Давосын уулзалтын дуулиан үргэлжилсээр. Тэр хуралд БНХАУ-ын Төрийн тэргүүний хэлсэн үг дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар буй энэ цаг үед тэр үгийг бүрэн эхээр нь толилуулъя – Д.Баярхүү

***

Альпийн нурууны жижиг суурин Давос хотод жилд нэг удаа чуулдаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр болсон билээ. Хэвлэлийн мэдээ сэлтээс үзвээс энэ жилийн Давосын форумд дэлхийн 99 орны 3000 зочин төлөөлөгч оролцсон ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Давос бол дэлхийн АСЕМ” хэмээн тодорхойсон билээ. Дэлхийн эдийн засгийн тулгам чухал асуудлуудыг өргөн дэлгэр хүрээнд, өндөр дээд түвшинд шинжин хэлэлцдэг тэрхүү чуулга уулзалтын энэ жилийн нэг онцлог нь БНХАУ-ын төрийн тэргүүн Хятад улсын түүхэнд анх удаа оролцож үг хэлсэн явдал хэмээн онцолж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний илтгэлийг “Дэлхий ертөнцөд юу тохиолдоод байна, бид яах ёстой вэ” гэсэн асуултанд хариулт өгсөн “Их гүрний холч бодлогын жинтэй үг” хэмээн дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчидтэй ярилцахдаа “Энэ илтгэлийг түүхэн илтгэл гэж олон хүн ярьж байна. Хятадын хувьд үнэхээр том өөрчлөлт болж байна. Эдийн засгийн хувьд Хятад дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо тэгвэл улс төрийн манлайлагч болон гарч ирж байна. Маш их төлөвлөсөн, маш их бодсон, маш холыг харсан үг байлаа. Хөршийнхээ удирдагчаар бахархаж суулаа” хэмээн онцолжээ. Тэгвэл БНХАУ-ын төрийн тэргүүн ямар утга агуулгатай үг хэлсэн бэ? Монголын гол гол хэвлэлийг шүүрдэн үзвэл, уг илтгэлийг орчуулж нийтэлсэн нь ер үгүй ажээ. Зарим нэг хэвлэлд цөөн хэдэн үг өгүүлбэрийг тасдан авч, орчуулж хөрвүүлсэн нь байх боловч, дам хэлнээс орчуулсан нь төдий л оновчтой бус, ухаж ойлгоход учир дутмаг мэт санагдана. Тиймийн учир Ши Жиньпиний Давосын форумын нээлтийн үеэр хэлсэн үгийг хятад эхээс нь бага зэрэг товчлон орчуулж толилуулж байна. Хятад улсын төрийн тэргүүний хэлсэн үгийг үзэж судлах нь хөрш орны төрийн бодлогыг таньж мэдэхэд тус болох буй заа. Энэ дашрамд дуулгахад, БНХАУ-ын ойрын ирээдүйд хэрэгжүүлэх төрийн гадаад, дотоод бодлого, зорилтыг тодорхойлсон, эдүгээ дэлхийн 10 гаруй хэлээр орчуулагдаад байгаа “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” хэмээх томоохон бүтээлийг бидний хэсэг орчуулагч Хятад улсын холбогдох хэвлэлийн газрын албан ёсны эрхтэйгээр монголчлон орчуулсан бөгөөд тун удахгүй хэвлэн гаргахаар зэхэж байна.
                                          

Соёлын гавьяат зүтгэлтэн
Хэлбичгийн ухааны доктор
орчуулагч  М.Чимэдцэеэ


ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЮУ БОЛООД БАЙНА,
БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?


(Ши Жиньпиний хэлсэн үг)

Үзэсгэлэнт сайхан Давост ирээд туйлын баяртай байна. Давос хэдийгээр Альпийн нурууны жижиг суурин боловч, дэлхийн эдийн засгийг шинжин харах чухал цонх юм. Хүмүүс дөрвөн зүг найман зовхисоос энд хуран чуулж, янз бүрийн санаа бодлоос оюун ухааны оч гэрэл цацарч, харьцангуй багыг зарж, хангалттай ихийг олж хүртэж байна. Миний бодлоор энэ үзэгдлийг “Швабын эдийн засгийн ухаан” хэмээн нэрлэж болно.

