ГУРАВДУГААР  ХЭСЭГ


Орь ганцаар бол далайг яаж туулах
Олон түмэнгүй бол хорвоог яаж элээх.
Ардын үг


Д.ТӨРМӨНХ: Чиний амьдралыг эргээд харахад зураач, тамирчин, бизнесмен, улстөрч гээд их олон дүр харагдах юм. Дүрслэх урлагаас спортод, дараа нь бизнест, тэгээд улс төрд орсон түүхийг чинь бүр эхнээс нь маш тодорхой яриулмаар байна.

Х.БАТТУЛГА:
Би, яахав, Яармагийн буюу гэр хорооллын л хүүхэд шүү дээ. Аав маань бөхийн засуул болохоор, ухаан орсон цагаасаа л бөх үзэж эхэлсэн байж таарна. Манай дүү Баттуул чөлөөт бөхөөр арай эрт хичээллээд 19 настайдаа улсын аварга болоод, гадаад яваад л, ахдаа бохь өгөөд л, чихэвчний хөгжим авчирч үзүүлээд л, зурагтай футболк бэлэглээд л ...Тэгээд яахав би “Хөдөлмөр” нийгэмлэгт чөлөөтийн дугуйланд яваад очтол Намшир багш тосч аваад шуудхан л “Чи самбо, жүдогоор л явна” гээд Жадамба, Буядаа багшид хүлээлгэж өгөөд би нэг жил бэлтгэл хийв ээ. Тэгээд би чинь шууд хотын аварга, улсын аварга болоод, 1983 онд дэлхийн аваргын тэмцээнд оролцох болж, гадаад явах зорилготой л бөх хөөсөн нөхөр чинь хорьтойдоо гадаад ч явж үзэв. Бүр бодсоноосоо ч илүү дэлхийн аварга болчихсон хэрэг шүү дээ. Энэ чинь Дүрслэх төгсөөд, танай аав Доржханд гуайн даргалж байсан Хотын салбарт ажиллаж байх үед л болсон үйл явдал юм . Аав чинь нэг их том том алхаж явдаг хүн байж билээ. Талийгаач Баатар дүүтэй чинь их адилхан хүн байсан сан. За, тэгээд Дэлхийн аваргад гурван удаа, дэлхийн цомд бас гурван удаа орсон. Хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэлтэй болоод л бөхийн спортыг орхисон гэж болно. Орхих ч гэж дээ, наймаа хөөгөөд явчихсан. Анхны алтан медаль авах үедээ “Би дэлхийн аварга болчихсон ч байргүй хэцүү байна аа” гэж хотын дарга , самбо бөхийн холбооны ерөнхийлөгч байсан Л.Энэбиш гуайд хандсан хэрэг л дээ... Тэгсэн чинь “Дахиад нэг алтан медаль авчих, тэгээд байр өгье” гэсэн юм шүү дээ. Ингээд хоёр дахь алтан медалиа1988 онд Улаанбаатарт болсон дэлхийн цомоос аваад, байртай болж байлаа... Байртай болох гэж мөн ч их жин хассан даа...Бас нээрээ 19 настай байхдаа л “Советский спорт” сонинд гарч байлаа, би чамд өгнөө... Зураачийн тухайд чи бидний мэргэжил байсан. Урлагийн сургуулиас их юм сурсан. Хүнд маш их юм өгдөг газар. Чи бид нар тэндээс л их юм сурсан даа. Аливаа зүйлийг өөр нүдээр харах дадал олсон. Бусдыг аялдан дагадаггүй маань ч энэ мэргэжилтэй холбоотой. Ер нь зураачид бусдыг дагаад байдаггүй. Өөрийн гэх ертөнцтэй болдог. 1990 оны Ардчилсан хувьсгалд маш олон уран бүтээлч оролцсон. Анхны хуралд дандаа манайхан босч, эхний үгүүдийг хэлсэн байдаг юм. Чи ч мэдэх байх хонгилдон хочит Цэгмид, одоо байгаль зурдаг ганц зураач Хүрлээ байна...Цэгмид гэхэд л атаман бас биднээр баахан лоозон бичүүлнэ. Анхны цуглаануудад ч дандаа л урлагийнхан байсан биз дээ. Ер нь анхны цуглаан бол Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнөөс л үүссэн гэхээр уран бүтээлчид түүчээ байсантай хэн ч маргахгүй байх.

