1991 онд анх удаа Төв банкыг арилжааны банкнаас салгалаа. Гэхдээ арилжааны нэлээд хэдэн банк байгуулсан нь бүгд улсын өмч. Чухам улсын мэдлийн энэ банкууд монголчуудыг залилан луйвар шамшигдуулал хийж сургахад хичээлийн гол талбар нь болсон юм. Зээлийг эхэн үедээ танил тал, бага сага хахууль харж өгдөг байсан бол сүүлдээ зээлдэгч мөнгөө авангуутаа 10 хувийг нь банкны ажилтнуудад өгдөг тогтсон жишиг буй болжээ. Хожим энэ нь тэндэрт жишиг болон үлдсэн юм. Шинэ луйвар хийхийн тулд улсын мэдлийн шинэ банкууд байгуулна. Тэр нь тун удалгүй мөн л дампуурна. Хамгийн том нь болох Ард банкинд түрүүний дампуурсан банкыг нэгтгэнэ. Нэг үгэндээ нэг ч банк үнэн хэрэгтээ дампуурахгүй, ямар ч хариуцлага хүлээлгүй Ард банктай очиж нийлэн өрөө тэнд овоолж байв. 1995 онд Засгийн газар дампуурсан 4 банкыг нэгэн зэрэг Ардтай нийлүүлж байв. Санхүүгийн систем шинэчлэгдээгүйгээс болоод Монголын жижиг эдийн засаг жижиг гэлтгүй сүйрлийн ирмэгт тулжээ. 1991-1997 онд эдгээр улсын мэдлийн арилжааны банкаар дамжин найдваргүй болсон зээлийн нийт хэмжээ бараг 100 сая доллар хүрсэн нь тухайн үеийнхээ үндэсний нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг болж байлаа.
   
лон улсын валютийн сан сүйрэн унаж байгаа энэ санхүүгийн системийг аврах төлөвлөгөө боловсруулжээ. Үүнд зориулж Азийн хөгжлийн банкнаас 35 сая доллар зээлдүүлэв. Бүхий л найдваргүй зээлийг өөр дээрээ овоолсон Ард, Даатгал банкыг 1997 онд Засгийн газраас чухам энэ зээлийн мөнгөөр дампуурууллаа.  Дампууруулах нь зүй боловч энэ суурин дээр хийсэн дараагийн арга хэмжээ нь маш буруу алхам байв. Юу гэвэл иргэдийн хадгаламжийг хамгаалах үүднээс Хадгаламж банкийг банкны үйл ажиллагаа хийх эрхгүйгээр байгуулаад, зэрэгцүүлээд мөн л төрийн мэдлийн Сэргээн босголтын банк гэдгийг байгуулав. Энэ үйл ажиллагаанд зээлийн хагас буюу 17 сая доллар зарцуулжээ.

Хадгаламжийн банкны үйл ажиллагаа явуулах эрхийг 2001 онд дараагийн Засгийн газар нээж өгснөөр хэдхэн жилийн дотор луйварчдын гараар орж ганц ерөнхий нягтлан нь 13 сая доллар завшсан болох нь хожим илэрсэн. Сэргээн босголт банкыг байгуулагдсан өдрөөс нь тонож эхэлжээ. Хэдхэн сарын дараа Азийн хөгжлийн банк алдаа хийснээ ойлгож Сэргээн босголт банкыг яаралтай дампууруулах санал Засгийн газарт тавив. Алдааны өртөг 11 сая доллар, өөрөөр хэлбэл Сэргээн босголтыг дампууруулахад ийм хэмжээний мөнгө шаардагдаж байв. Энхсайханы Засгийн газарт энэ нь нэр хүндийн хувьд тун муу гарц байлаа. Хэдхэн сарын өмнө өөрснөө байгуулчихаад тэр дор нь асар их үнээр эргүүлж дампууруулахаас татгалзав. Энэ банкны алдагдал өдөр хоногоор аймшигтайгаар нэмэгдэж байлаа. Гэтэл үүний цаана дампууруулах төлөвлөгөөнд орсон ХОТШ банк бүр ч аймшигтай, хавьгүй илүү шамшигдуулалттай байсан юм. Эдний зөвхөн Германы банкуудаас аваад алга хийчихсэн мөнгө нь 5 сая доллароор хэмжигдэж байв. Огцрох чимээ гараад эхлэнгүүт Энхсайханыхан асуудлыг хав дараад дараагийн Засгийн газарт галтай бөмбөгийг тэр чигээр нь атгуулж орхив. Яг энэ үед Азид дэгдсэн санхүүгийн хямрал улам газар аван эдийн засгийн хямрал болон хувирч байлаа.

