Энэ бол ердөө хэдхэн сарын өмнөх үйл явдал. Тодруулбал АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль ид эрчээ авч байсан үе. Ардчилсан Нам эргээд ялчихна гэсэн итгэлтэй, бас Америкийн төрийн бодлого залгамж чанартай, ардчиллын үнэт зүйлс нь хөдлөшгүй гэсэн горьдлоготойгоор Барак Обама Нью-Йоркт ээлжит тоглолтоо хийж байв. Юу хэмээвээс мөнгө зарж, лоббидож, шахаж шаардаж байгаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр дэлхийн 50 улсын төр засгийн тэргүүнүүдийг цуглуулан анх удаа дүрвэгсдийн асуудлаар дэлхийн дээд түвшний уулзалт гэдгийг санаачилжээ.

Энэ үеэрээ Обама ирэх жил (2017 оныг хэлжээ) нутагтаа З60 мянган дүрвэгчийг хүлээж авна хэмээн сүржин мэдэгдэв. Түүний хэлсэн үгс:

-          Бид ирэх жил хүлээж авах цагаачдын тоогоо хоёр дахин өсгөж, 360 мянган дүрвэгч хүлээж авахаар төлөвлөж байна. Гэхдээ энэхүү хүчин чармайлт цагаачлалын асуудлыг шийдэхэд хангалтгүй л дээ.

-          Бид нүдээ аниад, тэдэнд нуруугаа харуулж болохгүй. Тэдний өмнө хаалгаа савбал бид өөрсдийн хамгийн чухал үнэт зүйлээсээ урвах болно. Бид зүрх сэтгэлээ нээж, дүрвэгсдэд туслахын тулд хамтдаа илүү ихийг хийх хэрэгтэй.

-          Эл чуулганаараа бид дэлхийн хэмжээнд шинэ хөдөлгөөн хийх эхлэлийг энд тавих болно.

-          Одоогийн байдлаар ердөө 10 орчим улс дүрвэгчид хүлээн авч байна.

-          Би НҮБ-ын Төв байранд Америкийн 51 компанийн төлөөлөлтэй уулзсан. Цагаачдын асуудлыг зохицуулахад тэд 650 сая ам.доллар гаргахаа илэрхийлсэн.

Зүрхэнд тусч, тархинд өрөмдсөн үгсээ Обама ийнхүү урсгаж байв.Цагаан ордны тэргүүн АНУ ирэх 2017 онд төдөн дүрвэгч хүлээн авна гэхийн сацуу бусдад үлгэр болог гээд “Герман, Канад улсууд хүлээн авах дүрвэгсдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх амлалт өглөө” гэв. Обамагийн хэлснээр бол өнгөрсөн санхүүгийн жилд 85 мянган цагаач тус улсын хилээр нэвтэрчээ. Тэдний 10 мянга нь Сириэс очсон дүрвэгсэд байх аж. Энэ тухай тэрээр бахдалтайя тайлагнаж, 85-аа 360 болгож өсгөхөө амлав.

Нэгэнт Обама салхи хагалаад өгсөн учраас дэлхийн бусад удирдагчид түүний дохио зангаагаар хайр энэрэлийн үгсээ урсгаж гарах нь тэр.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн:

-          Өнөөдрийн чуулган бол хүн төрөлхтөний өмнө тулгарсан сорилтын эсрэг бидний хамтын хүчин зүтгэл юм.

-          Илүү олон хүн нүүдэллэж байна. Зарим нь дайнаас зугтаж, үлдсэн нь боломж эрэлхийлж байна.

-          Дүрвэгч, цагаачид бол хүн ачаа биш. Хэрэв бид боломж олговол тэдэнд асар их  чадамж бий.

-          Бид бүх дүрвэгч, цагаачдын хүний эрхийг хамгаалах ёстой.

-          Илүү олон хүүхэд сургуультай, гадаадад илүү олон хүн ажилтай байх ёстой.

-          Бид зөрчлийг зогсоож, энхийг тогтоосноор илүү олон хүнд сонголтыг нь нээж өгнө.

-          Бид дүрвэгч, цагаачдын талаархи ойлголтоо өөрчилж, нүүр тулж ярилцах хэрэгтэй.

