-“Худалдан авах ажиллагаа Монгол улсын хуулийг зөрчсөн” гэдэг бол зөвхөн монголчуудад л зориулсан үлгэр-

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр ”Эрдэнэт” үйлдвэрийн “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан 49 хувийг төрийн мэдэлд хураан авах шийдвэр гаргажээ. Уг асуудлыг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцэх юм.

Хууль зүйн байнгын хороо уг шийдвэрийг гаргахдаа, “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгох, үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулахаар шийдвэрлэв.

1978 онд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлвэрийг Монголын талын 49 хувь, Оросын талын 51 хувийн эзэмшилтэйгээр анх байгуулжээ. ЗХУ задрахаас ердөө хоёр сарын өмнө хоёр тал хэлэлцээрийг шинэчилж Монголын тал 51 хувь, Оросын тал 49 хувийг эзэмшихээр болсон байна. Үүнээс хойш 2003 оны долдугаар дугаар сарын 1, 2007 оны дөрөвдүгээр сарын 25-нд дахин хэлэлцээрт өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын үйл ажиллагааг өнгөрөгч 2016 оны зургадугаар сар хүртэл Монгол Улсын хуулиар биш, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулж ирсэн байна.

УИХ 2014 оны аравдугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дахин өөрчлөлт оруулжээ. Хэлэлцээрийн зорилго нь 2013 оноос хойш төлөгдөөгүй Оросын талын хувьцааны ноогдол ашгийг “Ростехнологи” корпорацийн данс руу шилжүүлэх тухай байв. УИХ энэ асуудлыг Оросын талын хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөс хойш хоёр жилийн дараа авч хэлэлцсэн тул энэ хугацаанд “Ростехнологи” ноогдол ашгаа авч чадаагүй юм. Оросын талын хувьцаа эзэмшигчид “Эрдэнэт” үйлдвэрт 2008-2011 онд нийт 402,2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч 2009 онд 27,3 сая, 2010 онд 34,4 сая, 2011 онд 75,7 сая ам.долларын ногдол ашгийг тус тус авчээ. Үүнээс хойш ногдол ашиг авч чадалгүй өдий хүрсэн байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын үйлдвэрлэн гаргадаг экспортын бүтээгдэхүүний үнэ унасантай холбогдуулан тус улс хямралын даван туулахын тулд гадаад улс орнуудад хувь эзэшдэг уурхай, ордуудаа гуравдагч зах зээл дээр гарган борлуулж эхэлсэн тэр үед “Ростехнологи” нь өөрийн эзэмшилд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьцааг худалдаж авах эсэх талаар Монголын Засгийн газраас саналыг нь асуусан байдаг. Тодруулбал, Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс” корпараци тус үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авахаар саналаа ирүүлсэн тул хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас эхлээд саналыг нь асууж байна” гэсэн байна. Тухайн үед эдийн засаг хямралтай, төсвийн орлого тасалдаад байсан тул Ч.Сайханбилэгийн Засгийн газар уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа авч хэлэлцээд “Монголын Засгийн газар худалдан авалтад оролцох боломжгүй тул Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох “Монголын зэс” корпорацид 49 хувийн хувьцааг худалдахад татгалзах зүйлгүй” гэдэг хариултыг өгчээ. Болсон явдал гэвэл энэ.

“Ростех” компани өөрийн эзэмшиж байсан “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн 49 хувийг Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс” корпарацид худалдах гэрээнд 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурж, хоёр өдрийн дотор төлбөрөө хүлээн авсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын өмч боллоо” гэдэг алдарт мэдэгдлээ хийснийг та бид мэднэ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрийн 17-р зүйл /”Эрдэнэт” үйлдвэрийн тухай/, 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн хэлэлцээрийн 18-р зүйлд /”Монголросцветмет”-ийн тухай/ “Гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал өөрийн талын хувьцааг гуравдагч этгээдэд бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах тохиолдолд нөгөө талдаа бичгээр мэдэгдэж, энэ тохиолдолд худалдан авах давуу эрх нөгөө талд хадгалагдана. Аль нэг тал өөрийн хувийг хэсэгчлэн буюу бүхлээр нь худалдсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус болно” гэжээ.



Энэ дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн үйлчлэл дуусгавар болсон бөгөөд хэлэлцээрийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлэх үлдээд байв. Гэвч сонгуулийн дараа юу болсныг бид мэднэ.

Засгийн эрх авсан МАН “АН эрх барьж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийг хятадуудад зарсан байна” гэдэг мэдэгдэл хийсээр орон нутгийн сонгуультай золгож, сонгуулийн дараа УИХ дээр худалдан авагч талыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийсний дараа “Ростехнологи” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ХХБ-ны охин компани болох “Монголын зэс” корпораци худалдан авсан нь олон нийтэд ил болсон билээ.

Гэвч “Эзэн нь байвал хэрэг нь олдож л таараа” гэдэгчлэн МАН-ын УИХ “Эрдэнэт”-ийн хувьчлалыг шалгах ажлыг хэсэг байгуулж, хоёр сар гаруй ажиллаад “Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд халдсан” гэдэг дүгнэлтийг хийлээ л дээ. Нэг зүйлийг дахин сануулахад “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” ХХК нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийг хүртэл /”Ростехнологи”-той худалдан авалт хийгдсэн өдөр/ “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд” огтоос захирагдаж байгаагүй юм. Зөвхөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйл ажиллагааг нь зохицуулж ирсэн гэдгийг дээр хэлсэн. Тиймээс “худалдан авах ажиллагаа Монгол улсын хуулийг зөрчсөн” гэдэг бол зөвхөн монголчуудад л зориулсан үлгэр. Хоёрдугаарт УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд халдсан гэдэг бол дахиад гүтгэлэг. Монголын Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд нөгөө талд саналаа хэлсэн. Худалдаж авна, эсвэл авахгүй гэдэг байр сууриа л илэрхийлсэн. Харин шинээр байгуулагдсан Засгийн газар “Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003, 2007 оны ... тоот хэлэлцээр хүчингүй болсон тул хэлэлцээр хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталж өгнө үү?” гээд УИХ дээр оруулж ирэх ёстой байв. Гэвч тэгсэнгүй.

