужийн Александриа хотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байна. ШУТИС-ийг оёдлын технологич, инженер мэргэжлээр төгссөн. Энд ирээд Жорж Мэйсоны их сургуульд Олон улсын худалдаа, бодлогоор магистрын зэрэг хамгаалсан. Монгол Соёлын Төвийн гадаад харилцааг эрхлэн ажиллаж байна.

Баярлалаа, таны ажилд өндөр амжилт хүсье.