-          Үүний тулд “Хамтдаа-Бүгдэд хүндлэл, аюулгүй байдал, нэр хүнд” хэмээх шинэ кампанит ажлыг НҮБ эхлүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Петер Томпсон:

-          Бид дэлхийн II дайнаас хойших  хамгийн их дүрвэгсдийн урсгал, хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулгарлаа.

-          Зэвсэгт тэмцэл, дайны бусармаг хор уршгийг олон сая хүн амслаа.

-          Хүчирхийлэл, ядуурал, хүний эрхийн зөрчлөөс зугатан үй олноороо цагаачиллаа.

-          Цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгаас болж амьдрал нь орвонгоороо эргэсэн хүмүүс олон байна.

-          Үлдсэн хэсэг нь үр хүүхдийнхээ төлөө илүү сайн амьдралыг хайн цагаачилсаар. Гэвч дэлхий дээрхи дүрвэгсдийн тал хувийнх нь үрс боловсрол эзэмшиж чадахгүй байна.

-          Иймд цагаач, дүрвэгсдэд суурьшиж амьдралаа төвхнүүлэх боломжоор хангахыг би олон улс оронд хандан уриалж байна.

-          Бид өнгөрсөн жил Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. Энэ бол дэлхийг өөрчлөх гол баримт бичиг мөн. Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд хэт ядуурлыг багасгаж, энх тайвныг хамгаалж, орон нутгийн боломжийг нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр тусгасан.

-          Харин өнөөдөр баталсан Нью-Йоркийн тунхаг бол дүрвэгсдийн хямралыг шийдэх маш том алхам юм. Тунхагийг бүх гишүүн орон сахих нь чухал.

Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Ким Жим Ён:

-          Дэлхий дахинд олон төрлийн зөрчил хямрал тулгараад байна. Дүрвэгсдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ Дэлхийн Банк 4 төрлийн арга замаар ажиллана.

-          Дүрвэгч, цагаач, орон гэрээ алдсан хүмүүсийн талаар тодорхой тоон мэдээлэл, дүгнэлт хэрэгтэй. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан бид тоон мэдээлэл цуглуулдаг. Үүнээс бид хичнээн дүрвэгсдэд түр хорогдох хуаран хэрэгтэйг мэдэж авдаг.

-          Бид харилцагч байгууллагуудтайгаа хамтран илүү боловсронгуй төсөл, хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Йеменд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран  нөхцөл байдлыг даван туулах, мөнгө олоход хүмүүст туслаж байна.

-          Бид дүрвэгсдийг хүлээн авсан орнуудын бизнесийн нөхцөл байдлыг сайжруулж, хувийн салбараар дамжуулан эдийн засгийнхнь өсөлтийг дэмжиж байна. Тухайлбал дунд орлоготой орнуудад зориулсан санхүүгийн хөтөлбөр Иорданд хэрэгжүүлж, 200 мянган ажлын байр шинээр бий болгохоор ажиллаж байна.

-          Эцэст нь бид Афганистан, Кени, Сомали зэрэг оронд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дүрвэгсдийг эх орондоо эргэн ирэх нөхцлийг хангахаар урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх болно.

НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх Дээд комиссар Филиппо Гранди:

-          Бид дүрвэгч болон цагаачдын асуудлыг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй.

-          Өмнөд Суданаас дүрвэгсдийн тоо гурван жил хүрэхгүй хугацаанд саяд хүрлээ. Дүрвэгч, цагаачдын асуудлыг адил хэмжээнд авч үзэж, гэртээ буцах боломжгүй ижил нөхцөл байдлыг нь ойлгох хэрэгтэй.

-          Нью-Йоркийн тунхагийн гол ялгаа нь урьд хожид байгаагүй нэгдсэн хүчний дуу хоолой, улс төрийн амлалт  юм.

-          Дэлхий дахин дүрвэгсдийн тоо, далайд эндсэн хүмүүсийн зургийг хараад цочролд ордог. Гэвч бидний санаа зовнил зөвхөн цаасан дээр үлддэг.