Сэргээн босголт банк

Дэлхийн банкны төлөөлөгч мэргэжилтэн гэгч 1998 оны 5-р сарын 2-нд Сангийн сайдтай уулзахаар ирлээ. Мөнөөх банк эрүүлжүүлэх 35 сая долларын зээлийн хүрээнд. Сэргээн босголт банкыг 4-р сарын 1-ээр тасалбар болгон дампууруулахаар Энхсайханы Засгийн газартай тохирсон боловч тэд таг чиг болжээ. Сар ажиглалт судалгаа хийгээд энэ банкыг яаралтай дампууруулахгүй бол хохирол нь дийлдэх аргагүй болно гэдгийг санууллаа.

Сэргээн босголт банк ердөө хэдхэн сарын дотор 7,5  тэрбумын найдваргүй зээл тараажээ. Банкны захирал Ганбат гэгч нь урьд нь Дархан Сэлэнгэ хавьцаа ажиллаж байгаад ирсэн нэгэн аж. Луйврын дэндүү дийлэнхийг Дархан, Сэлэнгийнхэн хийсэн байна. Тэрдундаа Зүүнхараагийн жижиг салбар онцгой идсэн байх юм. Нутаг нугын мафи маягтай. УИХ-ын гишүүн Содхүү гэхэд “Аривжих ойл” нэртэй компаниар дамжуулан 360 сая төгрөг зээлж аваад бодвол тэрүүгээрээ “Капитрон” гээч банк байгуулжээ. Үүнд МАХН-ын нэлээд томчууд хутгалдсан байх жишээтэй. Гэтэл тэрээр сүүлд нь банк тойруулж хамгийн их улс төржин эх орноо хамгаалж яаж товойн дөвчигнөсөн гэж санана! “Оюуны ундраа” компаний эзэн Отгонбаяр Засгийн газарт 800 сая төгрөгөөр Ми8 нисдэг тэрэг заржээ. Засгийн газраас мөнгөө авахын өмнө хоёр банкнаас түүгээрээ барьцаалж зээл авсны нэг нь энэ Сэргээн босголт. Банкны ажилтнууд зээл гаргаж өгөөд 10 хувийг нь авдаг нь бараг л ил тод наймаа болжээ. Ганбат захирал болон түүнийг хүрээлэгчид, банкны Дархан Сэлэнгийн салбарын эрхтнүүд асар богино хугацаанд баяжиж. Гэнэт баяжихаараа монгол хүн яаж цамаархаж савируулдаг билээ дээ

Банкны захирлыг дуудаж авчраад ажлаас халсныг нь мэдэгдлээ. Энэ банк нь төрийнх, өөрөөр хэлбэл Сангийн яамны харъяа ухаантай. Захирлыг, мөн Зүүнхараа болон Чингэлтэй дүүргийн салбарыг цагдаагийн газарт өглөө. Зээлийг зогсоох тушаал гаргав. Гэвч тэд тушаал гарснаас хойш цагдаад баригдах 15 хоногийн дотор асар их зээл нэмж тараасан байсан юм. Энэ бол хулгай биш улайм цайм дээрэм. Одоо энэ банкыг яаж  хохирол багатай дампууруулах вэ? Өртөг нь бараг 11 сая доллар болоод байдаг. Үүний цаана байгаа ХОТШ банк (Хөрөнгө оруулалт, технологи, шинэчлэлийн банк) үүнээс ч их өртөгтэй. Банк цэгцлэх 35 сая доллароос хагас нь байхгүй учир хүрэхээ больчиод байдаг. Хэрвээ энэ мөнгийг хэмнээд, дампууралдаа асар их мөнгө нэхээд байгаа энэ Сэргээн босголт банкыг хэн нэгэнд нь өртэй юутай нь даатгаад хаячихаж болдогсон бол?