“Энэ бол хамгийн сайн цаг үе, бас хамгийн муу цаг үе”. Английн уран зохиолч  Чарльз Диккенс аж үйлдвэрийн хувьсгалын дараах дэлхий ертөнцийг ийнхүү дүрслэн өгүүлсэн байдаг. Өнөөдөр бид мөнхүү зөрчилт дэлхий ертөнц дээр аж төрж байна. Нэг талаар материал эд баялаг тасралтгүй хуримтлагдаж, шинжлэх ухаан, технологийн дэвшил өдөр сараар шинэчлэгдэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил түүхийн хамгийн дээд түвшинд хүрээд байна. Нөгөө талаар бүс нутгийн мөргөлдөөн дараа дараалан гарч, аллага хядлага, дүрвэгсэдийн урсгал зэрэг даян дэлхийн шинжтэй сорилтууд дуу дуугаа авалцан, ядуурал, ажилгүйдэл болон орлогын ялгаа зөрөө ихэсч, дэлхий ертөнцөд тулгарч байгаа тодорхой бус байдал даамжирч байна.

Дэлхий ертөнц эцсийн эцэст юу болоод байна вэ хэмээн олон хүн учраа олохгүй  гайхширч  байна.

Энэхүү мухардлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө асуудлын уг үндсийг олж тогтоох ёстой. Дэлхийн үймээн самууны бурууг эдийн засгийн даяаршилд нялзаах үзэл бодол байна. Эдийн засгийн даяаршил нэгэн үе хүмүүст Алибабагийн эрдэнэсийн агуй мэт харагдаж байлаа. Эдүгээ бас цөөн бус хүн Пандорагийн авдар мэтээр үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн даяаршлын асуудлаар өргөн санал шүүмжлэл өрнүүлж байна.

Өнөөдөр миний бие эдийн засгийн даяаршлын асуудлыг эш болгон, дэлхийн эдийн засгийн тухайт үзэл бодлоо хэлэхийг хүсч байна.

Миний хэлэхийг хүсч байгаа зүйл бол дэлхий ертөнцийг түгшээж байгаа олон асуудал эдийн засгийн даяаршлаас огтхон ч үүсээгүй юм. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд дундад Дорнод, хойт Африкаас эхтэй дүрвэгсэдийн урсгалд даян дэлхий татагдан орж, хэдэн саяар тоологдох хүн ард хэрэн тэнүүчилж, тэр ч байтугай цөөн бус нялх балчир хүүхэд замдаа их далайд амиа үйж байгаад бид туйлаас зүрх шимшрэн харуусч байдаг. Үүнийг үүсгэж байгаа шалтгаан бол дайн дажин, мөргөлдөөн, бүс нутгийн үймээн самуун юм. Эдгээр асуудлыг шийдэх гарц нь энх тайвныг эрэлхийлж, энхийн замаар шийдэх явдлыг урагшлуулан, тогтвортой байдлыг сэргээх явдал юм. Түүнчлэн олон улсын санхүүгийн хямрал нь мөнхүү эдийн засгийн даяаршлын зайлшгүй үр дагавар биш, харин санхүү хөрөнгийн хэт ашиг хөөцөлдөх болон санхүүгийн хяналт удирдлага ноцтой доголдсоны үр дагавар юм. Дэлхий ертөнцийг түгшээж байгаа асуудлыг дан ганц эдийн засгийн даяаршилд нялзааж тохохнь бодит байдалд нийцэхгүйгээр үл барам асуудлыг шийдэхэд тус болж чадахгүй.

Мэдээж хэрэг эдийн засгийн даяаршил нь “хоёр иртэй илд” гэдгийг бид бас хүлээн зөвшөөрөх ёстой.

