Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко оросуудын цөсийг хөөргөж, нервийг барахдаа гаршиж байх шиг. Аман заналхийлэл нь ажил хэрэг болж Оросын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээнд очиж үзлээ. Саяхны баримт. 2017 он гараад Минскээс цочмоор алхам хэрэгжүүлээд авсан. Юу гэвэл дэлхийн 80 улсын иргэдэд 5 хоногийн визгүй зорчим дэг тогтоосноо зарлаж Оросын хил, гааль, хяналтын албаныхныг гэнэт түргэн авахуулсан. Хоёрдугаар сард дахин давтсан. Орос-Белоруссын хил гэж дэлхийн улс төрийн газрын зураг дээр л өнгө ялгарч харагдахаас бус газар орон дээрээ бол хил гэхээр юм байхгүй, ёс төдий, хилийн шугамын хаагуур нь ч хэн ч чөлөөтэй нэвтрэн, орж гараад, холхиод байх бололцоотой, тэр 80 улсын хэнбэ гуай нь ч Оросын нутаг дэвсгэрт чөлөөтэй орохоор байна.

Их Новгород хотод хоёрдугаар сарын эхээр онц сонирхолтой нэг хурал болжээ.  Орос, Белорусс, Гүрж, Польш, Казахстан, Тажикистан, Турк, Балтийн орнуудын аспирант, магистрант, ахлах шатны оюутнууд дугуйрч суугаад «Балти-Хар тэнгисийн мега бүс нутаг:Сөргөлдөөн ба хамтын ажиллагаа, бодит байдал» гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Яригдсан нэг гол сэдэв нь Белорусс. Энэ улс эдийн засгийн дипломат бодлогоо дорно зүг рүүгээ хөгжүүлээд харин улс төрийн дипломат бодлогоо өрнө зүг руу эргүүллээ гэх дүгнэлт нэн гайхал төрүүллээ. Белоруссын эрдэмтэн Сергей Палагин ингэж ярьсан байх юм. Белорусс нь Европын Холбоо руу хэтдээ явах юм байна гэх таамаг дэвшүүлжээ. Энэ улсад хууль эрхийн зохицуулалт хийгээдэхвэл өөр асуудал байхгүй. Лукашенкогийн диктатурын талаархи хуучин ойлголтоо Европын Холбоо гэтэлгэчихвэл хаалт байхгүй болно. Белоруссын иргэдэд визийн хатуу дэглэм тогтоосноо бас болих хэрэгтэй, Белорусст иргэний эрх чөлөө ардчиллыг бэхжүүлэх, цаазын ялыг хүчингүй болох, гадаадын сангуудыг эргүүлж оруулах- энэ бүхнийг Лукашенко хийчихвэл Европын Холбоо нөхөрлөлийн гараа сунгахад бэлэн байна хэмээн белорусс профессор айлдсан байх юм.



Оросуудын цөсийг хөөргөж, нервийг барсан элдэв шаардлага, тулгалт Минскээс улам олон цухалзах боллоо. Транзит тээврийн асуудлаар Белорусс нь Оросыг тойруулан далайд гарах арга сүвэгчилж, тэр нь Орост таагүй сэтгэгдэл төрүүлэх хэмжээнд очиж магадгүй боллоо. Оросын боомтоор дамжин Балтийн тэнгист гарснаас хавьгүй хялбар дөт гарц нь Латви, Литва байж таараад, ложистик систем нь Белорусст ашигтай тусах, хэрэв тэгүүлэхгүй гэвэл Орос нь илүү ашигтай вариантБелорусст санал болгох хэрэгтэй хэмээн Минскэд ил цагаан хэлэлцэн ярилцаж байх шиг.

Орос бол Белоруссын хувьд эдийн засгийн донор, улс төрийн патрон байж ирсэн гол хөрш, түнш нь. Оросоос байгалийн хий авч ашигласны төлбөрийг хийлгүй удаасаар өр болгочихсон байгаа, иймд өр төлөх хугацааг сунгах, эсвэл байгалийн хийн үнээ буулгах тулгалтыг ОХУ-д тавьжээ. Хийн асуудлаар харилцан ойлголцож чадаагүйгээс Орос нь Белорусст нийлүүлдэг нефтийн хангалтаа 2017 оны эхний улиралд 4.5 сая тонн байхыг 4 сая болгож багасгалаа. Гол маргаан юунаас эхтэй вэ гэвэл 2016 оны эхнээс эхлэн Орост төлдөг хийн түлшний төлбөрөө дур мэдэн бууруулж, үүнээс болж өр нь хуримтлагдаад 550 сая ам.доллар болчихжээ. Лукашенкогийн тулгалт юу вэ гэхлээр дэлхийд газрын тосны үнэ унасан,дагалдаад байгалийн хийн үнэ доогуур байх ёстой, өмнө нь 1000 кубометр хийг 132 доллараар авдаг байсан бол одоо 83 доллар болгох ёстой хэмээн өөрөө дур мэдэн үнэ тогтоосон явдал гэнэ. Үүнд «Газпром» таатай хандахгүй нь ойлгомжтой. Энэ бол оросуудын тайлбар. Тэгвэл Лукашенко хариуд нь ингэж ярихыг бид зурагтаар харсан: “Орос манайд 24 сая тонн нефть нийлүүлнэ хэмээн гэрээ байгуулсан, гэтэл тэр нь 18 сая болж буурлаа, тэгснээ 14 сая, гэтэл одоо 12 сая тонныг нийлүүлнэ хэмээн ярьж байна. Улс хоорондын гэрээ гэж ийм байж болдог юм уу?”

