УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо лхагва гаригт мэдээлэл хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх сануулга асуулга явуулах болсноо зарлав. Зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар /төрийн ордонд/ явуулахаар тов тогтоожээ. Төрийн ордонд мөртлөө орон даяар гэснээс үзвэл нэг хэсэг нөхөд төрийн ордонд чуулж, бусад нь зурагт, радиогоор шууд дамжуулалтыг нь үзэж, сонсох юм байна гэж ойлголоо. Зөвлөлдөх санал асуулгад оролцох 1570 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон гэнэ. Эхний шатны санал асуулга мөн өдрийн орой 17.00 цагт эхэлсэн бөгөөд дээрх 1570 иргэний 50 хувийг нь мөн л санаандгүй түүврийн аргаар сонгож, эцсийн шатны санал асуулгыг төрийн ордонд явуулах юм байна. Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдийн дунд явуулах санал асуулгын асуулт эцсийн байдлаар гарна гэсэн үг.

Зөвлөлдөх санал асуулгыг “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад заасан зургаан сэдвийн хүрээнд явуулах юм байна.

1.УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах:

2.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох:

3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх:

4.Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх:

5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах:

6.Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага буюу Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах.


Эхний хэсэгт Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байхаар хязгаарлах, Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгахаар,

Хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас /УИХ-ын 76 гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт гишүүд/ сонгож, бүрэн эрхийн хугацаа зургаа жил байх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах,

Гурав дэхь хэсэгт төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх,

Дөрөв дэх хэсэг нь Үндсэн хуулийн 57-р зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэснийг “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн хаярьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг, хот нь хороонд хуваагдана” гэж өөрчлөхөөр санал оруулсан байна. Эдгээр нь үндсэндээ өмнөх парламентуудын үед Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр хөндөгдөж байсан зүйлүүд мөн л дөө.

Харин тав дахь хэсэгт “Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох” гэдэг саналыг шинээр нэмж оруулсан байна. “Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага” гэдэг нь одоо байгаа АТГ лав яавч биш. Харин хуучин Ардын хянан шалгах хороо гэж байсантай адил нэг төрлийн хяналтын байгууллага юм шиг байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” буюу зургаа дахь хэсэг. Энд АИХ ба УБХ-ын эрх хэмжээ, чиг үүргийг өмнөх хэсгүүдтэй адил нарийвчлан зуралгүйгээр зөвхөн “нээлттэй хэлэлцэх” гээд орхисон байгаа. Өөрөөр хэлбэл ажлын хэсэг дээр боловсруулагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд хоёр танхимт парламент буюу АИХ, УБХ-ын тухайд огт юу ч байхгүй гэсэн үг. Гэтэл яагаад санал асуулгын сэдэв дотор гэнэт үсрээд ороод ирэв?

МАН ДАРГЫН "БООРЦОГ"

Саяхан болтол МАН-ын пиарчдын зүгээс “АИХ-ыг дахин байгуулна гэдэг чинь коммунизм руугаа буцна гэсэн үг. Э.Бат-Үүл чинь жинхэнэ зүсээ хувиргасан коммунист байж” гэдэг ухуулгыг маш идэвхийлэн хийж байлаа /сайн талаас нь харъя гэвэл МАН-д ч гэсэн коммунизмыг жигших үзэл бий болсон нь олзуурхууштай л юм/ Дээр нь нэмээд “Э.Бат-Үүлийн хүү оффшор данстай” гэдэг гүтгэлгийг хүртэл нэлээд цараатай тараасан. Харин УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаад ирсний дараа уур амьсгал огцом өөрчлөгдөв. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуулгад хоёр танхимт парламент, АИХ-ын асуудал ороод ирлээ.

