Монголын улс төрийн орчин алагчилж үзэхийн туйл, шударга бусын жишээ болж байна. Улс төрчдийн нөлөөнд автсан хууль хүчний байгууллагууд аливаад алагчлан хандаж байна. Бид энэ тухай саяхан “Ардын намынхан С.Баярыгаа Англи руу баяртай үдэж, Ардчилсан намынхан Н.Алтанхуягийгаа Ганц худаг руу гавтай илгээлээ” гэж бичсэн. Монголын хамгийн том гэж байгаа хоёр намын гишүүддээ ханддаг хандлага, бас бодлого эндээс харагдана. Гишүүн нь авлига, албан тушаал, хууль бус бүх үйлдэлд орооцолдсон ч намынхаа тогоон дотор байгаа л бол Н.Энхбаярдахгүй авч үлддэг МАН-ыг ард түмэн цаашид дэмжсээр байх уу. Алдарт “Гааль”-ийн хүн гуай өнөөдөр агентлагийн дарга болоод явж байна. Архангайн Засаг дарга байсан нөхрийг чуулганы танхимд суухыг харсан нэгэн бээр “Хэдийдээ шоронгоос гараад, хэдий завандаа Их хурлын гишүүн болчихсон юм бэ” хэмээн дуу алдахав. Хүмүүсийн “Шоронд байгаа даа хөөрхий” гэж бодож явсан олон хүн нэг өдөр харах нь ээ Монголын удирдагчдын нэг болчихсон явж байдаг явдал зөвхөн МАН-д л байдаг байх. АН-ын гишүүн асуудалд орвол “аавынх” руу, ахиад цаашилбал үхэл рүү явдаг биз дээ. Монголын улс төр үнэхээр алагчилсан байдалтай, эрээн бараан байгааг дор дурдая.

Энэ бол баруун тийш зам тавьсан Д.Дамба-Очир, зүүн тийш зам тавьсан Б.Гарамгайбаатар нарын тухай юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын "Очир төв" компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Эндээс их хэцүү юм эхэлсэн дээ. Замаа тавихгүй хэдэн жилийн нүүр үзэж, иргэдийн хамгийн ихээр зорчдог, жуулчлалын гол чиглэл болсон тус зам тэнгэрт хадсан их тоос шорооны голомт болсноор Монгол улсад дэндүү их хохирол авчирсан. Үүний дотор тус зам дээр аваар ослоор амь насаа алдсан иргэдийн тоо жилд хэдэн арваар нэмэгдэж зүрх шимшрэм болсон. Тэр их тоос шороон дунд, үзэгдэх орчин үүдэн хоймрын зайнд ч харагдахгүй болсон зам дээр мөргөлдөж 31-хэн насандаа амиа алдсан залуугийн эхнэр нь өнөөдөр хоёр хүүхэдтэйгээ  “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгааг Өвөрхангайд мэдэх хүмүүс цөөнгүй бий. Ингэж Их хурлын гишүүн Д.Дамба-Очирын компани иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, экологийн сүйрлийг авчирч, улсад их хэмжээний хохирол авчирсан юм. Ийм нөхцөл байдлыг бий болгосон түүнтэй өнөөдрийг хүртэл өчүүхэн ч хариуцлага АТГ-аас ярьсангүй, бусад хууль хүчний байгууллага ч нүдэн балай, чих нь дүлий байсаар. Харин ч бүр "Даварсаар даварсаар давгийн орон дээр" гэгчээр тухайн үедээ Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийсээр өдгөө өндөр сэнтийд залран “Өөдгүй муу АН-ынхан улсын мөнгө идсэн байна” гэх шиг юм яриад төрийн ордонд сууж байна. Тухайн үед МАН-ын Засгийн газар, УИХ-ын зүгээс түүний хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй замыг хурдлуулахын тулд, тэр замд хэдэн зуун хүнийг аваар ослоор  ахиж  үхүүлэхгүйн тулд бонд гаргаж "Очир төв" компанид 7.5 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж байв. Ингээд зогссонгүй, алдагдалтай төсөв батлуулсан тухайн үеийн МАН-ын Зас­гийн газар Д.Дамба-Очирын ямар шантаажинд орсон юм мэдэхгүй дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг тэдний компанид шилжүүлсэн байдаг. Энэ бүх үйл явдлын гэрч баримт болох  төсөв хэлэлцэж байх үеэр Эдийн засгийн байнгын хорооны зарим  гишүүд Д.Дамба-Очирын улсын төсвөөс уут уутаар нь авч байгаа их мөнгийг шүүмжилсэн хурлын бичлэг, протокол өнөөдөр УИХ-ын архивт хадгалаастай байгаа. Ямар сайндаа түүнийг монголчууд Там-Очир гэж нэрлэж байхав дээ. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан нь нэг жил ч наслалгүй цөмөрч, хэлтэрч унасан нь түүнийг бас Молиго-Очир хэмээх алдарт хүргэсэн юм. Ийм аймаар хулхидалт, их зардал, аваар ослын эцэст нэр бүхий иргэдийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргасан ч бүтэлтэй юм болоогүй юм. Нам жим дарсан. Лав л Б.Гарамгайбаатар шиг шүүрч аван хүүе хаая, яав ийв болон шоронд хийгээгүй. Харин ч бүр УИХ-ын гишүүн болсон нь үнэхээр Монголын ард түмнийг доромжилсон, Монголын улс төрчдийн үнэн төрхийг харуулсан, Монголын хууль хүчнийхний алагчилж үздэгийн тод жишээг харуулсан хэрэг явдал болжээ.