-          Биднээс практик үйл ажиллагаа, үр дүн шаардаж байна. Иймд бид хамтдаа дүрвэгсдийн хямралын эсрэг ажиллах хэрэгтэй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр батлан гаргасан цагаач, дүрвэгсдийн асуудлаархи Нью-Йоркийн Тунхаг хэмээх лут баримт бичиг байна. Баахан үүрэг амлалт, ятгалга ярайчихаж:

-          Нөхцөл байдлаас үл хамаарч бүх цагаач, дүрвэгсдийн хүний эрхийг хамгаалах

-          Дүрвэгч, цагаачдын хүүхдүүдэд боловсрол олгох

-          Хүйсийн тэгш бусбайдлаас үүдсэн гэмт хэрэг болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах

-          Цагаач, дүрвэгч гэдгээс нь болж хүүхдүүдийг хорьж, саатуулахыг зогсоох

-          Дүрвэгч, цагаачдын эсрэг гадаадынхныг үзэн ядах үзлийг таслан зогсоох кампанит ажил улс орнуудад өрнүүлэх

-          Олон тооны дүрвэгч, цагаачид хүлээн авсан улс орнуудыг дэмжих

-          Дүрвэгч, цагаачдыг хүлээн авсан улс орнуудад хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж дэмжлэг үзүүлэх

-          Дүрвэгч, цагаачдыг хүлээн авсан улс орнуудтэдний эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд оролцохыг нэмэгдүүлэх

-          Тунхагт тулгуурлан өргөн, иж бүрэн үйл ажиллагааг гишүүн орнууд НҮБ болон иргэний нийгмийн системд тулгуурлан хэрэгжүүлэх

-          НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхлэх байгууллагаас зарласан бүх дүрвэгсдийг орон гэрээр хангаж, олон улс дамжин суурьших нөхцлийг хангах

-          Олон улсын цагаачлалын байгууллагын үүрэг оролцоог НҮБ-ын системд нийцүүлэн нэмэгдүүлэх

-          Дэлхийн 32 улс орноос нийт 4.5 тэрбум ам.долларыг дүрвэгсдийн асуудал шийдвэрлэхэд НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад хандивлах гэхчлэн.

Тэр налуулж бичсэн хоёр заалтыг монголчууддаа сэрэмжүүлэх зорилгоор ялгаж толилуулж байна. “Мөнгө өгнө” гэхлээр нь уухайлан гүйв дээ, хэдэн дүрвэгч авчихаад хариуд нь санхүүгийн гачаал өрнөөс салчихна хэмээн гэнэнээр бодуузай хэмээн зориуд анхааруулж байна.

Уярал шингэсэн дээрхичамин үгс, мэдэгдлийг Дональд Трамп ёстой хөх инээд нь хүрээд нэг гудамжны цаана сонсож суусан байх даа хэмээн би боддог юм. “Хуцав аа Та нар, ёстой хараарай!” - аман дотроо тэгж үглэж суусан байх даа. Тэрээр тангарагаа өргөөд ердөө бараг маргааш нь л “Лалын терррорист бүлэглэлүүдийг АНУ-д нэвтрүүлэхээс сэргийлэх арга хэмжээг чангатгах тухай” зарлигт гарын үсэг зурсныг эргэж сануулъя. “Лалын” гэж ирээд л шашнаар нь цоллоод авчээ. Нөгөө Обамагийн ам шүд алдаад байсан “360”-ыг нь шууд л “50” болгон бууруулаадахлаа. Обама “85”-ыг авсандаа харамсаж үхэх гэж байсан бол “50” гэдэг чинь ёстой “Хуцав аа!” гэсэн үг биш гэж үү?

Ийнхүү өмнөх засаг захиргааны үед тогтоосон хязгаарын тал хувьд хүрэхтэй үгүйтэй болгоодохлоо. АНУ-аас түр оршин суух зөвшөөрөл хүсч буй Сирийн дүрвэгсэд христосын шашинтан бол давуу эрх олгоно гэлээ. Цаашид дүрвэгсдийг хүлээн авахдаа тухайн иргэн нь тэр улсынхаа шашны цөөнхи бол шашин шүтлэгийг нь харгалзан үзэх гэх нэгэн шалгуур тавиадахлаа.

-          Манай улсыг дэмжиж, манай ард түмнийг үнэн сэтгэлээсээ хайрладаг тийм л хүмүүсийг эх орондоо оруулах болно.

Тэгэхлээр мусульманчууд АНУ-ыг хайрладаггүй болж таарлаа. Түүнийгээ ч зарлигаараа нотоллоо.  Ойрхи Дорнод ба Африкийн лалын 7 улс: Ирак, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Йеменээс 120 хоногоор хэнийг ч хүлээн авахгүй гэлээ.Тэр талаар цагаач иргэд хүлээн авах хөтөлбөр гэж нэг хэсэгтээ байхгүй. Ирак, Сири болон өөр бусад “тайван бус” байдалд байгаа орнуудын иргэд 90 хоногийн хугацаанд АНУ руу бүр зүглэлтгүй.

