Одоо хэн дарга болсноос шалтгаалж, эсвэл ер нь даргаа шийдсэнийхээ дараа ЭНЭ НАМ ТАРЖ БУТРАХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАХ БОЛЛОО. Бутарвал нэрээ авч үлдсэн нь клуб төдий үлдээд, бусад нь үртэс ч гүй болж мэднэ. Гэтэл ард түмэн чинь муу ч сайн ч нэгээс их сонголттой баймаар байдаг.  Ардчилсан нам үлдэх нь, маш хүчирхэг байх нь Монголд хэрэгтэй. Чангахан базуур л үгүйлэгдэж байна даа.


Сумтай гарууд гэж нэршсэн тавыгаа цагаан толгойн дарааллаар ярий л, А-гаас Э хүртэл.

Н.Алтанхуяг

Сонгуулийн туршлага ихтэй, ялалтын түүх арвинтай хүн. Гэхдээ энэ нь түүнийг сайн мэнэжэр гэдгийг илэрхийлэхээс биш мундаг удирдагч гэдэг имижийг бүрдүүлж чадахгүй. Хайш яйш, хамаагүй яриатай түүнийг манай нэртэй сэтгүүлч “Задгай цагаан” гээд яг оноод хочилсон байдаг юм. Заримдаа их л аргаа барсан байдал харагддаг байсан.

Түүний засаглалын жилүүдийг энэ л зураг нь илүүтэй санагдуулна. Хэлсэн инээдтэй үгнүүдээс нь эш татвал лав доошоо нэг метр орчим явах байх. Бэсрэг хошин шогийн ном ч гарна.



Массд нэг их таалагдаж хүндлэгдсэн нь юу л бол. Харин тойрон хүрээлэл дундаа зохицуулах чадвар өндөртэй. Намыг базахын хувьд бүлэг фракц төдийгүй нам хооронд ч ажиллаж хэлэлцэж байсан агуу туршлагатай ч  одоо баахан өс хонзон, өгөө авааны зөрлөг болжээ. Өнөөдөр хамаатан садан, найз нөхдөө дуудаж оруулаад байсан өрөөнийх нь шал цөмөрч унаад баларч байна. Энэ хүн дарга болвол АН мөн  л энэ зураг шиг харагдана. 

Ж.Батзандан

Энэ хүний хувьд ёстой л Ардчилсан намынхан юм даа гэдгийг баталж байгаа үзэгдэл. Тэр гудамжнаас явсан ч гудамж түүнээс явахгүй байна. Үүний шалтгаан нь түүний  улстөр хийдэг стийл, камерийн өмнөх дүр төрх нь юм.  



Тэр талбай дээр хашгирдаг байсан, өнөө ч хашгирсаар байна. Мань эр өөрөө үүнийгээ гал цогтой, шударга дүр гэж бүтээж байна гэж боддог байж магадгүй. Гэтэл тэр нь хийрхүү, солиотой хүнийг санагдуулдаг. Төрсөн ахыгаа ажлаас нь халуулах захидал бичиж сошл мэдиагаар пиардаж байсан нь “гэхдээ чамд дутагдал байсаан нөхөр минь” хэмээн талийгаачийг зэмлэсэн юм хэмээх коммунист шогтой яг л адилхан. Ярьдаг шигээ ариун шударга бишийг нь баталсан материалууд ч хэвлэл, сайтуудаар бишгүй гарсан. Гэхдээ хоёр удаа сонгогдож байгаа хүнийг улстөрч гэлгүй яахав.

Нас нь залуу юм чинь мэдээж залуусын төлөөлөл гэгдэнэ. Гэхдээ “АН-ын залуус” түүнээс намаа харамлаж байгаа байлгүй дээ. Лав энэ хүнээр даргалуулаад  АН улсыг тулах өрөөсөн багана шиг харагдана л гэж байхгүй.

Лу.Гантөмөр

Өөр ямар Л.Гантөмөр нийгэмд танил юм бүү мэд. Ямартай ч Лу гэсэн овог нь зах зээл дээр байрших хугацааг нь хурдасгасан нь бол үнэн. Сумтай нөхдийнхөө дунд залуу үеийг төлөөлж байгаа. Бас намаа шинэчлэх хамгийн тодорхой төлөвлөгөөтэй гэж яригдаж байгаа. Гэхдээ одоо шинэчлэх төлөвлөгөө биш, зүгээр чангахан гар, дагадаг дүрэм хоёр л илүү чухал байна даа.