Мөн саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албатууддаа үүрэг өгч “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд хурааж авсныг уншигчид санах байх. Олон нийт гайхшаа барж ”МАН-ын малуудыг хар даа. Шүүхийн тогтоолгүй хүний өмч хураагаад авчихлаа. Хаа хүрнэ гэж ингэдэг байна аа” хэмээн шогширч байна. Гэтэл үнэндээ бол цаадуул чинь тийм ч “мангар” хүмүүс биш юм билээ л дээ. Санаатай хийсэн буруу үйлдлээ санаандгүй мэтээр далдалж, хариуцлагаас зугтах арга нь энэ юм. Жаахан мангардуу харагдах...

Яг үнэндээ бол МАН-ын гишүүд тойрогтоо ажиллах явцдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах тухай УИХ-ын шийдвэрийн талаар орон нутагт иргэд ямар бодолтой байгааг тандаж яваад ирсэн хэрэг. Угаасаа олонхи нь ажилгүй, ажил хийгээд ч авдаг цалин нь амьжиргаандаа хүрэлцэхгүй бухимдсан иргэд тэдний хүссэнчлэн “Хулгайд алдсан юмаа хурааж авах нь зөв” гэж л дээ. Тэгээд л УИХ-ын сонгуулиар нэг удаа хийсэн мэхээ өнөөдөр гүйцээж байгаа хэрэг. Хулгайлагдсан өмч эзэндээ ирлээ. МАН дахиад ялах нь гарцаагүй. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан сайхан шоу. Сонгуулийн дараа “Эрдэнэт”-ийн хувь заяа хэрхэх хийгээд хууль ёсны өмчлөгчид нь яах ийх огтоос падгүй. Хоёр дахь нь одоо яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлт буюу АИХ.

Хэрвээ МАН-д үнэхээр л Үндсэн хуулийг өөрчлөх, тэр дундаа одоогийн тогтолцоогоо өөрчилж хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжих хүсэл эрмэлзэл байсан бол санал асуулгын агуулга болоод дэс дараалал анхнаасаа огт өөр байх байлаа. Гэтэл хуулийн төслөө одоогийн тогтолцоондоо зориулж биччихээд /1, 2-р хэсэг/ төгсгөлд нь гэнэт “АИХ-ын асуудлыг нээлттэй хэлэлцэх нөхцлөөр хангана“ гэдэг өгүүлбэрийг нэмэлтээр оруулж ирсэн нь “өлссөн хүнд өөх үзүүлэх”-тэй л ижил юм.

Учир нь сонгогчдын дийлэнх олонхи нь одоогийн тогтолцоондоо итгэж найдахаа больсон. Парламент гэдэг чинь төрийн дээрэмчдийг хаацайлдаг бат бэх цайз юм байна, Монголын төр олигархийн буюу мөнгөтэй цөөнхөд үйлчилдэг төр болсон гэдэгт хэн ч эргэлзэж тээнэгэлзэхээ больсон. Тийм итгэл үнэмшилтэй болсон хүмүүсээс санал авах ганц арга нь “АИХ” гэдэг үг болж байна л даа. Түүнээс биш АИХ-ыг дахин байгуулах эсэх нь МАН-д сонин биш. Харин сонгууль болтол энэ үгийг яаж ийгээд өөртөө, намдаа наах нь чухал. Үүний тулд хуучин АИХ-д байсан зарим хүмүүсийг ажлын хэсэг, зөвлөлдөх зөвлөлд оруулж “нүүр хийж” байна л даа. Гэвч шийдвэр гаргах хүмүүс нь тэд биш шүү дээ. Сонгуулийн дараа бүх зүйл эргээд байр байрандаа очино.