Чухам энэ үед хувийн Голомт банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Болдхуяг над дээр орж ирсэн юм. Тэдний банк элгээрээ мөлхөн унаж байгаа Хөдөө аж ахуйн банкыг өөртөө нийлүүлэхээр шийдсэн аж. Хөдөө аж ахуйн банкны ердөө 10 хувь нь улсын мэдэл, иймээс голлох хувьцаа эзэмшигчидтэй нэгэнт тохирсон учир шийдвэр гаргах эрхгүй 10 хувьтай төрд ердөө л дуулгаж яваа нь энэ аж. Хөдөө аж ахуйн банк уг нь номоороо бол аль хэдийнээ дампуурсан. Гэвч Монголын өнцөг булан бүрд нийт 300 шахам салбартай хамгийн түгээмэл банк байсан учир Засгийн газар ч, гадаадын зээл тусламж ч тийшээ чиглэсэн амь тариа хийж байсан. Гэхдээ л 4-5 тэрбумын алдагдалтай байсан юм. Шинээр хүч түрэн гарч ирж буй Голомт уг банкны олон салбарт шүтэж энэ зэргийн алдагдлыг өөрөөсөө төлөхөөр шийджээ. Өөрөөр хэлбэл ийм олон салбар байгуулна гэвэл үүнээс ч илүү өртөг гарна гэж тооцсон хэрэг.

Би Болдхуягийг удтал ятгаж гарав. Улсын нуруун дээр 11 сая доллар тавьчихаад байгаа Сэргээн босголт банкыг түүнд атгуулчих гээд байгаа хэрэг. ХАА-н банкнаас Сэргээн босголт дээр гэж ухуулав. Мань эр нөхөдтэйгээ ярьчихаад ирье гээд гарсан. Хэд хоног ятгасны эцэст тэд зөвшөөрсөн юм. Хожим тэд надад гомдон “Бид ядахнаа 40 нас хүрсэн байсан бол танд ингэж амар хууртахгүй байлаа” гэж билээ. Байгуулагдаад дөнгөж гурван жил болж байсан Голомт банкинд энэ гамшиг том шалгуур болсон юм. Магадгүй ийм аймшгийг давж гарсан нь цаашдын төлөвшилд нь их нэмэр болсон байх гэж бодож өөрийгөө цагаатгадаг.

Банк тойрсон тоглолт

Засгийн газарт танилцууллаа. Бүгд учрыг ойлгож дэмжив. Амаржаргал л жаахан дурамжхан. Хэрэв ингэхгүй бол яах хэрэгтэйг асуухад “Бантан зуурснаараа өөрөө тэрийгээ идэхгүй юу” гэж хариулсан. Сэргээн босголтыг дампууруулалгүйгээр Голомт банкинд аргалаад өгчих хувилбар гаргасан учир шийдвэрийг гэнэт хийх ёстой байлаа. Сэргээн босголтын асуудлыг олон нийтэд ил тавих нь аюултай, хүмүүс мөнгөө татаад эхэлбэл банк дампуурна. Ингээд хагас сайны шөнө шийдвэрт гарын үсэг зурсан юм. Үүний урьд Элбэгдорж бид хоёр Ерөнхийлөгчтэй гэрт нь очиж уулзан байдлыг танилцуулаад авах гэж буй арга хэмжээгээ тодорхой ярьсан юм. Харамсалтай нь асуудлыг түрүүлж мэдсэн хүний хувьд Ерөнхийлөгч үүнийг хэрхэн улс төржүүлэх замаар хожоо гаргах зааврыг МАХН-ын УИХ дахь бүлэгт өгсөн байдаг.