“Гуа хэдий амттай ч гашуун цөнхрөг буй, чавга хэдий гоё ч өргөст сондуу буй”. Гүн ухааны үүднээс үзвээс дэлхий дээр төгс төгөлдөр зүйл гэж ер үгүй, алив юмс үзэгдэлд давуу тал оршихуйн учир түүнийг дутуу дулим юм ер үгүй төгс төгөлдөр хэмээвээс өрөөсгөл болно, алив юмс үзэгдэлд дутуу дулим тал оршихуйн учир түүнийг ер авах юм юу ч үгүй хэмээвээс бас өрөөсгөл болно. Эдийн засгийн даяаршил үнэхээр олон шинэ асуудал тээж дагуулж байгаа ч гэсэн та бид үүний учир эдийн засгийн даяаршлыг ор тас үгүйсгэж үл болно. Харин эдийн засгийн даяаршилддасан зохицож, удирдан залж, түүний сөрөг нөлөөг сааруулан, улс бүхэнд, үндэстэн бүхэнд ашиг тусыг нь улам сайтар хүртээх ёстой.

Тухайн үед Хятад улс бас эдийн засгийн даяаршилд эргэлзэн тээнэглэзэж, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээс бэргэн жийрхэж байсан юм. Гэвч бид дэлхийн эдийн засагт нэвчиж орох нь түүхийн их чиг хандлага мөн бөгөөд Хятадын эдийн засаг хөгжье хэмээвээс дэлхийн зах зээлийн нэлгэр их далайд зориглон орж сэлэх ёстой, хэрвээ их далайд орж, салхи шуургыг сөрөн, орчлон ертөнцийг таньж мэдэхийг хэзээ ч эс зориглох аваас, хэзээ нэгэн өдөр их далайн дунд живж сүйдэх болно хэмээн үзсэн юм. Тийм учраас Хятад улс дэлхийн зах зээлд эр зоригтойгоор алхан орсон билээ. Тэрхүү үйл явцын дунд бид усанд хахаж цацаж, эрчилсэн ойл эргүүлэг, их салхи давалгаантай учирч байсан боловч, бид сэлж байжсэлж сурсан юм. Энэ  бол стратегийн зөв сонголт мөн.

Дэлхийн эдийн засгийн их далайд та хүссэн ч эс хүссэн чбүгд тэнд лбайх бөгөөд бултаж зайлахын арга үгүй. Улс орнуудын хөрөнгө мөнгөний, технологийн, бүтээгдэхүүний, үйлдвэрлэлийн, хүмүүсийн зэрэг эдийн засгийн солилцоог таслан зогсоож, дэлхийн эдийн засгийн их далайг ганц ганцаар тусгаар орших жижиг нуур цөөрөм, бяцхан гол горхид буцаан аваачна хэмээвээс энэ бол боломжгүй бөгөөд бас түүхийн чиг хандлагад үл нийцнэ.

Асуудал оршиж байх нь айх зүйл биш, харин айж эмээх нь асуудалтай нүүр тулан учрах зориггүй, асуудлыг шийдэх арга замыг эрж сүвэгчлэхгүй байх явдал гэдгийг хүн төрөлхтний түүх гэрчилдэг.

Эдүгээ хамгийн тулгамдаж буй зорилт бол дэлхийн эдийн засгийг залж удирдан, мухардлаас гарах явдал мөн. Дэлхийн эдийн засаг урт удаан хугацаанд хөшүүн зогсонги байж, баян ядуугийн ялгаа, өмнөд хойтын ялгаа улам ихэсч байна. Асуудлын уг үндсийг шинжвээс, эдийн засгийн салбарын гурван онцгой том зөрчлийг үр ашигтайгаар шийдэж чадаагүй байна.

Нэгд, даян дэлхийн өсөлтийн хөдөлгөгч эрчим хангалтгүй, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадахгүй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 7 жилийн турш хамгийн доод түвшинд, дэлхийн худалдааны өсөлтийн хурд эдийн засгийн өсөлтийн хурдаас доогуур байсаар байна.

Хоёрт,даян дэлхийн эдийн засгийг удирдан засах үйл хэрэг удаан хойрго, дэлхийн эдийн засгийн шинэ өөрчлөлт хувиралттай нийцэж чадахгүй байна. Даян дэлхийн эдийн засгийн өсөлтөдзах зээл шинээр хөгжиж байгаа орнууд болон хөгжиж байгаа орнуудын оруулж буй хувь нэмэр 80 хувьд хүрсэн тухай хатагтай Кристин Лагард надад хэлсэн билээ. Өнгөрсөн хэдэн арван жилд олон улсын эдийн засгийн хүчний харьцаанд гүн гүнзгий өөрчлөлт гарсан атал даян дэлхийг удирданзасах тогтолцоо шинэ нөхцөл байдалд нийцэж чадахгүй, төлөөлөх чанархийгээд хүртээмжтэй чанар нь туйлын учир дутмаг байна.