Нью-Йоркт Обамагаар толгойлуулсан дэлхийн 50 улсын удирдагчид хөнөглөж суухад ганц  эсэргүү тэдний дотор байсан нь өнөөдөр Трампын хүндэт зочинд тооцогдох биз. Тэр бол Чехийн Ерөнхийлөгч Милош Земан гэгч байлаа. Олон улсын терроризмтой тэмцэх тухай тэрээр илүү бодитой ярьсан юмсанж.

-          НҮБ нь терроризмтой тэмцэх асуудалд тун сул хандаж байна.

-          Терроризмтой тэмцэх тухай анхны үндсэн санааг 2000 онд Энэтхэг улс энд болсон чуулганаар тавьж байлаа.

-          Түүнээс хойш 16 жил өнгөрчээ. Гэтэл өнөөдрийг хүртэл олон улсын судлаачид зөвхөн терроризм гэж юу вэ гэсэн ойлголт дээр мэтгэлцсээр байна. Миний хувьд бол террорист гэдэг нь гэм зэмгүй хүнийг алж чаддаг тийм л хүн.

-          НҮБ-ын Дүрмийн 47 дугаар зүйлд заасныг ажил хэрэг болгох хэрэгтэй. НҮБ-ын цэргийн дээд командлал байгуулах тухай түүнд заасан байдаг шүү дээ.

-          Нисгэгчгүй онгоц, нисэх онгоц, нисдэг тэргээр хангагдсан олон улсын хүчнийг бий болгохыг дахин уриалж байна.

-          Бидэнд олон нутаг дэвсгэрийг хамарсан ажиллагаа явуулах шаардлагагүй. Учир нь Ирак, Сири, Ливи улсууд гээд эмгэнэлт туршлага бидэнд олон бий. Бид тэдгээр улсуудад  юу ч устгаж чадаагүй, юу ч барьж чадаагүй.

-          Иймд нутаг дэвсгэр эзлэх гэх асуудлаа орхих хэрэгтэй.

-          Хүмүүсийн биед нь ч халдах хэрэггүй. Харин тэдний уураг тархинд юм хийж өгөх хэрэгтэй.

-          Терроризмтой тэмцэх тал дээр амжилт олохын тулд НҮБ-ын гишүүн бүх орнуудчармайх нь зүйтэй.

-          Терроризмгэдэг бол хорт хавдартай адил. Учир нь хорт хавдрын үед хавдар бусад эд эрхтэн рүү үсэрхийлдэг. Энэ нь хавдрын голомтоосоо ч илүү аюултай.

-          Хэдхэн жилийн өмнө “Лалын улс”-ын хяналтад байсан улс орон хуруу дарам цөөн байв. Тодруулбал 6 улсыг нэрлэж байв. Гэтэл өнөөдөр энэ тоо 35 улс болжээ.

-          Нэг жилийн өмнө би НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлсэн. Тухайн үед алан хядагчдын  эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хүчирхэг болгох хэрэгтэйг би хөндөж ярьсансан. Түүнээс хойш Парис, Брюссель, Стамбул, Мюнхен, Ницца, Нью-Йорк хотуудад халдлага үйлдлээ.

-          Одоо бид хэдий хугацаанд эв нэгдлийн тухай ярьж, хэдэн биендээ эмгэнэл илэрхийлж суух вэ?

-          Бид төөрөгдлөө арилган, зоригоо чангалж, шийдвэртэй үйлдэл хийх хэрэгтэй бус уу?

Дээрхиэс Трамп, Земан хэмээх хоёр реалистыг олж харлаа. Гэвч үйл явдал ноцтой тал руугаа нэгэнт орчихсон, тэртэй тэргүй үргэлжлэх процесс учраас. Европынхны хоёр үйл явдлаас тольдоё.