Даваа гаригийн өглөөнөөс жинхэнэ халуурал эхэллээ. Сэргээн босголтыг авсан Голомт бүрэн эрхт төлөөлөгчөө оруулан шалгалт явуулж эхлэв. Банк тэдний төсөөлж байснаас хавьгүй илүү аюултай байдалд байх аж. Луйварчин дээрэмчид тонож цөлмөөд харах эцэсгүй юм болгожээ. Зээл нэрээр 10 гаруй тэрбум төгрөг цацаад, цөлмөөд хулгайлаад явчихсан нь тэр үеийнхээ хэмжээсээр сансрын тоо байв. Голомтынхон томоохон зээлдэгчдийн нэрийг гаргаж зээлээ төлөхийг шаардсан нь мэдээж дургүйг нь хүргэж таараа. Банкны ажилтан хулгайч нар юун түрүүн улс төрийн орогнол эрэн МАХН-ын цагаан байшин руу гүйлдэв. Угтан авч хөхиүлэгч нарын дунд Сэргээн босголтоос зээл нэрээр луйвар хийгчид мундахгүй байсан ч ихэнх нь үүнийг улс төрийн өш хонзон авах аятай далим гэж харж байлаа. 1996 оны сонгуульд ялагдсаны өс!

УИХ-аас Сэргээн босголт банкинд Дэмбэрэлээр даргалуулсан шалгалтын хэсэг байгуулан орууллаа. Банкны тухай ямар ч  ойлголтгүй эдгээр хүмүүс ямар дүгнэлт гаргах нь эхнээсээ тодорхой байсан юм. Онц идэвхи гарган гүйж, хожим ярих дүгнэлтээ ажлаа эхлээгүй байхдаа УИХ-д ярин сонинд ярилцлага өгч байсан Гомбожав эдэн дундаа илүү тодорч байв. Тэрээр урд жил нь өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд орохын тулд намаасаа гарчихсан байлаа. Энэхүү банкны явдал түүнд намынхаа өмнө цагаатгалыг олох магадгүй сүүлчийн боломж байлаа. Комисст “элсний 13” гэгдэх Ардчилсан нам дотрох бүлэглэлийнхэн орох гэж хоорондоо булаацалдан эцэст нь Батнасан, Дашпүрэв нар азтанаар шалгарав. Тэр хоёр тэр дороо Голомт банкны захиралтай уулзан тус бүрдээ 10 сая төгрөг нэхэж, чингэвэл шалгалтын дүн сайн гарна гэж амалжээ. Монголын парламентийн гишүүн хүн орлогоо голлон олдог суваг анх ингэж нээгдсэн. Шалгалтын комисс нэрээр Төрийн байгууллагуудыг дарамталж зүсэн зүйлийн хэлбэрээр эд мөнгө салгах энэ арга хойшлох тусам улам боловсронгуйжсаар тэр үеийн улайм цайм нэхдэг бүдүүлэг байдлаа гээн хуйвалдах, тэндэр хуваах, улсад материал шахах зэрэг боловсон хэлбэрт шилжин тогтсон билээ.

Шид нь бүрдсэн комисс хоёр хоног баахан хов цуглуулаад Сэргээн босголт банкыг ямар ч хямралгүй цаашид ажиллах бүрэн бололцоотой байна гэж дүгнэлээ. Банкнаас зээл авсан компаниудын зуучлагч нар гэж баахан нэр зохиож тавьсанд Элбэгдорж, Гончигдорж болон өөр хэд хэдэн хүний нэр тавьсанд мэдээж миний нэр оржээ. Эдгээр нэрийг эхлээд “Сэрүүлэг” сонинд “сурагтай” гэдэг маягаар гаргасан юм. Нэг үгэндээ хэвлэлээр нэр зохиож гаргаад үүнийгээ шалгалтын комиссоор баталсан маягтай. Сэргээн босголт банкны захирал цагдаад дуудагдангуутаа оргон зайлжээ. Тэгэнгүүт “Сэрүүлэг” сонин түүнтэй орогнож буй нууц газарт нь хийсэн ярилцлага гэгчийг зохион нэмж баахан хүн гүтгэв. Энэ ярилцлагыг комиссынхон гол дүгнэлтээ болгосон юм. Сонины эрхлэгч тэр дороо МАХН-ын хамгийн хүндтэй хүний нэг болон тодорч хэд хэдэн удаа хотын депутатаар сонгогдон, газрын наймаагаар ихэд баяжин улсдаа тэргүүлэгч капиталистын нэг болсон билээ.