Гуравт, даян дэлхийн хөгжлийн тэнцвэр алдагдаж, хүмүүсийн сайн сайхан амьдрах хүлээлтийг хангаж чадахгүй байна. Ноён Клаус Шваб “Аж үйлдвэрийн дөрөв дэхь хувьсгал” номдоо бичсэнээр, аж үйлдвэрийн дөрөв дэхь хувьсгал нь өөрийн өргөн дэлгэр хийгээд гүн гүнзгий нөлөөг буй болгож, тэгш бус байдлыг даамжруулж, ялангуяа хөрөнгийн эргэх өгөөж хийгээд ажиллах хүчний эргэх өгөөжийн зөрөөг улам ихэсгэжболзошгүй. Даян дэлхийн хамгийн баян 1 хувь хүн амын эзэмшиж буй хөрөнгө баялгийн хэмжээ үлдсэн 99 хувь хүн амын хөрөнгө баялгийн нийлбэрээс давж байгаа хийгээд орлогын хуваарилалтын тэгш бус байдал, хөгжлийн орон зайн тэнцвэргүй байдал нь хүмүүсийг түгшээж байна. Дэлхий дахинаа 700 сая гаруй хүн ам туйлын ядуу нөхцөлд амь зуусан хэвээр байна. Маш олон айл өрхийн хувьд, дулаан гэр орон, хүрэлцээтэй хоол хүнс, тогтвортой ажил төрөл зэрэг нь туйлын хүслэн хэвээр байна. Энэ бол өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй хамгийн том сорилт, түүнчлэн зарим улс орны нийгэм үймж түйвэж байгаагийн гол шалтгаан мөн.

Эдгээр асуудал нь өнөөгийн дэлхийн эдийн засгийг өсгөж нэмэгдүүлэх, засаж жолоодох хэрэг хийгээд хөгжлийн хэв загварт зайлшгүй шийдвэрлэвээс зохих асуудал оршиж байгааг харуулж байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч Анри Дюнан “Жинхэнэ дайсан бол манай хөрш улс биш, харин өлсгөлөн гуйланчлал, үгээгүү ядуурал, эрдэмгүй харанхуй, мухар сүсэг, өрөөсгөл үзэл мөн” хэмээн хэлсэн байдаг. Бидэндасуудлыг задлан шинжлэх оюун ухаан хэрэгтэйгээс илүүтэй үйл ажиллагаа өрнүүлж хэрэгжүүлэх эр зориг хэрэгтэй байна.

Нэгдүгээрт, инновацийн хөдөлгөгч хүчийг чухалчлан,амьдрах баялаг эрч хүч бүхий өсөлтийн загварыг буй болгох ёстой. Дэлхийн эдийн засагт тулгарч байгаа үндсэн асуудал бол өсөлтийн хөдөлгөгч хүч дутагдаж буй явдал мөн. Инноваци бол хөгжлийг хөтлөн жолоодох эхний хөдөлгүүр юм.

Хоёрдугаарт, харилцан хамтарч, нэгдэж ажиллах явдлыг эрхэмлэн, нээлттэй, хамтдаа хожих хамтын ажиллагааны загварыг буй болгох ёстой.Хүн төрөлхтөн “би байваас та байна, та байваас би байна” гэсэн хувь заяаны цогц нэгдэл болон бүрэлдэж, эрх ашиг дээд түвшинд харилцан нэвчиж, бие биенээсээ харилцан хамааралтай болж байна. Аливаа улс бүхэн хөгжих эрхтэй.Түүний зэрэгцээ илүү өргөн дэлгэр хүрээнд өөрийн амин чухал эрх ашгийг чухалчлан үзэх нь зүйн хэрэг боловч, бусад улсын эрх ашгийг хохироох явдлыг өр төлөөс болгож  үл болно. 