Д.ТӨРМӨНХ: Тийм шүү дээ. Нээрээ Цэгмид үгээ хэлэхдээ уйлаад л, чи тэгэхэд бас нэг үг хэлчих санаатай микрофоны ард дугаарлаад л...тэгсэн бөөн хүн орилолдоод л...

Х.БАТТУЛГА:
Зураач гэдэг бараг л алдар хэргэм шиг том нэр, даанч харамсалтай нь би сайн зураач биш л дээ. Уг нь бол би улс төрч ч биш, хуульч ч биш. Хувийн хэвшлээр өнөөгийн амьдрал, эрх чөлөөгөө олж авсан, ардчилалд үнэнч бизнесмен л хүн. Гэхдээ улс төргүйгээр, бодлогогүйгээр улс орон урагшаа явахгүй. Өнөөдөр зүгээр л нам дамжсан хэдэн хүний л хүсэл шуналаар энэ улс орны бодлого, хамаг баялаг бүгд тэдний гарт ордог маш хачин бүтэцтэй, мафийн шинжтэй сүлжээ энэ улсыг хэрчихлээ. Ийм байхад яаж амиа бодоод мөнгө ашиг хөөгөөд явах билээ дээ. Улс төрч бол нуруун дээрээ олон юмыг зэрэг үүрч явдгаараа зураач, тамирчин, бизнесменээс өөр юм л даа.

Д.ТӨРМӨНХ: Амжилттай бизнес хийгээд, мөнгө гэдэг юмыг үзэж ханалаа гэх бодол төрж байсан уу? Би хувь хүнийг чинь сайн мэдэх учраас ийм нэг зүйл мэдрээд л улс төрд орсон байх аа гэж боддог юм...

Х.БАТТУЛГА: Мэдэхгүй. Чингисийн хөшөөг босгочихоод тэгж бодсон байх шүү. Тэр хөшөөнөөс хойш л нэг тийм, “Улс орноо бодъё, компани яахав нэг салхинд л дампуурна. Ядаж хааныхаа хөшөөг босгож хийморио сэргээгээд болъё” ч гэх ухааны юм бодогдож байсан үе бий.

Яахав, би чинь уран бүтээлч хүн биз дээ? Тэгээд нэг том бүтээл хийе гэж бодсон хэрэг шүү дээ. Эрдэмбилэгийг чи сайн танина. Бидний санаа их нийлдэг.

Д.ТӨРМӨНХ: Одоо “Их Майдар” төсөл гэж арван тэрбум долларын өртөг бүхий шинэ хот, магадгүй хорин нэгдүгээр зууны Монголын шинэ Нийслэл ч байж болох төсөл эхэлчихээд явж байгааг маань бүгд харж байгаа шүү дээ.

Х.БАТТУЛГА: Улс төрд орсон хүний нэг том өөрчлөлт бол амиа бодох, эсвэл компанийнхаа хэдэн хүний амьдралыг бодох биш, гурван сая хүн яавал сайхан амьдарч болохыг бодохоос өөр аргагүй болдог юм байна. Компани яахав, дампуураад алга болно. Ийм түүх маш олон бий шүү дээ. Delphi гээд АНУ-ын хамгийн том авто машины эд анги үйлдвэрлэгчдийн нэг байсан ч 2005 онд дампуурчихсан, Delta Airlines АНУ-ын бас л хамгийн шилдэг, хамгийн ашигтай агаарын тээврийн компани байсан ч хатуу өрсөлдөөнд ялагдаж бас л дампуурсан, WorldCom Inc гээд АНУ-ын 20 гаруй сая хэрэглэгчтэй, 80,000 ажилтантай аварга компани байсан $ 100 тэрбумын хөрөнгөтэй АНУ-ын хамгийн том, хамгийн алдартай компани бас л дампуурсан, General Motors байна. Дэлхийн 157 оронд үйл ажиллагаа явуулдаг 209,000 ажилтантай компани АНУ-ын Засгийн газар санхүүгийн тусламж үзүүлсэн ч 2009 онд дампуурсан гэх мэтээр яривал олон компани байдаг. Санаанд байгаа нь л энэ шүү дээ... Өө тийм Lehman Brothers 600 тэрбумтай дэлхийн хамгийн том санхүүгийн корпорациудын нэг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаар сүйрчихсэн... Юу үлдэх юм бэ? Тэгэхээр үлдэцтэй, үр хойчоо бодсон юм сэдэх, хийх хэрэгтэй.