Ер нь цаашид белоруссын эдийн засгийг Оросоос санхүүжүүлэх боломжгүй боллоо, өмнө нь «үнсэлцсэнийхээ хариуд нефть» гэх форматаар энэ хоёр улс харилцаж ирсэн нь зогслоо, одоо харилцааныхаа хуучин тогтолцоог халах цаг ирлээ хэмээн белоруссын тоймч Артем Шрайбман гэдэг нөхөр TUT.byсайт дээр бичсэн байх юм. Шрайбманы олж харснаар тэр интеграцын төслүүд болох Белорусс-Оросын Холбооны Улс, Евразийн эдийн засгийн холбоо гэдэг нь Оросын хувьд имижийн үүрэгтэй, эдгээр бүтцийг тараая гэх санал хэнээс ч гараагүй, гэхдээ “гэр бүлийн” гэх утгаараа бус, хойшид тооцооны, прагматик гэх утгаараа оршин тогтнож таарна, Оросоос өгөх хязгааргүй дотацаар Холбооны Улс, Евразийн эдийн засгийн холбоог хойшид бариад байх  болж байх шиг.

Москва-Минскийн хооронд «хайр сэтгэлийнхарилцаа»-ны үеэ нэгэнт өнгөрөөсөн, хоёр орны харилцааны бүх тогтолцоо хямарсан хэмээн оросын профессор Владимир Жарихин бичсэн нь нэн шинэлэг дүгнэлт гэхээр юм. Яг одоо эдийн засгийн хямралын босгон дээр байна, Оросын дотоодын зардал хумигдсан, иймд манай хамгийн ойрын холбоотон маань үүнтэй эвлэрэх хэрэгтэй, гэтэл Лукашенко ингэхийг хүсэхгүй, өөртөө ямар нэгэн онцгой хүндлэл шаардаад байна, гол асуудал эдийн засагтаа байгаа боловч тэр нөхөр бүгдийг нь улс төржүүллээ хэмээн Жарихин зэмлэжээ. Түүнийхээр бол Белоруссын Ерөнхийлөгч гэх энэ нөхөр бүхнийг “бардак” болголоо, Оросын төрт улсыг нураах дөхлөө, оросын түшмэд нь Путиндээ хэлэлгүй шийдвэрээ гаргаж байхыг хүсэх болсон. Белоруссын Ерөнхийлөгчийн хүслээр хилийн бүс ажиллаж, Путинээс хамааралгүйгээр нефть, байгалийн хийн үнийг тогтоож, нэг үгэндээ хамтралын түвшний дипломат бодлогоор асуудлыг шийдэж байхыг цаад нөхөр нь Орост тулгадаг болсон бололтой юм.

Хилийн бүсийн асуудлаар хоёр улсын байр суурь сүрхий зөрж байна. Тиймдээ ч тэр 80 улс орны иргэдэд визгүй зорчихыг гэнэт санаачилж, түүнийг нь Москвад аюулгүй байдалд нь маш том аюул занал учирлаа хэмээн хүлээн авсан. Оросын Холбооны аюулгүйн албаны захирал Александр Бортников нэг дор гурван тушаалд гарын үсэг зурж,Брянск, Смоленск,  Псков муждаа хилийн бүсийн дэглэм тогтоож, нэг үгэндээ орос-белоруссын бүх хилийн шугамын дагуу хилийн цэргээ түргэн авахуулжээ. Хариуд нь Минскт энэ алхмыг хилэгнэн хүлээн авч Бортниковыг элдвээр цоллоод авчээ.