МАХН-аас цуглаан жагсаал зохиож гарлаа. Эрх чөлөөний талбайд болсон цуглаанд Энхбаяр, Нямдорж нар биечлэн оролцож үг хэлэхдээ иргэдийг банкнаас мөнгөө татахыг уриалав. Эрүүгийн хуулийн “Төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг” гэсэн цаазаар авах ял бүхий зүйлд “... төрийн мөнгөний бодлогыг санаатайгаар унагах” гэсэн заалт байдгийг би тэр хоёрт үзүүлсэн юм. Нямдорж ёстой ориг хариулт хэлсэн нь: “Хууль ямар хамаатай юм! Би ард түмнийхээ талд зогсоно”. Энхбаяр бол илүү зальхай. “Дараагийн сонгуульд тэртэй тэргүй танай нам ялж чи Ерөнхий сайд болох нь тодорхой. Санхүү банкны системийг цэвэрлэх нь эцсийн бүлэгт чамд л хэрэгтэй шүү дээ” гэсэн учирлалд “Би ч хэрэгтэйг нь сайн ойлгож байна л даа. Манайхан халуурцгаагаад их хэцүү байна. Намайг шахаж загнаад байх юм. Намын дарга болохоор үгийг нь сонсохгүй болдоггүй, чи өөрөө намын дарга байсан хүн байна хөгшнийхөө энэ зовлонг ойлгож байгаа” хэмээн өрөвдөлтэй царай гаргана. Үнэндээ тэр өөрөө энэ бүхнийг зохион байгуулж байлаа. Хожим бүгд түүнд дэвслүүлээд эхлэнгүүтээ надад нэг нэгээрээ ирж хэлсэн. Хашир өөрөө нөхдөө шахаж байж.

Гүтгэлэг замаа алдлаа. Зэсийн үнэ шалан дээр унаснаас болоод Эрдэнэт татвараа битгий хэл хэрэглэсэн цахилгааны мөнгөө өгч дийлдэггүй. Би Эрдэнэтийн Отгонбилигийг эрж, Отгонбилиг надаас зугтаадаг ажилтай болов. Наадам дөхөөд ирэхээр улсын санд тавих цалин байдаггүй. Хэрэглэсэн цахилгааны мөнгөө өгчих гэхэд, Казахстанд алдчихсан арван хэдэн сая доллароосоо одоохон хэдийг нь олоод ирнэ гэж Отгонбилэг амлаад зугтана. Би гэрээр нь хүртэл хэд хэд очсон. Эцэст нь наадмын урд өдөр Монгол банкнаас 3 тэрбум төгрөг зээлж цалин тавьлаа. Ердөө наадмын маргааш Шаравдорж, Цэвээнжав нар хэвлэлийн бага хурал хийлгэж наадмаар ажил тарсан байхыг далимдуулж Монгол банкны Үнэнбат бид хоёр 3 тэрбум төгрөг хулгайлсан болохыг “илчлэв”. Хэдэн хоногийн дараа тэр хоёр намайг бүр 27 тэрбум төгрөг завшсаныг илчилж сонин болгонд ярилцлага өгч мэдээллийн хэрэгслэлийн шудрага баатраар тодорлоо. Улсын цалингийн жилийн нийт фонд жар гаруйхан тэрбум төгрөг байсан тэр үед би хаанаасаа бараг хагастай нь тэнцэх мөнгө идсэний учрыг олоогүй. Зуутын дэвсгэрээр бодоход гуч гаруй ачааны машин мөнгө болох юм байна гэсэн тооцоог л хийж үзсэн. Үнэндээ тэр үед НҮБ-ийн өнгөрсөн жилийн татвар гээд ердөө 110 мянган долларын нэхэмжлэл ирэхэд гаргах мөнгө байхгүй сандарч байлаа. 2000 оны сонгуулийн дараахан Шаравдоржоос сэтгүүлч мөнөөх олон тэрбум төгрөгний тухай нь асуухад “Шинэ УИХ-д би Ёс зүйн хороог хариуцахаа больсон учир дараагийн хүн шийдэх байх” гэж хариу өгч байв. Солих хувцас тааруутай байсан энэхүү насаараа хөдөлмөр хийж үзээгүй хүн 10 жилийн дараа гэхэд Монголын хамгийн баян тарган бэлтэй хүн болон хувирч билээ.