Д.ТӨРМӨНХ: Анх хэзээ яг сая доллартай болж үзсэн бэ? Яагаад ийм тэс хөндлөн юм асууж байна вэ гэвэл, уншигчдад сонин байж мэдэх нэг зүйл санаанд орчихлоо л доо. “Нохой орон”-г хийгээд бид нар танай оффист байсан нэг орой чи хаанаас ч билээ дээ ирээд өрөөндөө намайг дуудсан. Тэгээд “Сая доллар харах уу?” гээд өнөөх алдарт хүрэн улаан цүнхээр дүүрэн доллар үзүүлж байсныг санадаг юм...

Х.БАТТУЛГА:
Мөнгө, яахав, гурван янз байх шиг. Тоон мөнгө, тэгээд харах мөнгө, бас барьж үзэх мөнгө гэж. Тоогоор бол нэлээд эрт сая доллартай болсон. Тэр орой хаанаас яагаад нэг сая доллар бэлнээр оруулж ирээд байснаа санахгүй нь. Тийм юм ер нь олон болж байсаан. Анх биднийг наймаа хийж байх үед дээд талын дэвсгэрт л 500 байсан болохоор хэдэн машинаар мөнгө зөөж, өдөрт нь доллар болгохгүй бол хадгалах сав, сейф олддоггүй байсныг чи бол мэднэ дээ. Том шкаф нээхээр л мөнгө нурж орж ирээд байдаг байсан шүү дээ. Гэхдээ хүн тийм их мөнгийг харж байж, барьж байж л сэтгэл нэг юм цайдаг шиг байгаа юм. Тэр үеийн бэлэн мөнгө олдог зүйл архи, баар, диско л байсан. Түүгээр олсон мөнгөө яваандаа үйлчилгээнд оруулсан даа. Шар такси, супер маркет, цэнгээний клубууд нээж байгаад хувьцаа руу орсон.Бөх бол нэг талдаа амар. Нэг хүнтэй л барилдана. Улс төр бол, бүү мэд ээ, хэдэн хүнтэй ч зэрэг барилдах болдог юм бэ дээ...

Д.ТӨРМӨНХ: Жүдо бөхөд маш их сэтгэл тавьдагийг чинь мэдэхгүй хүнгүй болжээ. Спортын энэ төрлийг дэлхийн энд хүртэл нь хөгжүүлж байгаа зүтгэлд чинь төрөөс дэмжлэг үзүүлдэг юм уу? Зардал мэдээж гарна?

Х.БАТТУЛГА:
За наадах чинь их урт яриа болноо. Зовлон яривал их юм бий.

Д.ТӨРМӨНХ: Чи Монгол Улсын гурван Ерөнхий сайдтай хамтарч ажилласан. Спортыг хамгийн их ойлгодог нь хэн байсан бэ?

Х.БАТТУЛГА:
За бараг л ойлгохгүй дээ. С.Баяр л “Жүдо бөх овоо амжилт гаргаж байна шүү” гэж ганц л өгүүлбэр хэлж байсан байх.

Д.ТӨРМӨНХ: Ерөнхийлөгч нараас?


Х.БАТТУЛГА: Ц.Элбэгдорж их зориг гарган байж олимп, ДАШТ-ий медальтнуудад насан туршийн урамшуулал олгох зарлиг гаргасан шүү харин.

Д.ТӨРМӨНХ: МЖБХ-ны жилийн төсөв хэд байдаг вэ?

Х.БАТТУЛГА:
Янз бүр дээ. Олимпийн өмнөх жил их гарна. Ер нь бол дөрвөн тэрбум орчим төгрөг гарах нь бий... Би МЖБХ-ны ерөнхийлөгчөөр 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадам хүртэл ажиллаад “зодог тайлна” гэж бодож байгаа.

