Саалийн ганц үнээгээ хамгаалах гэж сүүлийн ганц цамцаа хайрлалгүй тэмцэгч эрхэм хүмүүс олон нийтийг үнэхээр айлгаж чадаж байна. Тэд “Засгийн газар нь луйварчин, дээрэмчин байжээ”, “Эрдэнэт үйлдвэр гэгч саалийн үнээ сүүлийн жил дуслын төдий сүү өгсөн гэвэл худлаа. Адаг сүүлд нь үнээгээ махчилж зарлаа” гэдэг ойлголтыг хангалттай түгээлээ. Энэ бүхний учрыг тайлах шаардлага байна. Ялангуяа ОУВС-гийнхан ирчихсэн асуудал шийдэх гэж байгаа, эндээс  үүдэн хөрөнгө оруулагчид Монголын төр Эрдэнэт үйлдвэртээ хэрхэн хандахыг анхааралтай ажиглаж байна. Магадгүй манай эх орончдын хүссэнээр наймаа буцаж гэмээнэ энэ асуудал Арбитрын шүүхэд очиж, уг худалдан авалтын хэлцэлд хуулийн зөвлөхөөр нь ажилласан “Skadden”, “Baker & MсKenzie” компаниудаар хэргээ шүүлгэх ч өдөр ирж мэднэ. Энэ тохиолдолд  ажилласан “Skadden”, “Baker & MсKenzie” нар өөрийн гол капитал болох нэр хүндээ алдахгүйн тулд хэний талд шийдвэр гаргах нь ойлгомжтой. Лав л “бид муу хэлцэл хийчихжээ” гэсэн дүн гаргуулахгүй болов уу. Нөгөөтэйгүүр ОХУ “Хэлсэндээ байгаарай” гэдэг зуулттай сануулгаа өгсөөр байгаа. Тэд энэ “луйвар”ын хэлцэл хийсэн гэгдэхийг хүсэхгүй, Венийн конвенцийн дагуу Засгийн газарт мэдэгдээд зохих дүрэм журмын дагуу ажилласан. Монголын Засгийн газар авахгүй бол ямар шалгуураар хэнд өгөх нь тэдний хэрэг байсан. Үүнийг өмнөд хөршийнх нь шинэхэн парламент шүүхгүй. Нэг ийм явдал болчихож.

Түүнчлэн гуравдагч том хөрш гэгддэг Америкийн хөрөнгө оруулагчид хүртэл энэ талаар дохиогоо хэдийнэ өгчихсөн. Энэ оны 1 дүгээр сарын 25-нд Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/ буюу Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг ТББ, Элчин сайд Женифер Зимдал Галт нар УИХ-ын дарга М.Энхболдтой уулзалт хийсэн. Энэ үеэр тус байгууллагын ТУЗ-ын дарга Жэймс Лолита “АмЧамын 2017 оны гол зорилгуудын нэг бол гишүүн компани бүр амжилтын түүхтэй болохыг дэмжиж ажиллах юм.  Учир нь хувийн хэвшлийнхэн буюу том жижиг бизнесүүд бүгд амжилтанд хүрч байж Монгол улс амжилтанд хүрэх болно. АмЧам болон манай гишүүд Монгол улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргахаар ажиллаж буй УИХ-ын даргын идэвхи зүтгэл, санаачилгыг харахад таатай мөн урамтай байна” гэсэн юм. Мөн “Бид Эрдэнэтийг, Оюутолгойг ажиглаж байгаа шүү” гэдгээ нөхөрсгөөр анхааруулсан. Гэтэл баяртайгаар зочдоо үдчихээд Эрдэнэтийг төрийн мэдэлд 100 хувь авна гээд ээлжит “дээрэм”-ээ эхэлбэл АНУ ч, “нэг хөрш” ч, ОУВС ч таатай хандахгүй л болов уу. Энэ бүхэн анхаарах зүйл яах аргагүй мөн. Харин Монголын төрд очдог татвар яагаад багассан бэ гэдэг нь дараагийн асуудал.

Та бүхэн санаж байгаа бол өнөөх “С.Баярцогтын алаг үнээ” буюу Оюутолгой орд Монголын төсөвт татвар төлөх болсноос эхлээд зэсийн төсөвт гүйцэтгэх үүрэг нэлээд өөр болсон юм.  Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн цаг тоолол 2013 оноос өмнө, 2013 оноос хойш гэж ялгаатай болсон хэрэг л дээ.

