Энэ 7 хоногт
Өрийн занганаас өндийсөн Аргентин
Бүгд Найрамдах Аргентин Улс бол эдийн засгийн хөгжлөөрөө Латин Америкт гуравт, Өмнөд Америктаа Бразилийн дараа удаална. Их хорийн гишүүн энэ орон эрчимжсэн хөдөө аж ахуйтай, төрөлжсөн аж үйлдвэртэй, эрдэс баялаг арвинтай бөгөөд худалдаа үйлчилгээнээсээ ДНБ-ийхээ 60 хувийг бүрдүүлдэг том гүрэн юм.
“Аргентины туулсан замыг өөр ямар ч улс давтах ёсгүй”
Бүгд Найрамдах Аргентин Улс бол эдийн засгийн хөгжлөөрөө Латин Америкт гуравт, Өмнөд Америктаа Бразилийн дараа удаална. Их хорийн гишүүн энэ орон эрчимжсэн хөдөө аж ахуйтай, төрөлжсөн аж үйлдвэртэй, эрдэс баялаг арвинтай бөгөөд худалдаа үйлчилгээнээсээ ДНБ-ийхээ 60 хувийг бүрдүүлдэг том гүрэн юм. Аялал жуулчлалаас жилдээ 17 тэрбумыг шууд олдог бол шууд бусаар 30 хүртэл тэрбум ам.долларыг эдийн засагтаа шингээдэг. Цөмийн энергийн хөтөлбөрийг амжилттай эхлүүлж, цөмийн энергийн төвөө 1976 оноос байгуулсан нь тус улсын шинжлэх ухааны хөгжлийг дэлхийн төвшинд хүргэсэн ирээдүйтэй алхам болжээ. Их өрийг төлөх явцад тэдний хүрсэн энэхүү амжилтыг бусад улс оронтой харьцуулшгүй.
Үнэхээр тэдний туулсан зам бусдад сургамжтай. Хорьдугаар зууны эхний гучин жилд дэлхийн хамгийн баян орны тоонд багтаж Канад, Австралиас хүн амаараа ч, эдийн засгийн үзүүлэлтээрээ ч илтэд илүүрхэж явсан тус улс их өрийн занганд зуун дамнан туйлдсан түүхтэй. Ер нь аргентинчуудыг тансаглах дуртай хүмүүс гэдэг. Өр бол улс орны хөгжлийн салшгүй түүх бөгөөд тэдний хувьд дасал болоод уджээ. Тухайлбал: 1890 онд гаргасан судалгаагаар сүүлчийн 10 жилийн дотор импорт гурав дахин, экспорт хоёр дахин өсөж, харин өр дөрөв дахин нэмэгдсэн гэсэн түүхэн мэдээ байх юм. Өөрөөр хэлбэл 19-р зууны эдийн засаг нь гадаадын өр зээлд дулдуйдан хөгжиж байсан аж. Гэсэн ч аргентинчууд Өмнөд Америкийн Эльдорадог нээсэн мэт үрэлгэн загнаж, тэдний тухай сонссон цагаачид үлгэрийн орон руу хорхойсон хошуурцгааж байсан үе.
Дэлхийн нэг ба хоёрдугаар дайнаас хамгийн их ашиг олж, дайтаж буй улс орнуудад хүнс нийлүүлэн улсынхаа сан хөмрөгийг арвижуулж чадсан аргентинчуудын үрэлгэн зан нэмэгдсээр. Яг энэ үед нь Генерал Хуан Доминго Перон төрийн эрхэнд гарлаа. Тэрээр бүх нийтийн боловсролыг үнэгүй олгож, орлого багатай гэр бүлийг орон сууцжуулах, төрсөн эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг нийгмийн хамгааллын олон асуудлыг шийдсэн сайн үйлстэн. Гэсэн ч сонгуульд дахин ялах сэдлээр улсын төсвөөс хэтэрсэн популист амлалтууд өгч, тэр ч бүү хэл сөрөг хүчнийхэндээ ч албан тушаал, шагнал урамшууллыг гар таталгүй тарааж байсан юм. Ядуусын “эх дагина” хэмээн алдаршсан ерөнхийлөгчийн эхнэр Ева Перон улсын төсвөөр 50 сая ам.долларын хөрөнгө бүхий санг өөрийн нэрээр байгуулж, баруун солгойгүй цацсанаар олон түмний хайрыг татаж чадав. 1946-1951 онуудад нийгмийн халамжинд хамрагдагсдын тоо гурав дахин нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхитэй хэсгийн 70 хувьд хүрчихэж. Ийнхүү Аргентин халамжийн улс болон хувирчээ.