Д.ТӨРМӨНХ: Чи зарим жил улсын баяр наадмын бөхийн барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж үздэг. Шулуухан асуухад хэдэн хүнийг дэмжиж цолд хүргэсэн бэ?

Х.БАТТУЛГА:
Орчин үеийн зарим залуус, гадаадынхан хэзээ ч ойлгохгүй нэг тийм онцлог Монголд байна. Сонгуулиар явж байхад нутгийн хүмүүс “Манай Баянхонгор улсын цолтой бөхгүй боллоо” гэж их ярьдаг. Нэг бие муутай өвгөн хүртэл утсаар “Чи улсын нэртэй засуул хүний хүүхэд. Ахыгаа амьдад нутгаасаа улсын цолтой бөх төрүүлмээр байна” гэж ярьж байх жишээтэй. Тэр өвгөн өөрийнхөө биед биш, бөхөд санаа зовж байгаа нь Монгол бөхийн орон гэдгийн нэг том баталгаа, тод илрэл юм даа. Тэгэхээр нь би улсын цолтон төрүүлж өгөхөө амлана биз дээ? Сонгогдсоны дараа амлалтаа биелүүлэхээс өөр аргагүй. Энэ утгаараа гурван бөхийг дэмжиж улсын цолд хүргэсэн юм байна.

Д.ТӨРМӨНХ: “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо аавынхаа тухай яриад уйлсныг чинь олон хүн санаж байгаа байх...

Х.БАТТУЛГА: Бурхан болсон эцгээ ярихад эвгүй л болдог юм байна лээ. Лхагвасүрэн гуай ч бас л палхийтэл асуусан шүү. Эцэг эхээ хайрладаггүй хүн хэнийг ч хайрлахгүй шүү дээ... Бодлоо нийтлэл болгодог санаатай. Бид энэ насандаа ердөө өр л төлөх гэж ирдэг бололтой.

Д.ТӨРМӨНХ: Нээрээ нийтлэлүүд чинь их сайн болдог шүү. Энэ номонд ч заримаас нь орж байгаа. Зарим хүн бараг л Баабараар бичүүлдэг гэх юм билээ?

Х.БАТТУЛГА:
Хэ хэ, Баабар юу боллоо гэж надад бичиж өгөөд л байхав дээ... Тийм юм гэж юу байх вэ. Би өөрөө бодсон санаануудаа тэмдэглээд Р.Батсайханд өгч өнөөхөө цаасан дээр эхэлж буулгуулаад өөрөө суудаг. Засдаг, нэмдэг, тэгээд хэн нэгнээр дахиж хянуулаад л гаргадаг, ийм л юм. Их хуралд суух үеэс л бичих болсон. Яагаад гэвэл тэнд их юм боддог болох юм аа. Төрд орохоор олон мэдээлэлтэй ойртоно. Сэтгэн бодох цараа хамаагүй нэмэгдэнэ.

Д.ТӨРМӨНХ: МоАХ-ны дарга болсонд чинь би хувьдаа баяртай байдаг. Тэнд нэгэн цагт хамт байсан болохоор.