Эхэндээ ч орон нутгийн сонгууль болох гээд улс төрийн оноо авахын тулд шоудаж байна л гэж харагдаж байсан ч тийм биш гэдэг нь одоо илэрч байна л даа.

Хуулийн хүчин чадал, үйлчлэл яаж явдаг вэ гэхээр эхлээд олон улсын гэрээ, дараа нь Монгол Улсын хууль гэж явдаг. Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээ эхлээд үйлчилнэ, дараа нь Монгол Улсын хууль үйлчилнэ гэж ойлго. Худалдан авалт бол Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоорондоо харилцан тохиролцоод хийгдсэн зүйл. Худалдан авалт хийгдэж, Оросын талын өмч гуравдагч этгээдэд шилжсэнээр хэлэлцээр хүчингүй болсон. Харин УИХ-ын хийж чадах зүйл гэвэл хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээр хүчингүй болсон тухай Монгол Улсын хуулийг баталж, “Эрдэнэт” үйлдвэрийг жинхэнээсээ Монгол Улсын хуулийн хүрээнд оруулж ирэх явдал.

Гэтэл УИХ энэ ажлаа хийхийн оронд “Байгалийн баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийн заалт, “Стратегийн ач холбогдол бүхий ордыг хувь эзэмшлийг УИХ-аар тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчлөө хэмээн гүтгээд хувийн өмчийг төр хурааж авах тухай ярьж байна. Номхон тэмээ ноолоход амар, “нэгэнт Монголын өмч болчихсон цагт бид яавал ч яана” гэж байгаа юм биз дээ. Тийм юм байдаггүй юм. Наймаа Монголын нутагт биш, Оросын нутагт хийгдсэн гэдгийг санах ёстой. Монголын Засгийн газар биш, Оросын Засгийн газар өмчөө зарсан. Яасан ийсэн Монголын хууль. Ёстой хөх инээд хүрнэ биз дээ. Хэрвээ оросууд “Оросын өмч учраас Оросын хуулиар зарна аа” гэсэн бол бид бас яах байсан юм?

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэж бас нэг эргүүтсэн хэдэн нөхөр “Байгалийн баялаг бүх ард түмний өмч. Ард түмний өмчийг луйвардлаа” гэчихсэн хашгираад, манай хэвлэлийнхний зарим нь тэрийг нь балешиглаад явж байх ч шиг. Мэдрэл муутай хүмүүсийн мэдрэл муутай яриаг мэдээллийн хэрэгслээр дэвэргэхийг хэвлэлийн эрх чөлөө гэж эндүүрэх хэрэггүй. Ард түмний өмч гэвэл 51 хувь нь “ард түмний өмчид” байж л байна. Тэндээс хэн хувь хүртдэг вэ гэдгийг ч бас санах ёстой. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүүгийнхээ хийсэн шахааг “2,5 тэрбум төгрөг гэхээр аль дивангарын явдал ш тээ. Ямар ч унацгүй ажил хийсэн юм, 300-хан сая төгрөг” гээд тамшаалж суух. Үнэхээр л ард түмний өмч юм бол бүгдээрээ, гурван саяулаа очоод 300, 300 саяын ашиг авья л даа. Чадах уу? “Хошууны бузрыг ухвал далай” гэж ямар кинон дээр хэн хэллээ дээ. Улайсан нь л Ц.Нямдорж болохоос биш ганц Ц.Нямдоржоор зогсоо гэж үү?

Төрд авахыг эсэргүүцлээ гээд худалдан авагч талыг зөвтгөж байгаа юм биш. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тал дээр ямар нэг “но” байгаагүй бол төрийн дээрэмчид ингэтлээ уулгалж чадахгүй нь тодорхой. ХХБ-наас зээл авсан, лиценз барьцаалсан л гэнэ. Юм юам л сонсогдож байна. Тэрэнд нь хэрвээ хууль зөрчсөн үйлдэл байгаа одоо харин хуулиа ярих ёстой. Та банкны тухай хуулийг, компанийн тухай хуулийг ингэж зөрчсөн байна аа гээд. Ингэхдээ хувийн өмчийг нийгэмчлэх биш, харин хуульд заасан хариуцлагыг шүүхээр оногдуулах ёстой. Энд харин Монгол Улсын хууль үйлчилнэ шүү. Нэгэнт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах зүй. Түүнээс биш хуулиас гадуур тонуул дээрмийг төрийн нэрээр хийж болохгүй л гэх гэсэн хэрэг. Хууль гэдэг зөвхөн хувь хүнд л үйлчилдэг юм биш. Төрд ч бас хууль үйлчилдэг юм шүү! Хэрэвзээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль зөрчсөн, худалдан авалт биш хуйвалдаан болсон бол түүнийг нь ч гэсэн нотлох ёстой. Гэхдээ, зөвхөн шүүхээр...

Үргэлжлэл бий