2013 оны өмнөх гэдэг дотор 2006-2008 оны “онцгой үе” бас бий. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу “гэнэтийн ашгийн” гэдэг гэнэн тэнэг нэртэй 68 хувийн татварын хуулиар дээрх хоёр жилийн хугацаанд 1.4 их наяд төгрөгийг татвар, төлбөр хэлбэрээр төсөвт төвлөрүүлсэн байдаг. Үүний дараа 2011 онд Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд зааснаар Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2015 онд нэг тонн зэсийн үнэ 5000-6000 ам.долларт хэлбэлзэж байсан тул Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр суурь 5 хувь дээр үнэ ханшаас үндэслэж тогтоогдсон 11 хувь, нийт 16 хувийг төлж байжээ.



Энэ онд зэсийн ханш тонн нь 5000 ам.доллар хүрэхгүй, өнөөдрийн байдлаар 4600 орчим ам.долларын ханштай байгаа учраас Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрөө суурь таван хувиа л төлж байгаа. Үүнээс өмнөх Засгийн газар хэрхэн урьдчилж авсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн баахан тайлбарласан. Үүн дээр зэсийн үнэ ханш буурсан, дагаад борлуултын орлого багассан гэх шалтгаануудыг нэмэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлдөг татвар буурсны бурууг улс төр, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хоёроос л хайх зам үлдэж.

Олон Улсын Валютын сан 2016 оны долдугаар сарын 16-ны өдөр гаргасан таамаглалдаа нэг тонн зэсийн үнийг 2017 онд 4,960.3 ам.доллар, 2018 онд 4,985.5 ам.доллар, 2019 онд 5,011.4 ам.доллар, 2020 онд 5,040.0 ам.доллар гэсэн байна. Энэ таамаглал биеллээ олбол Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр 5 хувь хэвээрээ л байх нь. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс” авснаас боллоо гэж хэрэлдсээр байх нь буруу байж таарах нь ээ. Эсвэл төрийн мэдэлд авч байгаад тендер зарлая, Ростех руу буцаагаад шидье гэсэн элдэв синдром дунд ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын арилжаа үргэлжилсээр байгааг мэдэхгүй, харахгүй байгаа гэж эндүүрээд байгаа бололтой.

Дээр нь УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт гэж нэг шог юм байна. Ажил хийж үзсэн, юмны наад цаадахыг ойлгодог хүмүүст энэ дүгнэлт бол үнэндээ ичмээр дамшиг гэдэг шиг юм болсон байна билээ. Орчин үеийн банк, санхүү гадарладаг хүмүүс байгаагүй бололтой юм билээ энэ ажлын хэсэгт нь. Хууль тогтоох байгууллага болох УИХ маань шүүх эрх мэдэлд халдаж хувийн хэвшлээ, өөрийн улсын иргэнээ ингэж аймшигтайгаар яллан гутааж болдог юм байна. Нөгөө эдний сурталчлаад байдаг тэгш эрх, шударга ёс, нийгмийн ардчилал гэдэг нь хуурамч баг байж.

Дэлхий нийтийн байдал түгшүүртэй, үймээн самуунтай он жилүүд ирж мэдэхээр байна. Ийм үед гол нөмөр нөөлөг болох хойд хөршийнхөө нэр хүндийг юунд хутгаж хаях гээд байна даа, эд нар гэж айх... “Загасчны морь усгүй” гэгчээр хууль тогтоох байгууллага нь ийм хөгийн юм хийгээд байхаар УИХ-ын гишүүдийн чадвар, чадамжид эргэлзээд эхэлсэн олон нийтийн шүүмжлэл улам хүчээ авах нь дээ.

Эцэст нь шахаанаасаа салах түүхэн боломжид нь энэ төр саад хийж байгаа нь баялгийн дээд Эрдэнэт үйлдвэрээ балагийн дээд болгоод зогсохгүй хогийн тантан мэт үүрд шахааны сав байлгах, энэ хандлагаараа хөрөнгө оруулагчдыг ч үргээх алсын хараагүй атгаг дээрэм хийх гэж байгаад гүн эмгэнэл илэрхийлье!