Х.БАТТУЛГА: МоАХ гэж том байгууллагыг толгойлж байгаагийнх зүтгэлгүй болохгүй, тэгээд ч миний зах зээлд анх хөл тавихдаа байрлаж байсан газар шүү дээ. Баянхонгор аймаг бол аав, ээжийн минь нутаг. Амьдад нь гийгүүлж чадаагүй ч, нутаг орныг нь өөд татчих юмсан л гэж чин сэтгэлээсээ бодож чармайх юм. Гэхдээ үнэндээ их хэцүү байна. Би хоёр салбарт сайд хийх үедээ “энэ улс орон, энэ яам ямар ч бодлогогүй юм байна” гэдгийг олж хараад хэд хэдэн том төсөл бодлого боловсруулсан. Маш хүчтэй баг ажиллаад, судалгаа дүгнэлт тооцоо хийгээд бүгдийг гаргаад өгсөн. Төмөр зам л гэхэд, 1949 оны 11 дүгээр сарын 7-нд хуучнаар Октябрийн баярын өдөр анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо ирж ёслол төгөлдөр хүлээн авчээ. Түүнээс хойш төмөр замын талаар ямар ч тодорхой төрийн бодлогогүй байсныг нь бодлоготой болгоод УИХ-аар 2010 онд батлуулж чадсан ч, өнөөг хүртэл нэг цент ч тэр ажилд өгдөггүй ээ. Тэгэхээр би одоо яах вэ? Сайншандын аж үйлдвэрийн парк, зүүн зүгт тавих төмөр зам гээд өчнөөн л ярьсныг минь цөмөөрөө л мэдэж байгаа. Хөдөө байгаа хүмүүсийг нэг дор суурьшуулаад халуун устай, дотуур байртай, эмнэлэгтэй газарт амьдруулах “Шинэ сум” төслөө Баянхонгорт эхлээд байгуулчихлаа. Өмнөд хилээр цөмрөөд найман газраар нүх гаргаж түүхий нүүрс хямд зөөх гээд байна шүү гэдгийг ойлгуулах гээд өчнөөн л хичээлээ. Аанай л бүтсэн, төр засгаас дэмжигдсэн юм одоогоор алга. “Эм-Си-Эс” гэдэг компанитай л хоол булаацалдаад байна гэж мушгиад байх юм байна шүү дээ.

Д.ТӨРМӨНХ: Ер нь хэн чамайг улс төр рүү түлхэж орхив оо?

Х.БАТТУЛГА: Анх яахав дээ, бизнес эрхэлдэг гайгүй ч болчихсон.Чи өөрөө мэднэ, Ардчилсан холбоон дээр байрлаж байсан цагаас л нэр дэвшигчдэд хандив өгдөг байлаа. Өнөөдүүл нь яг л ард олонд ярьдагаа надад яриад гардаг ч, гарангуутаа таг болчихдог. Утсаа ч авахаа байчихна. Бүүр дээр үед Ардчилсан намдаа 100,000 доллар анх өгч байлаа. Олон хүнд тусалсан. Жишээ нь Хууль Зүйн сайд байж байгаад унадаг Х.Тэмүүжин оюутны байранд амьдардаг, авгай нь жирэмсэн гээд Эрдэнэбүрэн дагуулж ирэхээр нь ядарч яваа эр байна гээд байр хүртэл авч өгж байлаа. Ийм юм зөндөө болсон... Ингэж байж байгаад 2004 онд өөрөө дэвшвэл яасан юм бэ гэж бодож эхэлсэн. Тэгээд Ардчилсан намаас тойрог олдоогүй болохоор “Эрэл”-ийн намаас Баянхонгорын нэг тойрог олдоод дэвшсэн, товчдоо ийм л юм. Мэдээж гэхдээ бас өөр шалтгаанууд бий... Яг түлхээд оруулчихсан хүн бол байхгүй.

Д.ТӨРМӨНХ: Одоо тэгээд танай нам аваад өөрчлөгдөв үү?