Ид зуны дэлгэр цаг. Валютийн урсгал урсдаг улирал. Гэвч банк тойруулж шуугиан үүсгэн, иргэдийг хадгаламжаа авахыг уриалснаас болоод төгрөг аюулд учирлаа. Улсын нийт нөөц тэр үед ердөө тавь гаруйхан сая доллар. Төгрөгийг энэхүү зохиомол хямрал дундуур авч гарахын тулд ганцхан сард Монгол банк 30 сая доллар зарцуулжээ. Эрч хүчээ авч эхэлж байсан Голомт банк ч сүйрлийн ирмэгт ирлээ. Энхбаярынхны гомдлоор цагдаа Голомт банкны ажиллагааг хааж хамаг бичиг баримтыг нь шалгах нэрээр хурааж авав. Банкны гүйлгээ таг зогсчээ. Голомтын залуучууд надад гомдон ганц л зүйл хүсч байлаа: “Энэ новшийн Сэргээн босголт банкаа эргүүлж аваач!”

Засгийн газрын банк нийлүүлэх шийдвэрийг УИХ хүчингүй болов

Хэрэв банк нийлүүлсэн нь буруу болсон юм бол Засгийн газрын энэ тогтоолыг УИХ цуцлах ёстой. Ингэхгүй бол сэргэж босдог ч үгүй, үхэж сөнөдөг ч үгүй энэ банкны нийгэмд учруулах хор хохирол улам лавшраад байлаа. Харин хийрхэгчдээс хэн нь ч реформыг л буруутгаад байхаас ямар нэг алхам хийхээс цааргалж байв. Тэдэнд орилж хашгичин биеэ тодруулж байх хүсэл байхаас улс орны хохирол хожоо ёстой падгүй.
   
Ингээд УИХ хуралдан Сэргээн босголт банкийг хувийн Голомт банктай нийлүүлэх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгов. Одоо болтол олон хүн тухайн үедээ Сэргээн босголтыг Голомттой нийлүүлсэн гэж эндүүрдэг.     Үнэндээ Засгийн газрын энэ шийдвэрийг хэдхэн хоногийн дараа УИХ хүчингүй болгосноор Сэргээн босголт нь улсад 11 сая долларын хохирол учруулан байж дампуурсан юм. “Улс ийм хэмжээний мөнгөөр хохирч байна, энэ нь манай орны Үндэсний нийт үйлдвэрлэлийн 3 хувьтай тэнцэхээр мөнгө, улсаа хохироолгүйгээр шийдэж болох юмыг алах нь байна, Улаан аа, Нямдорж оо, Гомбожав аа, Энхбаяр аа, Содхөө, элсний -13-ынхаан” гэж байдгаараа уриалсан боловч кноп дарсныхаа дараg тэд хий л тааз ширтэн таг дуугүй өнгөрсөн билээ. Засгийн газрын тогтооол хүчингүй болсноор Сэргээн босголт асар их үнээр дампуурна гэдгийг тэд сайн ойлгож байсан.  