Бид дэлхийн нээлттэй эдийн засгийг хэлбэрэлтгүй хөгжүүлж, нээлттэй байдлын дунд боломж болон ашгийг хуваалцан, харилцан ашигтай, хамтдаа хожих явдлыг хэрэгжүүлэх ёстой. Салхи шуургатай дөнгөж таарангуут даруй эргэж боомт руугаа буцаад байх аваас  цаад эрэг дээр хэзээ ч гарахгүй. Бид даян дэлхийн чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыг тууштай хөгжүүлж, нээлттэй байдлын дунд худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар дөхөм болгох явдлыг урагшлуулан, дотоодын зах зээлийг хамгаалах үзлийг эрс хатуу эсэргүүцэх ёстой. Дотоодын зах зээлийг хамгаалах нь өөрийгөө хар гэрт хорьж цагдах лугаа адил бөгөөд догшин салхи, ширүүн бороо нөмрөн ирэхүйд нуугдан өнгөрөөх мэт харагдавч, бас нарны гэрэл, цэнгэг агаараас тусгаарлагддаг билээ. Худалдааны дайны эцсийн дүнд хоёр тал адилхан хохирдог юм.

Гуравдугаарт, цаг үетэйгээ мөр зэрэгцэн урагшилж, шударга, зүй зохистой удирдан засах хэв загварыг буй болгох ёстой. Бага ухаанаар хэрэг үйлийг засдаг, их ухаанаар хэв ёсыг засдаг. Даян дэлхийн эдийн засгийн тогтолцоо нь гагцхүү олон улсын эдийн засгийн бүтэц тогтолцооны шинэ шаардлагатай нийцэж байж сая дэлхийн эдийн засгийн хүчтэй баталгааг буй болгож чадна.

Улс орныг их бага, хүчтэй буурай, баян ядуу гэж эс ялган, бүгд олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн мөн тул шийдвэр гаргахад эрх тэгш оролцох, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ёстой. Шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудад илүү их төлөөлөх болон дуу хоолойгоо илэрхийлэх эрх олгох ёстой. “Парисын хэлэлцээр” дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад нийцэж байгаа бөгөөд үр шим нь амар хялбар олдохгүй, тиймээс хамтын хүчээр сахин мөрдөх ёстой. Хөнгөнд үзэж хөсөр гээж үл болно. Энэ бол үр хойчийн өмнө бидний хүлээх ёстой үүрэг хариуцлага мөн.

Дөрөвдүгээрт,эрх тэгш,уужуу хүртээмжтэй байж, тэнцвэртэй түгээмэл хөгжлийн хэв загварыг буй болгох ёстой.“Их ёс суртлыг эрхэм болговоос, төрийн эрх түмэн олны хэрэгболдог”. Хөгжлийн зорилго нь ард түмний аж жаргалыг цогцлоох явдал мөн. Экологийн орчныг хайрлан хамгаалж, эдийн засаг, нийгэм болон хүрээлэн орчны зохицолдоот хөгжлийг урагшлуулан, хүн ба байгаль, хүн ба нийгмийн зохирлыг хэрэгжүүлэх ёстой. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, даян дэлхийн хэмжээнд тэнцвэртэй хөгжлийг хангах ёстой.

“Олны хүчийг хурааваас дийлжэс чадах нь ер үгүй, олны ухааныг хурааваас бүтэжэс цогцлох нь ер үгүй”.

38 жилийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын үрээр БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц боллоо. Зам мөр хувь заяаг тодорхойлдог.  Хятад улсын хөгжлийн гол зангилаа нь Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагын дор Хятад улсынбодит байдалд нийцсэн хөгжлийн замаар замнасанд оршино.

Энэ бол тус улсын бодит байдлыг эш болгон тогтоосон зам юм. Хятад улс өөрийн улс орны бодит байдал хийгээд практик дээр сууриллан, хятадын олон үндэстний соёл иргэншлийн оюун ухааныг шингээн, өрнө, дорно дахины аль алиных нь шилдэг сайныг шилэн авч, хөдлөшгүй хатуу зогсовч, хөшүүн хойрго бус,  сургамж жишиг болговч, шууд даган дуурайхгүйгээр байнгын эрэл хайгуулын дунд өөрийн хөгжлийн замыг цогцлоосон  билээ. Зам бүхэн Ромд хүрдэг.Хэн ч гэсэн өөрийн хөгжлийн замыг өөр бусдын мөрдөх чиг баримжаа болгох ёсгүй, өөрийн хөгжлийн замыг өрөөл бусдад тулган хүлээлгэж бүр ч болохгүй.