Тэрээр инээмсэглэн “самуун” үгээ хэлэх гэж байтал утас дуугарлаа. Баттулга утсаар ярьсаар өрөөн дотуур холхиж эхлэв. “Баянгол” зочид буудлын арын хуучин цагт ч оффис байсан хэсэг дэх түүний өрөөнд бид хоёр ийнхүү ярилцаж суусан юм. Гол том ширээний ард бурханч лам Пүрэвбатын бүтээсэн Чингис хааны хатгамал хөрөг залжээ. Ханаар нь эгнэх жижиг гэрлүүд бүхий хар өнгийн, шоо дөрвөлжин тавиурууд дээр элдэв цом, жижиг баримал тэргүүтнийг өржээ. Бас тэртээ ард нэг мухрын өрөөнд бурхан тахил тэргүүтэн байхыг олж хараад би анх яльгүй гайхсан билээ. Гайхах минь ч илүүц юм даа. “Их Майдар” хот, дэлхийд гуравт орох том Майдар бурханы сэрэг дүрийг бүтээж байгаа хүн шүү дээ, тэр... гэж бодохын сацуу “Нээрэн, энэ нөхөр өнөөх 17 чингэлэг спиртийн хэргээс хойш архины бизнесээс бүр гарсан юм байна шүү дээ” хэмээн бодож зогслоо.Тэр “АПУ”-гийн хувьцаа эзэмшдэг байснаа зарчихсан юм. “Блэк Морган” гэж надтай хамт ганзаганд явсан өнөөх бөх Доржийн компани байсан, одоо бараг холбоогүй болсон шиг билээ. Тэндээс ирдэг байсан “Карлсберг” зэрэг пивоор “Матисс” арт-кафег, бас тэр үед энэ нөхөрт хамаарч байсан “Холливууд”, “Моторок” зэрэг баарын сүлжээгээ архи дарсаар хангадаг байсан. Тэр үед архи л гол орлогын эх үүсвэр болсон бизнес байж дээ. Одоо ч гэсэн архи хамгийн ашигтай бизнес хэвээрээ л байгаа. Гэвч тийм ундаа зарж олсон мөнгө хоол болдог нэгэн байхад хоол болдоггүй нь ихэнх ажээ. Уушны газрын бизнес надад ч бас зохиогүй төдийгүй тэр үеэс нэлээд архинд орж, гэр бүлээсээ салж, олон бараан сүүдэр дагуулсан үйл явдлууд өрнөсөн дөө. “Матисс” арт-кафе өдөртөө мянган долларын орлоготой байж билээ. Бид хоёрын хамтарч байгуулсан баар, архи ундааны газар гэхээсээ илүү, олон хүн цуглаж ажил ярьдаг, алжаалаа тайлж хөгжим сонсдог газар хийснээрээ бидний сэтгэл нэг байсан сан. Анх тэндээс л 70-аад оны рок дуу, латин-америк бүжгийн хөгжим эгшиглэж, “Жипси Кинг”-ийн аянд бүжиглэдэг ганц газар болоод гадныхан маш их цуглардаг болсон юм даг. “Lonеly Planet” хэвлэлийн газраас дэлхий дахинд хэвлэн гаргадаг улс орнуудын танилцуулга номонд “Матисс” арт-кафег “ Улаанбаатар дахь бяцхан Парис” гэж бичсэнийг хараад хөөрч суулаа. Мөнгө цаасны гачаалгүй бол бүтээлч хүн уран бүтээлдээ л анхаарлаа тавьдаг. Тэр үед л миний бие Петер Бросенс хэмээх Бельги найруулагчтай хамтарч, хожмоо дэлхийгээс 23 шагнал хүртсэн “Нохой орон” киногоо ид хийж байсан юм. 1994 онд “Ламбугайн нулимс” хэмээх кино хийлгэж, энэ замд гаргасан. Тэр буруу хараагүйн баталгаа нь Европын холбооны ДОКС сэтгүүлээс хэдэн жилийн өмнө Европын кино судлаачид, нэрт шүүмжлэгч нар оролцсон санал асуулгаар гаргасан “Кино урлаг үүссэн цагаас хойш баримтат кинонд өөрчлөлт авч ирсэн 50 кино”-ны жагсаалтад Бельги- Монголын хамтран бүтээсэн “Нохой орон” кино багтсан явдал үүнийг батална. Тэр хар пиджакаа нөмөрсөөр хүрч ирээд:

- Яасан бэ? Бөөн бодол болчихсон... Хоёулаа яриагаа дараа өрнүүлэх үү? Өнөөдөр бас намын бүлэг хуралдаж байгаа... гээд хам хум явдал дундаа хувцсаа солиод гарах гэхэд, нарийн бичиг хүүхэн таваг банштай шөл өглөө. Тулга бараг босоогоороо шахуу банштай шөлийг нэг амьсгаагаар шударчихав.

Нар, нарсгүй, гадаад дотоодгүй янз бүрийн хүмүүстэй хамт идэж ууж явлаа. Харин аяга дүүрэн банштай шөлийг ийм хурдан цааш харуулчихдаг хүнийг өнөө хүртэл хараагүй санагдав. Тэрээр амаа арчаад гарч явахдаа,

- Өнөөх л салдаггүй албан тушаалын төлөөх л тэмцэл. Бүгд далдуур холбоотой. Тэр нь явж явж нүүрсчдийн нам... ай хөөрхий зайлуул  гээд гарч одов.
                               
Номын 59-70-р нүүр