Уг нь АИХ-тай болох тухай яриа дөнгөж өнөөдөр гарч ирсэн зүйл биш. Өнгөрсөн оны есдүгээр сард үүсгэн байгуулагдсан АИХ хөдөлгөөнөөс ч эхтэй юм биш. Хамгийн наанадаж 2010 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “УИХ-ын 76 гишүүн хэтэрхий цөөн байна. Хэтэрхий цөөхөн хүний гарт төрийн дээд эрх мэдэл очсон байна. Төрийн эрхийг ард түмэнд жинхэнээсэ өгье гэвэл парламентын хоёр танхимтай болж, АИХ-ыг байгуулъя” гэж ярьж, бичиж байв. Саналын түвшинд боловсруулагдсан нь бүр 2005-2006 оноос эхтэй. Харин өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ санал санаачилга иргэдийн түвшинд бууж ирж, нийтийг хамарсан хөдөлгөөн болон өрнөсөн. Гэтэл жинхэнээсээ “хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжье, ард түмнээс сонгогдсон АИХ нь төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль тогтоох эрхийг нь илүү мэргэшсэн, парламентын доод танхимд нь өгье” гэж ярьж, нийгмийг уриалсан хүмүүс нь өнөөдөр хашааны гадна үлдчихээд УИХ руу захиа шидэхээс цаашгүй сууж байна.

Хэрэвзээ МАН үнэхээр л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулья, нийгэм, цаг үеийнхээ хөгжлийн хурдыг гүйцэлгүй улдаж хоцроод байгаа зүйлүүдийг нь засч залруулья, тэр дундаа тогтолцоогоо эргэж харъя гэсэн бол маргаантай асуудлаар хамгийн түрүүнд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хэлэлцээрийн ширээнд суух ёстой байлаа. Тэнд нь АИХ хөдөлгөөнийнхөн ч бас суугаад мэтгэлцэх ёстой шүү дээ. Харамсалтай нь тэгсэнгүй. 

Нэлээд буурьтай, эрдэм номтой хүний хэлсэн нэг алт шиг үг бий. “Мэдээлэлгүй иргэдээс юм асууж, тэдний үгээр сонголт хийх нь шинэ фашизм мөн. Энэ хүмүүсийн саналыг ашиглаж, эрх мэдэл, дур зоргоо тогтоохын нэр юмаа” гэж. Сая УИХ-аас гаргасан шийдвэр, санал асуулгыг зохион байгуулж байгаа байдал нь яг л энэ ашиг сонирхлын золиос болж байна. Сонгосон 1570 хүнийхээ тархийг сайхан угааж байгаад санал асуулгын дүнг эрх баригчид өөртөө ашигтайгаар гаргана. Хууль тогтоогчид өөрсдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө яг одоогийн тогтолцоондоо зориулаад биччихсэн байхад иргэд “АИХ-тай болъё” гэх нь бараг боломжгүй. Зөвлөлдөх зөвлөл гэдэг нь энэ ухамсрыг иргэдийн тархинд хийж өгөх үүрэгтэй. Үр дүн нь “Иргэдээс асуусан уу, асуусан. АИХ байгуулах асуудлаар санал асуулга явуулах шаардлагагүй гэж иргэд өөрсдөө хэлсэн шүү дээ” гээд гүйцээ. Хонь бүрэн, чоно цатгалан.

Эсрэгээрээ энэ 1570 хүн үнэхээр МАН-ын манипуляцийг /тархи угаалт/ даван туулаад “Ерөөсөө АИХ-тай л болъё, Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг та нар дахин бич” гэлээ гэж бодъё. М.Энхболд нь “АИХ-ыг дахин байгуулж, төрийн эрхийг ард түмэнд өгнө өө” гээд сонгуульдаа орно, магадгүй гарна. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө эргүүлж татна, дахин ажлын хэсэг байгуулна, шинэ төсөл боловсруулна. Тэгж байтал УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусна, М.Энхболд гуай ч суудлаасаа бууна. “АИХ” гэдэг үг МАН-ын даргын ард түмэнд үмхүүлсэн амттайхан “боорцог” болоод л үлдэнэ. Угаасаа тэдэнд өөрт байгаа эрх мэдлийг иргэдтэй хуваалцах хүсэл огтоос байхгүй. Харин ч илүү их эрх дарх олж авах, үүгээрээ дамжуулж хөрөнгө хүчээ улам зузаатгахыг л хүсч байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт гэх МАН даргын “боорцог”...