Энэ бол ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьсан зам юм. Хятад улс хамтдаа баян чинээлэг болох зорилго тавьж, ядуурлыг бууруулахүйл хэргийг хүчтэй хэрэгжүүлж, 700 сая гаруй хүн амыг ядуурлаас ангижруулах, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилго өөд эрч хурдтай урагшилж байна.

Энэ бол өөрчлөлт шинэчлэлт, инновацийн зам юм. Сүүлийн 4 жилд бид өнгөрсөн 30 гаруй жилд хэрэгжүүлсэн тууштай өөрчлөлт, шинэчлэлтийн үндсэн дээр өөрчлөлт шинэчлэлтийн 1200 гаруй арга хэмжээг шинээр дэвшүүлж, Хятад улсын хөгжилд хүчирхэг эрч хүч нэмээд байна.

Энэ бол нээлттэй байдлын дунд хамтын хөгжлийг эрж сүвэгчилсэн зам юм. Хятад улс гадаадад нээлттэй байх төрийн үндсэн бодлогыг тууштай баримтлан, харилцан ашигтай хамтдаа хожих нээлттэй стратеги хэрэгжүүлж, хөгжлийн дотоод гадаад харилцан нэгдмэл ажиллагааг байнга дээшлүүлэн, өөрийн улсыг хөгжүүлэхийн зэрэгцээ бусад улс орон, ард түмэнд илүү их ач тусыг хүртээж байна.

Хятад улсын хөгжил аугаа их амжилт олж, хятадын ард түмний амьдрал ихээхэн сайжирч байна. Энэ нь Хятадад тустай, дэлхийд ч тустай юм. Дэлхий дээр үнэгүй үдийн хоол гэж байдаггүй гэдгийг хятадын ард түмэн гүнээ ухамсарладаг юм. Хятад улс бол 1,3 тэрбум гаруй хүн амтай их гүрэн, хөгжихийг хүсвээс өөрийн шургуу, бодитой үйл ажилд тулгуурлах ёстой. Бусдын хайр хишигт найдаж болохгүй, дэлхий дээр тийм хүчин чадал хэнд ч байхгүй.

Хятадын хөгжлийг шинжье хэмээвээс хятадын ард түмэн ямар амжилт олсныг харахаас илүүтэй хятадын ард түмэн ямар хөлс хүч зарсныг харах хэрэгтэй. Хятад улс ямар амжилт олсныг харъя хэмээвээс Хятад улс дэлхийд ямар хувь нэмэр оруулж буйг харах хэрэгтэй. Чингэвээс сая бүх талаас нь харсан хэрэг болно.

1950-2016 онд Хятад улс өөрийн урт удаан хугацааны хөгжлийн түвшин болон ард түмний амьдралын түвшин өндөр бус нөхцөлд,гадаадад нийт 400 тэрбум юаны тусламж үзүүлж, гадаадад туслах 5000 гаруй янз бүрийн төсөл хөтөлбөр, түүний дотор 3000 гаруй иж бүрэн төсөл хэрэгжүүлж, 11000 гаруй удаагийн сургалт зохион явуулж, хөгжиж байгаа орнуудын янз бүрийн салбараас Хятадад ирж сургалтанд хамрагдсан хүний тоо 260 мянгад хүрсэн байна. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улсын гадаадаас оруулсан хөрөнгө оруулалт 1,7 их наяд ам.долларт хүрч, гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалт 1.2 их наяд ам.доллар болж, дэлхийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж байна. Олон улсын санхүүгийн хямрал нүүрлэснээс нааш, дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсын эдийн засгийн өсөлтийн оруулж буй хувь нэмрийн жилийн дундаж хэмжээ 30 хувиас дээш байна. Эдгээр тоо баримт нь дэлхий дээр тэргүүлж байгаа юм.

Хятад улсын хөгжил бол дэлхийн боломж бөгөөд Хятад улс нь эдийн засгийн даяаршлаас үр ашиг хүртэгчээс илүүтэй хувь нэмэр оруулагч мөн гэдгийг эдгээр тоо баримтаас харж болно.