Замаар яаж мөнгө хийж болдгийг, улс төрд хэрхэн ашигладгийг, бас дээр нь замыг хэрхэн там болгож хүмүүсийн амь насаар тоглож, байгалийг сөнөөж болдгийг утгаар нь харуулсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани нь дампуурсан “Анод” банкны чанаргүй зээлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байдгийг хүмүүс мартаагүй л дээ. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарам­гайбаатарын хүү Г.Тэнгисийн  “Монроуд” компанийг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн 100 км замыг барихдаа 37.2 тэрбум төгрөгийн тендерээ 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн хэргээр АТГ-аас шалгаж “Ганц худаг”-т хориод авлаа. Тус замын ажлыг  2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгаж байгаа бололтой. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь бол “Монроуд” компани нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад мате­риалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүй­цэт­гэх боломжтойгоо мэдэгдсэн байдаг юм. Ингээд тендерт шалгарсан тус компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Хөгжлийн банк­ны санхүүжилтээр гүйцэтгүү­лэхээр болжээ. Үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулахдаа “Монроуд” компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй болсныг мэ­дэгд­сэн байна. Ингээд Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргажээ. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулсан байдаг юм. Энэ тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн нь өнөөдөр тодорхой болоод байгаа.  Харин өнөөдөр замын экспертүүд энэ замын талаар ямар дүгнэлт хийж байна гэхээр нэгдүгээрт Монголд алдартай хамгийн өндөр, бартаа саад ихтэй даваанууд. Анхлан байгуулсан зардлаар тэнд стандарт хангасан зам тавих ямар ч боломжгүй бол­сон. Гэвч “Монроуд” компани нь нэгэнт авсан ажлаа гүйцээхийн тулд хуулийн дагуу нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас хүсчээ гэж дүгнэсэн. Өнөөдөр болж буй үйл явдлыг товчхон хийгээд маш энгийнээр ойлгуулахад ийм л процесс дунд өрнөжээ.

Эндээс харахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хоёрын асуудал яг адилхан. Хоёулаа замын тендер. Хоёулангийнх нь 100 км зам. Харин зам барилгын ажил хийгдэж буй орчин нөхцөл гэвэл Д.Дамба-Очирынх тал хээрийн бүсэд, ямар ч тээг саадгүй газарт тавигдсан. Б.Гарамгайбаатарынх нь Хангайн нурууны хамгийн өндөр, уул хяр хэцэд, хүнд нөхцөлд тавигдсан. Хоёулангийнх нь нэмэлт санхүүжилт авсан нөхцөл нь бас адилхан ч тоон дүнгийн хувьд Д.Дамба-Очирын компани Засгийн газраас 22 тэрбумыг нэмж авсан бол Б.Гарамгайбаатарынх  37.2 тэрбум төгрөг дээрээ нэмэлтээр 9.1 тэрбумыг Хөгжлийн банкнаас авчээ. 

Эдгээр хоёр компанийн нэмэлт санхүүжилт авах болсон шалтгаан, хувь бизнесменүүдийн үзэл санаа, зарчмыг харах юм бол Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани сайн, чанартай зам тавья, дараа нь хариуцлага хүлээнэ гэсэн байр сууринаас хандсан. Д.Дамба-Очирын  “Очир төв” компани бол муу сайн нь хамаагүй, асар хэмнэлттэй, асар хямд зардлаар ямар ч байсан нэг зам тавьчихья хэмээн зүтгэснээр долоон жил сунжирсан үйл явдал болсны эцэст нэмэлт санхүүжилт авахаас өөр аргагүйд хүрсэн нь тодорхой харагдаж байгаа юм. “Монроуд”-ын тавьсан замын чанар ямар байгааг, “Очир төв”-ийн тавьсан замын насжилт ямар байгааг ард түмэн мэдэж байгаа. Өнөөдөр тэгэхээр яах ёстой вэ гэхээр авто замын чанар, стандартыг шалгах техник, технологи маш хялбар, найдвартай болсон. Энэ хоёр компанийн тавьсан зам тус бүр дээр багажаа байрлуулаад шинжлэхэд нягтаршил, чанар, стандарт, хэдий хэрийн өртөг зардлаар тавигдсан болох нь дороо гараад ирнэ. Ердөө л энэ.

Б.Гарамгайбаатарыг гэмт хэрэгт сэжигтнээр татаж байгаа юм бол Д.Дамба-Очирыг ч сэжигтнээр татах ёстой. Гэтэл өнөөдөр нэг нь депутат, нөгөөх нь шоронд байгаа нь шударга явдал мөн үү. Ийм л шударга бус, алагчилж үзсэн үйл явц нийгэмд газар авсанаар өнөөдөр Монголын нийгэмд хэрүүл уруул их болж, ард түмэн бухимдаж, тогтворгүй, итгэл найдваргүй иргэд олноор бий болов. Үүнээс үүдэлтэйгээр Монголд шударга бус байдал улам ноёрхох хандлагатай боллоо. Ийм тал руугаа явж байгааг бид бэлхэнээ харж байна шүү дээ.