20-р зууны сүүлчээс өөдлөхөө больсон Аргентин 1975-1976 онд улс төр, эдийн засгийн хамгийн хүнд цохилтонд өртөж, домогт Ерөнхийлөгч Перон дахин сонгогдоод ч эс хүчрэн, туйлдсан эдийн засагтай улс орноо орхин тэнгэрт халив. Пероны засгийн эрхэнд дахин гарсан зурвас үед Олон Улсын Валютын сангаас неолиберал хөтөлбөрийг эхлүүлэхээр зэхэж байсан ч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 1976 онд цэргийн эргэлтээр гарч ирсэн Хунтын Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх болсон байлаа. Тэд ОУВС-гаас 100 сая, таван сарын дараа дахин 260 сая ам.долларын зээл авч чадсан нь Латин Америкийн орнуудад урьд хожид өгч байгаагүй их мөнгө болсон гэдэг. Хунтынхан үнэ чөлөөлөх, хувьчлах бодлого хэрэгжүүлсэн ч хөл дээрээ дөнгөн тогтож байсан аж үйлдвэрийн салбарыг орхигдуулан хөдөө аж ахуйг түлхүүтэй дэмжсэн нь тэдний гар хөл болсон газрын эздийн захиалга байв. Үр дүнд нь ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 29 хувиас 22 хувь хүртэл буурч, салбарын ажилчид 36 хувиар хоргодов. Хэдхэн жилийн дотор 400 мянган компани хаалгаа барьжээ. Хунтынхны төрийн эрх барьж байсан 1976- 1983 оны хооронд 9,7 тэрбум байсан өр 45 тэрбум ам.доллар болж ДНБ-ний дөрөвний гуравт хүрчээ.
Ерээд оны эхний хэдэн жилийн өсөлтийг эс тооцвол цаашдаа ч тэдний эдийн засаг төдийлөн сэхсэнгүй, харин өр төлбөр өсөн нэмэгдсээр байлаа. 2001 онд тус улс 100 тэрбум ам.долларын бондын зээлээ төлөх чадваргүй болж олон улсад дефолт зарласан юм. Тэр үед өр ДНБ-ний 160 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Засгийн газар тун тогтворгүй. Долоохон хоногийн дотор гэхэд таван Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байсан энэ улс оронд өрийн хариуцлагыг хэн ч хүлээж байсангүй. Засгийн газрын хариуцлагагүй байдал, түүнчлэн олон улсын байгууллагын хязгаар тавихгүй зээлдүүлдэг “өгөөмөр” зан ийнхүү Аргентин Улсыг сэхэл авшгүй өрөнд унагажээ. ОУВС-гийн дуулгавартай гишүүн болж, неолибералист үзлийг хүлцэн хэрэгжүүлсэнээс өрөнд орсон хэмээн тэдний зарим улс төрчид өнөөг хүртэл гомдоллосон хэвээр байдаг. Ер нь Аргентин шиг ийм их өр ширэнд баригдан байдгаа барж байсан улс сүүлчийн зуунд байгаагүй гэдэг юм билээ.
2003 онд сонгогдсон Ерөнхийлөгч Нестор Кирчнер НҮБ-ын Чуулганы хүндэт индэрээс гагцхүү Аргентинд зориулан өрөө төлөх шинэ бүтцийг бий болгож өгөхийг гуйж байв. Тэрбээр “Үхсэн хүн өрөө төлж чадахгүй шүү дээ. Өрөө төлөхийн тулд улс оронд минь амьсгалах боломжийг олгооч” хэмээн хэлж байлаа. Аргентины хүчин чармайлтыг харгалзан өр төлбөрийн бүтэц, нөхцлийг шинээр тогтоосон ч олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх эрхийг хязгаарласан хэвээр байсан нь тэдний хувьд гар хөлийг нь хүлсэнтэй адил. “Өртэй хүн өөдлөхгүй” гэгчээр эдийн засаг хорин хувиар агшиж, хүн амын талаас илүү хувь нь ядууралд нэрвэгдэж, гурван хүний нэг нь нийгмийн халамжаар амь зогоодог байсан улс орныг хүлээж авсан Нестор Кирчнерийн хувьд дэлхийн зах зээлд зарим түүхий эд, бүтээгдхүүний үнэд өсөлт гарсан нь аз тохиосон хэрэг байлаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа шар буурцаг ба үхрийн махны үнэ гадаадын зах зээлд өсч, ашиг орлого нэмэгдсэн таатай жилүүдэд эдийн засаг тэлж эхлэв. Аргентин өрийн шинэ бүтцийн дагуу 2005 онд 93 тэрбум, 2010 онд 100 тэрбум ам.долларыг төлсөн нь хугацаандаа төлж чадаагүй өрийн 76 хувийг барагдуулсан гайхам амжилт болов.
2004-2011 онд ядуурал нэг оронтой тоонд шилжсэн бөгөөд энэ хугацаанд улс орон өрөө төлөхийн зэрэгцээ эдийн засгаа өсгөхөд асар их хүчин чармайлт гаргаж чадсан юм. Энэ тухай Ерөнхийлөгч асан Кристина Кирчнер (Нестор Кирчнерийн бэлэвсэн эхнэр) “Их өрөө төлөхийн зэрэгцээ эдийн засаг өсөлттэй байгаа нь Латин Америктаа хамгийн хурдацтай хөгжиж буй улс орон болсоны илэрхийлэл бөгөөд зүйрлэвэл дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө Хятадын дараа орохуйц хэмжээнд манай орон хүрсэн” хэмээн хэлж байсан удаатай.