Улс орноо мандуулж баян хүчирхэг болгохын хүнд бэрхийг хятадын ард түмэн гүнээ ухамсарладаг бөгөөд дэлхийн улс түмний олсон хөгжлийн ололт амжилтанд талархан, тэдэнд аз жаргалыг ерөөж, улам сайн сайхан амьдрахыг хүсдэг, харин “атаа жөтөө” өвөрлөдөггүй юм. Бусад хүн Хятад улсын хөгжлөөс асар их боломж, арвин их ач тусыг хүртэж байна гэж гомдоллодоггүй. Хятадын ард түмэн дэлхийн улс түмнүүдийг Хятад улсын хөгжлийн “хурдан галт тэрэг”, “аяны галт тэрэг”-нд суухыг гар дэлгэн урьж байна.

2016 онд дэлхийн эдийн засаг суларч байгаа нөхцөлд Хятад улсын эдийн засаг 6,7 хувь өсөх төлөвтэй байгаа нь урьдын адил дэлхийд тэргүүлж байна. Хятад улсын ард иргэдийн хэрэглээ болон үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж, 2016 оны эхний 3 улиралд дотоодын нийт бүтээгдэхүүнд гурав дахь үйлдвэрлэлийн өсөлтийн эзлэх хувийн жин 52,8 хувьд хүрээд байна. Эдийн засгийн өсөлтөд дотоодын хэрэглээний оруулах хувь нэмрийн хэмжээ 71 хувьд хүрээд байна.

Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон хэвээр байна. Хятад улс 1,3 тэрбум гаруй хүн амтай, ард түмний амьдралын түвшин өндөр бус хэвээр байсаар, гэвч энэ нь асар их хөгжлийн чадавхи, орон зайг илтгэн харуулдаг юм.

3 жилийн өмнө миний бие “Нэг бүс, нэг зам” санаачилга дэвшүүлсэн билээ. 3 жилийн дотор 100 гаруй улс орон, олон улсын байгууллага идэвхтэй дэмжиж, 40 гаруй улс болон олон улсын байгууллагаХятад улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, “Нэг бүс, нэг зам”-ын “анд нөхдийн хүрээ” байнга өргөжин тэлж байна. Хятад улсын үйлдвэр аж ахуйн газруудаас зам дагуу улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалт 50 тэрбум ам. долларт хүрч, зарим чухал томоохон төсөл хөтөлбөр биежин хэрэгжиж, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэн, ажлын байр бий болгох томоохон боломжийг бүрдүүлж байна. “Нэг бүс, нэг зам” санаачилгыг Хятад улс дэвшүүлсэн, харин үр шимийг нь дэлхий ертөнц хүртэж байна гэж хэлж болно.

Энэ оны тавдугаар сард Хятад улс Бээжин хотноо “Нэг бүс, нэг зам” сэдэвт олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд хамтын ажиллагааны их хэргийг хамтдаа хэлэлцэж, хамтран ажиллах талбар буй болгон, үр шимийг нь хамтдаа хүртэн, эдүгээгийн дэлхий ертөнц болон бүс нутгийн эдийн засагт тулгарч байгаа асуудлыг шийдэх арга замыг эрж сүвэгчлэн, нэгдэж ажиллах явдалд шинэ эрч хүч нэмж, “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт дэлхийн улс түмэнд илүү их сайн сайхныг буй болгох болно.

Хүн төрөлхтний соёл иргэншил дэвшлийн үйл явцад өргөн дардан зам гэж хэзээ ч үгүй, хүн төрөлхтөн бэрхшээлтэй хийх тэмцлийн дунд урагшилж ирснийг дэлхийн түүхэн хөгжил илтгэн харуулдаг билээ. Хичнээн их бэрхшээл байгаад ч хүн төрөлхтний урагшлах алхааг саатуулан зогсоож чадахгүй. Бэрхшээл тулгарахуйд өөрийгөө голж чамлах хэрэггүй, бусдыг буруутган зэмлэх хэрэггүй,итгэл үнэмшилээ алдаж гээх хэрэггүй, хариуцлагаас бултаж зайлах хэрэггүй, харин нийтийн хүчээр бэрхшээлийг давах ёстой. Түүхийг эр зоригтнууд бүтээдэг билээ.