Оросын эсрэг олон улсын хориг тавьсныг Белорусс хорлонтойгоор ашиглав гэх хардлага Москвад бүр анхнаас нь цухалзсан, хардлага ч алхам тутамдаа нотлогдсоор өнөөг хүргэжээ. Белоруссаас Орос руу оруулж буй хүнсэн дээр үүнийг бэлхнээ харж болохоор юм. Санкцыг ашиглан Минскээс экспортоо огцом нэмлээ. Орост өөрт нь тариалаад, хураагаад, хэрэглэж барахгүй байхад нь Белоруссаас маш их алим жимс ороод ирэх нь тэр. Оросын хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Сергей Данкверт гэдэг нөхрийг Минскт лүд барам болгоод тавьчихсан амны зоргоор харааж өглөө. Тэр нөхөр 2015-2016 оны тэр их жимс, алимны импортыг багасгах гээд 2016 оны төгсгөлд хориг тавьчихсан бололтой. Санкц гэдгийг белоруссчууд хортойгоор ашиглалаа гээд хэлчихсэн бололтой, эргүүлээдЛукашенкогийн амны бай болж баахан хараалгалаа. Данкверт гэх нөхөрт эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн шууд заналхийллээ. Хүнсний салбарт шударгаар өрсөлдөхөөс тэр нөхөр хулчийлаа, белоруссын хүнс бараа чанараараа оросынхыг давлаа. Оросын гаалийнхан гэж бүгд худалдагдсан, Орост авилгаар юуг ч шийдэж болно, тэнд хяналт гэж алга гэхчлэн Төрийн тэргүүний амнаас гарамгүй үгсийг Лукашенко урсгах аж.

Ингэж ингэж Белорусс нь Оростой байгуулсан интеграцын төслөөсөө гарна гэх хардлага Оросоос цухалзлаа. Үүнийг Лукашенко няцаасан боловч Гаалийн Холбоонд тэгш эрх гэж алга хэмээн нэмж хэлжээ. Тэгш бус байдлаас болж бид байнга хохирч хэлмэгдэж байна. Тэгш бус байдлаас болж бид 15 тэрбум доллараа алдлаа. Орос өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Биднийг хохироосныхоо төлөө 5 тэрбум долларын зээл бидэнд өглөө. Манай хамаг мөнгийг хамж авчихаад хариуд нь гуравны нэгийг нь буцааж өглөө. Энэ чинь шал тэнэг хэрэг хэмээн белоруссын лидер “Володя” гэж (ВладимирПутин) нэрлэнгээ зурагтаар авч өгч байв.

Улс төрийн элдэв зөрчил Орос-Белоруссын харилцаанд цухалзсаар байх бололтой. Оросын хэвлэл сайтуудад нийтлэлээ хэвлүүлдэг нэг нийтлэлчийг Белорусст баривчлан гэмт хэрэгтэн шилжүүлж байгаа аятай сүр дуулиантайгаар Баку руу илгээснийг Москвад ундууцан хүлээн авлаа. 2016 оны 12 дугаар сард Санкт-Петербург хотноо ОДКБ, ЕАЭС эвслийн дээд түвшний уулзалт тохиоход Лукашенко очихоос татгалзаж оросуудаа шооконд орууллаа. Нэг үгээр бол орос-белоруссын харилцаа сүүлийн 10 жилд хамгийн таагүй үеэ өнгөрүүлж байх шиг. «Беларусь баруун руу явлаа» гэх айдас, хардлага Москвад хэрээс хэтэрлээ.

Хариуд нь Белорусс ч тэр, Лукашенкоч өөрөө олон улсын “төв”-д байхын тулд гаргуун тоглолт хийлээ. Донбассын хувь заяаны асуудлаар Минск нь олон улсын яриа хэлэлцээний гол төв Минск болж чадлаа. Оросын эсрэг олон улсын санкцын хувь заяа Минскийн хэлэлцээнээс шийдэгдэх боллоо. Энэ утгаар Белорусс нь олон улсын изоляцаас өөрөө эвтэйхэн гарчихлаа. Брюссельд ч хариу алхмууд хэрэгжлээ. Лукашенко тэргүүтэй белоруссын баахан түшмэдэд хориг тавьсан байснаа 2016 онд цуцаллаа. Европыг нөмөрсөн дүрвэгсдээс Белорусст хүлээн авья хэмээн Лукашенко зарласны хариуд Европын Холбоо 7 сая евро Белорусс руу илгээхээр болжээ. Цаадуул нь лалын ба африкийн дүрвэгсдээсээ салж л байвал Белорусст хэдэн сая евро, доллар зарлагадах нь юу ч биш. Хэрэв 7 сая еврогийн хариуд 10 орчим мянган дүрвэгч ороод ирвэл Лукашенко тэднийг Белорусс-Оросын хилийн районд татан авчирч байрлуулан геополитикийн жийргэвч, бамбай бүс гаргаад ирэхээс буцахгүй...