Монголд үнэнийг хэлдэг олон арван шударга хөвгүүд нь хэлмэгдэж хоцорсон юм гэнэ лээ. Түүний сүүлийнхэд нь биш юмаа гэхэд ядаж энэ бүртгэлд заавал оруулах ёстой үнэнийг хэлдэг хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байлаа. Тэрбээр 2013 оны 11 дүгээр сарын 29-нд Утааг бууруулахгүй бол намайг огцруулаарай гэсэн тэр шударга хүн намынхныхаа “дэмжлэгтэйгээр” хэлсэндээ хүрч огцорсон билээ. Мөн түүнийг огцруулахаар өргөн барьж байсан  үндэслэлүүдийн гол нь эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 17.3 хувиас 2.7 дахин бууруулсан явдал юм. Үүнийг “элгээр нь хэвтүүлсэн” гэвэл энхрийлж хэлсэн үг болох биз. Монголын төр хуультай. Одоо маазарч байдаг цаг биш. УИХ-ын чуулганы 54.5 хувийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан нь хэлмэгдүүлэлт бүр биш.

Н.Алтанхуягийн Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь заалтыг байгуулагдсан цагаасаа эхлэн зөрчиж, өрийн хэмжээг хуульд зааснаас хэтрүүлсэн. Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын өрийн хязгаарыг бүр 90 хувьд хүргэхээр тусгасан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээсэн.

Түүнийг Гүйцэтгэх засаглалыг удирдах хугацаанд Монгол Улс “улсын нэгдсэн төсөв”, “Үнийг тогтворжуулах” хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн 5 төсөвтэй болж, ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй, хууль бусаар зарцуулагдаж байна. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3, 6.3.4, 49 дүгээр зүйлийн 49.3-ыг ноцтой зөрчсөн байдаг.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа хувийн ашиг сонирхлоор төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг зогсоосноор Монгол Улс 8,2 сая долларын торгууль хүлээлээ. Энэхүү түр зогсолтын хугацаанд Ерөнхий сайдын хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга болж, тус компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт эхнэрийнхээ нэр дээрх "Говь Повер" ХХК-ийг ялуулсан. Гэтэл тендерийг хүчингүй болгосны дараа тэд шүүхэд хандаж, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 4 тэрбум 688,5 сая төгрөгийг мөнөөх “Говь Повер” компанид өгсөн нь тогтоогдсон. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх, туслах, хүргэн, охин нарынхолбогдсон "Нүүрс" хөтөлбөр,"Цэвэр агаар сан", баруун аймгуудын битүү захын болон ТҮЦ машины тендертэй холбоотой их хэмжээний хохирол бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газар,  холбогдох байгууллагууд хянан шалгаж тогтоосон. Хамгийн харамсалтай нь тэрбээр тухайн үед буюу 2014 оны 10 дугаар сард УИХ-ын чуулганы танхимд “Чингис бондын өрийг бидний үр хүүхэд төлчихнө” гэж хэлсэн.



Одоо энэ үг биелэлээ олж тэдний алдааг засч улс орноо аврахын тулд одоогийн Засгийн газар ОУВС-ийн хамгийн урт хугацаатай хөтөлбөрт хамрагдахын тулд хагас жил ая талыг нь харж гүйсээр, гуйсаар арай гэж төсвийн сахилга батыг гайхамшигтай баримталж, Хөгжлийн банкны тухай хуульдаа өөрчлөлт хийж, ард түмнээ халамжлахгүй гэсэн амлалт өгч байж байгааг харахад экс Ерөнхий сайдад ямар байгаа бол. “Би зөв таажээ” гэж боддог болов уу, “Хэлээгүй юу” гээд хээвнэг самар зажилж суудаг болов уу.

Монголын төрд олонхийн бүлгийн гишүүний тоо 65 байгаа нь улс төрийн тогтвортой байдал үүсгэх магадлалтай байгаа тул ийм алхам хийлээ гэдэг яриа ч хаалганы цаана өрнөсөн нь үнэний ортой биз. Одоо Засгийн газрыг огцруулах эрх улс орноо аваръя гэж байгаа УИХ-д байхгүй болов уу. Мөн Монголбанк, Сангийн сайд, Засгийн газар ч элгээрээ хэвтсэн эдийн засгийг өвдгөөр нь мөлхүүлэх гэж хичээх нь. Үүний тулд ард түмнээсээ, хувийн хэвшлийнхнээсээ хоёр жил орчим тэсчих гэж гуйлаа.  ОУВС-аас илүү олон түмэн нь Засгийн газраа ойлгох учиртай. Нэг гараараа татвар нэмэвч нөгөө гараараа боломж олгох сэдэл эрэлхийлсээр, олгосоор байгааг нь ухаарах учиртай. ОУВС ч тэгтлээ Монголын эдийн засгийн эрх чөлөөг боомилчихоогүй. Ялангуяа нэн чухал төсөл хөтөлбөрүүд, тэр тусмаа “Ипотекийн зээлийн хөтөлбөр”-ийг онцлон дэмжиж, хэдийгээр гайхалтай амлалт өгөөгүй ч боломж эрэлхийлнэ гэчихсэн нь горьдлого төрүүлсэн.

Эдийн засгийг “алсан”, “аврах гэж байгаа” хүмүүс нь тодорхой байхад хар, цагааныг ялгах нь иргэдийн хэрэг болохоор хэдхэн бүлэг хүмүүсийн эрх ашигт огт хамаагүй. Тиймээс хариуцлага тооцохтой нь тооцож, тоолж бардаггүй мартчихаад байдаг хөрөнгийг нь хураах, толгойгоо өвтгөж зүтгэж яваад нь урам хайрлах цаг болжээ.

Дахин сануулахад, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг огт худал хэлдэггүй юм билээ шүү.