Нэгэнт Сэргээн босголт банкыг Голомтоос эргүүлж салгасан УИХ-ын тогтоол  батлагдсан болохоор Монгол банкны төлөөлөгч Сэргээн босголтод томилогдон ирээд дор нь бодийг нь хөтөлж орхив. Ингээд тун удалгүй Сэргээн босголт, ХОТШ банкны дампуурсан болохыг Монгол банкнаас УИХ-д мэдээллээ. Сарын өмнө Сэргээн босголтыг цааш ажиллах бүрэн найдвартай гэж зүсэн зүйлээр батлаад байсан Гомбожав тэргүүтэй шалгалтын комиссынхон харин энэ удаа таг дуугүй. ХОТШ-ийн хувьд энд улсын мэдэл 30 гаруйхан хувьтай байлаа. Улсаас 1991 онд байгуулсан энэ банк Эрдэнэтийн дэргэд байгуулсан даргынх нь хувийн компаний мэдэлд орсон аж. Сүүлийн үед төрд ихэд тодрон гарч ирсэн Эрэл хэмээх алтны компани үлдсэнийг нь атгадаг аж. Тэд банк дампуурахын өмнөхөн өөрсдийн хувьцааг салгаж аваад зугтаасан боловч хэн ч хүүе хаая гэсэнгүй, хохирлыг нь улс мөнөөх 35 сая долларын зээлээсээ төлөв. ХОТШ банкинд 5 сая доллароо алдсан Германы Кредит болон өөр нэг банкны төлөөлөгчид надтай уулзлаа. Тэд алдсан мөнгөнийхөө ердөө 30 хувийг гуйж чингэсэн тохиолдолд ихээхэн хахууль амалж байв. Энэ зээлэнд нь Засгийн газар ч, Монгол банк ч баталгаа гаргаагүй учир Монголын төрд пад байхгүй юм. Зээлийн талаар судалж үзсээн. Дарханы силикат тоосго, Шарын голын уурхай зэрэгт сая саяар нь зээлсэн байдаг. Гэвч цаадуул нь ийм мөнгө огт аваагүй, зүгээр л бичилт хийлгэсэн гэж гүрийж байв. Тэгэхээр энэ их мөнгө хаачсан юм бол? Хачирхалтай нь 2002 онд Ерөнхийлөгч Энхбаяр Германд айлчлахдаа Кредит зэрэг банкны 5 сая долларын өрийг 50 хувь хөнгөлж төллөө хэмээн ихээхэн ач буятай суртал нэвтрүүлэг зохиосон юм. 30 хувийг нь буцааж өгвөл нэмж хахууль өгнө гээд байсан болохоор 50 хувь болгож өсгөхөөр аль зэрэг шан хүртээгээ бол? Гол нь энэ чинь Монголын төрийн өр биш байтал яагаад улсын валютын нөөцөөр төлж байгаа юм бол? Монгол улсын өр тодорхой хэдэн хүмүүсийн идэж уугаад барашгүй ашиг хожоо болох сайхан гарц анх ингэж эхэлсэн түүхтэй. Чех, Словак, Польш улсуудад төлөх өр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Иточу компанид төлөх өр гээд олон сайхан бизнес-луйвар сүүлд нь цуварсан билээ.

Од шүүрэх цаг

Тэр үед ямар ч логикгүй байсан хамаагүй дайрч давшилсан болгон үнэн сонсогдож байлаа. Америкийн империализм, намын эсрэг бүлэглэл зэргийн эсрэг явуулдаг байсан МАХН-ын хуучны хүчирхэг үзэл суртлын машиныг Энхбаяр ажиллууллаа. Ийм юмандаа үнэхээр ч гаргууд юм. УИХ-ын чуулганы танхимд хамгийн чанга хашгирдаг нь Содхүү, Улаан, Гомбожав гурав. Улаан бүр хүүхэд шиг орилж, ширээ нүдэж, утга учиргүй чимээ гарган авирлах нь өвчтэй ч юм уу гэмээр. Гадаа гудамжинд бол бүр ч гаажтай. Бошигот хэмээх Ардчилсан холбоог үүсгэгчдийн нэг түрээсэлж байсан дэлгүүрээ ардчилалынхан төрд гарсныг тохиолдуулж үнэгүй хувьчилж авна гэж найдаж байжээ. Харин тэрийг нь түүнд өгөлгүй дуудлагаар хувьчилж орхисон нь Энхбаярыг дэмжих “бослого” гарах далим болов. Ардчилалынхан ялсан сургаар баяжина гэж найдаад талаар болон гомдсон партизанууд болон хэдэн хөгшчүүл цуглуулан хоёр жил шахам үргэлжилсэн “өлсгөлөн” зохион байгуулсан юм. Эрх чөлөөний талбайд жил хэвтсэн тэд банкны шуугианы сургаар тушаал дэвшин Төрийн ордны дэргэд бөөгнөрч хашгичиж гарлаа. Тэд Гончигдорж, Элбэгдорж нарын зургаар барам хийн шатааж бөөлж дөвчигнөж байснаа улам ширүүсэн төрийн цагдаа хутгалж орхив. Төр Энхбаярын гарт байсан учир арга хэмжээ аваагүй дээ. Харин ч тэднийг далдаас санхүүжүүлэн дэвэргэж байв.

2017.2.12