НҮБ дээр яригдсан уяралын үгсийн хариу болгож ойрын гурван жилд Европын Холбоо 5 сая дүрвэгсэд шинээр хүлээн авахаар бэлтгэж эхлэв гэх мэдээлэл Европын Комисс тараасныг германы Bild сонин саяхан мэдээлжээ. Брюссельд Европын Холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд нэг оройжингоо ярьж ярьж, маргаж маргаж “5 сая” гэх тоон дээр тогтжээ.Сири, Умард Ирак дахь хямралын нөхцөл байдал, Ойрхи Дорнодын хямралын үр дүнд 5 сая хүн дүрвэж Европт очно, харин гурван жилийн дараанаас хямралыг царцаах, болж өгвөл намжаах үйл явц эхэлнэ хэмээн Bild сонинд Ральф Шулер гэх нөхөр бичсэн байх аж. Дүрвэгсдийг Европт нэмж оруулахгүй гэхдээ Европын Холбоо 1.8 тэрбум евро Африк руу, нэг тэрбумыг Турк руу, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд руу мөн нэг тэрбумыг,  Frontex гэх европын хилийн агентлаг руу мөн тодорхой хэмжээний евро зарлагадах ажээ. Төсвийн зарцуулалт ч огцом өсөх болж байна. Дүрвэгсдэд зориулж 4.5 тэрбум евро зарж байсныг 9.2 тэрбум евро болгожээ. “Хотспот” буюу дүрвэгсдийн анхан шатны орогнох хуаранг Итали, Грек, Болгарт байгуулах, дүрвэгсдийг тэнд нь бүртгэлжүүлэн, ариун цэврийн ба халдварт өвчний үзлэгт оруулах, тэгээд дүрвэгч гэсэн статустай болсныг нь Итали, Грек, Болгараас Европын Холбооны бусад улсууд руу хуваарилах асуудал яригдаж бараг шийдэгджээ. Хэрэв дүрвэгсдийг хүлээн авахгүй гэвэл Унгар ба Дорнод Европын орнууд Европын Холбооноос гарч болно шүү дээ хэмээн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэлснийг Bild сонинд мэдээлсэн нь анхаарал татлаа. “Европын үнэт зүйлсийг хуваалцахгүй гэж байгаа тэр улс Европын Холбоонд байх эсэхээ сайтар бодож цэгнэ” хэмээн тэрээр хэлсэн болж таарлаа. Өөрсөдтэй нь ярилцалгүйгээр 120 мянган дүрвэгч хуваарилсанд эгдүүцэн гоморхож байгаагаа Словакийн Засгийн газрын тэргүүн Роберт Фико илэрхийлжээ. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан бүр эсэргүү санал сөргүүлж дэвшүүлэв. Унгар-Хорватын хил дагуу хана хэрэм босгоно гэв.

Хоёр дахь баримт. Балтийн орнууд бүр ч ориг ажиллагаандаа шилжжээ. Дүрвэгсдийн эсрэг «Европын ардын фронт» (“Euroopa Rahvusrinne”) гэгчийг байгуулаад даргаар нь Эстонийн Гадаад хэргийн сайд асан, Ардын нэгдлийн намын лидер Кристийн Оюланд гэгчийг сонгожээ. “Лалчлагдаж байгаа Европт Эстонийн эрх ашгийг хамгаалан олон улсын бодлогодоо эргэж ирлээ” хэмээн Оюланд сүржин мэдэгдсээр тэр сонгуулийг хүлээн авчээ.

-          Бид Европын Холбооны хагаралд бэлэн байх ёстой.

-          Европын ганц цул үндэстний улсуудын ирээдүйн лидерүүдтэй бид харилцаа тогтооно.

-          Би мөнгөний төлөө бус, энэ ажлыг сайн дураараа хийх болно.

-          Уугуул европчууд өөрийнхөө газар нутагт өөрийнхөө уламжлал, дүрмээр амьдрахын төлөө, Европоо Евраб болгочихгүйн төлөө бид хүчээ нэгтгэх ёстой.

Кристийн Оюландын цогтой үгс хэдхэн сарын өмнө НҮБ-ын индэр яригдсан хайр энэрэлийн үгсээс шал өмнөө, бүр эсрэгцэхээр сонсогдож байна. «Европын ардын фронт»-ын бас нэг удирдагч Марек Тоху, идэвхтэн Леон Тайванс нарын үгс ч ноцтой гэмээр баримт дүгнэлтээр дүүрэн. Одоогийн төр засаг нь өдөр хоногийг аргацаан өнгөрөөж, зөвхөн Брюсселиэс ирэх тушаал зааврыг нь дагаж биелүүлдэг болсон, суудлын галт тэрэгний хамгийн сүүлчийн вагонд суучихаад зүтгүүр нь болох Европын Холбоохэрхэн задарч, замаасаа гарч унахыг хүлээж суух хэрэг үү, цагаан арьстны христосын шашинт Европоо хамгаалахын төлөө бид тэмцэнэ гэхчлэн Обамагийн уярал шингэсэн чамин үгсийн яг эсрэгээр ярьсан байх юм.

