Далайд гарцгүй Монгол “их гүрэн” хэмээн хоёр орондоо хүндэтгэл үзүүлж, тэр хэрээрээ “бага гүрэн”-ий хэмжээнд дотроо маргалдаж мэтгэлцсээр арваад жилийн нүүр үзэв. Засгийн газар солигдох бүрт одоо л “Галт тэрэг хөдөллөө” гэсээр байвч “төмөр зам хөдөлдөггүй” нь харамсалтай. Улс орныг сэхээх ч, мөхөөх ч чадалтай энэ салбар яг одоо л хөдлөх горьдлого төрүүлж эхэллээ. Ингэхдээ зөвхөн Монголд биш, анхааралтай ажиглаж байсан олон оронд, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байгаа нь гарцаагүй үнэн. 

Монголын улс төрийн дотоод нөхцөл байдал ойрын жилүүдэд байгаагүй тогтвортой байх суурь нь УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрдсэн юм. Үнэмлэхүй олонхоос бүрдсэн УИХ, тогтвортой байлгаж чадвал ихийг хийж бүтээж чадах Засгийн газар... “Мэргэжлийн” гэсэн тодотголтой, түүгээрээ ч хоёр хөршдөө эчнээ танил хүмүүс төмөр замтай холбоотой асуудлаар томоохон шийдвэрийг гаргах эрх мэдлээр хангагдлаа. Хөрөнгө оруулагчид Монгол руу эргэн харж байна.

Энэхүү гурван талт “Эдийн засгийн коридор”, энэ сэдвээр ярих бүрт гол өнцөг болдог  төмөр замын ачаа тээвэрлэлтийн асуудлын түүхийг олон нийт сайн мэдэх байх.

Гурван орны Төр, засгийн тэргүүнүүд хамгийн анх 2014 оны есдүгээр сарын 11-нд Тажикийн нийслэл Душанбе хотноо нүүр тулан уулзсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийн Төрийн тэргүүнд “гурван талт уулзалт” хийх санал тавьсан. Үүний дагуу ОХУ-ын Уфа хотноо 2015 оны долдугаар сарын 10-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт дээр мөн л Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай ганцаарчлан уулзсан. Дараа нь 2014 оны наймдугаар сарын 21-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин, мөн оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлан хагас жилийн дотор гурван улсын гадаад харилцааны түүх өвөрмөц сониноор бичигдэх болсон. Тэдний ярианы гол сэдэв нь мөнөөх л “Гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай” санал эдүгээ ийнхүү ажил хариуцсан төр, засгийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүрээнд ажил хэрэг болох гэж байгаа нь энэ.

Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цор ганц улс. Зөвхөн хоёр хөршийн нутгаар дамжин далайд гарах боломжтой. ОХУ-аар дамжин Европ руу, БНХАУ-аар дамжин Ази руу далайд гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон нь Монгол Улс.

Гэвч сүүлийн жилүүдэд энэ асуудлыг эцэслэн шийдэхгүй дотооддоо улстөржүүлэн үзсээр байсан нь Монгол Улс гэдэг зангилаа орноо алгасан Манжуур, Казахстан гэдэг сонголтыг хийхэд хүргэсэн нь манай улстөрчдийн том алдаа.

Төрийн дээд хэмжээнд хийж чадах бүхнээ хийсээр байтал улстөржсөн талцал, бизнесийн бүлэглэлүүдийн маргаанаас болж Монголд ашигтай гарцыг түлхсэнийг том гэмт хэрэг гэж үзэхэд ч буруудахгүй болов уу. Өнөөдөр энэ форумыг зохион байгуулснаар “Төрийн алдаатай шийдвэрийг засах”, “Нэгэнт суурь нь тавигдсан боломж гарцаа ажил хэрэг болгох”, энэ бүхэнд хамааралтай бүх л объектив, субъектив талуудыг оролцуулан Монгол Улсад транзит тээврийг хөгжүүлэх, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх Монгол төрийн баттай итгэлийг буй болгох, түүний эхлэлийг тавьж ажил хэрэг болгох шинэ боломж гарч ирж байна.

Цаашид, Засгийн газрын төлөөлөл бусад оронд очиж улсаа, байгууллагаа, салбараа төлөөлж байр сууриа илэрхийлээд ирэхэд түүнийг нь Монгол төрийн эрх барих дээд байгууллага үгүйсгэсэн шийдвэр гаргаж “Монгол сайдын үг эргэлзээтэй” гэсэн ойлголтыг үүгээр цэглэх ёстой. Монгол сайдын үг, Монгол төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-ын шийдвэр нэг байх болно гэдгийг хөрш орнууддаа, харилцагч байгууллагууддаа төрүүлж байж энэ том ажил цааш үргэлжлэх учиртай. Үүнийг “Транзит Монгол-2017” форумд оролцогчид ойлгож итгэж үлдэж чадвал бидний хийх эхний алхам тэр.

Яг ийм торгон мөчид “Транзит Монгол-2017 форумыг энэ сарын 7-нд зохион байгуулахаар Бээжинд товложээ. Уг форумыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн  “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо,  БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучлалын  холбоо хамтран зохион байгуулах аж.  Манай талаас Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Тээвэр зуучийн компаниуд оролцох юм. ОХУ-аас “Оросын төмөр замууд” НХН-ийн төлөөлөл, Холбооны Гаалийн албаны төлөөлөл оролцох нь.

Харин Хятадын талаас тус улсын Хөгжил шинэчлэлийн хороо, Гадаад хэргийн яам, Худалдааны яам, Улсын төмөр замын газар, Төмөр замын ерөнхий компани, Ачаа илгээгч орон нутгийн Ардын засгийн ордон, мөн Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, Нүүрсний холбоо, Мод, модон материалын худалдааны холбоо Нефтийн компаниудын холбоо, Тээвэр зуучлалын компаниуд нь оролцохоор болжээ.

“Транзит Монгол 2017” форумын үеэр гурван орны төрийн тэргүүний айлчлалын үеэр тасралтгүй ярьсаар ирсэн Монгол Улс, БНХАУ, ОХУ –ын хэлэлцээрийн үр дүнд тээврийн салбарын томоохон төслүүд хэрэгжүүлэх, Монгол-БНХАУ хооронд төмөр замын шинэ гарцуудыг нээх, Замын-Үүд, Эрээний хилийн төмөр замын гарцын технологийн горимыг шинэчлэх, Дамжин өнгөрөх төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүн дотроо Хятадын талаас богино хугацаанд их хэмжээгээр нэмэгдүүлэх, Тарифын уян хатан бодлого, технологийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж үр дүнд хүргэнэ. Мөн гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах төсөлд хамрагдсан төмөр замын төслүүдийг ажил хэрэг болгох итгэл одоо л ажил хэрэг болох цаг нь ирсэн. Үүнд гадны хөрөнгө оруулагчид ч итгэж анхааралтай ажиглаж байна. Тун удахгүй транзит тээвэр ч хөгжиж, хөрөнгө оруулалт ч Монгол руу урсах болно. Одоо үүнд улстөржилт саад болсон хар өдрүүд ард үлдсэн.