Лу намынхаа нэгэн өнгө, сургууль боловсролын нүүр царай болж чадах ч нам толгойлоход арай л сулдах болов уу.  Өргөн массд ч тэрээр эелдэг, чимээгүй л гэсэн имиж бүрдүүлсэн хүн. Түүнийг Боловсролын сайд болоход нь тал талаас асар их найдлага тавьж байв. Гэсэн ч тэрээр энэ хугацаанд хоёр л удаа дорвитой цухуйсны нэг нь солонгосын кофишопын туузыг хайчиллаа гэсэн мэдээ, нөгөө нь мүүнийн шуугиан -Насанбаяр.

Энэ хүн гэнэт Эрдэнэ, Эрдэнэбат хоёр шиг хүчирхэг характер гаргаж, нам фракцуудаа базаж зохицуулаад эхэлнэ гэхэд итгэл төрөмгүй, хонь шиг даруухан сэтгэгдэл төрүүлнэ. Хониор толгойлуулсан арслангийн сүрэг хонь л болдог гэсэн үг бий.

С.Эрдэнэ

Түрэмгий, асуудлыг хүчиндэж, хүний олон, хуучны сүлбээгээрээ зохицуулж сурсан имижтэй. Массд таалагдах гэхээсээ дургүйцэл төрүүлэх нь элбэг. Гэхдээ эргэн тойрныхон нь (Баянголынхон) “жинхэнэ эр хүн” гэж үнэлдэг. Шалтгаан нь мөнгө болон бусад зүйлсээр тэтгэдэг, хөгшчүүдийг нь амралтандаа амраадаг зэргээс болдог гэдэг. Тэр л хүрээллээсээ элч, зохицуулагч нарыг ийш тийш нь илгээж, сүлжээ үүсгэж тухайн газартаа үр дүн гаргаж чаддаг хүн. Тиймээс л энэ зураг түүнийг илэрхийлэх сонгодог дүр төрх болов уу гэж харлаа.



Тиймээс ч “Эрдэнэ энэ сонгуулиар лав нэг ноотой юм хийнэ” гэлцэж байгаа нь аргагүй юм. Тэр өөрөө ийм л дүр төрх бүтээсэн. Нийгмийн даатгалаар занимаалдсан хүний хувьд бүртгэл сан гэж далай биз.

Намаа базаад аваад явчих хүч, энерги түүнээс харагдана. Гэвч тэр намын дарга болуул Ардчилсан нам нэг нууц, аюултай, хүчирхийлэхээс сийхгүй бүлэглэл болж харагдах гэмтэй. Мань хүний төрийн хүний хэм хэмжээ, ёс зүй гэдэг юмыг уландаа гишгэсэн өдий төдий түүх намтрууд нь ч хэвлэлээр гарч л байдаг. Алтанхуяг энэ хоёр ч дээ, намаа базах биш цацаж хаях магадлал л ихтэй юм даа.

Д.Эрдэнэбат

Энэ хүн ноён нуруугаа түмний өмнө хугалж амжаагүй тул тэрэн дээр тэгсэн явдалтай энэ тэр гэх юм алга. Генсек ба намын бүлгийн даргын албыг хашиж байхдаа олон нийтэд ширүүн дориун дүрээр бууж үлдсэн. Ямар сайндаа нэгэн үед хоёр том намд зэрэг томилогдсон Ц.Оюундарь, Ж.Мөнхбат нарыг сулхан генсекүүд гэж байхав. Шалтгаан нь өмнөх Эрдэнэбат, Хүрэлсүх нар. Контраст гаралгүй л.



Түүнд намаа базчих бяр бол байгаа. Өөрт нь ч амтагдаж байгаа болов уу. Нийтэд таалагдах гээд хэтэрч, нэгэн цагийн Хүрэлсүх шиг цөмөрчихгүй л бол. Эсвэл Алтанхуяг, Эрдэнэ хоёр шиг дундад зууны хүн шиг юмнууд хийгээд эхлэхгүй л бол цаашдаа ч нэлээн явахаар.

Намын даргаар сонгогдвол намаа харьцангуй хүчирхэг харагдуулж, итгэл найдвар төрүүлж дөнгөх байх. Характер, нас, байршил зэргийг нь хараад дээр эшлэсэн санааны үргэлжлэл “Арслангаар толгойлуулсан хонин сүрэг ч арслан болдог” гэдэг үгийг гүйцээлээ.

Зургуудыг интернэтээс авав