Одоогоор монголын хэвлэлд нэг их бичигдээгүй «Европын ардын фронт» гэж ингэхэд хэн бэ? Интернэтийн мэдээллээс үзвэл 2015.07. 29-нд байгуулагдсан, дүрвэгсэд цагаачдын их урсгалыг зогсоохоор буй болсон ТББ гэж байна. Үйл олны иммиграцын эх сурвалжийн талаархи шинжлэх ухааны судалгаа, түүнд зориулсан мөнгөн хандив, иммиграцын эсрэг элдэв тэмцэл зохион байгуулах, иммиграцыг таслан зогсоох асуудлаар референдум явуулахыг шаардах үүрэгтэй байгууллага гэж байна. ТББ-ын үйл ажиллагааны хил хязгаарыг зааж өгсөнгүйг бодоход Европоор нэг тархсан биш болж таарна. Эхэндээ Балтийн эргийн гурван улс, дараа нь Дорнод Европын экс-коммунист орнууд ороод, тэндээсээ Төв Европ руу орж, цаанаас нь Францын Үндэсний Фронт, Германы төлөө альтернатив нам гэхчлэн популист үндсэрхэг нам, хөдөлгөөнүүд хүрээлээд авах юм байна гэж ойлголоо.

Леон Тайванс гэх латви профессорын хэлснээр бол, европчууд «гэрэлт маргааш»-даа итгэж найдах хэрэггүй, европын иргэншил мөхөж байгаа, европын иргэншлийн гол дайсан бол «ислам ба Ойрхи Дорнодоос хөврөх дүрвэгсэд»(mixnews.lv- портал caйт) аж. Бүр ноцтой баримтыг тэр эрдэмтэн гаргаж тавьжээ.

-          Европын Холбооны орнуудад хүүхэд төрүүлэх насны нэг европ эмэгтэйд 1.3 хүүхэд ногдож байхад Ойрхи Дорнодын лалын орнуудад энэ үзүүлэлт хэт өндөр-нэг эмэгтэйд 8 хүүхэд ногдож байна.

-          Энэ бол маш ноцтой тоо шүү.

-          Ислам бол ардчиллын ямар ч ойлголтыг хүлээн авдаггүй.

-          Европын иргэншилд учрах хамгийн том аюул юу вэ? Тэр бол бидний, манай нээлттэй байдал, хэрээсээ хэтэрсэн гуманизм, харин дүрвэгсдийн тээж ирэх лалын соёл бол манайханд эрс харшилна.

-          Өнөөдөр Та бүхэн дэлхийн улс төрийн газрын зураг дээрээс лалын ардчилсан нэг ч төр улсыг нэрлэж зааж чадахгүй. Яагаад?

-          Учир нь энэ шашин ардчиллыг угаасаа авч үздэггүй юм. Лалын итгэл үнэмшил гэдэг бол өөрийн эзнийхээ зарлигийг боолын ёсоор дагах явдал байдаг юм.

Латвийн энэ эрдэмтний бачуурал, хадуурлын үгсийг бүгдийг энд буулгалтгүй. Ойрхи Дорнодод өнөөдөр өрнөж буй олон дайн улс төрийн шалтгаанаар нөхцөлдөөгүй, харин ядуурал, өлсгөлөнгөөс үүдсэн. Европтой харьцуулахаваас Ойрхи Дорнодын хүн ам эрчимтэй өсч байна. Замбуулинд 7 тэрбум хүн ард оршин  сууж байна, түүний 2 тэрбумыг хэзээ ч цадтал хооллож чадахгүй гэхчлэн үгс бол энэ нийтлэлд хамаарахгүй.

Харин ганцхан дүгнэлт байна. «Европын ардын фронт»-ынхны бачуурлын үгс АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трампын нөгөөх зарлигтай агаар нэгэн буй...