Харин тэднийг хамгийн их зовоосон асуудал бол махчин сангуудын шунал байв. “Тас шувуу” хэмээх хочтой мөнгө хүүлэгч эдгээр сангууд өрөө хугацаандаа төлж чадаагүй улс орны үнэгүйдсэн бондуудыг олон улсын зах зээлээс хямдаар худалдан аваад эргээд хэд дахин өндөр үнийг уг улсаас нэхэмжилдэг аж. Яг л сэгээр хооллодог махчин тас лугаа адил. Туйлдсан улсын зовлонгоос ашиг унагаж, ард түмний эрүүл мэнд, боловсролд зарцуулах мөнгийг дээрэмдэж буй хэрэг хэмээн эдийн засагчид дургүйцдэг бол зарим нь тэднийг “эдийн засгийн террористууд” хэмээн илт нэрлэх болжээ. Тухайлбал “NML Capital” 2008 онд тэдний хаягдал бондыг 49 сая ам.доллараар худалдан аваад 2014 оны байдлаар 832 сая ам.долларыг нэхэмжлэн шүүхдэж байгаа аж. Энэ мэтчилэн махчин сангууд таван жилийн хугацаанд 1600 хувийн хүү тооцон өр нэхэж суугаа нь дэндүү увайгүй байгааг Ерөнхийлөгч Кристина Кирчнер НҮБ-ын индэр дээрээс зарлан хэлж, эдгээр сангуудын шуналын золиосонд ядуурал, гуйланчлал, өлсгөлөн л улам нэмэгдэнэ гэдгийг онцлон дэлхий нийтээрээ эсэргүүцэхийг уриалж байсан юм.
2015 онд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Маурисио Макри 14 жил үргэлжилсэн их өрийн сүүлийг мушгиж эдгээр сангуудтай хэлэлцээрт орж эхний ээлжинд 4,65 тэрбумыг төлсөнөөр үлдсэн 85 хувийг барагдуулах зөвшөөрлөө Конгрессоор батлуулан авчээ. Юутай ч Аргентин Улс нүүр бардам толгой өндийж эхэллээ. Олон улсын хөрөнгийн зах зээлээс он удаанаар тусгаарлагдсан ганцаардлын цоожийг мулталж, өрийн занганаас тэд өндийн босож чадав.
Ерөнхийлөгч Макри эдийн засгаа либералчлах, дэд бүтцийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ онцгойлон амласан бөгөөд сонгогдсоны даруйд хүнд суртал, авлига дагуулаад байсан буудай, загас, үхрийн махны экспортын татварыг тэглэсэн бол шар буурцаг зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний татварыг 30 хувиар бууруулжээ.
Авлига бол улс орны баялгийг мэрэгч хархтай адил. Энэ тухай Ерөнхийлөгч Макри “Талхны дэлгүүр хархаар дүүрсэн бол тэндээс хэн ч ирж талх авахгүй. Магадгүй эзэн солигдсоноор үйлчлүүлэгчид буцаж ирж болох юм. Гэхдээ тэнд мэрэгчид байгаа эсэхийг худалдаа хийхийн өмнө заавал шалгах болно. Тэд дахин гэнэдэхгүй” хэмээсэн билээ. Өөрөөр хэлбэл улс орон авлигынхаа асуудлыг эцэслэхгүй бол Засгийн газар солигдсон ч хөрөнгө оруулагчид буцан ирэхгүй гэдгийг нотлон авлигыг тэглэхээ амлажээ.
Өнгөрсөн 9 дүгээр сард Аргентин Улс “Бизнес ба хөрөнгө оруулалтыг дэмжих” Олон улсын форумыг амжилттай зохион байгуулсанаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, итгэлцлийг сэргээх алхамаа хийв. Өрнөөсөө салах тусам улс орны итгэл сэргэж байгаа нь илтэд харагдана. АНУ, ОХУ, Хятад, Япон, Энэтхэг гээд олон улс оронтой гадаад худалдаагаа өргөжүүлэх, тэдний хөрөнгө оруулалттай хамтын бүтээн байгуулалтаа эхлүүлэх яриа хэлэлцээр үргэлжилсээр байна.
Баян орны эгнээнээс хасагдан дампуурлаа зарлаж үзсэн Аргентины гашуун туршлага бол улс төрчдийн популист амлалт, засаглалын тогтворгүй байдал, хяналтгүй зарцуулалт юунд хүргэдгийн сонгодог жишээ хэмээн судлаачид үздэг. “Аргентины туулсан замыг өөр ямар ч улс давтах ёсгүй” хэмээн Ерөнхийлөгч Кристина Кирчнерийн 2014 онд НҮБ-ын 69-р чуулганы индэр дээрээс бусдыг сэрэмжлүүлэн хэлсэн үг нь дэлхийн олон улс орны төр засгийн удирдлагуудад нэгийг хэлж, хоёрыг сануулсан нь лавтай. Өртэй улсын түмэн зовлонг яс махаараа мэдэрсэн Аргентин Улсын түүх бидэнд ч гэсэн сургамж болох буй за.
Ч.СОСОРМАА
Зочин
Зочин
enkh
baasanaa
Гана
Зочин